Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00122

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00094 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

Л.Гийн нэхэмжлэлтэй

ГА-ийн ЗД, ГА-ийн ОНӨГ, ГА-ийн ЗДТГ-ын СТСХт холбогдох

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ойнбилэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Г нь аймгийн ОНӨАны даргаар ажиллаж байгаад аймгийн ЗДын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрээр 1 сарын хугацаанд ОНӨГын зохих албан тушаалд томилогдох, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр болсон. Хэрэв шийдвэрийг биелүүлэхгүй бол аймгийн ЗДын шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн заалт байсан. Уг шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд эргүүлэн томилох асуудал нь шийдэгдээгүй. ОНӨГт үүрэг гүйцэтгэгч томилоод үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хариу ирэхийг нь хүлээсэн боловч бүтэн жил хагасын хугацаа өнгөрсөн. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр нь гарсан өдрөөсөө эхлэн биелэгдээгүй. Одоо миний бие дээрх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оныг хүртэл 88 хоног, 2018 оныг дуустал 284 ажлын хоног, 2019 оны 46 хоног нийтдээ 368 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ГА-ийн ЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны Б/110 дугаартай захирамжаар Л.Гийг ОНӨАны даргаас чөлөөлсөн байдаг. Энэ чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 31 дугаартай шүүхийн шийдвэрээр тухайн захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Энэ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрт ОНӨАнь ОНӨГ болсон тул тус байгууллагын даргын албан тушаалд томилох боломжгүй гэсэн зүйлийг үндэслэх хэсэг дээрээ тусгаж өгсөн байдаг. Төсвийн тухай хуулиар аймгийн ЗДа нь улс төрийн албан тушаалтан. Тухайн байгууллагын дарга нь төсвийн шууд захиран зарцуулагч байдаг. Ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй. Тиймээс ОНӨГ нь хариуцагч болохгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч ГА-ийн ЗДын ТГ-ын СТСХийн төлөөлөгч Ч.Жаргалсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай аймгийн төсвийн хувьд орон нутгийн төсвийн орлогоороо 30 хувийг бүрдүүлж, 70 хувийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн төсвийн орлого, зарлагыг Сангийн яаманд жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор хянуулдаг тул уг зардлыг шийдвэрлэх эх үүсвэр байхгүй. Нэхэмжлэгч нь төрийн санг хариуцагчаар дуудсан. Төрийн сан бол шийдвэр гаргадаг субъект биш. Энэ бол аймгийн ЗДын Тамгын газрын дотоод бүтцийн нэгж буюу хэлтэс юм. Манай байгууллагыг хариуцагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сум болон байгууллагаас, агентлагаас ирүүлсэн төсвийн гүйцэтгэл, урьд оны үйл ажиллагааг ирэх онд гүйцэтгэх ажиллагаатай нь уялдуулаад төлөвлөлтөө дахин тусгаад бодлогын шийдвэрээ тусгаад сангийн яаманд хянуулдаг. Сангийн яам нь зардлын зүйл нэг тус бүрээр нь зардлыг хянаж өгдөг. Ирсэн мөнгийг нь төсвийн тухай хуульд заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлыг хуралдуулж, хэлэлцүүлж, аймгийн төсөв нь батлагддаг. Төсвийн мөнгө бол тодорхой зардлаар зарцуулагдахаар тусгасан мөнгө юм. Төрийн буруу шийдвэрээс иргэнд учруулсан хохирлыг арилгах зорилгоор 2019 онд мөнгө хуваарилаагүй. 2018 онд 1 удаа улсын хэмжээнд судалгаа авч байгаад сангийн сайдын төсөвт энэ мөнгийг суулгаж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хохирлыг нь барагдуулсан байдаг. Түүнээс аймгийн Төрийн санд орон тоо бүтцээс хэтэрсэн цалинг олгох зохицуулалт бол байхгүй гэжээ.

Хариуцагч ГА-ын ОНӨГын төлөөлөгч Д.Ойнбилэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Л.Г нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар ОНӨГыг татсан байна. Нэхэмжлэгч Л.Гийн шүүхэд гаргасан 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот шийдвэрийг хэрэгжүүлж өгч, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүссэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ОНӨАнь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдаж, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор ОНӨГ болон шинээр үүсэн байгуулагдсан. Л.Г нь хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ОНӨАны даргаар ажиллаж байгаад аймгийн ЗДын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Нэхэмжлэгч Л.Гийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Учир нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн ЗДад олгогдсон байдаг ба Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр гэж тайлбар гаргасныг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн юм. Мөн ОНӨГ нь нэхэмжлэгч Л.Гийг хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ОНӨАны даргаар ажиллаж байсан үеэс, үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүртэл хугацаанд цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад өр, авлагын тооцоо байхгүй болно гэжээ.

Хариуцагч ГА-ын ОНӨГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ОНӨГаас Л.Гийн нэхэмжилж байгаа мөнгө нь манай байгууллагын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж тайлбар гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авч шийдвэрийг хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагч ГА-ын ОНӨГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Зогсохжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Одоо нэхэмжлээд байгаа цалинг нь манай байгууллага төлж барагдуулах боломжгүй. Амралтын мөнгө, томилолтын мөнгө зэрэг өмнө нь байсан тооцоог 2017 оны жилийн эцсийн тайлангаар бүрэн барагдуулсан гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00094 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 21.911.920 /хорин нэгэн сая есөн зуун арван нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч ГА-ын ОНӨГаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Л.Гт олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Л.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ГА-ийн ОНӨГт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 21.911.920 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.510 төгрөгийг хариуцагч ГА-ын ОНӨГаас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ойнбилэг хяналтын гомдолдоо: Магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг манай байгууллагаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргалаа. Тус газар Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, аймгийн ЗДын 2016 оны А/418 дугаар захирамжаар байгуулагдан, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтад заасны дагуу бүтэц орон тоо, төсвөө холбогдох эрх бүхий байгууллагаар хянуулан, батлуулж тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтад заасны дагуу батлагдсан цалингийн сан, бүтэц орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын ажилчдын цалин хөлсийг тогтоож үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл иргэний хэргийн анхан болон дунд шатны шүүхэд Л.Гийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар манай байгууллагыг тогтоосон байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахын тулд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзлээ. Учир нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн ЗДад олгогдсон байдаг бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх, үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр гэж үзэж байна. Аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 31 дүгээр шийдвэрээр хариуцагч ГА-ийн ЗД нь ОНӨГын зохих албан тушаалд томилох чиглэл өгсний дагуу Л.Гийг тус газрын өмчийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох шийдвэр гаргаж танилцуулахад “Намайг ТЗ-9-өөс ТЗ-5 шатлалын албан тушаал бууруулж томилсон байна. Би ОНӨАны даргаар ТЗ-9-ийн шатлалаар ажиллаж, 2015 оны ажлаа 92 хувьтай дүгнүүлж байсан. Тиймээс ТЗ-9-ийн албан тушаалд л томилогдоно” гэж тайлбар гаргасныг анхан шатны шүүхийн 2019 оны 133/ШШ2019/00094 дугаартай шийдвэрээр үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл Л.Гийн ажиллаж байсан ОНӨАтатан буугдаж, шинээр газар болон зохион байгуулагдсантай холбоотой ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн тул газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоох боломжгүй юм. Учир нь давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Л.Гийн нэхэмжлэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэсэн шийдвэр гарч анхан шатны шүүхрүү буцаасан. Мөн Л.Гийн 2017 оны 31 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 9 860 913 төгрөгийн цалин Хууль зүйн сайдын багцаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар дамжин шууд олгогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 133/ШШ2019/00094 дугаартай шийдвэрээр дээрх ажилгүй байсан хугацааны цалингийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг манай байгууллагад хариуцуулж шийдвэрлэснийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. ОНӨГ нь Л.Гийн хуучнаар ОНӨАны даргаар ажиллаж байсан үеэс, ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, бусад өр авлагын тооцоог бүрэн хийж дуусгасан болно. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагыг хохироосон буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байхад аймгийн анхан болон дунд шатны шүүхийн хууль бус шийдвэрүүдээс болж манай байгууллага нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр, тэмдэгтийн хураамж болон цаг хугацааны ихээхэн хохирол амсаж байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Л.Г нь ГА-ийн ЗД, ГА-ийн ОНӨГ, ГА-ийн ЗДТГ-ын СТСХ гэх 3 хариуцагчид холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч ГА-ын ОНӨГаас 21 911 920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Л.Г нь Говь-Алтай аймгийн ОНӨАны даргаар ажиллаж байгаад аймгийн ЗДын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр аймгийн ЗДын Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон энэ хугацаанд ЗДа нэхэмжлэгч Л.Гийг ОНӨГын зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй бол уг захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны олговорт 9 860 913 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг татан буулгасан тул аймгийн ЗДа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар Л.Гийг ОНӨАны даргын ажлаас чөлөөлсөн боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүх шинээр байгуулагдсан аймгийн ОНӨГт Л.Гийн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэж,  ОНӨГт зохих албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт ГА-ийн ЗД давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.” гэж заасан тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй, шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байна. Ажилгүй байсан хугацаа нь ажилтны эрх зөрчсөн хууль бус шийдвэрийг гаргасан үеэс эрх сэргээгдэх буюу шүүх шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд тоологдох юм.

Хариуцагч ГА-ийн ОНӨГ хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...манай байгууллагыг хариуцагч гэж үзснийг зөвшөөрөхгүй..., нэхэмжлэгчийг чөлөөлсөн, ажилд авах эрх бүхий этгээд нь ЗДа бөгөөд шүүхийн шийдвэрийг манайх хэрэгжүүлэх эрх мэдэл байхгүй, ...ЗДа чиглэл өгсний дагуу Л.Гийг тус газрын өмчийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох шийдвэр гаргаж танилцуулахад зөвхөн ТЗ-9-ийн албан тушаалд томилогдоно гээд зөвшөөрөөгүй, ...шүүхийн шийдвэр гарах хүртэл үеийн олговорыг манайх өгсөн, ...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар хохирлыг төлүүлнэ гэж заасан байхад манайхаар төлүүлэхээр шийдвэр гарсан байгааг анхаарч үзнэ үү...” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах агуулгатай хүсэлт гаргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг ГА-ийн ЗД биелүүлэх үүрэгтэй боловч шинээр байгуулагдсан ОНӨГын эрх хэмжээнээс хамаарч өөрөө бус, зохих албан тушаалыг санал болгох, шийдвэр гаргахыг ОНӨГт чиглэл өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл байдал үүсчээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан зохигчдын тайлбараас үзвэл  ОНӨГын зүгээс 2019 оны 01 сарын 24-ний өдөр Л.Гт мэргэжилтний албан тушаалыг санал болгосон, Л.Г нь адил түвшний буюу ТЗ-9 ангилалын албан тушаалд томилогдох ёстой байсан гэж үзэж татгалзсан үйл баримт тогтоогдож байх ба энэ баримтын хүрээнд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр Л.Гийг ОНӨГын даргын албан тушаалд тогтоогоогүй юм. Харин зохих албан тушаалд томилохыг даалгасан бөгөөд ОНӨГт боломжтой ямар албан тушаал байгаа, мэргэжилтнээс өөр санал болгох албан тушаал байхгүй байгаа эсэхийг хариуцагч ОНӨГ нотолж, маргааныг дуусгавар болгохгүй бол энэ байдал үргэлжлэх эрсдэлтэй болохыг анхаарах нь зүйтэй юм. Хариуцагч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд шүүх санаачилгаараа хохирлыг гаргуулж шийдвэрлэдэггүй болно. Иймд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хянан хэлэлцэж, хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхой заах үүднээс ГА-ын ОНӨГаас олговрыг гаргуулахаар заасан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан хариуцагч ГА-ын ОНӨГын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00094 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 05 сарын 09-ний өдөр төлсөн 267 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА