Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 718

 

                                                              У.Даваасүхэд холбогдох эрүүгийн

                                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

ялтан У.Даваасүх, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 7/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан У.Даваасүх, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Даваасүхэд холбогдох эрүүгийн 201626010163 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хиад боржигон овогт Улаанбандийн Даваасүх, 1997 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТК97032417/,

У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна “О.Бат-Эрдэнийг цохилоо” гэсэн өөрт хамааралгүй асуудалд оролцож, “Муухай харлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторх цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: У.Даваасүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Даваасүхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, У.Даваасүхийн цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар У.Даваасүхээс 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Лхагвасүрэн нь бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, У.Даваасүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан У.Даваасүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Лхагвасүрэн нь миний цохилтоос гэмтэл аваагүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан, нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаагүй байж намайг энэ хэрэгт яллаж байгаад гомдолтой байна. Хэрэг болсон цаг хугацааг хохирогч болон гэрч нар бүгд мэдүүлдэг. Сургуулийн үүднээс гэр хүртэл явахад 10 минут болдог гэж хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Гэтэл тэрээр хэрэг гарснаас хойш бүтэн цагийн дараа гэртээ очсон байдаг. Энэ хугацаанд буюу 16.00-17.00 цагийн хооронд хохирогч хаана, юу хийж явсан талаар тодорхойгүй. Хэрэгт холбогдох үедээ би 18 настай байсан ба хичээл завсардаад 3-4 жил болсоны эцэст дахин сургуульд орж суралцсан. Цаашид сургуульдаа сурч боловсрол эзэмшихийг хүсч байна. Иймд өмгөөлөгч Ж.Баярсайханы гаргасан “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулж өгөх тухай” давж заалдах гомдол, тайлбарыг дэмжиж  байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч Ж.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. У.Даваасүхийг өөрт хамааралгүй асуудлаар шалтаглан бусдыг зодож танхайрсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь У.Даваасүх нь “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны зөвлөлийн гишүүний үүрэгт ажил гүйцэтгэж байгаад улмаар оюутны зөвлөлийн дарга болж дэвшин ажилласан нь түүнийг оюутнуудынхаа сурлага хөдөлмөр, хүмүүжилд нь анхаарал тавих, зааж зөвлөх, шаардлага тавих эрх, үүрэгтэй нь шууд холбоотой гэж үзэж байна.

2. “Муухай харлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохисон гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогч М.Лхагвасүрэн нь сургуулийнхаа коридорт явж байгаад О.Бат-Эрдэнийн  барьж явсан түлхүүрт өөрөө нүдээ цохьчихоод, түүнийг албаар хатгасан юм шиг уурлан хамар луу нь цохиж цус гаргасныг нь У.Даваасүх мэдээд М.Лхагвасүрэнд “Та нар нэг анги байж эвтэйхэн байхад яадаг юм бэ, яагаад нэгнийгээ цохиж зодоод дээрэлхээд байгаа юм бэ” гэж шаардлага тавихад үл ойшоосон байдалтай муухай хараад зогсож байхад нь шанаан тус газарт нь цохисныг “Үл ялих зүйлээр шалтаглан” гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн танхайн сэдэлтээр гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь У.Даваасүх нь М.Лхагвасүрэнг цохихдоо танхайрах гэсэн ямар нэгэн санаа, сэдэлт агуулаагүй хамар луугаа цохиулаад цусаа гоожуулсан О.Бат-Эрдэнийг өмөөрч хамгаалсан явдал юм.

3. Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн түүний хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа нараас шүүх хуралдаанд “Сургуулиасаа гэр хүрэх замд хичнээн хугацаа зарцуулдаг вэ” гэж асуухад “10 минут л явдаг” гэж мэдүүлсэн. Гэтэл М.Лхагвасүрэн 16 цагт хичээл тарчихаад PC тоглох гэж байснаа болиод шууд гэртээ харьсан гэсэн атлаа 17 цагт гэртээ очсон байдаг. Тэгвэл энэ 1 цагийн хугацаанд тэрээр хаагуур юу хийж явсан нь тодорхой бус, өөр бусадтай зодоон хийсэн байхыг үгүйсгэхгүй.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь У.Даваасүхээс эмчилгээний зардал, ажлаасаа чөлөө авч хүүхдээ асарсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 2.274.130 төгрөг нэхэмжилснээс шүүх нотлох баримтын шаардлага хангасан 1.076.400 төгрөг, мөн чөлөөтэй байсан хугацааны аваагүй цалин 572.163 төгрөг, нийт 1.648.563 төгрөг гаргуулж, түүнээс урьдчилан төлсөн 100.000 төгрөгийг хасч нийт 1.548.563 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан. Нотлох баримтын шаардлага хангасан гэх баримтууд дунд тамга тэмдэг нь зөрүүтэй, он сар, өдөр давхардсан зарим нэгэн баримтууд байгааг анхаарч үзэх нь зүйтэй байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн чөлөөтэй байсан хугацааны аваагүй цалинд 572.163 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь М.Золзаяа нь дүрэмт хувцасны “Бөртө” УҮГ-т ажилладаг тул улсад нийгмийн даатгал заавал төлөх үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлээгүй бол ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрх зүйн орчин бүрдэхгүй.

            Иймд дээрх байдлуудыг анхаарч үзэн, У.Даваасүхийг танхайн сэдэлтээр бус бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсаныг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Бат-Эрдэнэ, М.Лхагвасүрэн нарын хооронд болсон асуудалд У.Даваасүх огт хамааралгүй бөгөөд тэрээр нэгэнт болоод өнгөрсөн асуудалд хөндлөнгөөс оролцсон байдаг. У.Даваасүх нь тус сургуулийн оюутны зөвлөлийн даргынхаа хувьд тэдэнд зүй ёсны шаардлага тавьж болох хэдий ч түүний зохицуулах гэж оролдсон арга нь буруу болсон. Хохирогч М.Лхагвасүрэн нь биедээ гэмтэл авсны улмаас гэртээ харихдаа удаан хугацаа зарцуулж болно. Гэтэл ялтан болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо хохирогч гэртээ харихдаа их цаг зарцуулсан, энэ хугацаанд өөр бусдад зодуулсан байж болзошгүй гэх байдлаар таамаглаж байгаа нь үндэслэлгүй. Өнгөрсөн хугацаанд ялтны зүгээс хохирогчийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулаагүй, түүнд дэмжлэг туслалцаа үзүүлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хохирол төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна...” гэв.    

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан. Анхан шатны шүүх У.Даваасүхийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ялтан У.Даваасүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад бүрэн нийцээгүй байх ба давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүхийн тогтоолыг хуульд нийцүүлэн зөвтгөх боломжтой байна.

Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь судлахад: У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна “Ангийнхаа хүүхэд О.Бат-Эрдэнийг цохилоо … өөдөөс муухай харж зогслоо” гэсэн шалтгаанаар М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторх цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь:

- насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хичээл тараад шүүгээнээс хувцсаа авах гэж байтал манай ангийн Бат-Эрдэнэ түлхүүрээрээ миний нүд рүү хатгасан. Би тэр үед уурлаад түүний хамар луу нь нэг удаа гараараа цохиход хамраас нь цус гарсан... сургуулийн хашаанаас гараад явж байхад Даваасүх араас дуудахаар нь очтол “Яах гэж хүнтэй муудалцдаг юм” гэж хэлээд миний зүүн чихний дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед миний толгой дүүрч эргээд байсан... цохиулсныхаа дараа ангийнхаа Монголбаяр, Баттулга нартай хамт явж байгаад автобусны буудлаас салаад гэртээ ирсэн... 17:00 цагийн үед гэртээ ирээд юм ярих гэсэн чинь ам татаад ярьж чадахгүй байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна...” /1хх-19-22, 132, 2хх-18/,

- насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Лхагвасүрэн 17:00 цаг болж байхад гэртээ ... орж ирэхдээ царай нь цонхийгоод цайчихсан байсан... тэгээд согтуу хүн шиг хэл нь ээдрээд сонин дуугарахаар нь “Яаж байнаа” гэж хэлээд хүүгээ харахад ам нь мурийсан байхаар нь орон дээр хэвтүүлэхэд, ухаан алдчихсан тэгээд  эмнэлэгийн тусламж дуудсан... хүүгээсээ яагаад ийм болсон талаар асуухад “Манай сургуулийн цахилгааны ангийн Даваасүх намайг сургуулийн үүдэн дээр дуудаж миний толгойн зүүн тал руу гараараа цохисон” гэж хэлсэн.... эрүүл саруул байсан хүүгийн маань одоо тахир дутуу болгосонд маш их гомдолтой байна. Даваасүхийн ар гэрээс 100.000 төгрөг өгснөөс өөр төлбөр өгөөгүй. Одоо эмчилгээнд гарсан зардал, миний бие хүүгээ сахиж ажилгүй байсан хугацааны буюу нэг сарын цалингийн хөлс, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 2.274.130 төгрөгийг Даваасүхээс нэхэмжилж байна...” /1хх-23, 2хх-19/,

- насанд хүрээгүй /14 настай /гэрч О.Бат-Эрдэнийн “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... хувцасны шүүгээгээ онгойлгох гэтэл манай ангийн Лхагвасүрэн доошоо тонгойхдоо нүүрээрээ миний түлхүүрийг мөргөчихөөд босч ирснээ “Чи дээрээс хойш овоо байгаа шүү” гэж хэлээд гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Би хамраа дараад доошоо суутал Лхагвасүрэн сургуулиас гараад явсан... би сургуулийн хашааны үүдэнд цусаа арчаад зогсож байтал цахилгааны ангийн Даваасүх, Мөнхдэлгэр хоёр гарч ирснээ Даваасүх нь надаас “Яагаад хамар ам чинь цус болчихсон юм бэ” гэж асуухаар нь “Зүгээрээ, сая нэг цохиулсан” гэж хэлтэл хажуунаас нэг нь “Лхагвасүрэн цохьчихоод явсан” гэж хэлсэн. Даваасүх Лхагвасүрэнг дуудаж “Чи ангийнхаа хүүхдийг өмөөрдөг болохоос биш нэгийгээ зоддог юм уу” гэж хэлээд ... зүүн талын шанаа, толгойн хажуу хэсэгт нэг удаа цохисон... Лхагвасүрэнгийн цохилтоос миний биед ямар нэгэн бэртсэн зүйл байхгүй, гомдол саналгүй...” /1хх-26-27/,

- насанд хүрээгүй /15 настай/ гэрч О.Тэмүүжингийн “...Бат-Эрдэнэтэй сургуулиас гараад хашааны үүдэнд явж байхад Даваасүх, Мөнхдэлгэр хоёр бид нарын араас гарч ирээд “Яагаад хамар ам чинь цус болчихсон юм бэ” гэж асуусан. Тэгээд л Лхагвасүрэн Бат-Эрдэнийг цохисон гэдгийг мэдсэн. Лхагвасүрэнг Даваасүх дуудаж ирүүлээд зүүн талын чихний ар талд нь гараараа нэг удаа цохисон. Лхагвасүрэн Бат-Эрдэнэ хоёрыг бие биенээсээ уучлалт гуй гэж Даваасүх хэлээд тэднийг гар бариулсан...” /1хх-28-29/,

- насанд хүрээгүй /16 настай/ гэрч Б.Мөнхдэлгэрийн “...хичээл тараад Даваасүх бид хоёр цуг явж байтал гагнуурын ангийн Бат-Эрдэнийн хамраас нь цус гарчихсан хашааны үүдэнд зогсож байхаар нь очоод юу болсныг асуухад “Лхагвасүрэн цохисон” гэж хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн хашааны булан эргэх гээд явж байхаар нь Даваасүх түүнийг дуудахад хүрээд ирсэн. Тэгээд “Та нар яагаад бие биенээ цохиж, зодоод байгаа юм бэ, уучлалт гуйгаач” гэж хэлэхэд Лхагвасүрэн дуугүй, буруу харчихаад зогсоод байсан. Тэгтэл Даваасүх Лхагвасүрэнгийн зүүн талын шанаа хавьд гараараа нэг удаа цохисон. Би Даваасүхийг араас нь татаж болиулсан...” /1хх-30/,

- насанд хүрээгүй /15 настай/ гэрч Д.Монголбаярын “...Бат-Эрдэнэ хамраасаа цус гоожуулаад сургуулийн хашааны гадна зогсож байтал Даваасүх, Мөнхдэлгэр хоёр гарч ирээд түүнд салфетка гаргаж өгсөн... “Яагаад нэгнийгээ цохиж зодоод, дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн... Даваасүх шууд Лхагвасүрэнгийн толгой хавьд цохисон. Би Лхагвасүрэнтэй хамт сургуулийн гаднаас алхаж яваад автобусны буудлаас салаад гэртээ харьсан...” /1хх-31/,

- насанд хүрээгүй /17 настай/ гэрч Б.Содбаатарын “...Даваасүх нь чи ямар дээрэлхүү юм бэ, ямар том юм бэ” гээд Лхагвасүрэнгийн зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохисон... цохиулсаны дараа Лхагвасүрэн уйлах гэж байгаа юм шиг царай гаргаж хэсэг байж байгаад бид нар автобусны буудал руу алхсан. Буудал хүртэл явах замд би ангийнхаа хүүхдүүдтэй “Даваасүх ямар дээрэлхүү юм бэ” гэж ярилцаж явсан. Тэр үед Лхагвасүрэн юм ярихгүй, цохиулсан газраа гараараа дараад дуугүй яваад байсан...” /1хх-32/,

- насанд хүрээгүй /15 настай/ гэрч С.Баттулгын “…Лхагвасүрэнг хашааны булан эргэх гэж байхад Даваасүх араас нь дуудсан. Тэгэхээр нь Лхагвасүрэн бид хоёр түүн дээр очиход Даваасүх “Чи ямар том юм бэ, хүүхдийн хамар чихчихвэл яах юм бэ” гэж хэлээд зүүн талынх нь шанаанд гараараа нэг удаа цохисон...” /1хх-33/,

- шинжээч эмч А.Амгаланболдын “Лхагвасүрэнгийн биед ... учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний тархины зүүн талд цохих үед тархи цалгиж тархины баруун тал бөмбөлөгийн эд няцарч тархины эд доторх цусан хураа үүсэх боломжтой. Хүний гар нь хатуу мохоо зүйлд тооцогддог болохоор гараараа 1 удаа цохих үед үүсэх боломжтой... дээрх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд хөдөлгөөн хийж явах боломжтой. Гэмтлийг авсан тохиолдолд толгой хүчтэй өвдөнө, дотор муухай оргиж, бөөлжис цутгана, тодорхой хугацааны дараа хэл ам ээдэрч, хөл бадайрна...” /1хх-35-38/,

- ялтан У.Даваасүхийн яллагдагчаар өгсөн “...би Лхагвасүрэнг Бат-Эрдэнэтэй эвлэр гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлэлгүй, өөдөөс муухай хараад зогсоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нэг удаа толгойн хэсэгт нь аяархан цохисон...” /1хх-197-200/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 840 тоот “...Лхагвасүрэнгийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторх цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /1хх-40/ гэх дүгнэлт, хохирогч М.Лхагвасүрэнгийн өвчтөний түүхийн хуулбар /1хх-63-71/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Ялтан У.Даваасүх болон түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нар давж заалдах гомдолдоо, мөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Даваасүх нь хохирогч М.Лхагвасүрэнгийн биед гэмтэл учруулахдаа танхайн сэдэлтээр бус зохисгүй харьцааг зохицуулахад чиглэсэн зохисгүй үйлдэл хийсэн буруутай ба энэ үйлдлийн улмаас М.Лхагвасүрэнгийн биед хүнд гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 840 тоот дүгнэлт, шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн тайлбар, хохирогч М.Лхагвасүрэн болон гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч М.Лхагвасүрэнгийн бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан У.Даваасүхийн цохилтын улмаас үүссэн түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна, өөр бусдаас хохирогч М.Лхагвасүрэнг зодсон, цохисон хүч хэрэглэсэн байдал, мөн өөр бусад нөлөөлөлөөр биед нь гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь хамруулж шалгасан шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг тодруулсан байна.

Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдснээр ялтан У.Даваасүх нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны зөвлөлийн дарга, хохирогч М.Лхагвасүрэн оюутны удирдах зөвлөлийн сургалт, судалгаа хариуцсан гишүүнээр тус тус сонгогдсон байсан нь /1хх-206-211/, мөн ялтан У.Даваасүх нь бүлэглэн, 2013 оны 9 дүгээр сард бусдын гар утсыг булаах, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч 1.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1735 дугаар прокурорын тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгогдсон нь тус тус тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн ялтан У.Даваасүхийн “Оюутны зөвлөлийн дарга учраас зохисгүй үйлдлийг зохицуулах гэж зохисгүй үйлдэл гаргасан буруутай” гэсэн тайлбарыг хүлээн авч, түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулахдаа танхайн сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “…хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтад нийцэх ба энэ тухай бичсэн ялтан болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг мөн үндэслэлтэй гэж хүлээн авч, У.Даваасүхийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Ялтан У.Даваасүх нь анх удаа ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.   

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед, ялтан У.Даваасүх 18 нас 8 сартай, хохирогч М.Лхагвасүрэн 15 нас 5 хоногтой байсан ба тэд бүгд “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр дамжаанд суралцаж, У.Даваасүх нь тус сургуулийн Оюутны зөвлөлийн даргаар, М.Лхагвасүрэн нь зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Мөн гэмт хэрэг, зөрчил тус сургалтын төвийн коридорт эхэлж, сургуулийн хашааны хаалганы гадна талд төгссөн байна.

Иймээс мөрдөн байцаалтын шатанд төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй холбогдуулан “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй байна. Тус сургалтын төвөөс Оюутны зөвлөлийн даргыг сонгохдоо ялтан У.Даваасүхийн удаа дараа гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан, удаан хугацаагаар сургууль завсардсан нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй нь буруу байна.

Иргэний хариуцагч “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь “Хүүхэд хамгааллын тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь хэсэгт “Сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх зэрэг хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөж ажиллана” гэсэн,

“Бага, дунд боловсролын тухай.” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14 дэх хэсэгт “...суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих” гэсэн, мөн зүйлийн 20.2.15 дахь хэсэгт “...сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс суралцагчдаас нэг нь гэмт хэрэгтэн болж, нэг нь эрүүл мэндээр хүнд хохирсон байна. 

Ийм байхад анхан шатны шүүх “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь заалтад нийцэхгүй байна. Энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Харин иргэний хариуцагч “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

 Мөн хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтыг  бүрдүүлэн учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрүүлэх эрхтэйн гадна, Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хохирогч арван зургаан нас хүрсэн боловч эрүүл мэнд нь сайжраагүй бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхээр түүний эцэг, эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 7/А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хиад Боржигон овгийн Улаанбандийн Даваасүхийг “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, мөн “Прокуророос У.Даваасүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар” гэж,

- 2 дахь заалтын “У.Даваасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “У.Даваасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар У.Даваасүхэд оногдуулсан 7 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Даваасүхэд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж,

- 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар У.Даваасүхээс 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож...” гэж  тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хариуцагч “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.МӨНХТУУЛ