| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2019/02087/И |
| Дугаар | 192/ШШ2026/00955 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00955
| 2026 01 20 | 192/ШШ2026/00955 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 85 дугаар байр, ****тоотод байрлах, *** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/ гудамж, ****дугаар барилга хаягт байрлах, **** /РД:*****/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 427 дугаар байр, ****тоотод оршин суух,*** овогт **** /РД:****1/ нарт холбогдох,
Газар эзэмших эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, буцаан шилжүүлэхийг даалгах, зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулах, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
“...****-ийн эзэмшлийн 32430 дугаартай гэрчилгээтэй 3,000 м.кв талбай дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгуулж, газрыг албадан чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлагын учир нь анх бол байхгүйд нь газрыг нь хуваачихсан байсан. Нэгэнт гэрчилгээ гарчихсан учраас газрыг нь авчихсан байсан. Үүнийхээ асуудлыг цагдаад өгөөд явж байх хооронд нь барьчихсан байдаг. Өөрийнх нь хууль ёсны эзэмшилтэй газар байшин барьчихсан учраас нураах гэдэг шаардлага гаргаж байна. Үүнд хөршийн эрхийн асуудал яригддаг. Хөршийн эрхийн хувьд төлбөр тооцоо, хөрөнгөний асуудал яригддаг. Уг хашааг 80,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн түүнчлэн уг хашааг ашиглаад түрээсэлж байсан тухай баримтууд хавтаст хэрэгт байгаа. Иймд 3,000 м.кв талбай дээр байгааг нураалгах нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа.
Дараагийн шаардлага нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоод, уг
газар эзэмших эрхийг ***-д буцаан шилжүүлэхийг ****д даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар баригдсан 750 м.кв-ыг бүхэлд нь буулгаж чөлөөлүүлэх гэсэн шаардлага гаргаж байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн гэрээ гаргаж ирдэг. Энэ ерөөсөө газрыг нь байхгүйд нь хуваагаад авчихсан, авсантай холбоотой манай газарт ирэхээр буулгая гээд яриад шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Цагдаа дээр явж байх хооронд 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ гарч ирсэн. Гэтэл бичиг баримт дээрээ 04 дүгээр сарын 21-ний өдрийн ч билүү, 27-ны өдрийн гэрээ гээд 2 өөр гэрээ, хуурамч бичиг баримтын асуудал гараад ирдэг. Нэгийг нь нотариатаар батлуулсан, нөгөөдөх нь огт байхгүй зүйлийг дахиж хуурамчаар хийсэн асуудал гарсан. 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг хүчинтэйд тооцоод, газар эзэмших эрх шилжсэн гэж ойлгоод гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээр гаргасан байгаа. Нэгэнт гэрээ нь хүчингүй болчихоор гэрээний үндсэн дээр газрын эрх шилжчихсэн учраас буцаагаад шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Газар нь хэрвээ буцаагаад шилжигдэх нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол тэнд байгаа барилгыг зөвшөөрөлгүй баригдсан гэдэг утгаараа буулгах асуудал яригдана. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.
Нотариатчийн үйлдэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байдаг. Нотариатчийн үйлдэлтэй холбоотой 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмших гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газар шилжүүлэх асуудал нь 04 дүгээр сарын 27-ны гэрээг үндэслээд газрын албан дээр очиж шилжсэн байдаг. Нөгөөдөх нь ийм гэрээ байсан гээд гаргаад өгчихсөн учраас 2 гэрээг хоёуланг нь хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа. Энэ хүний хувьд 04 дүгээр сарын 29-ний өдөр огт байгаагүй. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар эзэн нь байх ёстой, төлөөлөгчдөөр нь дамжуулж гэрчлүүлж болохгүй гэдэг зүйлийг байхгүйд хүлээлцчихсэн. Энэ нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогддог, бичгийн баримт дээр ч гэсэн заачихсан байдаг. Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байсан. Хууль зүйн үндэслэлүүдийн хувьд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтаараа, өмнөх гэрээг хүчингүй болгож болох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, анхнаасаа хууль зөрчиж хуурамч бичиг баримт үйлдэж батлуулсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар, 56 дугаар зүйлийн 56.1.7-д билүү, 6-д заасны дагуу буцааж газраа авах нэхэмжлэл, албадан буулгахын хувьд Иргэний хуулийн 92, 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч, эзэмшигч нь өөрийн эзэмшлийн газар дээрх эд зүйлээс бусдын эзэмшлийн эд зүйлийг гаргуулахаар заачихсан учраас гэсэн хууль зүйн үндэслэлтэйгээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
2. Хариуцагч **** хариу тайлбартаа:
“...Энэ хэрэг 2019 онд үүсэхдээ ****ийн зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлж авах буюу 3,000 м.кв-тай газар дээр байшин барьчихсан асуудал байгаа. Тэр нь хавтаст хэрэгт байгаа. *** болон **** нь 3,000 м.кв, 7,000 м.кв-аар газраа хувааж, эрх шилжүүлэхээр тохиролцоод, кадастраа урд хойгуур нь хуваасан асуудал байдаг. Гэтэл орц, гарцын асуудлаа кадастрынхаа зургийн дагуу бүх тохиргоогоо хийгээд, өөрсдөө дараагийн үйлдвэрлэл, үйлчилгээний барилгаа төлөвлөөд явчихсан. Гэтэл газрын алба шилжүүлэхдээ танай өмнө нь хийлгээд ирсэн, өмнөх компаниар хийлгэсэн кадастрын зургаар чинь газрыг чинь хуваачихаар орц гарц нь болохгүй юм байна, хойд талд нь 3,000 м.кв биш, хажуу талд нь буюу баруун талд нь гаргаад өгчихье гэдгээс болж 750 м.кв-тай барилгатай махны агуулах, үйлдвэрлэл чиглэлээр ашигладаг үйлдвэрлэлийн барилга 490 хэдэн метр квадрат нь 3,000 м.кв дээрээ орсноос энэ маргаан үүсчихсэн. Энэ хөршийн эрхтэй холбоотой асуудал буюу мэдээж хөрш залгаа газрынхаа газар эзэмших эрх рүү халдчихсан асуудал байгаа. Мэдээж энэ дээр бол бид нар 3,000 м.кв руу нь 750 м.кв-тай барилгынх нь 400 хэдэн метр нь орсон ороогүй гэж маргах боломжгүй. Яагаад гэвэл үнэхээр орчихсон. Энэ дээр хөршийн эрх буюу хөршийн эрхийн асуудал гарч ирнэ. Хөршийн эрхийн асуудал юу гэдэг вэ гэхээр эд хөрөнгө гэх зүйл ярихгүй. Тухайн хөршийн үйлдэл, эрхийг нь зөрчиж байгаа үйлдлийг мэдсэнээс хойш таслан сэргийлэх арга хэмжээ авах, байсан. *** нь бодит байдал дээр байгаагүй. Яагаад гэвэл өөрсдөө тэгээд ойлгочихсон байсан. Дараа нь хуваагдчихсан юм чинь үүнийг тодорхой нөхөн төлбөртэйгөөр ашиглах асуудал яриад байгаа. Тиймээс үүнийг ийм байдлаар ярья гэхээр одоо дараагийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Ерөөсөө 7,000 м.кв, 3,000 м.кв-ыг хуваасан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулна гээд хэзээ хойно нь орж ирсэн. 3,000 м.кв газраа ярих гээд байгаа юм уу, 3,000 м.кв газар дээр барьчихсан тэр 750 м.кв-ын хил зөрччихсөн 400 хэдийг нь нааш цааш болгохыг ярих юм уу. 3,000 м.кв газраа авснаа зөвшөөрөөд байгаа юм шиг хэр нь 7,000 м.кв өгснөө зөвшөөрөхгүй болоод байна. *** нь 10,000 м.кв газрын эзэмшигч гэж маргах гээд байгаа юм уу, 3,000 м.кв-ын эзэмшигч гэж маргах гээд байгаа юм уу. 3 дахь шаардлага нь 750 м.кв барилга талбайтай махны үйлдвэрийн барилгыг бүхэлд нь чөлөөлүүлнэ гэдэг. Гэтэл цаана нь хавтаст хэрэгт авагдсанаар 1,638 м.кв талбайтай үл хөдлөхийн гэрчилгээтэй, оффисын зориулалттай барилга байгаа. Энэ барилгыг одоо яах вэ, үл хөдлөх гэдэг чинь өөрөө газраас салгаж болдоггүй, салгах юм бол зориулалт нь алдагддаг төрлийн гэрчилгээ гардаг, тэгж бүртгэдэг. Гэтэл үүнийг больё гэж байгаа юм. Ийм нөхцөлд энэ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэдгээр нь хүлээн авахаас татгалзаад шийдсэн ч болохоор байна.
2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоё гэдэг шаардлага гаргаж байна. Энэ шаардлагыг хэзээ гаргасан бэ гэхээр 2020 он, 2021 он, 2022 онд нэмэгдүүлж орж ирдэг. Түүнээс өмнө ерөөсөө үүнийг ярьдаггүй. Өөрөөр хэлбэл түүнээс өмнө бүх юм танайх манай 3,000 м.кв газар дээр зөвшөөрөлгүй барилгаа барьчихжээ, чөлөөл гэдэг маргаан явж байснаа, гэнэт 2016 оны гэрээ хүчингүй байсан биз дээ л гэдэг юм ярьдаг. Түүнийгээ юу гэж үндэслэдэг вэ гэхээр н.****гээд байгаа хүн нь Монгол Улсад байгаагүй гэдэг. н.****гэдэг хүн Монгол Улсад байна уу, хаана байна, 2 хуулийн этгээд хоорондоо гэрээ хийж байгаа, төлөөллийг нь шалгаад нотариат гэрээ хэлцлийг нь баталж байгаа тохиолдолд хамаагүй.
н.****гэдэг хүн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсад байгаагүй л юм байна. Түүнийг бүгд угаасаа анхнаасаа л байгаагүй гэдгийг нь мэднэ. Бид нар ч маргадаггүй. Яагаад энэ хэлцэл хүчин төгөлдөр тус болоод байгаа юм. Өнөөдөр н.*** гэдэг хүнийг залилсан, хуурсан байдаг. Нотариатын мэдүүлгүүд ч байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан тогтоолууд ч байгаа. Ерөөсөө *** болон **** гэдэг 2 компанийн тамга тэмдэг, төлөөллүүд нь очоод нотариат дээр бүх тамга тэмдэгтэйгээ гэрээ гэрчилгээтэйгээ ирээд энэ хэлцлийг байгуулчихсан байгаа. Энд хэнийг буруутгах гээд байгаа юм. н.*** л н.****г залилчихсан юм уу, хуурчихсан юм уу гэдэг л асуудал яригдана уу гэхээс биш, компанийн албан ёсны хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь байна гээд байдаг, тамга тэмдэг нь байгаад байдаг, дардас нь байгаад байдаг, гараад гэрээгээ эцэслэе гэсэн. Үнэхээр хуурамч гэрээ хийсэн бол яагаад 3,000 м.кв, 7,000 м.кв-аа зөвшөөрөөд, 2018 онд *** 3,000 м.кв-ынхаа гэрчилгээг өөрсөд дээрээ газрын албанд хүсэлт өгөөд гаргуулчхаж байгаа юм. Яагаад 2018 онд маргаагүй юм гэхээр талуудын хооронд анхнаасаа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Байгаагүй бол 2018 онд яагаад 3,000 м.кв-аа аваад байгаа юм. Үгүй энэ чинь 10,000 м.кв байх газрыг нь хүн хуураад залилаад байна шүү дээ. Тэгвэл яагаад 3,000 м.кв-аа аваад, 7,000 м.кв нь байж байг гэж байгаа юм. Түүний дараа 3,000 м.кв-аа хүлээн зөвшөөрөөд 7,000 м.кв дээрээ барихгүй та нар 3,000 м.кв руу орж ирлээ гэдэг маргаан хийнэ гэдгээс логик дүгнэлттэйгээр бодох юм бол анхнаасаа л талуудын хооронд энэ хэлцэл байгуулагдах хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай илэрхийлэгдэж нотариатаар баталгаажаад явчхаж байна.
н.****гэдэг хүн байсан байгаагүй, гарын үсэг зурсан, зураагүй **** яаж мэдэх юм бэ, итгэмжлэх нь хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй гэрээ хэлцэл байгуулагдсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Дараагийн асуудал буюу энэ гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болох дээр нотариатын үйлдэл орж ирж байгаа. Нотариатын үйлдлийг ингэж маргана, энэ чинь газар шилжиж байгаа юм чинь үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг одоо үйлчилж байгаа Нотариатын хуулиар харьяалал хамаагүй болчихсон. Өмнө нь 2021 оноос өмнө үйлчилж байсан хуулиар заавал тухайн дүүргийнхээ нотариатаар батлуулна гэдэг зүйл байдаг. Гэтэл энэ гэрээний төрөл нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоогүй. Яагаад гэхээр газар ашиглах, газар эзэмших бүрэн эрх шилжүүлэх гэрээ. Хуучин хууль дээр ч, шинэ хууль дээр ч эрх шилжүүлэх гэрээн дээр нотариатын харьяалал байхгүй. Тиймээс нотариатын үйлдлийг буруутгах үндэслэл болохгүй. Дараагийн асуудал Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 буюу нотариат бичиг баримтын үнэн зөвийг шалгаж байж хийх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл н.****гэдэг хүнийг л өөдөөсөө харуулж сууж байгаад л нотариатын үйлдлийг хийх ёстой гэж маргаж байгаа. Гэтэл би өмнө нь ч хэлсэн хуулийн этгээдүүдийн хооронд н.****гэдэг хүн өөрөө 2016 онд гаргасан хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр н.*** гэдэг хүндээ 10,000 м.кв газрын 7,000 м.кв-ыг нь ****нд шилжүүлсэн. Үүнтэй холбоотой холбогдох гэрээ хэлцэл байгуулахыг н.***т даалгасугай, итгэмжлэл олгосугай гэдэг шийдвэрийг шалгана уу гэхээс биш, энэ н.****мөн үү, биш үү, эсвэл н.****гийн бичиг баримт хүчинтэй юу, хүчингүй юу, үнэн үү гэдгийг ерөөсөө батлахгүй. Хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдаж байгаа хэлцлийг байгуулъя гэсэн үйлдэл хийсэн. Тиймээс энэ буруутгаад байгаа үндэслэл ч тогтоогдохгүй. Тиймээс эргээд хоёрдугаар шаардлага дээрээ очвол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 буюу хууль зөрчсөн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх зохицуулалттай. Яг энэ хэлцлийн хувьд ямар хуулийг зөрчөөд байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Хуульд харшилсан, зөрчиж үйлдсэн эдгээр хэлцлүүдийг л хамруулах болохоос биш, холбогдох эрх бүхий этгээд нь итгэмжлэл олгоод, түүнийхээ дагуу бичиг баримттайгаа байгуулсан нотариатын үйлдлийг буруутгах үндэслэл алга. Талуудын хоорондоо байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг харвал анхнаасаа тэр залилж мэхэлж, хуурамч бичиг баримт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй. Тиймээс энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага хангагдах үндэслэлгүй.
750 м.кв барилгыг бүхэлд нь чөлөөлүүлнэ гэж байна. Цаана нь 1,638 м.кв талбайтай оффисын барилга ч бай, 750 м.кв ч бай алинаас нь ч чөлөөлдөг. Яагаад гэвэл өнөөдөр хууль ёсоор **** 7,000 м.кв газрын эзэмшигч юм. Өнөөдөр албан ёсны гэрчилгээтэй, Засаг даргатайгаа газар эзэмших гэрээгээ байгуулаад төлбөрөө төлөөд явж байгаа. Тиймээс өөрийнхөө газар дээрээс барилгаа буулгах гэдэг нь шаардлага өөрөө хуульд нийцэхгүй байгаа гэдгийг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч *** хариу тайлбартаа:
“...Гэрээ хэлцэл хийсэн тухайд бол тухайн компани нэг гишүүнтэй, тэр гишүүн нь шийдвэрээ гаргаад компанийн гэрчилгээ, дүрэм, бусад холбогдох бичиг баримтуудын хамт Б.*** гэх хүнд компанийн эрхийг шилжүүлэх бичиг баримтууд байсан. Хоёр компанийн хооронд хийгдэж байгаа гэрээ хэлцлийн хувьд хэчнээн гишүүнтэй байна, хэн төлөөлөх эрхтэй байна гэх зэргийг шалгах үүрэгтэй. Үүний дагуу шалгахад компанийг төлөөлөх эрх олгосон байсан учраас гэрээг гэрчилсэн. Иймд Нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэхгүй байна. Тойрог зөрчиж гэрээг гэрчилсэн гээд нэхэмжлэлдээ бичсэн байсан. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан ийм зүйлийг ойлгоно. Нотариатын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө буюу өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлыг зөвхөн тойргийн нотариат гэрчилнэ гэж заасан. Гэтэл энэ зүйл хоёр байгууллагын хооронд хийгдэж байгаа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ. Эрх шилжүүлэх гэрээ нь хуульд зааснаар гэрээ хэлцэлд тооцогдоно гэж байгаа. Эрх гэдэг нь тухайн газрыг тодорхой хугацаагаар эзэмших эрх олгохоос биш үл хөдлөх хөрөнгө болгоод улсын бүртгэлд бүртгүүлээд өөрөө өмчлөөд авсан эд хөрөнгө биш. Ийм учраас тойргийн харьяалалгүйгээр гэрчлэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ үндэслэлийг харгалзан үзэж тухайн хоёр байгууллагын хоорондын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн байгаа. Цагдаагаар нилээд явсан боловч татгалзаж хаасан баримтууд нь хавтаст хэргийн материалд ирсэн байна. Иймд нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ****Монгол улсад байгаа, байхгүй гэдэг асуудал хамаагүй. Тэр хүний барааг би хараа ч үгүй. Ирж гэрээ хийсэн хүн нь Б.*** болон *** гэх энэ хоёр л байсан. Компанийн гэрчилгээ, дүрэм, олгосон шийдвэрийг үндэслээд хоёр компанийн хооронд хийсэн гэрээг гэрчилсэн. Түүнээс биш ****байсан байгаагүй, түүний паспортын хугацаа дууссан эсэхийг шалгах үүрэг байгаагүй. Тэр нь газар эзэмших гэрээнд ямар ч хамааралгүй зүйл юм. Иймд би хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Хууль журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын үйлдлийг буруу хийсэн гэж үзэж байгаа бол тухайн үед нотариатчид гомдол гаргах эрхтэй байсан. Тэр үед гомдол гаргаагүй, одоо л гаргаж байгаа. Тэгэхээр энэ нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч хугацаа хэтэрсэн. Тийм учраас нотариатчтай холбогдуулан гаргасан нэмэлт нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ***-ийн шинэчилсэн дүрэм, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, *** дугаар гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, *** дугаартай газрын кадастрын зураг, 000324307 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Итгэмжлэл, ***-ийн эзэмших газрын кадастрын зураг, Талбай түрээслэх гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн албан бичиг, Тодорхойлолт, Паспортын хуулбар, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Хүсэлтүүд, Хил хамгаалах ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гаргасан лавлагаа, Баянгол дүүргийн Засаг даргын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай захирамж, ****гийн гэрчийн мэдүүлэг, Хашаа хаалга бариулах гэрээ, Тодорхойлолт, Гэрэл зураг, Хил хамгаалах ерөнхий газрын Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичиг, Итгэмжлэл, Гэрэл зураг.
4.2. Хариуцагч ****-аас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, Хариу тайлбар, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ****-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэрэл зураг, Үйлдвэр түрээслэх гэрээ.
4.3 Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд- Баянгол дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамж, Газар эзэмших эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Кадастрын зураг, Шинжээчийн дүгнэлт, Б.***, ****, *** нарын гэрчийн мэдүүлэг, хохирогч ****гийн мэдүүлэг, Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Б.***ийн гэрчийн мэдүүлэг, Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ болон хавсралт, бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг, Хил хамгаалах ерөнхий газрын Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, Шинжээчийн дүгнэлт, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***-аас хариуцагч ****, *** нарт холбогдуулан гаргасан зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулах, газар чөлөөлүүлэх, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...монгол улсад байхгүй байхад хууль зөрчиж хуурамч бичиг баримт үйлдэж байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагаврыг арилгуулах буюу зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх, гэрээг гэрчлэх журам зөрчсөн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулна” гэж тайлбарласныг
Хариуцагч **** эс зөвшөөрч “...холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр түүний төлөөлөгчтэй хэлцлийг байгуулсан тул хүчин төгөлдөр, 750 м.кв барилгыг бүхэлд нь чөлөөлүүлэх үр дагавар үүсэхгүй. Бичиг баримттайгаа байгуулсан нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй. Талууд анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлсэн, залилж мэхэлж, хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдоогүй. 3,000 м2 талбай дээр манай барилгын зарим хэсэг орсон, барилга баригдаж байх үед шаардлага тавьж байгаагүй, хүлээн зөвшөөрсөн” гэж,
Хариуцагч *** эс зөвшөөрч “...Компанийн гэрчилгээ, дүрэм, олгосон шийдвэрийг үндэслээд хоёр компанийн хооронд хийсэн гэрээг гэрчилсэн. Хууль журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын үйлдлийг буруу хийсэн гэж үзэж байгаа бол тухайн үед нотариатчид гомдол гаргах эрхтэй байсан. Тэр үед гомдол гаргаагүй, одоо л гаргаж байгаа. Тэгэхээр энэ нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч хугацаа хэтэрсэн” гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
3.1. Нэхэмжлэгч ***-иас хариуцагч ****д холбогдуулан гаргасан “манай эзэмшлийн 3,000 м2 талбай дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх” гэх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2019 оны 6 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Хариуцагч тал 2019 оны 7 сарын 30-ны өдөр хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзжээ.
2021 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нь “2016 оны 4 сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хууль бус болохыг тогтоолгож, 7,000 м2 талбайтай газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2023 оны 5 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь “2016 оны 4 сарын 01-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах, тухайн газар дээр хууль бусаар баригдсан 750 м2 талбай бүхий барилгыг албадан буулгаж газар чөлөөлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулсан.
2023 оны 6 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нь “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн гэрээг гэрчилсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хамтран хариуцагчаар нотариатч ***г татсан байдаг.
Шүүхээс нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулсан, тэд хариу тайлбараа өгсөн, хуульд заасан нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх үүргийг, хэргийн материалыг танилцуулсан бөгөөд шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх зэрэг хуульд заасан талуудыг эрхийг хязгаарлаагүй болно.
3.2. Талуудын шаардлага, татгалзлаас үзэхэд Баянгол дүүргийн 20-р хороо, Т*** байрлах 10,000 м2 талбай газрын 7,000 м2 талбай газрын эзэмшил хууль бус эсэх, уг газрыг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр эсэх, улмаар тухайн газар дээр баригдсан барилга зөвшөөрөгдсөн эсэх, хууль бус бол албадан буулгаж газар чөлөөлүүлэх эсэх талаар маргаж байна.
3.3. Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 тоот захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, *** * урд, *** нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай ***-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 тоот газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгожээ.
3.4. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *** нь ***-тай “Баянгол дүүргийн 20 дугаар хороо, **** урд замд байрлалтай 3,333.33 м2 талбайг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслүүлэх” гэсэн гэрээг байгуулсан. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр уг гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй.
3.5. Нэхэмжлэгч ***-ийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, *** станцын урд байрлах *** нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрыг ****-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой ажлыг хариуцан гүйцэтгэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Батболд овогтой ***т олгосон байна.
3.6. Дээрх эрхийн дагуу ***-ийг төлөөлөн Б.***, ****-ийг төлөөлөн *** нар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *** гэрээг гэрчилсэн байна.
3.7. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн*** дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах 3,000 м.кв газрыг ***-д, 7,000 м.кв газрыг ****-д тус тус 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжаар ***-д газар эзэмших эрх олгосон 2012 оны А/301 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг, урд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүй болсонд тооцжээ.
3.8. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/442 дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар 3,000 м.кв газрыг ***-д 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн тус компанийн захирал *** /****/ Баянгол дүүргийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан ба ***-д 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 000324307 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
3.9. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/432 дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар ****-ийн тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах 7,000 м.кв аж ахуйн зориулалттай газар эзэмших хугацааг 15 жилээр сунгаж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба ****-д 000016947 тоот Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
Талууд дээрх үйл баримтын талаар маргадаг.
3.10. Тухайн маргаан бүхий газар дээрх, хууль бусаар зөвшөөрөлгүй барьсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бол **** нь 43/4 дугаар хаяг бүхий 1,638 м.кв талбайтай, Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж уг хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.
3.11. Түүнчлэн ***-ийн захирал, БНХАУ-ын иргэн ****нь Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед Монгол улсад байгаагүй бөгөөд энэ үйл баримт Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогддог, хариуцагч тал маргаагүй.
Мөн ****-ийн захирал *** ***-ийн эзэмшлийн 10,000 м.кв газрас 7,000 м.кв газар эзэмших эрхийг Б.***т итгүүлэн уг газрыг шилжүүлж аван залилсан гэх гомдолд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн **** дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Б.***, ****, ***, *** нарыг гэрчээр, ****/****/-г хохирогчоор тус тус асууж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, холбогдох баримтуудыг бүрдүүлэн шалгасан.
Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэргийг хаасан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ.
4. Хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар:
4.1. Дээр дурдсан маргаж буй үйл баримт болох газар эзэмших эрхийн хувьд
4.1.1. Нэхэмжлэгч *** нь 10,000 м2 талбайтай газрыг эзэмших эрхээс 7,000 м2 газрыг эзэмших эрхийг ****д шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу тухайн газрын эзэмших эрхийг буцаан өгөхийг даалгах, улмаар уг газар дээр барьсан барилгыг буулгах, газар чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй. Гэвч тухайн хэлцэл хүчин төгөлдөр эсэхээс хамаарах учиртай.
4.1.2. Нэхэмжлэгч ***-ийг буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд БНХАУ-ын иргэн ****г төлөөлж Б.***т 7,000 м2 газрыг ****д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэх эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр олгосон, улмаар Б.*** нь ****гийн гарын үсэг бүхий тэмдэг, дардсыг ашиглан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэдэг. Тухайн хэлцэл байгуулсан, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарах үед буюу 2016 оны 4 сарын 01-ний өдөр ****нь Монгол улсад байгаагүй тул газар эзэмших эрх шилжүүлэх түүний хүсэл зориг тодорхойгүй гэж үзнэ. Түүнчлэн түүнийг төлөөлөх эрх олгогдсон гэх Б.*** нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрх хэмжээтэй байжээ.
Тиймээс 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 7,000 м2 газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус болно.
4.1.3. Тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус ч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу болон талуудын тайлбар, үйл баримт, бичгийн баримт, газар эзэмших эрх шилжүүлсэн хүсэл зоригийг үндэслэн талуудын тохиролцоог хүчин төгөлдөр гэж үзэв.
Тодруулбал, 2016 оны 4 сарын 01-ний өдрөөс хойш ***-ийг төлөөлөх эрх бүхий этгээд ****нь Монгол Улсын хилээр удаа дараа орж гарч байсан, мөн ****-ийн захирал *** бусдыг залилан мэхэлж 7,000 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлж авсан гэх гомдлыг шалгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд 2018 оны 9 сард 10,000 м2 газрын 3,000 м2 газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын захирамжаар ***-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу тус компанийн захирал *** /****/ Баянгол дүүргийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан үйл баримт тогтоогддог. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч талын ...****монгол улсад байгаагүй ч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж 7,000 м2 газрын эрхийг шилжүүлсэн, хүлээн зөвшөөрч байсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.
4.1.4. Тиймээс нэхэмжлэгч талын хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсноос үүсэх үр дагавар болох 7,000 м2 газрын эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ. Үүнтэй холбоотойгоор хариуцагч ****ийн хууль ёсны эзэмшил бүхий 7,000 м2 газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, тухайн газрыг чөлөөлүүлэхийг даалгах шаардлага үндэслэлгүй болно.
4.2. Нэхэмжлэгч талын 3,000 м2 талбай дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах, улмаар тухайн барилга баригдсан газрын хэсгийг чөлөөлүүлэх шаардлага нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй”, 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ.
4.2.1. Тодруулбал, нэхэмжлэгч тухайн 3,000 м2 талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд уг газар дээр хариуцагч ****ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг орж баригдсан үйл баримт шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, энэ талаар талууд маргаагүй.
4.2.2. Хэдийгээр нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж заасны дагуу шаардах эрхийг хязгаарласан зохицуулалтыг үндэслэн хариуцагч талаас татгалзсан тайлбарыг гаргадаг.
4.2.3. Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн 3,000 м2 газар дээр хариуцагчийн барьсан барилгын зарим хэсэг орсон, хөршийн эрхийг зөрчсөн байх хэдий ч нэхэмжлэгч ***-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь барилга баригдаж байх үед зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, барилга бариулахгүй байх талаар шаардлага, хүсэлтийг тавьж байгаагүй гэх хариуцагч талын татгалзлыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй байна. Тиймээс уг зөрчлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нэгэнт хүсэлт, гомдол гаргаагүй тул барилгыг буулгах шаардлага үндэслэлгүй бөгөөд хуульд заасны дагуу нөхөн төлбөр авах, гаргуулах эрх нээлттэй болохыг тэмдэглэж байна.
4.3. Нэхэмжлэгч талын гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гэх шаардлагын хувьд
4.3.1. Нэхэмжлэгч нь 2011 оны Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Нотариатч тогтоосон тойрогт үйл ажиллагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно” гэж, 7.3 дахь хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж тус тус заасныг зөрчсөн, гэрээ гэрчлүүлэгч талуудын бичиг баримт, эрх зүйн байдлыг шалгаагүй гэж тайлбарладаг.
4.3.2. Маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Нотариатын тухай 2011 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг худалдах хэлцэлд хамаарахгүй хэлцэл байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн тул уг гэрээг Нотариатын тухай 2011 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6 дахь хэсэгт заасан эрх шилжүүлэх гэрээ гэж үзнэ. Эрх шилжүүлэх гэрээг нотариатч гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан нутаг дэвсгэрийн тойрог хамаарахгүй учир хариуцагч *** нь талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчиж тойрог сольж ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.3.3. Мөн Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Нотариатч хуурамч бичиг баримтыг гэрчлэх, бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулгахгүй гэрчлэх, нотариатчийн үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх, нотариатын үйлдэл хийх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгчийн нууцыг задруулах...ашиглах, ашиглуулах зэргийг хориглоно гэж заасны дагуу хариуцагч ***гийн гэрээ гэрчилсэн үйлдэл нь хүчингүй болно гэдэг.
Гэвч хариуцагч *** нь талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ бичиг баримт буюу ***-ийн захирал ****/****/-ийн паспортын үнэн зөвийг болон уг баримтын хуулбарыг гэрчлээгүй, мөн нотариатын үйлдэл хийж болохгүй байдлыг нуун дарагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нотариатын үйлдэл хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй байна.
5. Иймд шүүхээс хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд талуудын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, хөршийн эрх зөрчсөн үйлдлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлүүдээр ****, нотариатч *** нарт холбогдуулан гаргасан 3,000 м2 газар дээрх барилгыг буулгаж газар чөлөөлүүлэхийг даалгах, гэрээний дагуу шилжүүлсэн 7,000 м.кв газар эзэмших эрхийг ***-д буцаан шилжүүлэх, тухайн газарт баригдсан 750 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд зааснаар 3,000 м2 газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 7,000 м2 газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах, уг газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулах, газар чөлөөлүүлэх, нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ