Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00061

 

Б.Бын нэхэмжлэлтэй,  

хариуцагч ЭҮ ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭҮ ТӨҮГ-т холбогдох,

Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Бын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б овогтой Б нь ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехэд 2004 оны 01 сарын 27-ны өдөр хүнд даацын машины жолоочоор ажилд орж байсан билээ. Эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний сарын дундаж цалин 3.511.963 төгрөг байсан ба үүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан. 2020 оны 12 сарын 31-ний өглөө ажилдаа очоод эмчийн ээлжит үзлэгээр орж Алкотестер багажаар үлээлгэхэд 0.32 % хэмжээ гарсан. Миний хувьд архи дарсны зүйлс огт хэрэглээгүй. Урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр аарц, саримс ихтэй хоол, дархлааны бэлдмэл салимон, нимбэгтэй ус цай, витамин-С ихтэй шингэн зүйлс хэрэглэсэн байсан. Тухайн өглөө ажилд очихдоо ходоод хоосон тамхи татсан учир эвгүй үнэр үнэртсэнийг үгүйсгэхгүй. Эмчид би энэ учраа тайлбарлан амаа угаачхаад дахин үлээе гэхэд эмч ундууцан энд гарын үсгээ зураад ажилдаа гар гэсэн. Уг нь би тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй болно. Согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог юм байна лээ. Иймд судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0,32 % гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үед би эрүүл байсан, миний хувьд хэл ам орооцолдож гуйвж дайвсан зүйл байгаагүй ээ. Иймд би ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн дугаар Б/28 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан өдрийн цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: "Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж заасан. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам -ын 1.3,1.4-д: Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж /Драгер 6810, 7510/ ашиглаж хувь хэмжээг тодорхойлно гэж, 1.6-д: Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно, 2.4-д: Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ, 2.5-д: Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус тодорхой заасан. Дээр дурдсан хууль, журмын дагуу Б.Быг үйлдвэрийн бүсэд ажилдаа ирэхэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын Драгер 6810 багажаар 2020.12.31-ний өдрийн 07:33 цагт амьсгалд нь шалгахад спиртийн хэмжээ 0.32 mg илэрсэн бөгөөд Б.Б нь энэ шинжилгээг тухайн үед нь хүлээн зөвшөөрч сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот актад гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11-д заасан ноцтой зөрчил гаргасан нь Drager Alcotest 6810 багажаар хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч шинжилгээний актад гарын үсэг зурсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны  өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн /2011 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Б.Б миний бие ЭҮ ТӨҮГ -ын Авто тээврийн цехэд 2004 оны 01 дүгээр сарын 27 -ны өдрөөс хүнд даацын машины жолоочоор ажиллаж эхэлсэн ба ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн Б/28 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн тул энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн Б/28 дугаар тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11 дэх хэсэг буюу “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн” гэсэн үндэслэл байсан болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн: 6 дахь хэсэгт “... ЭҮ ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10 -ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.1 -д "...Alcotest 6810 багажаар хийнэ, хэвийн хэмжээ 0.0-0.19 %,амьсгалд 0.20% ба түүнээс дээш промиль байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ", 6.1 -д заасан журам хүчинтэй үйлчилж байсан байна. Уг журмын дагуу нэхэмжлэгч Б.Бын согтолтын зэрэг буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж 0,32  /mg/l/ хэмжээ гарсан ... 7 дахь хэсэгт "... Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албанаас "... шалгуулагчийн амьсгал дахь согтууруулах ундааны агууламжийг Драгер-6810 багажаар тогтооход mg гэх хэмжээгээр хэмждэг. Харин цусан дахь спиртийн агууламжийг промилл процент гэх хэмжээгээр хэмждэг ба одоогоор хэмжээг промилл процентод шилжүүлсэн аргачлал, заавар байхгүй ... ” гэсэн хариуг ирүүлсэн тул /mg/l/ хэмжээг промиль (%о) хэмжээст шилжүүлэн тооцдог аргачлал, журам Монгол улсад байхгүй ... 9 дахь хэсэгт “... ЭҮ ХХК -ийн ерөнхий захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27 -ны өдрийн А/43 дугаар тушаалаар А/737 тоот тушаалын 8.1 -ийн "Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн заалт ...0.2% буюу түүнээс дээш .. ” гэснийг "...0.01 мг/л буюу түүнээс дээш... ” гэж өөрчилсүгэй, мөн журмын 9.1 дэх хэсэгт 0.01 мг/л буюу түүнээс  дээш гарсан нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэсэн өгүүлбэр нэмсүгэй ”гэсэн өөрчлөлт оруулсан байна гэжээ. Монгол улсын “Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.5 -д амьсгал дахь спиртийн агууламж нь 0.20 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхээр заасан. Өөрөөр хэлбэл, Монгол улсад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээг промиль (%о) гэсэн хэмжээсээр хэмждэг. Иймээс ч, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28 -ны өдрийн 88 дугаар магадлалаар Б.Бын 0,32 (ш§/Ь) гэсэн хэмжээсийг промиль (%0) хэмжээст шилжүүлэх, эдгээр нь хэрхэн харьцуулагдахыг тогтоох тусгай мэдлэг шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байсан. Гэсэн ч, шүүхийн шинжилгээний албанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тоотоор 32 (т§/Ь) гэсэн хэмжээсийг промиль (%о) хэмжээст шилжүүлэх аргачлал, журам Монголд байхгүй тул шилжүүлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр Б.Бын амьсгалаас шалгахад илэрсэн 0,32 (т§/Ь) хэмжээг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх хэмжээ мөн эсэхийг Монгол улсын хэмжээнд өнөөдөр тогтоох боломж байхгүй буюу 0,32 (т§/Ь) хэмжээ нь хэвийн хэмжээ юу, эсхүл согтолтын аль нэг хэмжээнд хамаарах эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл, Б.Бын амьсгалаас илэрсэн 0,32 (т§/Ь) -ийг үндэслэж түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн Б/28 дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн, ЭҮ ХХК -ийн ерөнхий захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27 -ны өдрийн А/43 дугаар тушаалаар А/737 тоот тушаалаар 0.01 мг/л буюу түүнээс дээш гарсан нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор заасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, дээр дурдсанчлан (т§/Ь) гэсэн хэмжээсийг промиль (%о) хэмжээст шилжүүлэх аргачлал, журам Монголд байхгүй, Монгол улсын хэмжээнд эдгээрийг тооцох боломжгүй байхад хэн нэгэн хуулийн этгээд өөрийн журамдаа энэ хэмжээг дур зоргоороо тавьж, тэр дур зоргоороо тавьсан хэмжээгээ үндэслэл болгож иргэний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчих боломжгүй юм. Гэтэл, шүүхээс Монголд тодорхойлох боломжгүй хэмжээс байхад, хариуцагчийн өөрсдийнх нь баталсан журамд заасан хэмжээг үндэслэл болгож нэхэмжлэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэж буй нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн дүгнэлт болно. Иймд, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23 -ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Б нь  хариуцагч ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.

Шүүх хэргийг нэхэмжлэгч Б.Бын ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь  2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар ЭҮийн Авто тээврийн байгууллагад белазын жолоочоор ажилд орж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20/19/130 дугаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн Ахуйн тээврийн хэсэг хүнд даацын машины жолоочийн албан тушаалд  ажиллуулж байжээ.

ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт,  40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт,  131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт,  Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11, Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11 дэх заалтууд, Авто тээврийн цех /АТЦ/-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20/01 тоот албан бичиг , ажилтан Б.Бт сорилт хийж, согтолтын зэрэг тогтоосон 2020 оны 12 дугаар сарын 31 ний өдрийн 21 тоот акт, согтолтын зэрэг тогтоох Drager Alcotest 6810 багажаар амьсгалд сорилт хийсэн хуудас зэргийг үндэслэн АТЦ-ийн Уулын технологийн тээврийн Ахуйн тээврийн хэсгийн  хүнд даацын машины жолооч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрийн бүс, ажлын байранд 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирж, хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 14 ний өдрийн 20/19/130 дугаар хөдөлмөрийн гэрээг гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

ЭҮ ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 4 дүгээр зүйлийн 4.2.-т ажлын байранд болон ажилд гарах үеийн эмнэлгийн урьдчилсан сэргийлэх үзлэг хийх үед их, бага эмч эмнэлгийн ажилтны дүгнэлтээр тухайн ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн, сэжигтэй гэж үзсэн тохиолдолд үйлдвэрийн бүсэд үйлчилдэг түргэн тусламжийн хэсгийн их, бага эмч нар согтолтын сорил хийнэ,4.3.-т согтуу сэжигтэй ажилтан , ажилчдаас согтолтын зэрэг тодорхойлох амьсгалын болон шүлсний сорил авсан тохиолдол бүрт акт үйлдэнэ гэжээ.

ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2021  оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ажлын байр, ахуйн байр, үйлдвэрлэлийн орчинд хэрэглэж ирэх, хэрэглэхийг хориглох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.10.-т  согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагааны явцад 2 буюу түүнээс дээш хөндлөнгийн гэрч эсхүл тухайн бүтцийн нэгж, ээлж хариуцсан мастер, хэсгийн дарга, ахлах мэргэжилтэн түүнтэй дүйцэхүйц албан тушаалтан , энэхүү журмаар тодорхойлсон эрх бүхий ажилтнуудыг байлцуулан, ажиллагаа дууссаны дараа актад гарын үсэг зуруулна гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Б.Быг сахилгын зөрчил гаргасны дараа дээрх журам батлагджээ.

АТЦ-ийн Уулын технологийн тээврийн Ахуйн тээврийн хэсгийн  хүнд даацын машины жолооч Б.Бын амьсгалд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтолтын зэрэг тогтоож, акт үйлджээ. Энэхүү акт нь ЭҮ ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан журам болон  ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2021  оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан журмын алиныг баримтлан согтолтын зэрэг тогтоож, акт үйлдсэн болох нь тодорхойгүй байна.

 Тасгийн эрхлэгч эмч Ц.Батаа нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж согтуурлын зэрэг тогтоох ажиллагаанд оролцсон ба түүнийг хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж  актанд гарын үсэг зуруулж  дээрх журмыг  зөрчсөн байхад шүүх уг актыг үндэслэн нэхэмжлэгч Б.Быг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

ЭҮ ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын” 5 дугаар зүйлийн 5.1-д Шинжлүүлэгчийн амьсгалаар согтолтыг илрүүлэх сорилыг Герман улсад үйлдвэрлэсэн, Монгол улсын Стандартчилал хэмжил зүйн газраас ашиглах зөвшөөрөл авсан Alcotest 6810 багажаар хийнэ, хэвийн хэмжээ 0.0-0.19 %, амьсгалд 0.20 % ба түүнээс дээш промиль байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ. ЭҮ ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаар  Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалаар Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар  тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын    8 дугаар зүйлийн 8.1-ийн Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн заалт ...0.2 % буюу түүнээс дээш ... гэснийг ...0.01 мг/л буюу түүнээс дээш... гэж өөрчилж шийдвэрлэжээ.

Дээрх тушаалд согтолтын зэрэгт “...мг/л, промиль гэсэн нэршлийг хэрэглэхээр заасан байхад ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаалд АТЦ-ийн Уулын технологийн тээврийн Ахуйн тээврийн хэсгийн  хүнд даацын машины жолооч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрийн бүс, ажлын байранд 0.32 хувийн согтолтын зэрэгтэй ирсэн гэж бичсэн нь үндэслэлгүй юм.  

Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлалаар “...согтолтын зэрэг тогтоосон сорилын акт 0.32mg /l/ хэмжээ нь дээрх хэмжээтэй хэрхэн харьцуулагдах / промиль нь mg /l/ гэх хэмжээнээс хэрхэн ялгагдах, хэдэн mg/l/-тай тэнцэх эсэхийг тогтооход мэргэжлийн тусгай мэдлэг шаардлагатай байна гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ. Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19 ний өдрийн албан бичгээр “... шүүгчийн захирамжинд дурдсан шалгуулагчийн амьсгал дахь согтууруулах ундааны агууламжийг Драгер 6810 багажаар тогтооход mg гэх хэмжээгээр хэмждэг. Харин цусан дахь спиртийн агууламжийг промилл процент гэх хэмжээгээр хэмждэг ба одоогоор mg  хэмжээг промилл процентод шилжүүлсэн аргачлал, заавар байхгүй байгаа тул хариулт өгөх боломжгүй юм...” гэсэн хариу ирүүлжээ.

ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Быг  ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 16 сарын хугацааны дундаж цалин хөлс болох  51.066.139 төгрөгийг хариуцагч ЭҮ ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Бын  шүүхэд гаргасан давж заалдсан  гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00450 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн /2011 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Быг  ЭҮ ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 51.066.139 төгрөгийг хариуцагч ЭҮ ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч ЭҮ ТӨҮГ-аас 413.281 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй..  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.т зааснаар нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР