Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00879

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00879

 

ӨШ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01164 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ӨШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТАК ХХК-д холбогдох,

30,633,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ӨШ ХХК нь хариуцагч ТАК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 30,633,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Түшигт арга констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЧ ХК-ийн барилгын гадна талын шилэн болон металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Шилэн фасад 1,582 м.кв х 55,000 төгрөг = 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв х 45,000 төгрөг = 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд барилгын зурагт өөрчлөлт орсны улмаас металл фасадны ажлыг гэрээнд заасан хэмжээнээс илүүг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчаас ажлын хөлсөнд 125,000,000 төгрөг төлсөн. Манай хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв болсон тул нийт 165,633,170 төгрөг төлөхөөс 125,000,000 төгрөгийг төлсөн тул дутуу 30,633,170 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гадна талын шилэн болон металл фасадны ажлыг хийлгэхээр болсон. Шилэн фасад 1,584 м.кв х 55,000 төгрөг, металл фасад 664 м.кв х 45,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. 125,000,000 төгрөгийг төлсөн. Ажлаа хугацаандаа дуусгаагүй тул хугацааг сунгасан. Гэв 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй орхиод явсан тул үлдсэн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дэлгэр-Эрдэнийн наран ХХК-тай гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн. Мөн манай ажилчид дутуу ажлыг нэмж хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй, 30,633,170 төгрөгийн ажил хийсэн гэсэн баримт байхгүй, тайлан байхгүй, анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа 8,977,800 төгрөгийг дутуу төлсөн гэж нэхэмжилж байсан атлаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 30,633,170 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй явсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТАК ХХК-аас 30,633,170 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ӨШ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЧ ХК-ийн барилгын гадна талын шилэн фасад, металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны нэхэмжлэгч нь хариуцагчийн өгсөн материалаар барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхой бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй байна.

Гэрээний 4.1-д заасны дагуу шилэн фасад 1582м.кв х 55.000 төгрөг = 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв х 45,000 төгрөг = 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон юм.

Манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу шилэн фасадны ажлыг бүгдийг хийж дуусгасан. Харин барилгын зурагт өөрчлөлт орсны дагуу металл фасадны ажил нь гэрээнд заасан 664 м.кв хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн.

Захиалагч нь хийсэн ажлын хөлсөнд нийт 125,000,000 төгрөг өгсөн бөгөөд гэрээнд зааснаас илүү хийсэн ажлын хөлс төлөхгүй, Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.1.2-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй байх хуулийн заалтыг зөрчиж хийсэн ажлыг хүлээн авахгүй, гэрээнд зааснаас өөр ажил хийхийг шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болсон байна.

Тус хэрэг маргаан нь өмнө нь ТАК ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр шүүхэд шийдвэрлэгдэж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт гаргуулан, улмаар ажлын хөлс 30,633,170 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэн тул ТАК ХХК нь шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тул манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэл-ийг шүүхээс шийдвэрлэхгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32021/13234 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, хэрэгт цугларсан баримтын хоорондын уялдаа холбоог бодитоор нь харьцуулан үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтээр ТАК ХХК-ийн барьж байгаа барилга дээрх гадна фасадны нийт хэмжээг шилэн фасад 1382,224 м.кв, металл фасад 2020,12 м.кв болохыг тогтоосон юм.

ТАК ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Дэлгэр эрдэнийн наран ХХК-аар 251 м.кв төмөр фасадны ажил хийлгэсэн гэдгээ илэрхийлж байсан бөгөөд энэ талаар ӨШ ХХК-ийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, тухайн барилгын нийт гадна фасадны хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул Дэлгэр эрдэнийн наран ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 251 м.кв төмөр фасадны ажлаас бусад 1382,224 м.кв шилэн фасад, 1769,13 м.кв төмөр фасадны ажлыг ӨШ ХХК хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байгаа.

Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ӨШ ХХК-ийг ямар хэмжээтэй ажил хийснээ нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүйн улмаас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүйн улмаас хууль зүйн буруу дүгнэлт хийсэн, мөн 2008 оны 10 сарын 10 өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг үнэлэх шүүгчийн ажиллагааны талаарх Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу хэрэгт цугларсан баримтуудыг бусад баримттай хэрхэн дүйцэж байгаа талаар бодитойгоор харьцуулан үзэж, дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох гэрээнд зааснаас илүү хийсэн металл фасад угсралтын ажлын хөлс болох 30,633,170 төгрөгийг ТАК ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа нотолж чадаагүй. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн хэмжээг тогтоосон баримт биш гэж зөв дүгнэсэн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэж заасны дагуу үр дүнг хүлээлгэж өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Захиалагч үр дүн хүлээж аваагүй гэж байна. Гэтэл энэ талаар нотолж чадаагүй. Захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах заалтыг хэрэглээгүй гэж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч ӨШ ХХК нь хариуцагч ТАК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,633,170 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЧ ХК-ийн барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус гэрээгээр 1,582 м.кв шилэн фасадыг 1 м.кв-ыг 55,000 төгрөгөөр, нийт 87,010,000 төгрөгөөр, 664 м.кв металл фасадыг 1 м.кв-ыг 45,000 төгрөгөөр, 29,880,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. /хх71-73/

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь барилгын зурагт өөрчлөлт орсны улмаас металл фасадны ажлыг гэрээнд заасан хэмжээнээс илүүг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хэмжээ шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв болсон тул нийт 165,633,170 төгрөг төлөхөөс 125,000,000 төгрөгийг төлсөн, дутуу 30,633,170 төгрөг гэж тайлбарласан. /хх75-76/

 

7. Талууд ажлын гүйцэтгэлийн талаар маргаантай байхад анхан шатны шүүхээс барилгын зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас гүйцэтгэсэн ажлын хэмжээ ихэссэн эсэх, өөрчлөгдсөн уг зураг төслийн дагуу нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, тодруулбал, нийт ажлын хэдэн хувийг нэхэмжлэгч, хэдэн хувийг хариуцагч болон Дэлгэр-Эрдэнийн наран ХХК хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД