Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00003 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ, хариуцагч “О Х Ө” ХХК, “Ж Э Б Ө Т”  /Габот/ ХХК-д холбогдуулан, Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч “Ж Э Б Ө Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц, хариуцагч “Ж Э Б Ө Т” ХХК-ийн өмгөөлөгч З.С, Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Дэд бүтэц төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 36-ны өдрийн А/705 дугаар захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг ОСНААУГ ОНӨААТҮГ-ын баланст шилжүүлэн шийдвэрлэсэн болно. Гэтэл “О Х Ө” ХХК болон “Габот” ХХК зэрэг хувийн компаниуд нь Нийслэлийн өмчийн ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж үйл ажиллагааг явуулсаар байгаа учир Мэргэжлийн байгууллага болох “ОСНААУГ” ОНӨААТҮ газарт ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Тогтоолын холбогдох заалт хүчингүй болгосон хэдий төрийн өмч эзэнгүйдэж байгаа тул манай байгууллага мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагынхаа хувьд шаардах эрхтэй гэжээ.

            Хариуцагч “Ж Э Б Ө Т ХХК” /Габот/-ийн тайлбарт: Манай “Ж Э Б Ө Т” орон сууцны контор нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зарласан Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянт-Ухаа II орон сууцны хорооллын УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч Буянт-Ухаа II орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан өөрийн үүргээ бүрэн биелүүлж Буянт-Ухаа II орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил байна гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь Буянт-Ухаа II орон сууцны ашиглалт үйлчилгээг манай байгууллага хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас II орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай орон сууцны конторт хариуцуулан өгсөн юм. Гэтэл үйл ажиллагааг хэвийн болгох хүртэл ажилласан бидний хөдөлмөрийг үл ойшоон үйл ажиллагаа нь хэвийн болсон хойно нь төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид уг тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон хавсралт-5 хүчингүй болсон. Иймд нэхэмжлэгчийн үндэслэл болгож байсан 25 дугаар тогтоолын холбогдох заалт хүчингүй болсон тул шаардах эрхгүй болсон гэж үзэж байна. Мөн өмчийн эзэн төр өмчөө хэнд хариуцуулах эсэх нь тодорхойгүй байгаа тул бид гэрээ болон хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэжээ.

            Хариуцагч “О Х Ө” ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай компанийг ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр бичсэн нь буруу байна. Тус компани нь Өдрийн сонины 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн инженерийн шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар, үйлчилгээг хариуцан ажиллах мэргэжлийн байгууллагыг сонгох Төрийн орон сууцны корпорацийн сонгон шалгаруулалтад оролцож сонгогдон одоогийн байрлалдаа буюу Ус дулаан дамжуулах төв 5-ыг хариуцан үйл ажиллагаа явуулж байна. Уг сонгон шалгаруулалт Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу явагдсан. Ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээг улсын, хувийн ямар ч компани гүйцэтгэж болдог. Гэтэл “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь нэхэмжлэлдээ өөрийгөө дан ганц мэргэжлийн байгууллага мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Манай компани нь орон сууц, нийтийн аж ахуйн системд 20-оос 30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчинтэй, зохих ажлын байр, машин техник тоног төхөөрөмжтэй мэргэжлийн байгууллага билээ. Бид энэхүү ус, дулаан дамжуулах төвийнхөө үйл ажиллагааг маш хүнд хэцүү үеэс нь эхлэн улмаар жигдрүүлж 1764 өрхийн 6000 гаруй хэрэглэгчдийг ус, дулаан, цахилгаанаар ханган 4 жил ажиллаж байгаа байна. Гэтэл “Орон сууц, нийтийн эж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь одоо хүнд үе нь өнгөрч үйл ажиллагаа жигдрэхээр тус төвийг авахаар улаарч байгаа нь тун зохисгүй билээ. Тус төвд хамааралтай эд хөрөнгө нь оршин суугчдын нийтийн эзэмшлийн, хувийн, тус компанийн эд хөрөнгөөс бүрдэж байгаа байгаа тул Нийслэлийн өмчид бүрэн шилжих ч ёсгүй юм. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг бөгөөд уг тогтоолын 2 дахь заалт болон хавсралтын 5-д заасан хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн тогтоол хүчингүй болсон нь шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ийн Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын Ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай хариуцагч “О Х Ө” ХХК, “Ж Э Б Ө Т” ХХК /Габот/ нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа-1, 2 хорооллын ус, дулаан дамжуулах 10 төвийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/705 дугаар захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар Ус дулаан дамжуулах төвийн 10 барилга байгууламж /шугам сүлжээ/, халаалтын ялтсан бойлер бүхий тоног төхөөрөмж, хэрэгцээний халуун усны ялтсан бойлер бүхий тоног төхөөрөмж, гадна цахилгааны кабель зэрэг үндсэн хөрөнгийг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын баланст шилжүүлэн шийдвэрлэсэн болно. Тухайлбал: Хөгжлийн банкны санхүүжилтээр “Төрийн орон сүүцны корпораци” ТӨҮГ хариуцаж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад арван ус дулаан дамжуулах төв бариулан Нийслэлийн өмчид бүгдийг нь шилжүүлсэн боловч одоогоор 2 ус дулаан дамжуулах төвийг нь “Ж Э Б Ө Т” ХХК, 1 төвийг нь “О Х Ө” ХХК нь эзэмшил, ашиглалт, үилчилгээг “ОСНААУГ” ОНӨААТГ-т шилжүүлэн өгөөгүй байна. Энэ нь Иргэний хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудад заасан өмчлөх, эзэмших эрх, түүнийг захиран зарцуулах хуулийн зүйл, заалтыг зөрчиж байгаа байтал анхан шатны шүүх ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан эзэмших эрхийг “Ж Э Б Ө Т” ХХК болон “О Х Ө” ХХК-д олгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар ОСНААУГт эзэмших эрх үүссэн, 90 дүгээр зүйлд зааснаар эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа нь мөн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлүүдэд заасан эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргаж комисс томилоод дээрх компаниудын эзэмшиж ашиглаж байгаа нэг бүр нь 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй ус дулаан дамжуулах төвүүдийг тус газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгч /эзэн/ болох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргатай “Ж Э Б Ө Т” ХХК, “О Х Ө” ХХК-ууд нь одоогоор ямар ч гэрээ байгуулаагүй байтал анхан шатны шүүх дүгнэлтээ дээрх компаниудыг ус дулаан дамжуулах төвийг гэрээний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хууль зөрчөөгүй гэсэн үндэслэл гаргасан, мөн нэхэмжлэгч барилга байгууламж, тоног төхөөрөмжийг өөртөө шилжүүлэн авах шаардах эрхтэй баримт тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь нэхэмжлэгч талаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 25 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/705 дугаар захирамж, Хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2017оны А/44 дугаар тушаал гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь хариуцагч “О Х Ө” ХХК, “Ж Э Б Ө Т” ХХК /Габот/-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт Ухаа 1, 2-р хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар зохицуулсан ба өмчлөгч нь тухайн хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

 

Хэргийн 13, 18-21, 87, 99-101, 104, 158-159, 120-121, 131-136 дугаар талуудад маргааны үндэслэл болсон            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 25 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу хөрөнгө хүлээлцсэн комиссын акт, хариуцагч “О Х Ө” ХХК, “Ж Э Б Ө Т” ХХК-тай байгуулсан “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах” тухай “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн гэрээ, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0562 дугаартай шийдвэр зэрэг баримтууд авагдсан байх боловч уг баримтуудаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч тухайн асуудлаар шаардлага гаргах эрхтэй этгээд эсэх нь эргэлзээтэй байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ. /хх151-152/

 

            Түүнчлэн хариуцагч тал гэрээний үндсэн дээр Буянт-Ухаа 1, 2-р хорооллын ус, дулаанаар хангаж буй ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд энэ гэрээний нөгөө тал болох “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ-ын энэ талаарх байр суурийг тодруулах шаардлагатай.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “О Х Ө” ХХК болон “Ж Э Б Ө Т” ХХК-д холбогдуулж гаргасан байхад шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хариуцагч “Ж Э Б Ө Т” ХХК-д холбогдох шаардлагын талаар дүгнэж, хариуцагч “О Х Ө” ХХК-д холбогдох хэсэгт эрх зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа шууд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн учир шалтгаан тодорхой бус байна.

           

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД

 

                                                                                      А.МӨНХЗУЛ