| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2018/01131/И |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 40
| 2019 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 207/МА2019/00040 |
*******ны Орхон салбарын
нэхэмжлэлтэй хариуцагч *******,
*******,*******, *******нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00105 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******, *******нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг нийт 299.600.176.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, хариуцагч *******, *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч *******ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь зээлдэгч ******* /2690632/-г төлөөлөн захирал Ламжав овогтой Баярсайхантай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №86 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 490.000.000.00 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хоёр үе шаттай Жайка төслийн зээлийн зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв, ГД000025383, УБД2101002041, 400 мкв талбай бүхий объект, Орхон аймаг Баян-өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, Нэгж талбарын дугаар 18433432597645, 2000 мкв талбайтай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалж зохих журмын дагуу холбогдох газарт бүртгүүлсэн. Зээлдэгч зээлийн төлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хуваарийн дагуу төлөлгүй зээлийн эргэн төлөх графикийг 16 сарын турш зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.
Иймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл болон зээлийн гэрээний 8.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгчийн орлогоос үндсэн зээл 265.224.310.45 төгрөг, үндсэн хүү 33.174.531.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.201.333.80 төгрөг нийт 299.600.176.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.726.151 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд түүний барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээлийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******, *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа
Эпбострейд ХХК болон иргэн *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг би *******ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэгч талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №86 зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээнд зээлийн хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байхаар заажээ. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл уг өдрөөр гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 36 сарын өмнө гэрээг дуусгавар болгож байна. Хариуцагчийн зүгээс өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 227.500.000 төгрөг төлсөн ба одоо үндсэн зээлээс 262.500.000 төгрөг үлдэж байна. Хүүний тухайд гэрээний үргэлжлэх хугацаанд нийт 51 сарын хүүнд 137.653.679 төгрөг төлсөн байна. Нийт 365.153.661 төгрөгийг төлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс хүүгийн хэмжээг гэрээний хугацаанд тэнцүү хуваарилаагүй өөрөөр хэлбэл гэрээний эхний хугацаанд хүүг өндрөөр тогтоож авсан нь зээлдэгчид илт хохиролтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг хугацаанаас нь өмнө урьдчилан авсан мөртлөө зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө цуцалж үндсэн мөнгөө нэхэмжилж байгаа нь шударга биш байна. Зүй нь уг зээлийг гэрээнд заасан хугацаагаар ашиглахын тулд хүүг төлөх нь шударга юм. Зээлийн гэрээнд заасан хугацаа болон хүүг тооцоход сард 1.858.767 төгрөгийг тэнцүү хэмжээгээр төлөхөөр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 35 сарын өмнө гэрээг цуцалж байх тул 35 сарын хүү болох 65.056.845 төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 65.056.845 төгрөгийг дээр дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ны зүгээс хамтран хариуцагчаар А.Лхамыг татан оролцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Зээлийн гэрээнд зээлдэгчээр ******* байгаа бөгөөд зээлийн зориулалт нь тус компаний бизнесийн үйл ажиллагаанд зориулагдахаар байхаас гадна хариуцагч Лхам уг зээлээс бодитойгоор нэг ч төгрөг захиран зарцуулаагүй юм. Өөрөөр хэлбэл уг зээлийг иргэн Баярсайхан тоног төхөөрөмж худалдан авахаар хэд хэдэн удаагийн гүйлгээ хийж Солонгос улсруу шилжүүлсэн бөгөөд уг баримтыг би нотлох баримтаар гаргуулах болно. Мөн ******* нь зээл авсан уг компаний үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь хариуцагч Лхам биш юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******-ний зөвхөн 1910 кодтой шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 20%-ийн хувьцаа эзэмших эрхтэйгээр тус компанид орсон. *******-ний захирал Л. Баярсайхан нь шахмал түлшний үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 1.000.000.000 /нэг тэр бум/ төгрөг гэж үнэлсэн бөгөөд ******* 80%, Д. Болор-Эрдэнэ миний бие 20%-ийн хөрөнгийг оруулахаар тохиролцож, 2013 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар №136 тоот шийдвэр гаргасан. Миний бие өөрийн 20%-д оногдсон 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 407204015 тоот дансанд бүрэн шилжүүлсэн болно.
Л. Баярсайхан нь, би *******наас 490.000.000 /Дөрвөн зуун ерөн сая/ төгрөгийн зээлийг өөрөө хөөцөлдөж авахаар болсон тул энэ хөрөнгө нь миний эзэмшлийн 80%-д орно гэж надад хэлж тохиролцсон. Иймд *******ны нэхэмжилж байгаа зээлийн төлбөр нь *******ы эзэмшлийн 80%-д багтаж байгаа бөгөөд тухайн банкны зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөнд миний эзэмшлийн хувь байхгүй тул надад захиран зарцуулах хамааралгүй болно. Мөн миний бие банкны зээлийн бичиг баримтанд компанийн хувь эзэмшигч заавал гарын үсэг зурах шаардлагатай гэсэн шаардлагын үндсэн дээр хувьцаа эзэмшигч гэдэг байр суурин дээрээс гарын үсэг зурсан. Тухайн үед банкны ажилчид болон ******* банкны зээлийн төлбөрт хариуцлага хүлээх үүрэггүй хувьцаа эзэмшигч гэдэг утгаар гарын үсэг зурж байгаа гэж надад тайлбарлаж байсан. Миний бие одоог хүртэл компанийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй болон *******наас авсан зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч захиран зарцуулаагүй болно. Мөн миний бие одоог хүртэл уг компанид өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөнөөс болон ашгаас нэг ч төгрөг буцаан аваагүй байгаа тул их гомдолтой байна. Миний бие *******ны нэхэмжилж байгаа зээлийн төлбөрт хариуцагч болох үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00105 дугаар шийдвэрээр:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, *******нараас үндсэн зээл 265.224.310.45 төгрөг, үндсэн хүү 33.174.531.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.201.333.80 төгрөг, нийт 299.600.176.23 төгрөг гаргуулан *******ны Орхон салбарт олгож, хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхрын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 726 151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, *******нараас улсын тэмдэгтийн хураамжаар 1.726.151 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл 265.224.310.45 төгрөг, үндсэн хүүнд 33.174.531.98 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 1.201.333.80 төгрөг нийт 299.600.176.23 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Ингэхдээ сарын хүүг 0.67 хувийн хүүгээр бодож шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2018 оны 10 сар хүртэлх хугацааны хүүг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан. Талуудын хооронд анх 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №86 зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд зааснаар сарын хүүг 0.67 хувь байхаар тохирсон боловч 2014 оны 02-р сарын 06 ны өдөр зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг талууд байгуулж зээлийн хүүг 0,58 хувь болгон 1 бууруулж зээлийн хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусахаар тохирсон бөгөөд дээрх гэрээг хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Гэтэл шүүх 0.67 хувиар тооцон нэхэмжлэлийг хангах болсон хууль зүйн үндэслэлээ 2013 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн № 86 гэрээний 3.2 банк зээлийн хүүний хувь хэмжээг зургаан сар тутам шинэчлэн тогтооно мөн гэрээний 3.4 өөрчлөн тогтоосон зээлийн хүүний хувь хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй нь түүнийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэх үндэслэлээр хариуцагчийн хүүг 0.58 хувиар тооцно гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн юм. Тэгвэл иргэний хуулийн 452.3 зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хувь хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан бол нарийвчлан зохицуулсан банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1 зээлдүүлэгч нь зээлийн зориулалт хүүгийн хэмжээ хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж тус тус хуульчлан тогтоожээ. Үүнээс үзэхэд хүүг өөрчлөхдөө мэдэгдэх нь банкны эрх биш үүрэг байхаас гадна шинэчилнэ гэсэн нь түүнийг өөрчлөхдөө мэдэгдэхгүй гэх агуулгыг илэрхийлэхгүй байхаас гадна шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэх ёстой юм. Зээлийн хүүг бууруулан өөрчилсөн гэх гэрээг үгүйсгэсэн бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй юм. Банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна гэж ойлгож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гэрээг цуцалж байгаагаа илэрхийлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 2017 оны 12 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2018 оны 10 сар хүртэл 10 сарын зээлийн төлбөрт шинэчлэн тогтоосон хүүгээр тооцвол 12.522.963 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл шүүх 33.174.531 төгрөгийн хүүг төлөхөөр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хүүг анх байгуулсан гэрээний дагуу 0.67 хувиар тооцох болсон хууль зүйн үндэслэлээ гэрээнд заасан учраас гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Хүүний зөрүүнд 20.651.568 төгрөг үндсэн зээлээс 3 сая төгрөг нийт 23.651.568 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь *******, *******, *******, А.Лхам нараас зээлийн гэрээний үүрэгт 299.600.176.23 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.
Хариуцагч *******-ийн захирал ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Капитал банкны Орхон салбараас 490.000.000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй /жилийн 8 хувь/ 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл 8 жилийн хугацаатай ЖДҮ-г хөгжүүлэх 2 үе шатлалтай жайка төслийн зориулалттай зээл авч барьцааны гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Үйлчилгээний төвийн 400м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалт бүхий 2000м2 бүхий талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалж хамтран хариуцагчаар А.Лхам, компанийн гишүүнээр ******* нар гэрээнд гарын үсэг зурсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № Үндсэн хороо 86 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан тохиолдолд шүүх гэрээ цуцлах үндэслэл байгаа эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх учиртай.
Хариуцагч ******* зээлийн хүүний өөрчлөлтөөр хүүг тооцоогүй 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг талууд байгуулж зээлийн хүүг 0.58 хувь болгон бууруулж гэрээний хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгахаар тохирсон гэж маргасан байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар *******-ний зээлийн хүүний тооцоолол гэсэн баримт хэрэгт өгсөн байгаа боловч гэрээний хугацаа хэтрэлт, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байх ба хариуцагч нар нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзах эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 276.300 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ