Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 215/МА2018/00034

 

Л.Г нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, шүүгч Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 133/ШШ2018/00512 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 1- ... тоотод оршин суух У овгийн Л.Г-ын /РД: ДЮ............/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ОНӨГ,  ГАА ЗДТГ СТСХ-т холбогдох, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Л.Г, Хариуцагчийн төлөөлөгч: Р.П, Я.З, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Г нь аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрээр 1 сарын хугацаанд орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд томилогдох, 2016 оны 12 дугаар арын 9-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр болсон. Уг шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Одоо миний бие дээрх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шүүхийн шийдвэрээр ОНӨГт зохих албан тушаалд томилогдох шийдвэр гаргасан. Тухайн тушаал нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Иймээс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Л.Г нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар орон нутгийн өмчийн газрыг татсан байна. Нэхэмжлэгч Л.Гын шүүхэд гаргасан 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот шийдвэрийг хэрэгжүүлж өгч, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүссэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдаж, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор ОНӨГ болон шинээр үүсэн байгуулагдсан. Л.Г нь хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Нэхэмжлэгч Л.Гын Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Учир нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн Засаг даргад олгогдсон байдаг ба Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр байна гэж үзэж байна. Мөн ОНӨГ нь нэхэмжлэгч Л.Гыг хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байсан үеэс, үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүртэл хугацаанд цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад өр, авлагын тооцоо байхгүй болно гэжээ.

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төлөөлөгч Ч.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай аймгийн төсвийн хувьд орон нутгийн төсвийн орлогоороо 30 хувийг бүрдүүлж, 70 хувийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн төсвийн орлого, зарлагыг Сангийн яаманд жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор хянуулдаг тул уг зардлыг шийдвэрлэх эх үүсвэр байхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Гын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 14.306.196 /арван дөрвөн сая гурван зуун зургаан мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Л.Гт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Л.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн ОНӨГт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14.306.196 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 229.481 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, улсын орлогод оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Г давж заалдах гомдолдоо: Миний бие Л.Г нь 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан байсан тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.М-г оролцуулсан юм. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж өөрөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлон ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо бууруу тооцсон. Өөрөө хэлбэл нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт буруу бичигдсэн гэж 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 31 дугаартай Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдэд үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлон гаргасан. Учир нь 2016 оны 10 дугаар сарын цалин тухайн ондоо 10 хоногоор бодогдсон ба 2017 оны 1 дүгээр сард үлдэгдэл цалинг хоёр хувааж олгосон нь нийгмийн даатгалын дэвтэрт буруу ташаа бичигдсэн байгаа юм. Харин 2016 оны 12 дугаар сард томилолтын мөнгө бодож олгосон байгаа юм. 2016 оны амралтын мөнгө олгогдох ёстой байсан нь 2017 оны 12 сард 2.254.620 төгрөг нөхөж олгогдсон юм. Үүнийг орон нутгийн өмчийн газрын нягтлан бодогч нийгмийн даатгалын дэвтэрт буруу бичсэнээс болж анхан шатны шүүх миний ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо буруу тооцож 14.306.196 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 133/ШШ2018/00512 дугаартай шийдвэрийг дахин хянаж миний ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 17.094.640 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг тухайн олговороос бус Орон нутгийн өмчийн газраас зохих шимтгэлийг төлүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймгийн ОНӨГ, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Л.Г нь тус аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын дээрх захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Орон нутгийн өмчийн зохих албан тушаалд Л.Гыг томилсон шийдвэр гаргаагүй бол Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаар захирамж хүчингүй болохыг зааж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн бөгөөд энэ хугацаанд хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1 дэх хэсэгт зааснаар давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүйгээс уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан аймгийн Орон нутгийн өмчийн алба, одоогийн /ОНӨГ/ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар түүнийг томилох, чөлөөлөх эрх нь аймгийн Засаг даргад байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулах явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.О манай байгууллага хариуцагч биш учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь уг иргэний хэрэгт аймгийн Засаг дарга С.Г, аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж нарыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 133/ШЗ2018/1489 дугаартай шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч Л.Г-аас аймгийн Засаг дарга С.Г-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 

Аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийг хэрэгт хариуцагчаар татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тухайн байгууллагад холбогдох хэргийг хэрхсэн талаар дурдаагүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчид холбогдох асуудлын талаар шүүх хангах эсхүл хэрэгсэхгүй болгосон талаарх нөхцөл байдал шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, хэргийн хариуцагч нь ямар албан тушаалтан хэн болох нь ойлгомжгүй түүнийг үндэслэл бүхий тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 133/ШШ2018/00512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Т.Ж