Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0472

 

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0472

Улаанбаатар хот

Б.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.П-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэрээр: ”Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б.П-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан Ерөнхий аудитор Д.Х-ын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.П-г Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор олгож мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д давж заалдах гомдолдоо: “Шүүх Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар бүтцийн өөрчлөлтөөр нэг орон тоогоор цөөрсөн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй, захиргааны актыг алдаатай байна гэж үзэхээр байгаа талаар маш зөв дүгнэлт хийсэн атлаа үүнийхээ эсрэг шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

     Шүүх маргаан бүхий захиргааны акт Б.П-г аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийн шийдвэр гаргах байтал нотлох баримт, нөхцөл байдлыг буруу үнэлж нэхэмжлэгч халагдахаа мэдсэн байсан, алдаа зөрчил гаргасан, аймаг дахь Төрийн аудитын газар батлагдсан орон тоогоороо ажиллаж байгаа, томилох орон тоо байхгүй гэх мэт хандсан дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буруу.

     Нэхэмжлэгч албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь түүний нэхэмжлэл болон шүүхээс шаардсаны дагуу өгсөн тодруулгаас тодорхой байтал энэ талаар ойлгомжгүй, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд ач холбогдолтой биш дүгнэлт хийжээ. Эдгээр болон бусад нотлох баримт, нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Нэхэмжлэгч Б.П “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.Пүрэвсүрэнг 2017 оны 07 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэжээ.

     Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар тушаал[1]-аар Дархан-Уул аймаг дахь аудитын газрын чиг үүрэг, бүтцийг баталж, орон тоог Аудитын газрын дарга 1, Аудитын менежер 1, Ахлах аудитор, ахлах шинжээч 1-2, Аудитор шинжээч 5-6, бусад ажилтан 1-2, нийт 10-12 нэгжтэй байхаар тогтоосны дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт нэхэмжлэгч Б.П-г оролцуулан аудитороор 4 иргэн, шинжээчээр 3 иргэн ажиллаж байжээ.

     Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа аймаг, нийслэлийн аудитын газруудыг аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгож, өөрчлөн байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/69 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоо, албан тушаалын жагсаалтыг 12 байхаар батлахдаа аймаг дахь Аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор 1, Хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1, Ахлах аудитор 3, Аудитор, бусад ажилтан 7 гэж тогтоож, шинжээчийн орон тоог бүрэн хассан, үүнтэйгээ холбогдуулж 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаал[2]-ын 2 дугаар хавсралтаар баталсан аудиторын “Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт”-ын 1.1 Ерөнхий шаардлагын Чухал шаардлагатайд; Дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, Санхүү, эдийн засаг, дэд бүтцийн мэргэжилтэй, Эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, Төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, Монгол хэл, бичгийн болон албан хэрэг хөтлөлтийн чадвар эзэмшсэн, Баримт бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах чадвартай, Хууль эрх зүйн зохих мэдлэгтэй, Компьютрийн өргөн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн, Харилцааны соёлтой байх,

     Тусгай шаардлагад; Багаар ажиллаж чадвартай, НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн аль нэг гадаад хэлний мэдлэгтэй, Төрийн болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах, Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх шаардлагыг хангасан байхаар баталжээ.

     Нэхэмжлэгч Б.П-ийн тухайд эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэжлээрээ төрийн төрийн албанд 25 жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ[3]-тэй, нягтлан бодогч мэргэжлийн Бизнес, удирдлагын магистр зэрэгтэй байна.

     Харин өмнө нь шинжээчээр ажиллаж байсан С.С, Б.А, Г.Б нарын тухайд орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэднийг аудитороор томилсон боловч шинээр батлагдсан аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшсэн, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг Б.А, Г.Б нар, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл[4]-д Аудиторын албан тушаалын Ерөнхий шаардлагын мэргэжлээрээ 8, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагуудыг шинжээч С.С, Б.А, Г.Б нар бүгд хангаагүй байна.

     Үүнээс үзвэл хариуцагч албан тушаалтан нээхэмжлэгч Б.П-г 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/271 дүгээр тушаал[5]-аар Г.Б-г аудитороор томилсон байх бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй С.С, Б.А, Г.Б нарыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/203 дугаар тушаал[6]-аар Дархан-Уул аймаг дахь аудитын газрын аудитороор томилж, Б.П-г томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх зөрчигдсөн байна.

     Үүнээс гадна хариуцагч албан тушаалтан Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар “илүү орон тоотой ажиллаж байгаа, орон тооны цомхотгол” гэх үндэслэлээр аудитор Б.П-г ажлаас чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлж байсан боловч тухайн үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд зааснаар түүнтэй хариуцагч албан тушаалтан хариуцлага тооцоогүй, маргаан бүхий захиргааны актаар Б.П-г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

     Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 /төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна/-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төрийн байгууллагын өөрчлөн байгуулагдаж төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасан баталгаагаар хангагдах ёстой.

     Гэтэл хариуцагч албан тушаалтан “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч Б.П-г ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх/, 4.2.6/ төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах/-д заасан зарчимд нийцээгүй байна.

     Үүнээс гадна Дархан-Уул аймгийн аудитын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 460 дугаар албан бичгээр “Аудитор Б.П нь Дархан-Уул аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан үндэслэлээр аудиторын үүрэгт ажлаас халах саналыг хүргүүлж байсан” гэх боловч хариуцагч албан тушаалтан тухайн үндэслэлээр Б.П-г ажлаас чөлөөлөөгүй тул давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгөх шаардлагагүй.

     Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

     Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

     Харин нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд тодорхойлсон “ажилгүй байсан хугацааны 14,427,698 төгрөгийн олговрыг гаргуулах” шаардлагын тухайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д “үндсэн цалин, нэмэгдлийг ажилласан сүүлийн 3 сарын дунджаар тодорхойлох”-оор заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авч байсан 1 сарын үндсэн цалин 718,776 төгрөг, 503,143 төгрөгийн нэмэгдэл, дундаж цалин хөлсийг нийт 1,221,919 төгрөгөөр тооцохоор байна.

     Үүнээс бүтэн ажилласан сүүлийн 3 сарын ажилласан хоногийн дундаж ажлын өдрийг 21,6, ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 56,570 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг хасч 236 өдрөөр тооцон, нийт ажилгүй байсан хугацааны 13,350,520 төгрөгийг олговор олгохыг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

     Харин хариуцагч ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг буцаан шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.П-г Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 13,350,520 төгрөгийн олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 


[1] 1 дэх хавтсын 88 дахь тал

[2] 1 дэх хавтсын 186 дахь тал

[3] 1 дэх хавтсын 45 дахь тал

[4] 1 дэх хавтсын 106 дахь тал

[5] 2 дахь хавтсын 124 дэх тал

[6] 2 дахь хавтсын 122 дахь тал