Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00171

 

 

 

******* ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Элбос трейд

ХХК,*******, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/01262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 285.234.094 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэл, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2018 оны 10-р сарын 05-ны өдөр "Элбострейд ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 299,600,176.23 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүх хурал 2019.01.18-ны өдөр болж 142/ШШ2019/00105 тоот шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар бууруулж байна.

Бидний хооронд 2013 оны 09-р сарын 27-ны өдөр байгуулсан Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2018 оны 10-р сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 265.224.310.45 төгрөг, зээлийн хүү 18,801,009.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.208.774.92 төгрөг. нийт 285.234,094.47 төгрөг болж байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 299,600,176.23 төгрөгийн 14,366,081.76 төгрөгийн зээлийн хүүгээс татгалзаж 285,234,094.47 төгрөгийг "Элбострейд ХХК-иас нэхэмжилж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дараах барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүнд: Орхон аймаг БӨ сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны гөв. ГД000025383, УБД2101002041, 400 мкв талбай бүхий объект, Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг. Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, Нэгж талбарын дугаар 18433432597945, 2000 мкв талбайтай, 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар гэжээ.

Хариуцагч *******,*******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь хамгийн сүүлд 285.234.094 төгрөг 47 мөнгө, барьцаа хөрөнгөөс хангуулахаар гаргасан байна. Үүний хүрээнд 1-рт зээлийн гэрээ маань 2013 оны 09 дүгээр сарын 27-ноос 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар 86 тоот гэрээ байгуулагдсан. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хүүг бууруулж албан ёсны гэрээг 2 тал хүлээн зөвшөөрч байгуулсан байдаг. Үндсэн зээлийн хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 0.58 хувь байхаар албан ёсоор тохиролцож байгуулсан. Хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд тус гэрээ байгаа. Мөн хүүгийн тооцоолол 87 дугаар хуудсанд байгаа. Нэхэмжлэгч гэрээний нөхцөлийг 6 сараар амаар өөрчилдөг гэсэн нь үндэслэлгүй. Ямар ч гэрээг бичгээр байгуулж байж хүчинтэй бөгөөд нааш цааш нь болгодог гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ зээлийн гэрээний хүүг 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хүү болох 0.58 хувиар бодох ёстой. Нэхэмжилж байгаа шаардлагаас үндсэн зээлийн 265.224.310 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрчлөлт орсон гэрээний дагуу бодвол манайхаас 137.230.331 төгрөгийг графикийн дагуу төлсөн байгаа. Энэ нь төлөх ёстой хүүгээ төлөөд дууссан гэсэн үг. 2-рт зээлийн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээ цуцлагдсан тул түүнээс хойш шаардах үр дагавар давхар дуусгавар болж байдаг. Тийм учраас барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулья гэж байгаа нь үндэслэлгүй болж байна гэсэн тайлбар өгч байна. Барьцаа хөрөнгөөс шаардаж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхээд байгаа нэмэгдүүлсэн хүүний 2018 оноос хойшхи хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл шаардлага ерөөсөө тодорхойгүй байна.*******ын хувьд хариуцагч биш гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс харахад зөвхөн гарын үсэг зуруулсан байдаг. 1-рт******* нь тухайн зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн гэж байгаагүй. Гэрээний нийтлэг хэсэгт Элбострейд ХХК, түүний захирал ******* нь *******ны салбартай байгуулсан байдаг. Гэрээний хамгийн сүүлийн хуудсанд компаний хувьцаа эзэмшигчээр гарын үсэг зуруулаад *******ы гэр бүлийн хүн гэдгээр*******аар гарын үсэг зуруулсан байдаг. Энэ байж болшгүй асуудал. Үнэхээр******* гуайд зээлийн гэрээний хариуцлага хүлээлгэх байсан юм бол тухайн гэрээг байгуулахад хамт байлцуулаад тэр хүнд эрх үүргийг тайлбарлаад танилцуулаад гарын үсэг зуруулах байсан. Шууд тулгаж зуруулчихаад энэ хүнээс шаардах боломжгүй. Угаасаа гэрээний дагуу зээлийн мөнгө Элбострейд ХХК-ны дансанд шилжиж орсон байдаг.*******ын дансанд шилжиж орсон зүйл байхгүй үүнээс 1 төгрөгийг ч авч хэрэглээгүй. Зөвхөн гарын үсэг зурснаараа хариуцна гэж байгаа нь Иргэний 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлыг зөрчсөн байгаа учраас******* хариуцагч биш гэж үзэж байгаа тул*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Барьцааны гэрээний тодорхой зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус хийгдсэн. Эхний гэрээ албан ёсоор нотариатаар батлуулж, талууд гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн төлбөрийн хүлээн зөвшөөрнө. Хүүг төлсөн байгаа гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч Элбосртейд ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо 86 дугаартай зээлийн гэрээ болон №86 тоот Барьцааны гэрээг *******ны Орхон салбартай байгуулсан байх ба гэрээний дагуух 490.000.000 төгрөгийг жилийн 8%, сарын 0.67%-ийн хүүтэй 2021.09.27-ны өдөр хүртэл 96 сарын хугацаатай Элбострейд ХХК-ний хэрэгжүүлж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 2 үе шаттай Жайка төслийн санхүүжилтэд зориулж олгожээ. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Орхон аймаг БӨ сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв ГД000025383, УБД2101002041 дугаар бүхий 400 мкв талбайтай обьектыг барьцаалж тус өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангуулсан байдаг. Гэтэл *******ны Орхон салбар нь төвөөс ирсэн шийдвэр гэх үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон 2013.09.27-ны өдрийн №86 дугаартай барьцааны гэрээний барьцаалуулагч нарын гарын үсэг зурсан байдлыг ашиглаж, барьцаалуулагчийн зөвшөөрөлгүй, түүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж тус гэрээний эхний нүүрэнд буюу 2.1 дэх хэсгийн барьцаа хөрөнгийн жагсаалтад барьцаа2 гэх өөрчлөлтыг нэг талын санаачлагаар, оруулж *******ы эзэмшлийн Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн 18433432597945 дугаартай 2000мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр үнэлэн барьцаалж бүртгэлийн тамга даруулсан байдаг. Учир нь банкны зүгээс Барьцаалагч нарт 2013.09.27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгож, дахин шинээр байгуулах болон гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдээгүй бөгөөд *******,*******, Д.Болор-Эрдэнэ нар ямар нэгэн байдлаар дахин барьцааны гэрээ өөрчилж байгуулж гарын үсэг зурах үйлдэл хийгээгүй байдаг. ******* шүүхэд хэргийн материал танилцахдаа ХХ-8 хуудсанд нотлох баримтаар авагдсан барьцааны гэрээтэй анх удаа танилцаж өөрчлөлт орсон болохыг мэдэж барьцааны гэрээ өөрчилсөн байна гэх тайлбарыг өгч, өөрийн байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хувийг хэрэгт өгсөн нь ХХ-100-р хуудсанд авагдсан байна. Харин нэхэмжлэгч нь энэхүү хууль зөрчсөн 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээг үндэслэл болгож 2013.09.27-ны өдөр Үндсэн хороо 86 дугаартай зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гарсан нь хариуцагч нарын эрх ашиг сонирхолд илтэд харшлах тул тэдний хүсэл зоригоос гадуурх энэхүү үйлдлийг хүчингүй тооцуулах хүсэлтэй байна. Иймээс ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу ХХ-8-р хуудсанд байх 2013.09.27-ны өдрийн №86 тоот Барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг Барьцаа2 гэх Орхон аймаг БӨ сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарийн18433432597945 дугаартай 2000 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр үнэлэн хууль зөрчиж барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

....Эдийн засагч барьцааны гэрээ хийхдээ барьцаа хөрөнгөө дутуу тусгасан байсан. Гэрээгээ батлуулахаар Төв банк руу явуулахад барьцааны гэрээг буруу хийсэн байна, энэ гэрээгээ засаж ирүүл гэсний дагуу барьцааны гэрээгээ өөрчилсөн энэ тухайгаа зээлдэгчдээ мэдэгдсэн. Хариуцагч Газрын харилцаа хот байгуулалтын албанд хүсэлт өгөөд тэднийхээс 2013 оны 10 дугаар сарын 07-нд газрыг барьцаалахыг зөвшөөрсөн албан тоот ирсэн учраас энэ тоотыг үндэслэн газрыг барьцааны гэрээнд тусгасан.Энэ газар нь эзэмших эрхтэй газар учраас Улсын бүртгэлээс биш Газрын албанаас зохих зөвшөөрлийг авсан байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/01262 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Элбострейд ХХК, *******,******* нараас үндсэн зээл 265.224.310.80 төгрөг, зээлийн хүү 13.884.709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.208.774 төгрөг, нийт 280.317.793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.916.301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.726.151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Элбострейд ХХК, *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжаар 1.726.151 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай давж заалдсан гомдолдоо:

Элбострейд ХХК, Д.Баярсайхан,******* нар бид Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2019/01262 дугаартай шийдвэрийг ИХШХШХ-ийн 116-р зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт ...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулсаны үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж, хэт нэг талыг барьж иргэн ******* миний зөвшоерөлгүйгээр, миний газар эзэмших эрхийг барьцаалж, гэрээний талуудын гарын үсэг зурсан байдлыг ашиглан гэрээний зөвхен нүүрний хэсэгт нэмэлт еөрчлөлт оруулсан нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг зөв гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь Элбострейд ХХК нь нэхэмжлэгч *******тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Үндсэн хороо-86 тоот зээлийн болон барьцааны гэрээнд албан ёсоор харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулаагүй атал нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан барьцааны гэрээ нь *******,******* бидний мэдэхгүй, бидний зохих зөвшөөрөлгүй нэмэлт өөрчлөлт хийгдсэн буюу ******* миний газар эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр үнэлэн компаний хөрөнгө оруулалтын зээлэнд барьцаалсан гэх бичвэр нэмэгдсэн гэрээ базйсан. ******* би өөрөө болон итгэмжпэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан уг хууль бус үйлдлийг эсэргүйцэж, хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, холбогдох нотлох баримтуудыг Улсын бүртгэлийн газрын болон Орхон аймгийн архивын газраас хэрэгт хавсаргуулсан.

Уг баримтуудаас харахад талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөл байдал илэрдэггүй ба ******* надад хадгалагдаж байсан 100 дугаар хуудсанд байх гэрээ л архивлагдсан байдаг.

Мөн түүнчлэн дээрх байдлаас үзвэл барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээг төвруу явуулахад газрын эрхийг нь баръцаал гэсэн тул тус өдрөө өмнөх гэрээгээ хүчингүй болгоод дахин гиинээр гэрээ байгуулж өөрчилсөн ******* гуайгаас хуучин гэрээнийхээ хувийг аваагүй байсан байна гэх тайлбар илтэд үндэслэлгүй, мөн газрын алба 2013 оны 10 дугаар сарын 07-нд газар эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийсэн атал анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, үнэхээр л нэхэмжлэгчийн тайлбар үнэн бол архивын баримтуудад ч өөрчлөлт орсон, өмнөх гэрээг хүчингүй болгож, өөрчлөлт оруулсан бүртгэл хийгдэх ёстой буюу ИХ-ийн 156-р зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангах ёстой атал нэхэмжлэгч нь нэгэнт бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээг нэг талын санаачлагаар дур мэдэн өөрчилсөн байдаг.

Мөн түүнчлэн нэхэмжпэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн барьцаагаар хангагдах зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Энэ нь талуудын хооронд тус зээлийн гэрээтэй холбоотой үүргийн харилцаа дуусгавар болж байгаа тул гэрээний үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох үндэслэлтэй атал шүүх гэрээг цуцлах шаардлагыг хангаж, барьцаагаар хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд барьцааны гэрээний дур мэдэн хийсэн өөрчлөлтийг хүчингүй болгож, ******* миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүх зээлийн гэрээний хүүг тооцохдоо 2014.02.06-ны өдрийн зээлийн нохцөл өөрчлөх гэрээг баримталсан ч алдаатай тооцоо гаргаж, зовхөн 2017.13 884 709 төгрөгийн үндсэн хүү, үүнээс нэмэгдүүлсэн хүү тооцож 1 208 774 төгрөг гаргуулахаар шийдсэн нь бодит байдалд нийцээгүй төдийгүй ИХ-ийн 452-р зүйлийн 452.1, 453-р зүйлийн 453.1-д тус заасныг зорчсөн богөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Хуульд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа болон хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ ч өөрөө ИХ-ийн 452, 453-р зүйлийн шаардлагад нийцсэн байх ёстой юм. Бодит байдал дээр гэрээний хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусахаар заасан ба 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зөвхөн хүүг багасгасан. Үүний дагуу тооцоо хийхэд хариуцагч нь гэрээ цуцалж буй 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлбөл зохих 137.232.331 төгрөгийг бүхэлд нь төлсөн.

*******ны нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага маш тодорхойгүй, хариуцагчаас төлсөн зээл, хүүний төлбөрийг дээрх нөхцөл өөрчилсөн гэрээний дагуу тооцохгүй жилийн 8,00%, сарын 0.67%- иар тооцож зээлдэгч нарын эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон атал шүүх нэхэмжлэгчээс гаргасан энэхүү алдаатай, хэзээнээс эхлэн хугацаа хэтэрсэн гэж хэдэн хувиар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолж авч байсан болон мөн хэрхэн хэдэн хувиар тооцож хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тооцоололыг үндэслэл болгож, ИХ-ийн 452,453-р зүйлийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн дахин 13 884 709 төгрөгийн хүү тооцож, түүнд 1.208.774 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлгүй төдийгүй нотлох баримтыг илтэд буруу, эргэлзээгүй талаас үнэлээгүй нь ИХШХШХ-ийн 40-р зүйлийг мөн зөрчсөн юм. Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Үндсэн хөрөө-86 дугаартай гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, зээлийн хүүний тооцоолол гэх баримтууд нь илтэд алдаатай, гэрээний нөхцлийг зөрчиж зээлийн хүүг тооцсон, гэрээний хугацаа хэтрэлт, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцсон нь тодоорхойгүй.

А.Лхам нь уг хэрэгт хариуцагч биш болохыг анхаарч нэхэмжлэлийн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу? Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Үндсэн хороо 86 дугаартай зээлийн гэрээ болон №86 тоот Барьцааны гэрээг Элбострейд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтэнд зориулж олгож, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал *******тай байгуулж, мөнгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгө нь зориулалтын дагуу ашиглагдсан байдаг ба мөнгөнөөс******* нь нэг ч төгрөг авч ашиглаагүй төдийгүй Элбострейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч ч биш юм. Харин нэхэмжлэгч байгууллагын зүгээс уг зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар иргэн*******, Д.Болор-Эрдэнэ нараар гарын үсэг зуруулсан байгаа ч гэрээний агуулгаас харахад хамтран зээлдэгчийн хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь энэхүү гэрээний дагуу хамтран зээлдэгч нь ямар эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх талаар дурдагдаагүй төдийгүй зээлийн гэрээний дагуу мөнгө нь*******д биш Элбосртейд ХХК-ний дансанд шилжсэн байна.

Үүнээс үзвэл уг гэрээ нь Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчиж*******ын гэрээ байгуулахад өөрийн санал, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, агуулгыг тодорхойлох эрхийг хязгаарласан, зөвхөн банк өөрийн давуу байдлыг ашиглаж Элбострейд ХХК-д олгосон зээлийн үүргийг *******тай гэр бүл гэдэг утгаар*******д хамтран хариуцуулахаар гарын үсэг зуруулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймээс ИХШХШХ-ийн 167,168-р зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч: *******, захирал *******,******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 285.234.094 төгрөг гаргуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч *******,******* нар... Барьцаа хөрөнгөөс шаардаж байгаа нь үндэслэлгүй, 2018 оноос хойшхи нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.*******ын хувьд хариуцагч биш гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс харахад зөвхөн гарын үсэг зуруулсан байдаг ... гэх тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх Элбострейд ХХК-ийн захирал *******ы эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг, Хуучин тээврийн товчоонд байрлах ГД0391514, нэгж талбарын 18433432597645 дугаартай 2000 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг гэсэн хэсгийг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Элбострейд ХХК, *******,******* нараас үндсэн зээл 265.224.310.80 төгрөг, зээлийн хүү 13.884.709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.208.774 төгрөг, нийт 280.317.793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.916.301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарын Орхон-3 худалдааны төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээний дугаар 000025383, улсын бүртгэлийн Y-2101002041 дугаар бүхий 400 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Элбострейд ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хороо 86 дугаартай зээлийн гэрээ болон №86 тоот барьцааны гэрээг *******ны Орхон салбартай байгуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх 2 үе шаттай Жайка төслийн санхүүжилт бүхий зээл 490.000.000 төгрөгийг жилийн 8%, сарын 0.67%-ийн хүүтэй 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 96 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компаний үл хөдлөх эд хөрөнгө-Уурхайчин баг Үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах Орхон-3 худалдааны төв ГД000025383, УБД2101002041 дугаар бүхий 400 мкв талбайтай обьект, захирал *******ы эзэмшлийн Баян-Өндөр сум Баянцагаан баг, ГД0391514, нэгж талбарийн 18433432597945 дугаартай 2000мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг тус тус барьцаалсан, зээлийн төлбөрт 137.232.331 төгрөг, төлсөн болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний нийтлэг үндэслэлд зээлдэгчээр Элбострейд ХХК, түүний захирал ******* гэж тодорхойлсон харин зээлдэгч*******ын нэр, хаяг тодорхой бичигдээгүй атлаа зээлийн гэрээ байгуулсан хэсэгт хамтран зээлдэгч******* гэж зааж бичсэн байх тул түүнийг хамтран зээлдэгч гэж үзэж боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3. дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний нийтлэг хэсэгт хамтран хариуцагчийн нэр, хаяг, регистрийн дугаар, түүний ямар эрх, үүрэг эдлэх талаар тодорхойлж заагаагүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч ******* нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулах үед барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тээврийн товчоонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 0391514 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18433432597645 дугаар бүхий 2000 мкв талбайтай 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын гэрчилгээг эх хувиар банкинд хүлээлгэн өгсөн, барьцааны зүйлийг буцаан авах эсхүл хасуулах талаар нэхэмжлэгч *******ны Орхон салбарт албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулагдсан хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүний гаргасан ... 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн гаргасан ...Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчиж*******ын гэрээ байгуулахад өөрийн санал, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, агуулгыг тодорхойлох эрхийг хязгаарласан, зөвхөн банк өөрийн давуу байдлыг ашиглаж Элбострейд ХХК-д олгосон зээлийн үүргийг *******тай гэр бүл гэдэг утгаар*******д хамтран хариуцуулахаар гарын үсэг зуруулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна... гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 142/ШШ/2019/01262 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Элбострейд ХХК, *******,******* нараас үндсэн зээл 265.224.310.80 төгрөг, зээлийн хүү 13.884.709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.208.774 төгрөг, нийт 280.317.793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.916.301 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үндсэн хороо-86 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Элбострейд ХХК, ******* нараас үндсэн зээл 265.224.310.80 төгрөг, зээлийн хүү 13.884.709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.208.774 төгрөг, нийт 280.317.793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.916.301 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ