Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2019/00017

 

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

*******ад холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

15,840,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 06 дугаар сарын 22-нд ******* нь 8,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 2-23-130 тоот байраа барьцаалан авсан. Үүнээс хойш холбоо барьсангүй, нэг ч төгрөг өгсөнгүй. Одоо *******аас 6 сарын хүү 3,840,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 15,840,000 төгрөгийг барьцаанд байгаа энэхүү орон сууцнаас гаргуулж Л.Лхам надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ******* надаас 15,840,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би иргэн *******ыг танихгүй. Ер нь Ломбард үл хөдлөх хөрөнгө барьцаалах хуулийн үндэс байдаг гэдгийг би мэдэхгүй. Харин С.Энхтуяа бид хоёр гэр бүл байсан. Дундаа 1 хүүхэдтэй байсан. Хуулиар бид 2 гэр бүлээ цуцлуулаад хүүг С.Энхтуяа авахаар болж би 12.000.000 төгрөг төлж байсан. Гэтэл 2017 оны 06 дугаар сард С.Энхтуяа надтай ярьж хүүд мөнгө хэрэгтэй гэсэн. Би өөрөө ажилгүй амжихгүй гэсэн боловч над руу өдөр шөнөгүй яриад гэрт ирээд байсан. Би байраа барьцаалж ажилгүй иргэдэд хөдөлмөрийн хэлтсээс бичил бизнес эрхлэгчээр 5.000.000 зээл аваад 2.000.000 төгрөг үлдсэн байсан. Хугацаа болоогүй 5-н жилд төлөх байсан. Гэтэл С.Энхтуяа би найзтайгаа яриад мөнгө авахаар боллоо. Банкны зээлийг төлөөд найзаасаа зээл авъя гэж өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд хүүд хэрэгтэй байх гэж бодоод би банкны зээлээ төлүүлээд найз дээр нь ирж зээл авахаар ирсэн. *******ыг би танихгүй. С.Энхтуяа энэ 2 ярьж тохирсон. Харин би өөрийн байраа барьцаанд тавьсан. Би өөрөө ажилгүй хүн. Зөвхөн банкнаас цөөлүүлсэн 2.000.000 төгрөгөө төлнө гэж бодож явсан. Ажилтай бол багаар ч гэсэн өгч байгаад төлнө гэж бодож байгаа. Харин С.Энхтуяа 8 сарын сүүлээр өгнө, ажилдаа орохоороо болно гэж байгаа. *******, С.Энхтуяа хоёрын тохиргоог би мэдэхгүй. Хамгийн гол нь асуудал үл хөдлөх байрны гэрчилгээ охин бид 2-ын нэр дээр байдаг болохоор гэрээ над дээр хийгдсэн. Тийм болохоор иргэн ******* надаас нэхэмжилж байгааг би ойлгож байна. ******* С.Энхтуяаг мэдэж байгаа. Яагаад над руу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Ер нь С.Энхтуяаг ирэхээр асуудлыг шийдэх болж байна. Би 2,000,000 төгрөгийг хариуцаж өөрөө барагдуулна. Үлдсэнийг С.Энхтуяаг ирсний дараа учир зүйг олохгүй бол би сайн мэдэхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан *******аас 15.840.000 төгрөг гаргуулан *******д олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 24-р байрны 60 тоотод байрлах, 000339928 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101006223 тоот дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хорих 437 дугаар ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 237.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан *******аас 15.840.000 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ....Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх" үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж, шаардлагыг няцааж чадаагүй... гэжээ. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Учир нь уг зээлүүлсэн гэх 8.000.000 төгрөгийг ******* нь *******ад хүлээлгэн өгөөгүй бөгөөд өөрийн найз С.Энхтуяад хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримтанд *******аар гарын үсэг зуруулсан боловч 8.000.000 төгрөгийг ******* нь С.Энхтуяад өгсөн. Иймд хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан С.Энхтуяагийн гараар бичсэн бичгийг тухайн үед С.Энхтуяа нь хийж өгч байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282.4-д /Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулан тооцно/ зааснаар 8.000.000 төгрөгийг зээлэх талаар зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан боловч Иргэний хуулийн дугаар зүйлийн 282.4.-т заасан шилжүүлэн өгөх үйл ажиллагаа хийгдээгүй. Тодруулбал ******* нь уг 8.000.000 төгрөгийг *******аас авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж чадаагүй тул гомдолтой байгаа юм. Хэргийн 4 дэхь талд авагдсан 8.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд ******* нь *******д мөнгө хүлээлгэн өгсөн мэт дүр үзүүлсэн баримт юм. Энэхүү нөхцөл байдлын улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т заасан эрхийнхээ хүрээнд гэрчээр С.Энхтуяаг асуулгах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Ийнхүү хүсэлтийг хүлээн авхаас татгалзсан үндэслэлээ гэрчийн хаяг тодорхойгүй гэж үзсэн. Гэвч гэрч С.Энхтуяагийн ажлын хаягийг хүсэлтэндээ тодорхой бичсэн байгаа болно. Шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт цуглуулахтай холбоотой буюу гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлээгүй атлаа, шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж, шаардлагыг няцааж чадаагүй... гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1266 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3.840.000 төгрөг алданги 4.000.000 төгрөг нийт 15.840.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлсэн байх ба зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг 23-130 тоотын 27м2 талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, гэрээний хугацаанд хариуцагч С.Нанжид зээлийг эргэн төлөөгүй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Зохигчдын хоорондын хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 8 сая төгрөгийг ******* нь *******ад бэлнээр шилжүүлэн өгчээ.

Хариуцагч ******* нь 8 сая төгрөгийг өөрөө аваагүй эхнэр байсан Энхтуяа авсан гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн татгалзал тайлбараа нотлох баримтаар нотлоогүй зээлийн болон барьцааны гэрээг өөрөө байгуулснаар гарын үсэг зурсан, энэ талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахад *******ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх нь зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд нийцжээ.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаан дээр Энхтуяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах бололцоотой байхад хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2018/01266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ