Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 40

 

Т.Дашнямд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, хохирогч Х.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхжаргал ялтан Т.Дашням түүний өмгөөлөгч Ц.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 28/А дугаар шийтгэх тогтоолтой Т.Дашнямд холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай хэргийг хохирогч түүний өмгөөлөгч, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Шовх овогт Төвсанаагийн Дашням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “Сээр” гэх газарт 64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлээр санаатайгаар иргэн Х.Пүрэвсүрэнг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл, иргэн Б.Рагчааг дайрч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Төвсанаагийн Дашнямыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж” шийдвэрлэжээ.

Хохирогч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх ялтан Т.Дашнямд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан 3 жил 6 сарын хорих ял оноосонд гомдолтой байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй ял оногдуулахаар заажээ. Шүүгдэгч Т.Дашням нь хохирол төлбөр төлөөгүй байхад хохирол төлсөн гэм  хорыг арилгасан гэж үзэн ял оногдуулсан нь буруу байна. Хавтаст хэргийн 131-134 дүгээр хуудаснуудад авагдсан баримтуудаас үзэхэд 2500000 төгрөгийн  хохирол авсан байна. Анхан шатны шийтгэх тогтоол гарахын өмнө 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 7 сая төгрөг өгнө гэж ялтан болон түүний аав нарын гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан ба төлөгдөөгүй байхад төлөгдсөн гэж үзсэн байна.

Иймд уг хохирлыг өгсөн эсэх баримтыг хуулийн дагуу үнэлж өгнө үү. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээдэг. Гэтэл уг хохирлоо нэхэмжлэх гэхээр 7 сая төгрөгөнд эмчилгээний зардал нь багтаж төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Т.Дашнямын гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хохирогчийн зүгээс 2500000 төгрөгнөөс дээш хохирлын баримт бүрдүүлж өгөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн 3 жил 6 сарын хорих ял ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдлоо өөр байдлаар тайлбарлалаа. Учир нь хохирогч Х.Пүрэвсүрэнтэй 5 дахь өдөр холбогдоход анхан шатны шүүх хуралдаан дээр бид шинээр нотлох баримтаа гаргаж өгөөгүй болохоор иргэний журмаар хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэхээр ярилцсан юм. Давж заалдах гомдолдоо авсан мөнгөө бичсэн байгаа. Ялтан болон түүний аав нар хохирлыг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны дотор барагдуулах тухай тодорхойлолтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нь аваагүй хохирлыг авсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү гэсэн гомдлоосоо татгалзаж байна гэв.

Ялтны өмгөөлөгч Ц.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Дашнямын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлээр зүйлчилсэн нь учир дутагдалтай байна. Учир нь энэ зүйл анги бол санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулахыг хүсэж, гэм хор учрахыг мэдсээр байж үйлдсэн идэвхитэй үйлдэлийг шаарддаг. Гэтэл хавтаст хэрэгт Т.Дашнямыг санаатай үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх машин хөдөлгөөний чигээ өөрчлөн хохирогч нарын зүгт ирж хохирогч нарыг дайрсан, хохирогч нартай муудалцаж байсан өш хонзонгоор үйлдсэн гэж дүгнэжээ. Т.Дашням анхнаасаа санаатайгаар энэ хэргийг үйлдээгүй машинаа гэр барих газартаа авч ирж байх үедээ анхаарал болгоомжгүйгээс хохирогч нарт машин гэнэт тулаад ирэх үед сандраад тоормос гишгэх гээд хаазаа гишгэсэн талаар хэлдэг үүнийг батлах нэг баримт бол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл юм.  Иймд энэхүү хэргийг дахин сайтар хянан үзэж зүйчлэлд анхааран хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Т.Дашнямын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч түүний өмгөөлөгч, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.        

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Т.Дашням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг “ Сээр “ гэх газарт 64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нарыг дайрч, Х.Пүрэвсүрэнгийн бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан мөн Б.Рагчаагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Т.Дашнямын үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогч Х.Пүрэвсүрэн / 1-р хх-34-36 /, Б.Рагчаа / 1-р хх-39-41 /, гэрч Э.Эрдэнэтуяа / 1-р хх-45-47 /, Ж.Оюунбат / 1-р хх-48-52 /, Б.Баянжаргал / 1-р хх-55-58 /, Б.Нямсүрэн / 1-р хх-59-61 /, Ч.Энхтуяа / 1-р хх-62-64 /, Б.Төвсанаа / 1-р хх-65-66 /, Т.Цэцэгдулам / 1-р хх-69-70 /, Ц.Дэмбэрэлнямбуу / 1-р хх-75-76 /,О.Болороо / 1-р хх-84-85 /, О.Саран / 2-р хх-92-93 /, С.Пүрэвсүрэн / 2-р хх-94 / нарын мэдүүлгүүд,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-5-6, 7-11 /, замын бүдүүвч зураг / 1-р хх-13 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-14-15 /, Х.Пүрэвсүрэнгийн биед гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан талаарх 661 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1-р хх-88 /, Б.Рагчаагийн биед гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх 13591 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1-р хх-98 /, Х.Пүрэвсүрэнгийн өвчний түүх / 1-р хх-170-180, 200-214 /, Б.Рагчаагийн өвчний түүх / 1-р хх-181-198 /, Х.Пүрэвсүрэнгийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас / 1-р хх-216-225 /, Б.Рагчаагийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас /1-р хх-228-250 /, мөрдөн байцаалтын үед Т.Дашнямын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг / 1-р хх-143-144, 146-147 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүх Т.Дашнямд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Пүрэвсүрэн түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар “анхан шатны шүүх Т.Дашням нь хохирлоо бүрэн төлөөгүй байхад хохирол төлсөн гэж хөнгөн ял шийтгэл оногдуулсанд  гомдолтой байна" гэж давж заалдсан гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал “анхан шатны шүүх хуралдаан болох үед Т.Дашням нь учруулсан бодит хохирлоо бүрэн төлчихсөн байсан учир шүүхээс Т.Дашнямд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч байна. Харин хохирол төлбөрт нотариатаар батлуулсан 7.000.000 төгрөгт тооцож мал аваагүй байхад авсан мэтээр шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдсаныг зөвтгөж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд миний бие давж заалдах гомдлоосоо арай өөр байр сууринаас тайлбар гаргаж байна гэх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч ялтан Т.Дашням нь хохирогч Х.Пүрэвсүрэнд нотариатаар батлуулсан 7.000.000 төгрөгт тооцож мал өгөөгүй гэж тайлбарлаж байх ба мөн хохирогч Х.Пүрэвсүрэн нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “ хохирогч Х.Пүрэвсүрэн би шүүгдэгч Т.Дашнямд гомдолтой байна. Хохирол төлбөрт 7.000.000 төгрөг батлуулсан төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй бөгөөд эргэж надтай уулзаагүй энэ хохирлоо нэхэмжилж байна” гэсэн агуулгатай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэрэгт хавсаргасан атлаа шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ...7.000.000 төгрөгт тооцож мал өгсөн нь өмнөх анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Х.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Дашнямын өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж бичсэн нь аваагүй зүйлийг авсан мэт ойлгогдохоор дүгнэлт хийсэн байна.

Иймд өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах гомдлоос “хохирогч Х.Пүрэвсүрэн нь ялтан Т.Дашнямаас 7.000.000 төгрөгт тооцож мал аваагүй тул үүнийг зөвтгөж өгнө үү” гэх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд хохирогч Х.Пүрэвсүрэн нь ялтан Т.Дашнямаас нотариатаар батлуулсан 7.000.000 төгрөгт тооцож мал аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Ялтан Т.Дашнямын өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “Т.Дашнямыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

Мөрдөн байцаалтаар хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа гэрч Ж.Оюунбат, ялтан Т.Дашням нар нь 2 литрийн савтай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво уусан, хохирогч Х.Пүрэвсүрэн ялтан Т.Дашням нар нь хоорондоо маргалдаж, хэрэлдсэн, энэ үед тэднийг салгах гэж дундуур нь орсон хохирогч Б.Рагчаагийн эрүү орчимд Т.Дашням гараараа нэг удаа цохисон, дараа нь бүгдээрээ эвлэрч үлдсэн нэг пивоо уусан. Үүний дараа ялтан Т.Дашням машинаасаа гэрээ буулгаж барина гээд босоод явах үед хохирогч  Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь сууж байсан газартаа суугаад үлдсэн байдаг.

Хохирогч Х.Пүрэвсүрэн, Б.Рагчаа нар нь ертөнцийн зүгээр хойт зүг рүү салхины эсрэг хараад юм яриад сууж байсан, харин гэр ачсан портер машин ертөнцийн зүгээр урд зүгт байсан, энэ үед машин маш хүчтэй хаазлах чимээ гарч хохирогч нарыг машин араас нь ирж мөргөсөн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.  Энэ үед гэрч Ж.Оюунбат сууж  байсан газартаа унтаж байсан гэж мэдүүлдэг. Харин хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол тогтоосон акт, замын бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд ялтан Т.Дашням нь гэрээ барих газраа машинаа авчирна гэж явсан боловч хохирогч нарыг машинаар дайрсан, ингэхдээ хөдөлгөөний чигээ өөрчилж, цаашаа хараад сууж байгаа хүмүүсийн ар талаас нь  хурдтай очсон үйлдлийг зориуд хийжээ.

Өөрөөр хэлбэл ялтан нь өөрийнхөө үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч  хөдөлгөөний чиглэлээ өөрчлөн цаашаа хараад сууж байгаа хүмүүсийн ар талаас чиглэн хурдтай очсон “үйлдэл”-ийг зориуд хийсэн байна. Иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар бүлэг буюу хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд харин 24 дүгээр бүлэг буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Монгол Улсын эрүүгийн хуулийн зорилт нь ...эрх зүйн журмыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн объект нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт  бөгөөд нэмэгдэл обьект нь хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө байдаг.

Харин шүүдэгч Т.Дашням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчих биш харин мөн 15 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн объект буюу хүний эрүүл мэнд, амь биед гэмтэл учруулах үйлдлийг зориуд хийхдээ тээврийн хэрэгслийг ашигласан байна. 

Иймд ялтан Т.Дашнямын өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хохирогч Х.Пүрэвсүрэн түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, ялтан Т.Дашнямын өмгөөлөгч Ц.Дамдинсүрэн нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 28/А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                         М.НЯМБАЯР                                       

                                   ШҮҮГЧИД:                                           Д.КӨБЕШ

                                                                                                Б.ДАМБА