Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02088

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02088

 

 

К.З -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02070 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч К.З -ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.З.Ч - ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 171 060 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр

Хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзана

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Сайнзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч К.З -ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ньЛ.З.Ч - ХХК-тай барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Бид гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд баригдах 6 давхар барилга, зоорийн давхарын хамт болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах үүрэг хүлээсэн. Уг ажлын хөлс 110 000 ам доллар байхаар харилцан тохиролцсон ба урьдчилгаа 50 хувь буюу 55 000 ам долларыг төлсөн. Бид гэрээнд заасан хугацаанд ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн боловч захиалагч нь хариу ирүүлээгүй, ажлыг хүлээн аваагүй. Захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох бөгөөд гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу үлдэх 50 хувь буюу 55 000 ам долларыг төлөхийг шаардаж захиалагчийн хаягаар удаа дараа албан бичиг илгээсэн.Л.З.Ч - ХХК-ийн захирал Ли Мин Гуотой утсаар ярилцахад танай мөнгийг удахгүй төлж барагдуулна, ажил одоогоор зогссон, орлого байхгүй байна гэх мэтээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

ИймдЛ.З.Ч - ХХК-аас 171 060 175 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Карказ зураг ХХК-тай барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь үнэн. Зураг төсөл нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн дагуу зурагдах ёстой. Ажлын зурагт 8 давхар орон сууцыг зураагүй бөгөөд орчных нь барилгуудтай уялдуулан барилга хоорондын зай 20 м байх шаардлагыг зөрчсөн. Нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Баталсан даалгаварт захиалагч нь Хурын ус ХХК бөгөөдЛ.З.Ч - ХХК нь тухайн үед хөрөнгө оруулагчаар оролцож байсан. Үндсэн зургийг дүрэмд зааснаар хөрөнгө оруулагч, захиалагч аль аль нь хамтарч байгуулах ёстой. Урьдчилсан байдлаар өгсөн зурагт Хурын ус ХХК, сүүлд гаргаж өгсөн зурагтЛ.З.Ч - ХХК гэсэн. Мөн даалгаварт газрын гэрчилгээний дугаар, газар олгосон захирамжийн дугаар нь таарч байгаа. Дүрмийн 3.4 дэх хэсэгт ажлын даалгаврын хүрээнд захиалагч зураг төсвийг хамтран боловсруулна гэж заасны дагуу Хурын ус ХХК хамтран боловсруулсан гэж үзэж байна. Тухайн үед талууд К.З -ХХК-ийг оруулан хуралдаж зөрчлүүдийг тодорхойлж өгсөн. Уг хурлын тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэгч тал буюу гүйцэтгэгч тал захиалагч талд мэдэгдэнэ гэсэн тодорхой үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлд зааснаар зургийг хүлээж авсанд тооцно гэх үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тухайн үед зураг төслийг захиалагч болж оролцсонЛ.З.Ч - ХХК мэдэгдэж байсан. Гэтэл энэ тал дээр арга хэмжээ аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, 2017 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэрээний үнийн дүнг захиалагч талд өгсөн хувь дээр бичээгүй, өөрсдийн өгсөн хувь дээр гараар бичсэн байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зөрүүтэй бичсэн нь нэг баримт гэж ойлгоход эргэлзээтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ойлгогдохоор болж байна. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн зургийн гэрээт ажлын үр дүнг захиалагчЛ.З.Ч - ХХК хүлээж аваагүй тул барилга барих газрын эзэн Хурын ус ХХК-д хүлээлгэж өгсөн мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь тухайн үед зургийн эхний нүүрэн дээр миний гарын үсгийг зуруулахдаа ажлын үр дүнг хүлээлгэж өгөх зорилгоор зуруулаагүй учир бодит байдалд нийцэхгүй худал үг юм. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрх гэрээнд манай компани оролцоогүй, ямар нэг эрх үүргээр холбогдоогүй, гэрээний үр дүнг хүлээн авах эрх бүхий субьект биш байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагчЛ.З.Ч - ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55 000 ам доллар, гэрээний алданги 16 000 ам доллар, нийт 71 500 ам доллар буюу 171 060 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Карказ зураг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 1 013 500 төгрөгийн 1 013 251 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 249 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Карказ зураг ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд зоорьтой хамт 6 давхар оффисын болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахаар тохиролцсон. Зургийн даалгаврыг гэрээнд дараах байдлаар тодорхойлсон гэж үзнэ. Зургийн иж бүрдэлд ерөнхий төлөвлөгөө, барилга архитектур, барилга бүтэц, халаалт, салхивч, цэвэр бохир ус, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, автоматик, холбоо дохиоллын зураг орно.

К.З -ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасны дагуу гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлсэн. Харин захиалагчЛ.З.Ч - ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй нь ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тухайн зураг төсөл гагцхүү хариуцагчид зориулагдсан тул үлдэгдэл төлбөрөө авсаны дараа зургийг хүлээлгэн өгөх нь зүйн хэрэг юм.

Зураг шаардлага хангаагүй, үүргийг хугацаанд нь өгөөгүй гэвэл зураг төсөл зохиох явцад өөрсдийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг өөрчлөх, гэрээг цуцлах шаардлага гарвал гүйцэтгэсэн ажлын хэмжээнд санхүүжилт хийж асуудлаа шийдвэрлэнэ, холбогдох зөвшөөрөл болон экспертизэд орсоны дараа зургийн иж бүрдлийг шалгаж гэрээгээр тохиролцсон үлдэгдэл 10 хувийг төлж зураг төслөө актаар 2 хувь хүлээн авна гэж гэрээнд заасан тул хариуцагч нь ийм шаардлага гаргах эрхтэй байсан боловч эрхээ эдлээгүй. Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасан байна.

Захиалагч ажлын зургийг хүлээн авсан гэж тооцох хуулийн дээрх зохицуулалтын дагуу Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдана.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт заасан захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй боловч ийм цуцлах тухай захиалагч санал гаргаж байгаагүй тул гэрээ одоо ч хүчин төгөлдөр байна. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 40 хувийг төлсөний дараа гүйцэтгэгч магадлал хийлгэж, үлдэгдэл 10 хувийг авсанаар гэрээний үүрэг харилцан биелэгдэх юм. Энэ хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна. Учир нь экспертизээр батлагдах хугацааг гэрээнд нарийвчлан заагаагүй.

Хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас үзвэл актын зурагт Хурын ус ХХК-ийн захирал Б.Батзана гарын үсэг зурж, тамга даран хүлээж авсан байна. Хурын ус ХХК-ийн эзэмшил газар дээрЛ.З.Ч - ХХК хөрөнгө оруулж барилга барих тухай энэ хоёр компани харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. ИймдЛ.З.Ч - ХХК ажил хүлээн авах үүргээ биелүүлэхгүй байсан тул Хурын ус ХХК-д ажлын үр дүнг өгсөн.

Хурлын дүгнэлт гэх баримт нь зургийн алдаа, чанарын талаар тавьсан гомдлын шаардлага биш талуудын санал байна. Харин зургийн тайлбар гэх баримтыг хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, гарын үсэг, тамгаар баталгаажаагүй. Эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хурын ус ХХК-ийн захирал Б.Батзана ажлын зургийг хүлээн авч гарын үсгээ зурсан байдаг.

Анхан шатны шүүх хариуцагчаас гомдлын шаардлага гаргаагүй байхад К.З -ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар дүгнэлт хийсэн нь илт нэг талыг баримталсан, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Карказ зураг ХХК нь хариуцагчЛ.З.Ч - ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 171 060 175 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч К.З -ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт зоорьтойгоо 6 давхар оффисийн болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, захиалагчЛ.З.Ч - ХХК нь ажлын хөлсний 50 хувийг гэрээ баталснаас хойш 3 хоногийн дотор, 40 хувийг нь зураг төслийг боловсруулж өгөхөд, 10 хувийг зураг төсөл экспертизээр батлагдахад нь тус тус төлөх үүргийг хүлээсэн байна. /хх 7-8 дахь тал/ Гэрээний дагууЛ.З.Ч - ХХК урьдчилгаа 50 хувь буюу 55 000 ам.долларыг шилжүүлсэн гэдэгт маргаангүй.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч ажлын үр дүн болох зураг төслийг хүлээлгэж өгөөгүй гэсэн атлаа ажлыг доголдолтой байсан гэж тайлбарлажээ. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... бид хамтарсан хуралдаан хийж зургийн даалгавар өгсөн, гэтэл 3-6 давхрын тааз 3.7 м хийхээр заасан байхад 3.6 метрийн хэмжэээтэй хийсэн байсан, давхар зогсоол хийхээр даалгасан, хийгээгүй, барилгын хэмжээнд ноцтой зөрчил гарсан, ... зураг төсөл Барилга байгууламжийн зураг төлсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн дагуу зурагдах ёстой, .... ажлын зураг дээр 8 давхар орон сууцыг байхгүй болгоод зурчихсан, барилга хоорондын зай 20 м гэснийг зөрчсөн ... гэж, мөн ... нэхэмжлэгч ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй, ямар ажил хийсэн нь тодорхойгүй гэсэн өөр агуулга бүхий тайлбар гаргасан байна. Үүнээс үзвэл, ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөх үүргийн зөрчлийн талаар маргаж байна уу, эсвэл ажлын үр дүнгийн доголдлын талаар маргасан эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой байжээ. Учир нь, хэргийн оролцогчид ажлын үр дүнг хүлээж авсан эсэх талаар маргаж байгаа тохиолдолд нотолгооны үүрэг нэхэмжлэгч талд, харин ажлын үр дүнгийн доголдолтой байсан гэдгийг нотлох үүрэг хариуцагчид тус тус хуваарилагдана. Талуудын гэрээгээр тохирсон гүйцэтгэх ажил нь барилгын зураг төсөл бөгөөд тухайн зураг төсөл холбогдох хууль, дүрэм журмын дагуу зурагдсан эсэхийг тогтооход тусгай мэдлэг шаардагдахаар байна. Анхан шатны шүүх энэ маргаантай асуудлыг тодруулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 013 251 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД