Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 332

 

Х.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва, хохирогч Д.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 396 дугаар магадлалтай, Х.Т-д холбогдох 1903013770032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжаар 9 сар 22 хоног хорих ял эдлэхээс өмнө хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Х.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Х.Т-г автотээврийн хэрэгслийн жолоочийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Атибус” ХХК-иас 419,444 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-т олгож” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Х.Т-н бага насны хүүхдүүд болох Т.Н, Т.М нарын “асран хамгаалах, харгалзан дэмжих” асуудлыг Баянгол дүүргийн Засаг даргад өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг Т.Х-мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ. 

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэт нэг талын байр суурийг хамгаалсан буруу дүгнэлт хийж, шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүй тогтоогоогүй байхад шүүгдэгчид хорих ял, эрх хасах ялыг давхардуулан оноож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хорих ял оногдуулсан. Хохирогч Д.М нь автобусны урд хаалгаар орж, хойд хаалгаар буух ёстой байтал урдуур гарах гэж байгаад унасан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Камерийн бичлэгийг гаргах боломжгүй гэсэн албан бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Мөн шүүгдэгч өөрөө цагдаж дуудаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт холбогдох хохирлыг бүрэн барагдуулсан байхад харгалзан үзэхгүй хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Уулзвараар гарах үед настай хүн тээврийн хэрэгслийн урдуур гүйсэн учир тоормослосон байдаг. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хуульчдын холбооноос томилогдсон өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцалгүйгээр шүүх хуралд оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад тохирсон. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн үед зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх буюу огцом тоормослох нөхцөл байдал үүсээгүй болох нь тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан гомдлыг үндэслэн Х.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Х.Тнь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Тоса” төвийн баруун талын замд “Атибус” ХХК-ийн эзэмшлийн “Дэү-106” маркийн 06-53 УБА улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Д.М автобусны хаалганы шат руу унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Т-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн жолоочийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин хоёр шатны шүүх Х.Т-д ял оногдуулахдаа хорих ялыг тэнсэх зохицуулалтыг хэрэглэхээс татгалзсан нь оновчгүй шийдвэр болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Т-н жолоодож явсан “Дэү-106” маркийн 06-53 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь “Атибус” ХХК болох нь тогтоогдон иргэний хариуцагчаар татагдаж, анхан шатны шүүхээс “Атибус” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн 419,444 төгрөгийг хохирогч Д.М-т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ажил олгогчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх учиргүй юм.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд Х.Тнь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос өөрт оногдох хэсэг буюу 650,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө сайн дураар бүрэн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох тул Х.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Т-д тэнссэн хугацаанд дээрх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж, хэрэв албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулахаар тогтов.  

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий гомдлыг хүлээж авахаас татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 396 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч Х.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тнь шүүхээс хүлээлгэсэн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зохих хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын шүүгдэгчид хорих ял оногдуулсан болон хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Тожилсүрэнг нэн даруй сулласугай.

                       

                                                ДАРГАЛАГЧ                                                      Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН