Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 285

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалтай, Д.А-д холбогдох 1831002280271 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч В.Д, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Д.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1831002280271 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А-г цагаатгаж” шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч В.Д, түүний өмгөөлөгч Л.Цуурай нар хамтран гаргасан гомдолдоо “Цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. В.Д миний төрсөн дүү В.Б  нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэргийн холбогдогч Д.А, Одбүрэн нарын хамт голын эрэг дээр архи хэрэглэсэн байдаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө тухайн архи ууж байсан газраа машинд дайруулсан байдалтай нас барсан байсныг замаар явж байсан машины жолооч олж мэдээд цагдаад мэдэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл дүүгийн маань амь насыг хэн хохироосныг аймгийн цагдаа, прокурорын байгууллага тогтоогоогүй. Хамт архидаж, согтуугаар машин жолоодож байсан Д.А-г цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэг учрал болсон өдрийн маргаашнаас нь эхлээд бидэнд Д.А нь 2 сая төгрөгийг ажил явдалд зориулан өгч сандран уучлалт гуйгаад явж байсан. Тухайн үед бидэнд юу болсон талаараа мэдэхгүй, тасарсан байсан, сэрээд харахад талийгаач харагдахгүй болохоор нь машинаа асаагаад явчихсан гэж ярьдаг. Талийгаачийн машинд дайрагдсан ул мөр хангалттай байсан. Д.А-н барьж явсан машины доороос хүний цус шинжилгээгээр илэрсэн. Эдгээрээс харахад гарцаагүй Д.А-той холбоотой гэж ойлгогдохоор байгаа юм. Шүүх эмнэлгийн эмч талийгаачийн нас барсан цагийг өөрийнхөө гаргасан дүгнэлт дээрхээс тэс өөрөөр шүүхэд ярьсан. Улмаар шүүх хэргийг буцааж, дахин дүгнэлт гаргаад учир утгаа алдсан. Шинжээч эмч болон Д.А нар нь шүүхэд нөлөөлж, буруу шийдвэр гаргуулсан гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.А-д зохих ял шийтгэлийг оноож өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.Аын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. Шүүгдэгч Д.А, талийгаач В.Б, гэрч Ц.Одбүрэн нар 2-3 өдөр архи уусан. Хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Шарын голын эрэг дээр очиж архи уусан бөгөөд Ц.Одбүрэн өдөр нь явж, Д.А талийгаач В.Б  нар үлдсэн. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр талийгаачийг нас барсан байдалтай байхыг замын жолооч олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн баруун уушгинд хавирганы нэвт хатгасан шарх, баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы толгойн мултрал, хугарал, бүсэлхийнд нурууны ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон бөгөөд талийгаач нь цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас шокийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан. Мөн хохирогчийн цамцанд 15x10 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт, 7х6 мм, 8х6, 5х6 хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд, шинэ зулгаралтууд гарсан. Мөн шүүгдэгчийн унаж явсан автомашины доод тэнхлэгээс шороотой холилдсон хүний цус илэрсэн. Хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт хийхэд Д.А нь тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Амь хохирогч автомашины ард унтаж байсан бөгөөд дугуйн доогуур ороогүй ч эд анги доогуур орж гэмтэл авсан. Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байхад шүүгдэгчийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Д.А-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүх магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч В.Д, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Прокуророос Д.А-г согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т заасныг зөрчиж, В.Б ын амь насыг хохироосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нотлох ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь Бог учиртай билээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт амь хохирогчийн нас барсан цаг хугацаа, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан боловч эдгээр дүгнэлтүүд нь амь хохирогчийн үхлийн шалтгаан, цаг хугацааны хувьд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад хоёр шатны шүүх дээрх дүгнэлтүүдийн нэгийг нөгөөгөөс илүү ач холбогдолтойд тооцохдоо бусад дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй хэвээр үлджээ.  

 

Тухайлбал, анхан шатны шүүх шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтийг цагаатгах тогтоолын үндэслэлээ болгосон боловч шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1049 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй няцаан үгүйсгэж, тайлбарлаагүй атлаа уг дүгнэлтийн “нас барсны дараах 12 цагаас эхлэн 24-36 цаг хүртэл” гэснийг 00-03 цагийн хооронд нас барсан гэж ташаа ойлгож, улмаар энэ цаг хугацаанд Д.А хамт байгаагүй хэмээн түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Мөн цагаатгах тогтоолын дараагийн үндэслэл болох шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судлахад 22-26 СЭА дугаартай тээврийн хэрэгслийн урд доод тэнхлэгээс хүний биеэс гаралтай эс агуулсан цус мэт объект илэрсэн болох нь тогтоогдсон боловч шороо, машины тос, маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөж, хэн гэдэг хүн болох, биеийн аль хэсгийн эд эрхтэн болох зэргийг дүгнэхэд хүндрэл үүсч улмаар нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл байдал үүссэн болохыг хоёр шатны шүүх анхааралгүй орхигдуулжээ.  

 

Хэрэв дээрх 7870, 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзвэл тээврийн хэрэгслийн доод хэсгээс хүний цус илрэх нь ердийн тохиолдол бус тул Д.А нь амь хохирогч В.Б-н амь насыг бус өөр хүний эрүүл мэндэд хохирол учруулж, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал бий болж, дээрх дүгнэлтүүд нь энэ хэрэгт хамааралгүй, харин өөр гэмт хэрэгт чухал ач холбогдолтой болох ноцтой асуудлууд урган гарч байна.  

 

Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй байдаг.

 

Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэрт онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг зөвтгөлгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг энд тэмдэглэх нь зүйтэй.  

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, Д.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

                       

                                            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН          

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН