Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01191

 

 

Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 142/ШШ2019/01262 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, 

Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Элбос трейд ХХК, *******, *******нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэг нийт 285,234,094 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2013.09.27-ны өдрийн 86 дугаартай барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Элбос трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч *******нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Капитал банк ХХК нь 2018.10.05-ны өдөр "Элбос трейд ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 299,600,176.23 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар бууруулж байна. Бидний хооронд 2013.09.27-ны өдөр байгуулсан Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2018.10.05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 265,224,310.45 төгрөг, зээлийн хүү 18,801,009.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,208,774.92 төгрөг. нийт 285,234,094.47 төгрөг болж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 299,600,176.23 төгрөгийн 14,366,081.76 төгрөгийн зээлийн хүүгээс татгалзаж 285,234,094.47 төгрөгийг "Элбос трейд ХХК-иас нэхэмжилж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв, ГД000025383, УБД2101002041, 400 м.кв талбай бүхий объект, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарын дугаар 18433432597945, 2000 м.кв талбайтай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг тус тус үүргийн гүйцэтгэлд хангуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Элбос трейд ХХК, *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2018.10.05-ны өдөр нэхэмжлэл гаргаж хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь хамгийн сүүлд 285,234,094 төгрөг, барьцаа хөрөнгөөс хангуулахаар гаргасан байна. Үүний хүрээнд 1-рт зээлийн гэрээ маань 2013.09.27-ны өдрөөс 2021.09.27-ны өдөр хүртэл хугацаагаар 86 тоот гэрээ байгуулагдсан. 2014.02.06-ны өдөр зээлийн гэрээний хүүг бууруулж албан ёсны гэрээг 2 тал хүлээн зөвшөөрч байгуулсан байдаг. Үндсэн зээлийн хугацаа 2021.09.27-ны өдөр хүртэл 0.58 хувь байхаар албан ёсоор тохиролцож байгуулсан. Хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд тус гэрээ байгаа. Мөн хүүгийн тооцоолол 87 дугаар хуудсанд байгаа. Нэхэмжлэгч гэрээний нөхцөлийг 6 сараар амаар өөрчилдөг гэсэн нь үндэслэлгүй. Ямар ч гэрээг бичгээр байгуулж байж хүчинтэй бөгөөд нааш цааш нь болгодог гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ зээлийн гэрээний хүүг 2014.02.06-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хүү болох 0.58 хувиар бодох ёстой. Нэхэмжилж байгаа шаардлагаас үндсэн зээлийн 265,224,310 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрчлөлт орсон гэрээний дагуу бодвол манайхаас 137,230,331 төгрөгийг графикийн дагуу төлсөн байгаа. Энэ нь төлөх ёстой хүүгээ төлөөд дууссан гэсэн үг. 2-рт зээлийн гэрээ 2018.10.06-ны өдрөөс гэрээ цуцлагдсан тул түүнээс хойш шаардах үр дагавар давхар дуусгавар болж байдаг. Тийм учраас барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулья гэж байгаа нь үндэслэлгүй болж байна гэсэн тайлбар өгч байна. Барьцаа хөрөнгөөс шаардаж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхээд байгаа нэмэгдүүлсэн хүүний 2018 оноос хойшхи хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл шаардлага ерөөсөө тодорхойгүй байна. *******ын хувьд хариуцагч биш гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс харахад зөвхөн гарын үсэг зуруулсан байдаг.

1-рт ******* нь тухайн зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн гэж байгаагүй. Гэрээний нийтлэг хэсэгт Элбос трейд ХХК, түүний захирал *******нь Капитал банкны салбартай байгуулсан байдаг. Гэрээний хамгийн сүүлийн хуудсанд компанийн хувьцаа эзэмшигчээр гарын үсэг зуруулаад Л.Баярсайханы гэр бүлийн хүн гэдгээр *******аар гарын үсэг зуруулсан байдаг. Энэ байж болшгүй асуудал. Үнэхээр ******* гуайд зээлийн гэрээний хариуцлага хүлээлгэх байсан юм бол тухайн гэрээг байгуулахад хамт байлцуулаад тэр хүнд эрх үүргийг тайлбарлаад танилцуулаад гарын үсэг зуруулах байсан. Шууд тулгаж зуруулчихаад энэ хүнээс шаардах боломжгүй. Угаасаа гэрээний дагуу зээлийн мөнгө Элбос трейд ХХК-ийн дансанд шилжиж орсон байдаг. *******ын дансанд шилжиж орсон зүйл байхгүй үүнээс 1 төгрөгийг ч авч хэрэглээгүй. Зөвхөн гарын үсэг зурснаараа хариуцна гэж байгаа нь Иргэний 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн байгаа учраас ******* хариуцагч биш гэж үзэж байгаа тул *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Барьцааны гэрээний тодорхой зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус хийгдсэн. Эхний гэрээ албан ёсоор нотариатаар батлуулж, талууд гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн төлбөрийн хүлээн зөвшөөрнө. Хүүг төлсөн байгаа гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Элбос ртейд ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал *******нь 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо-86 дугаартай зээлийн гэрээ болон 86 тоот барьцааны гэрээг Капитал банкны Орхон салбартай байгуулсан байх ба гэрээний дагуух 490,000,000 төгрөгийг жилийн 8 хувь, сарын 0.67 хувийн хүүтэй 2021.09.27-ны өдөр хүртэл 96 сарын хугацаатай Элбос трейд ХХК-ийн хэрэгжүүлж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 2 үе шаттай Жайка төслийн санхүүжилтэд зориулж олгожээ. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв ГД000025383, УБД2101002041 дугаар бүхий 400 м.кв талбайтай обьектыг барьцаалж тус өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангуулсан байдаг. Гэтэл Капитал банкны Орхон салбар нь төвөөс ирсэн шийдвэр гэх үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон 2013.09.27-ны өдрийн №86 дугаартай барьцааны гэрээний барьцаалуулагч нарын гарын үсэг зурсан байдлыг ашиглаж, барьцаалуулагчийн зөвшөөрөлгүй, түүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж тус гэрээний эхний нүүрэнд буюу 2.1 дэх хэсгийн барьцаа хөрөнгийн жагсаалтад барьцаа2 гэх өөрчлөлтыг нэг талын санаачлагаар, оруулж Л.Баярсайханы эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн 18433432597945 дугаартай 2000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаалж бүртгэлийн тамга даруулсан байдаг. Учир нь банкны зүгээс барьцаалагч нарт 2013.09.27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгож, дахин шинээр байгуулах болон гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдээгүй бөгөөд Л.Баярсайхан, *******, Д.Болор-Эрдэнэ нар ямар нэгэн байдлаар дахин барьцааны гэрээ өөрчилж байгуулж гарын үсэг зурах үйлдэл хийгээгүй байдаг. *******шүүхэд хэргийн материал танилцахдаа ХХ-8 хуудсанд нотлох баримтаар авагдсан барьцааны гэрээтэй анх удаа танилцаж өөрчлөлт орсон болохыг мэдэж барьцааны гэрээ өөрчилсөн байна гэх тайлбарыг өгч, өөрийн байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хувийг хэрэгт өгсөн нь ХХ-100-р хуудсанд авагдсан байна. Харин нэхэмжлэгч нь энэхүү хууль зөрчсөн 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээг үндэслэл болгож 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо-86 дугаартай зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гарсан нь хариуцагч нарын эрх ашиг сонирхолд илтэд харшлах тул тэдний хүсэл зоригоос гадуурх энэхүү үйлдлийг хүчингүй тооцуулах хүсэлтэй байна. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 заасны дагуу ХХ-8-р хуудсанд байх 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг Барьцаа2 гэх Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн18433432597945 дугаартай 2000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр үнэлэн хууль зөрчиж барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Эдийн засагч барьцааны гэрээ хийхдээ барьцаа хөрөнгөө дутуу тусгасан байсан. Гэрээгээ батлуулахаар Төв банк руу явуулахад барьцааны гэрээг буруу хийсэн байна, энэ гэрээгээ засаж ирүүл гэсний дагуу барьцааны гэрээгээ өөрчилсөн энэ тухайгаа зээлдэгчдээ мэдэгдсэн. Хариуцагч Газрын харилцаа хот байгуулалтын албанд хүсэлт өгөөд тэднийхээс 2013.10.07-нд газрыг барьцаалахыг зөвшөөрсөн албан тоот ирсэн учраас энэ тоотыг үндэслэн газрыг барьцааны гэрээнд тусгасан.Энэ газар нь эзэмших эрхтэй газар учраас улсын бүртгэлээс биш газрын албанаас зохих зөвшөөрлийг авсан байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/01262 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Элбос трейд ХХК, Л.Баярсайхан, ******* нараас үндсэн зээл 265,224,310.80 төгрөг, зээлийн хүү 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,208,774 төгрөг, нийт 280,317,793 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,916,301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг. Баян-Өндөр сум. Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 м.кв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,726,151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Элбос трейд ХХК, Л.Баярсайхан, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжаар 1,726,151 төгрөг гаргуулан Капитал банкны Орхон салбарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 171 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ/2019/01262 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Элбос трейд ХХК, Л.Баярсайхан, ******* нараас үндсэн зээл 265,224,310.80 төгрөг, зээлийн хүү 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,208,774 төгрөг, нийт 280,317,793 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,916,301 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Элбос трейд ХХК, *******нараас үндсэн зээл 265,224,310.80 төгрөг, зээлийн хүү 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,208,774 төгрөг, нийт 280,317,793 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,916,301 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Элбос трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч *******нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн төдийгүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч нараас 13,884,709 төгрөгийн зээлийн хүү, 1,208,774 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулсан нь бодит байдалд нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хуульд ... зээлдэгч нь гэрээнд заасан хугагцаа болон хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ ч өөрөө Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлийн шаардлагад нийцсэн байх ёстой юм. Капитал банкны нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага маш тодорхойгүй, хариуцагчаас төлсөн зээл, хүүгийн төлбөрийг дээрх нөхцөл өөрчилсөн гэрээний дагуу тооцохгүй жилийн 8,00 хувь, сарын 0.67 хувиар тооцож зээлдэгч нарын эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон. Энэ нь хэрэгт нэхэмжлэлийн ундэслэл шаардлагаа тодорхойлж ирүүлсэн зээлийн тооцооллын хүснэгтээр нотлогддог буюу уг баримтаас харахад зээл, зээлийн хүүг 2013.09.27-2014.02.06-ны өдөр хүртэл жилийн 8 хувь, 2014.02.06-2017.01.03-ны өдөр хүртэл жилийн 7 хувь, 2017.01.03-2018.10.08-ны өдөр хүртэл 8 хувиар тооцсон байдаг.

Хэрэгт авагдсан 2013.09.27-ны өдрийн Үндсэн хороо-86 тоот 490,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс харахад жилийн 8 хувийн хүүтэй, хугацаа нь 2021.09.27-ны өдөр дуусахаар байгуулагдсан ч 2014.02.06-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зөвхөн хүүгийн хувь хэмжээг жилийн 7 хувь болгон бууруулж, энэ нь 2021.09.27-ны өдөр хүртэл үйлчилэхээр заасан байдаг. Харин анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хүүг 2014.02.06-ны өдрийн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг баримтлах нь зүйтэй, хариуцагч нь 137,232,331 төгрөгийг зээлийн хүүд төлсөн болох нь тоггоосон гэж зөв дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчээс гаргасан илтэд алдаатай, хэзээнээс эхлэн хугацаа хэтэрсэн гэж хэдэн хувиар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолж авч байсан болон хэдэн хувиар тооцож хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тооцооллыг үндэслэл болгож, хариуцагч нараас дахин 13,884,709 төгрөгийн зээлийн хүү тооцож, 1,208,774 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдсэн нь буруу байна. Учир нь 2013.09.27-ны өдрийн Үндсэн хороо-86 тоот 490,000,000 төгрөгийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт буюу 2014.02.06-ны өдрийн гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг 7 хувь болгож бууруулсан нөхцөлөөр тооцоо хийхэд гэрээ байгуулсан 2013.10.08-ны өдрөөс нэхэмжлэгчийн гэрээг цуцалж буй 2018.10.05-ны өдөр хүртэл төлбөл зохих хүү нь 134,025,006.98 төгрөг байдаг. Харин хариуцагч нь 2013.10.08-ны өдрөөс гэрээ цуцалсан өдөр хүртэлх хугацаанд 137,232,331 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2018.10.08-ны өдрийн байдлаар хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үгүй бөгөөд зөвхөн үндсэн зээлийн 265,224,3.10 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй юм. Үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох үндэслэлтэй атал гэрээг цуцлах шаардлагыг хангаж, үлдэгдэл төлбөрийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь барьцаагаар буюу үүргийн гүйцэтгэх аргаар урьдчилан баталгаажсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул барьцаагаар хангуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Элбос трейд ХХК, *******нараас 2013.09.27-ны өдрийн Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээний зээлийн хүүд 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,208,774 төгрөг, нийт 15,093,483 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож үндсэн төлбөр 265,224,310 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, мөн уг төлбөрийг барьцаагаар хангуулах шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагч нь Элбострейд ХХК, *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 285,234,094 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, Элбострейд ХХК, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай 2013.09.27-ны өдрийн 86 дугаартай барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Анхан шатны шүүх Элбострейд ХХК, Л.Баярсайхан, ******* нараас үндсэн зээл 265,224,310.80 төгрөг, зээлийн хүү 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,208,774 төгрөг, нийт 280,317,793 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 4,916,301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт Элбострейд ХХК, *******нараас зээлийн үүргийг гаргуулахаар өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч Элбострейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч *******нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Элбострейд ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал *******нь 2013.09.27-ны өдөр №Үндсэн хороо-86 дугаартай зээл болон №86 тоот барьцааны гэрээг Капитал банкны Орхон салбартай байгуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 2 үе шаттай Жайка төслийн санхүүжилт бүхий зээл 490,000,000 төгрөгийг жилийн 8 хувь, сарын 0.67 хувийн хүүтэй 2021.09.27-ны өдөр хүртэл 96 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв ГД000025383, УБД2101002041 дугаар бүхий 400 м.кв талбайтай обьект, Л.Баярсайханы эзэмшлийн Баян-Өндөр сум Баянцагаан баг, ГД0391514, нэгж талбарын 18433432597945 дугаартай 2000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг тус тус барьцаалсан нь тогтоогджээ. 

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгуулагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Зээлийн гэрээний 2.7-д Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж зээлдэгч зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг ойлгохоор заасан бөгөөд мөн гэрээний 8 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох үндэслэлүүдийг нэрлэн заажээ.  

Түүнчлэн гэрээний 3.16, 4.2.6-д зааснаар зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.  

Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралт болох банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарьт заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж төлбөл зохих үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зүйлд заасныг зөрчөөгүй. 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу харицагч нараас үндсэн зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Талууд 2014.02.06-ны өдөр харилцан тохиролцож, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр тохирсон сар тутамд төлөх 0,67 хувийн зээлийн хүүг мөн өдрөөс эхлэн сарын 0.58 хувь болгон бууруулсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн хүүг 2014.02.06-ны өдрөөс эхлэн сарын 0.58 хувиар тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэн байна.

Элбострейд ХХК, *******нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 280,317,793 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 174, 175, 451, 453 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан боловч хариуцагч нар нь уг хугацаа хүртэл зээлийг ашигласан гэж үзэх тул гэрээгээр тохирсон хүүг төлөх үүрэгтэй.  

Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч *******нарын ...гэрээний зээлийн хүүд 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,208,774 төгрөг, нийт 15,093,483 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох-ыг хүссэн гомдол хангагдахгүй. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, зөрчөөгүй байна. 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай сөрөг нэхэмжлэлээ ...2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг Барьцаа2 гэх Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн18433432597945 дугаартай 2000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр үнэлэн хууль зөрчиж барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү... гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Харин Элбострейд ХХК, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

4. Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шаардсан буюу гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн үндэслэл болгосон байхад шүүх бие даасан шаардлага байдлаар шийдвэрлэснийг болон анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүйг залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж зөв дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлгүй орхигдуулсан алдааг залруулав.  

Иймд дээр дурдснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Элбострейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч *******нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 171 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 142/ШШ2019/01262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан Элбострейд ХХК, *******нараас үндсэн зээл 265,224,310.80 төгрөг, зээлийн хүү 13,884,709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,208,774 төгрөг, нийт 280,317,793 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,916,301 төгрөгийг, Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчаас *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Элбострейд ХХК, Л.Баярсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээний 2.1 дэх Барьцаа2 гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,726,151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Элбострейд ХХК, *******нараас улсын тэмдэгтийн хураамж 1,726,151 төгрөг гаргуулан Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн 303,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Д.ЦОЛМОН 

Х.ЭРДЭНЭСУВД