| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2011/00283/И |
| Дугаар | 226/МА2019/00008 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 226/МА2019/00008
2019 оны 4 сарын 29 өдөр Дугаар 226/МА2019/00008 Хэрлэн сум
Н-н нэхэмжлэлтэй,
хариуцагч Э-д холбогдох
иргэний хэргийн талаар
226/2019/00008/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Х.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш-н өмгөөлөгч С.Сансартуяа,
Хариуцагч: Э, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар 19-ний өдрийн 156/ШШ2019/00089 дугаар шийдвэртэй, Н-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э-д холбогдох “191408960 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш-н давж заалдах гомдлоор 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Э-тэй 50:50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр “Ч” ХХК-тай 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийг ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэх болсон. Ажил гүйцэтгэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-т зааснаар 1 рейс хөрс шороо зөөх ажлын өртгийг 1 машинд сард дунджаар 500 рейсээр тооцох, хэрэв 500-с доош рейс явбал 55 юань, 500-700 рейсд 60 юань, 700-с дээш рейсд 65 юанийн үнэлгээтэйгээр техник хэрэгсэл түрээслэх гэрээнд заасан “STEYR” маркийн 12 ширхэг автосамосвал, “TONLY” маркийн 6 ширхэг автосамосвалуудаар гүйцэтгэж байсан. Техник хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т зааснаар “STEYR” маркийн 12 ширхэг автосамосвалыг 2.5 жил, “TONLY” маркийн 6 ширхэг автосамосвалыг 4.5 жилээр тооцон үнэлж тээврийн ажил үүргээ гүйцэтгэж байгаад уг хугацааны дараа Э бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Бид гэрээний үүргээ амжилттай биелүүлж байгаад Эг болон “Ч” ХХК-н зарим нэг удирдлагын зүгээс элдвээр дарамт шахалт үзүүлсний улмаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг “Ч” ХХК болон Э нарт хүргүүлснээр гэрээ албан ёсоор цуцлагдсан. Нэгэнт бид гэрээг цуцалсан тул гэрээнээс бий болсон өөрт ногдох дараах хөрөнгийг Э-с гаргуулан авахаар дараах шаардлагуудыг гаргаж байна.
1. Ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгсэл түрээслэх гэрээг анхлан байгуулахад надаас хуулбар хувь гарсан бөгөөд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн олсон надад ногдох ашгаас худалдан авч бий болгосон дараах хөрөнгүүдийг гаргуулах. Үүнд: “Фургон” маркийн автомашины үнэ 10000000, “Зил 130” маркийн автомашины үнэ 2500000, ажилчдын орон сууц бариулсан ажлын хөлс 6000000, ажилчдын орон сууцны модон материалын үнэ 3000000, гал зуухны хэрэгсэл 3000000, засварын байр бариулсан зардал 6600000, контейнер худалдаж авсан зардал 1400000, ажилчдын ор худалдаж авсан үнэ 1800000, ажилчдын хувцасны шкаф худалдаж авсан үнэ 500000, сэлбэгийн үлдэгдлээс надад оногдох 38009500, нийт 72809500 төгрөгийн эд хөрөнгө Э-т байгаа цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь үлдэх учир би мөнгөн дүнгээр үнэлж гаргуулан авах хүсэлтэй байна.
2. Ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгсэл түрээслэх гэрээний санхүүжилтээр орж ирсэн ажлын хөлснөөс надад ногдох 50 хувь нь буюу 7 дугаар сарын ажлын хөлс 53245584.75, 8 дугаар сарын ажлын хөлс 60266082.24, 9, 10 дугаар сарын ажлын хөлс 175847350, 11 дүгээр сарын ажлын хөлс 15692618, нийт 305051635.15 төгрөгийн 50 хувь нь 152525818 төгрөг болсон. Үүнээс 128875818 төгрөгийг Э надад өгөх үлдэгдэлтэй юм. Иймд 128875818 төгрөгийг нэхэмжилж байна.
3. “Ч” ХХК-тай байгуулсан 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тенхик хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т зааснаар “STEYR” маркийн 12 ширхэг автосамосвалыг 2.5 жилээр түрээслүүлэн хугацаа дуусмагц Э бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Одоо уг түрээслэх хугацаа дуусч байгаа бөгөөд эдгээр автомашинаас 5 ширхэг “STEYR” маркийн автомашиныг Э-с биетээр гаргуулж авахаар шаардаж байна. Автомашин 1 бүрийн үнэ нь 10000000 төгрөг буюу нийт 50000000 төгрөг болж байна. Иймд дээрх үндэслэлээр надтай хамтран үүрэг гүйцэтгэгч Э-с 251685318 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Үүнд: “Фургон”, “Зил 130” маркийн авто машинуудын үнэ, ажилчдын орон сууц, засварын байр бариулсан ажлын хөлс, ажилчдын орон сууцны модон материал, гал зуухны хэрэгсэл, ажилчдын ор, ажилчдын хувцасны шкаф, контейнер хуралдаж авсан үнэ зэрэг нийт 34800000 төгрөгийн зардлын нотлох баримтыг бүрдүүлэн гаргаж өгөх боломжгүй учраас татгалзаж байна.
Мөн 2 дугаар хэсгийн “Ч” ХХК-тай техник хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т заасан автомашиныг Э-с биетээр гаргуулан авах буюу үнэ 50000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, нийт 84800000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Миний бие 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 86292000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар татгалзаж, хариуцагчаас сэлбэгийн 50 хувь болох 38098813 төгрөг, 2010 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх буюу 5 сарын ашиг 306620294 төгрөгийн 50 хувь болох 153310147 төгрөг, нийтдээ 191408960 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2009 онд миний хуучны танил Б намайг Өмнөговьд ирж “Ч” ХХК-д хятадуудын хөрөнгө санхүүжилтээр хөрс хуулалтын тээврийн ажил хийж гүйцэтгэх санал тавьж гэрээ байгуулж хамтран ажилласан. Тухайн үед би Н-г хамт авч явсан. Миний хувьд “Ч” ХХК-н менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2010 оны дунд үеэр Н ажилдаа хариуцлагагүй хандаж, архи ууж, ажил дээрээ бараг үзэгдэхээ больж ажилчдаас болон компанийн удирдлагын зүгээс гомдол их ирдэг болсон. Би тухайн үед Н-д сануулж хэлж байсан. Хятад монгол дарга нар Н-д гэрээгээ цуцлахыг шаардаж эхэлсэн. Н 2010 оны 7, 8, 9 ,10 дугаар сард огт ажиллаагүй, компани дээр байгаагүй бөгөөд 10 дугаар сарын 20-доор ирж, ажил хийлгүй байж байгаад 11 дүгээр сард гэрээ цуцлагдаж тушаал нь гарч халагдаад явсан. Энэ хугацаанд машин тэрэг нэлээн эвдэрсэн, дугуй, сэлбэггүй, хөрс тээврийн 10 гаруй машин зогсонги байдалтай байсан. Компаниас эдгээр машин тэргээ ажилд оруул гэж мөнгө өгсөн бөгөөд тэр мөнгөөр шаардлагатай дугуй, сэлбэгийг авсан. Эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн гарт олгогдож байсан мөнгөнөөс ажил гүйцэтгэх үед зарцуулсан шатахуун, ажилчдын цалин хөлс, хүнсний зардлуудыг өгч байсан. Энэ нь компанийн санхүүгийн тайланд тусгагдсан байсан бөгөөд яг тухайн сард худалдаж авсан дугуй сэлбэгийн зардал нь компанийн санхүүгийн тайланд тусгагдаагүй байсан. Эдгээр зардлуудыг 50, 50 хувиар хувааж төлөх ёстой гэж Н-д тайлбарлахад хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан юм.
Мөн Н бид хоёрын компаниас авсан зээлийн тухайд орчуулагч Э гэдэг залуу “308000 юанийн өртэй нь үнэн, би орчуулж гарын үсэг зурсан” гэж нотолдог. Миний зүгээс компанийн санхүүгийн тооцоо, миний өөрийн тооцоог ялгаж ойлгохыг хүсэж байна. Н-н надаас нэхэмжилж байгаа мөнгө үндэслэлгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоёулаа “Ч” ХХКтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 778 дугаар тогтоолын 5 дугаар хуудсанд зохигчдын хооронд ямар харилцаа үүссэн талаар маш тодорхой дурдсан. /3хх-ийн 633 хуудас/ Өөрөөр хэлбэл 2015 оноос хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадаагүй. Иймд нэн түрүүнд Н-гг шаардлага гаргах эрхтэй үгүйг тогтоох нь зүйтэй юм. Анхан шатны шүүхээс 2-3 удаа шийдвэр гаргахдаа энэ асуудлыг нэг ч удаа авч хэлэлцээгүй байдаг. Шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид гэрээний болон хуулийн дагуу үүсээгүй. Э, Н нар нь гэрээний нэг тал боловч тэдний хооронд ямар гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаар бичиг баримт хавтаст хэрэгт авагдаагүй юм.
“Ч” ХХК Н, Э хоёрын орлогоос 20 хувийн шимтгэл авч, тодорхой хэмжээний зардлыг санхүүжүүлдэг байсан ба Э нь гарт олгосон гэх мөнгөнөөс жолооч нарын цалинг өгч, авто сэлбэгүүдийг авч нөөцөлдөг байсан. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Н нэг ч сэлбэг аваагүй, харин Э байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гарт олгосон мөнгөнөөс байнга сэлбэг авдаг байсан нь харагддаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, шаардлага гаргах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй этгээд нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шинжээч Н нь шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж сонсгоод /6 хх-ийн 97 хуудас/ манай байгууллага Өмнөговь аймгийн шүүх дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцсан. Уг хэрэгт сэлбэг хүлээлгэж өгсөн талаар баримт байгаагүй, санхүүгийн тооллогын баримт байсан. Шинжээчийн хувьд хэрэгт авагдсан материал, нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтууд дотор Н гэдэг хүнээс сэлбэг гаргасан зүйл байгаагүй. 65 удаагийн худалдан авалтаар 171661394.32 төгрөгийн сэлбэг хэрэгслийн худалдан авалт хийсэн байсан. Энэ баримтыг Э гаргаж өгсөн. 2010 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын ашиг 290927347, 12 дугаар сараас 06 дугаар сарын ашиг 29214160 төгрөг байсан. Эдгээр саруудад олсон ашгийн нийлбэрээр 2010 оны дүнг шууд тодорхойлно. Гарт олгосон дүн 586826552 төгрөг /өмнөх дүгнэлтийн 12 дугаар хуудас/ юм. 2010 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт дүн нэг тэрбум гаруй төгрөгийн ажил үйлчилгээ хийгээд үүнээс барьцаанд буюу эрсдэлийн санд 629308113, 90 сая төгрөг тушаагаад үлдэж байгаа 586826552 төгрөгөөс сэлбэг авсан дүн 484036410 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авсан. Шинжээчийн дүгнэлтэд 308000 юанийн 1479000 юань нь тусгагдсан. Бид нарт хугацаа хязгаарлаад өгчихсөн учраас энэ хугацаанд хамаарах буюу 149000 юанийн баримт юм. Хариуцагч Э нь 330 гаруй мянган юанийн өрийн тооцоо хийж, акт үйлдсэн гэдгийг хятадын тал Өмнөговийн шүүх хуралдаан дээр гэрчилсэн. Яагаад энэ шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдаагүй гэдгийг асуусан. Бид нарын шинжилгээ хийж байгаа хугацаа 2010 оны 7 дугаар сараас 10 дугаар сар байдаг. Өмнөх 2009 оноос хойш хөөгөөд явах юм бол өр байсан. “Ч” ХХК дээр 2011 оны 03 дугаар сар байна уу тэнд очиж хаагдсан өр байгаа гэжээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч Н-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э-д холбогдох “191408960 /нэг зуун ерэн сая дөрвөн зуун найман мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2005295 /хоёр сая таван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгөөс 1114995 /нэг сая нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 890300 /найман зуун ерэн мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэгдүгээрт: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргааны үйл баримтаас үзэхэд Э Н нар нь “Ч” ХХК–тай техник хэрэгслийг түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх гэрээнүүдэд нэг тал болон оролцож ирсэн. Э, Н нар нь “Ч” ХХК-тай байгуулсан дээрх 2 гэрээ, бизнесийн харилцаанд хоорондоо чухам ямар үүрэгтэй байх, хоёулаа ижил тэнцүү эрх үүрэгтэй байх юм уу, эсхүл ялгаатай байх юм уу, удирдлагын бүтэц нь ямар байх, хийж гүйцэтгэж байгаа ажлын ашиг болон алдагдлыг хэрхэн хувиарлах талаар урьдчилсан ямар нэгэн тохиролцоо, хэлцэл хийсэн эсэх нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь энэ талаар эрс зөрүүтэй, биесээ үгүйсгэсэн тайлбар хийдэг. Бусад этгээдийн зүгээс нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын тохиролцооны талаар гэрчилсэн хүн байдаггүй, мөн тохиролцооны талаар зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээ хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд зохигч хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, ашиг орлогоо тэнцүү хуваах ёстой байсан гэж дүгнэх бололцоогүй юм” гэжээ.
Гэтэл “Ч” ХХК-тай байгуулсан техник хэрэгсэл түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд Н, Э нарт тодорхой хугацаагаар ээлжийн зохион байгуулалттай ажил үүргээ хариуцан гүйцэтгэж, ажлын үр шимээ 50, 50 хувиар хүртдэг байсан. Энэ нь тухайн компаниас Н, Э нарт ажил гүйцэтгэх гэрээний төлбөр шилжүүлж байсан санхүүгийн баримт, хэргийн материалд ирүүлсэн тайлбар, албан тоот, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогддог. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д заасан “талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэсэн заалт, 43 дугаар зүйлийн 43.3-т заасан “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэсэн заалтыг үзэхэд хэлцэл хийгдсэн нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүхээс Н, Э нарын хооронд тохиролцоо хийгдээгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, ашиг орлогоо тэнцүү хуваах ёстой байсан гэж дүгнэх бололцоогүй гэж үзсэн нь хуулийн заалтын буруу тайлбарласан, бичгээр байгуулах хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангасан байхыг шаардаж амаар, бодит үйлдлээр хийгдсэн гэрээний зохицуулалтыг дүгнэж үзээгүй байна. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 /хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй/-д заасны дагуу Э нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Н-д “Ч” ХХК-аас гүйцэтгэсэн үүргийн ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнээс албан ёсоор гарсан хугацаа болох 2010 оны 11 дүгээр сарыг дуустал /2010.7-2010.11/ хугацаанд ажилласан, хэрэгжсэн дээрх хоёр гэрээний ашиг болох 145463674 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ саруудад ажил гүйцэтгэх, техник хэрэгсэл түрээслэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байсан ба энэ нь тухайн саруудад гарсан хөрс тээврийн хэсгийн тооцоог нэхэмжлэгч боловсруулж захиалагчаар шийдвэрлүүлж байсан баримт, "“Ч” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбар, нотлох баримт гаргах тухай бичгээр нотлогддог. Гэтэл уг баримтад шүүх үнэлэлт өгөөгүй. Талууд гэрээг цуцлах тохиолдолд саналаа 30 хоногийн өмнө бичгээр гаргана гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлээ гаргасан. Иймд нэхэмжлэгч нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болох нь тогтоогдож байна. Ажил гүйцэтгэх гэрээн дээр заавал биечлэн гүйцэтгэнэ гэсэн заалт байхгүй. Үүнийхээ дагуу холбогдох этгээдүүдийг хөлсөөр авч ажиллуулж байсан тул өөрөө өдөр тутмын ажилд оролцох шаардлагагүй юм. Үүнээс гадна ажлын онцлогоос шалтгаалж нэхэмжлэгч, хариуцагч нар нь ирж очин ажилчдадаа хяналт тавьдаг байсан. Иймд нэхэмжлэгч нь ажилласан хугацааныхаа өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй юм.
Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “ ...Э, Н нар нь “Ч” ХХК-тай техник хэрэгслийг түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээг хамтдаа байгуулж, дээрх гэрээнүүдэд нэг тал болон оролцож байжээ” гэж дүгнэлт өгсөн атлаа хоорондоо бичгээр хийсэн тохироо байхгүй, биесээ эрс үгүйсгэдэг гэдэг үндэслэлээр бусад нотлох баримт, тухайн үед хэрэгжсэн гэрээний бодит нөхцөл байдал, санхүүгийн баримтад үнэлэлт өгөөгүй нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Иймд хэргийн материалд авагдсан дээрх нотлох баримтууд, ажил гүйцэтгүүлж байсан компанийн шүүхэд ирүүлсэн тайлбар бичиг, шинжээчийн дүгнэлтэд тусгасан санхүүгийн баримтаас харахад Н, Э нар нь гэрээний нэг тал бодит үйлдлээр хамтран ажиллах гэрээ хийж 50, 50 хувийн оролцоотой хэрэгжсэн байхад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй, үнэлэлт өгөөгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Э нь өнгөрсөн хугацаанд болсон шүүх хуралдааны үеэр дээрх хугацаанд ажил гүйцэтгэхэд зардал гарсан ба уг зардлыг хасаж тооцох ёстой гэж хэлж удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байхад шүүх үнэлэлт өгөөгүй нь шүүх нэг талыг баримталсан гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаарт “Э-т хүлээлгэн өгсөн 72000000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийн 50 хувь болох 38098813 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулахын тооллогыг нэхэмжлэгч болох Н, механик Ч, нярав Б нар нь тоолсон /санхүүгийн баримтын 2, 102-105 хуудас/ байх ба тэд 179 нэр төрлийн 400, 450 юанийн сэлбэгийг тоолсон байна. Энэхүү тооллогын баримт нь хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулах дахь сэлбэгийн үлдэгдлийг тоолж баталгаажуулсан баримт болохоос тооллогод хамрагдсан сэлбэг хэрэгслийг Н нь Э хүлээлгэн өгсөн баримт биш юм. Мөн энэ сэлбэг хэрэгслийг хүлээж авсан тухай өөр ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байдаггүй” гэж бичжээ.
Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөрс хуулалтын ажлыг түргэн шуурхай, зогсолтгүй явуулахын тулд өөрсдийн ашгаасаа хуваан сэлбэг худалдан авч, түүнийгээ ашигладаг байсан. Нэхэмжлэгч нь гэрээнээсээ татгалзах үедээ нийт 76000000 төгрөгийн сэлбэгийг хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн сэлбэгийг эрх бүхий албан тушаалтнууд болох нярав, механик нарт хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч хүлээн авснаар л зөвшөөрөгдөнө гэсэн ойлголт байхгүй юм. Харин хариуцагч гэрээний дагуу 2010 оны 12 дугаар сараас дангаараа үргэлжлүүлэн ажиллахдаа сэлбэгийг ашиглаад дууссан байдаг. Мөн хариуцагчийн удирдлагад ажиллаж байсан албан тушаалтан хүлээн авсан гэдэг нь нотлогддог. Түүнчлэн захиалагч “Ч” ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгч нь сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгсөн, Э үйл ажиллагаандаа ашиглаж дууссан гэдэг нь нотлогддог.
Гуравдугаарт: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаарт “хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н нь “Ч” ХХК-д тээврийн инженерээр ажиллаж байх үедээ 2010 оны 7 дугаар сарын 15-наас 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болон бусад зөрчил дутагдал гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Ч” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б-н 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаал 5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудаст байна. Үүнээс үзэхэд Н нь 2010 оны 11 дүгээр сар хүртэл “Ч” ХХК-тай байгуулсан техник хэрэгслийг түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэхэд хүрч байна” гэжээ.
Н нь техник түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнээс гадна “Ч” ХХК-тай нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу хийсвэр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Тэргүүн дэд захирал Б-н тушаал нь Н-н хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр байтал үүнийг техник түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж ажил гүйцэтгүүлсэн компанийн өмнөөс хэргийн маргаантай холбогдолгүй дүгнэлт хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргах үндэслэл болж нэг талыг харлуулах зорилготой дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас техник түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний ногдох ашиг, хуваарилагдах хөрөнгөө нэхэмжилж байгаа бөгөөд “Ч” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар маргаагүй, тухайн компаниас энэ талаар гомдол шүүхэд гаргаагүй, харин ч тухайн компани нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ Н нь 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнээсээ татгалзах мэдэгдлээ манай компанид хүргүүлсний дагуу мөн сарыг дуустал хугацаанд ажиллаад гэрээ нь дуусгавар болсон гэж бичсэн байдаг. Үүгээр Н нь техник түрээслэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ тус тус гүйцэтгэсэн болох нь нотлогддог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “ ...дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримт буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан” гэж үзэж гомдол гаргажээ.
Мөн зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг нь бодит үйлдэл, “Ч” ХХК –ийн албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад шүүх зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэлээ” гэж гомдсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ хуульд нийцүүлэн хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв тодорхойлж чадахгүй байна. Тухайлбал 2 дугаар хавтаст хэргийн 358 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлд 156573464 төгрөг гэж тодорхойлсон бол гомдогч нь давж заалдах гомдолдоо 145463674 төгрөг гэж тодорхойлсон нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн хэмжээгээ тодорхой болгож чадаагүйг нотолж байна. Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 778 дугаартай тогтоолын /633-р талд авагдсан/ “хянавал” хэсэгт “Э, Н нар нь дээрх гэрээний нэг тал боловч тэдний хооронд ямар гэрээ байгуулагдсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн талаар учир дутагдалтай болжээ” хэмээн дүгнэсэн байна.
2015 оноос хойших хугацаанд энэ тогтоолд заасныг хангасан ямарч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотолж чадаагүй тул анхан шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь үндэслэлтэй болно. Мөн өөрийн гомдолд дурдсан үйл баримтаа холбогдох нотлох баримтуудаар нотлоогүй атлаа ямар ч үндэслэлгүй гомдол гаргаж бичсэнийг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу.
Мөн 76000000 төгрөгийн сэлбэгийг Э-т хүлээлгэн өгсөн тул түүний 50 хувь болох 38000000 төгрөгийг авах ёстой гэж нэхэмжлэлдээ дурддаг хэдий ч уг нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг огт дурддаггүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээч нарын гаргасан 2 удаагийн дүгнэлтээр дээрх тооны үнийн дүн бүхий сэлбэгийг Э-т хүлээлгэн өгсөн гэх үйл баримт байхгүй болох нь нотлогддог. Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан гомдол нь няцаагдаж байна.
Нэхэмжлэгч Н нь 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэг гүйцэтгээгүй, ажил тасалж явсан болох “Ч” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б-н 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаал болон холбогдох санхүүгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт, Э-н тайлбар зэргээр бүрэн нотлогддог юм. Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх үйл баримтыг няцаасан ямар ч нотлох баримтыг өнгөрсөн 8 жилийн хугацаанд шүүхэд гаргаж өгөөгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н нь хариуцагч Э-т холбогдуулан “сэлбэгийн үнэ 72809500, ажлын хөлс 128875818, автомашины үнэ 50000000, нийт 251685318 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.
Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “сэлбэгийн үнээс өөрт оногдох 38098813 төгрөг, ажлын хөлсөөс өөрт оногдох 2013 оны 7 сард 53245854, 8 сард 60266082, 9 сард 1598390, 10 сард 175847350, 11 сард 15692618 төгрөг, нийт ажлын хөлс 306650294 төгрөгийн 50 хувь болох 153310147 төгрөг, нийт 191,408,960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: хариуцагч Э 50:50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр "“Ч” ХХК-тай 2009 оны 3 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 4 дүгээр сард техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийг ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэж байсан тул олсон ашгийн 50 хувийг авах ёстой гэж,
Хариуцагч Э нь “Н 2010 оны 7-10 дугаар саруудад ажилдаа ирээгүй, 11 дүгээр сард тушаал гарч ажлаасаа чөлөөлөгдсөн. Надад сэлбэг хүлээлгэн өгөөгүй, өгсөн бол баримтаа гаргаж өгөх хэрэгтэй, сэлбэгийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан, хөрс тээврийн ашгийг сэлбэг хэрэгсэлд зарцуулаад дууссан, харин хятадуудад 300 гаруй мянган юанийн өртэй үлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Н-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-н “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” гэсэн, 242 дугаар зүйлийн 242.3-н “...үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн зүйл, заалтуудыг баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зохицуулжээ.
Хэргээс үзэхэд зохигчид нь “Ч” ХХК-тай 2009 оны 4 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ болон техник хэрэгсэл түрээслэх гэрээнүүдийг тус тус байгуулсан байх ба энэхүү гэрээний нэг тал болох Н Э нар нь хамтарч ажиллах, олсон ашгаа хувааж авахаар амаар хэлцэл хийсэн, хэлцлийн гол зорилго нь ашиг олох байснаас үзэхэд тэдний хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч Ннь хариуцагч Э “сэлбэгийн үнийн өөрт оногдох хэсэг 38,098,813, 2010 оны 7-11 дүгээр сарын ажлын хөлсний 50 хувь болох 153,310,147 төгрөг нийт 191,408,960 төгрөгийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд “О” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот нэмэлт шинжилгээгээр “...хөрс тээврийн үйл ажиллагаагаар Н Э нар нь 2010 оны 7-10 дугаар сард 290,927,347.97 төгрөгийн ашигтай ажилласныг гарт олгохоор шийдвэрлэж “Ч” ХХК нь ХААН банкны Э-н дансанд шилжүүлсэн. Харин Н-н дансанд 7 дугаар сараас 10 дугаар сард мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байна. Хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулахын тооллогын баримтаар сэлбэгүүдийг хэнд хүлээлгэн өгснийг тогтоох боломжгүй...” гэжээ.
Иймд “Ч” ХХК –аас 2010 оны 7-10 дугаар саруудын хөрс хуулалтын ажлын хөлсийг Э-н дансанд шилжүүлж байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна /4 хх-ийн 94-113, 6 хх-ийн 97-106 хуудас/. гэхдээ нэхэмжлэгч Н нь 2010 оны 7-11 дүгээр саруудад ажиллаагүй болох нь “Ч” ХХК-ийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар” ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, архи ууж, удаа дараа зөрчил гаргаж байсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн /1хх-ийн 26 хуудас/ ба энэхүү тушаалд тэрээр гомдол гаргаагүй, үгүйсгээгүй байх тул хариуцагч Э-н “Н дээрх хугацаанд ажиллаагүй тул хөлс олгохгүй” гэснийг няцаагаагүй, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч Н нь сэлбэгийн үнэ 38,098,813 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа “2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулахын тооллого” баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ баримтаар хариуцагч Э-д сэлбэгийг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “шүүгчийг татгалзан гаргах” тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 156/ЕШ2019/00079 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш-д 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болох шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр утсаар мэдэгдсэн, шүүх хуралдаанд ирэх нь зохигчийн үүрэг тул түүний эрхийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1075770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2019/00089 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1, 242 дугаар зүйлийн 242.3-т...” гэснийг “ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1075770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ