Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00897

 

 

 

 

 

 

 

 

2022 05 11 210/МА2022/00897

 

 

 

...........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00825 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ........... ХХК-д холбогдох гэрээний үүрэгт алданги 79,042,000 төгрөг гаргуулах, хохиролд 550,125,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

........... нь ........... ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ........... ХХК-д дараах хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохирсон. Үүнд:

...........гийн өмчлөлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлагын 21 дүгээр гудамжны 4 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2207003682 дугаартай, 104 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, автозогсоолын зориулалттай уг хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2207004281 дугаартай, 918 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 18668294474688 дугаартай, 5,041 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх ба ......... ХХК-ийн нэр дээр эзэмшдэг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 2 эрхийг шилжүүлэхээр тохирч, 20 автобусыг ........... ХХК-д худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцсон. Эдгээр хөрөнгийг 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан боловч 815,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 5.1-д ........... ХХК 2018 оны 06 дугаар сард батгааж 815,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шаардах эрхийг ........... ХХК-д шилжүүлсэн өдөр 35 хувь, уг эрхийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлснээр 35 хувь, үлдэгдэл төлбөрийг Улсын бүртгэлийн гэрчилгээг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр хүлээн авсан өдөр гэж гэрээнд тусгасан. Гэрээний дагуу ........... дагалдах гэрээг ........... ХХК-ийн төлөөлөгч .....-тэй байгуулсан. Тухайлбал, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрөө 918 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан. Эдгээр байгуулахаас 3 хоногийн өмнө тус компанитай компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Түүнчлэн, гэрээнд тусгагдсан 20 автобусыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Автотээврийн үндэсний төвд холбогдох хүсэлт гаргаснаар ........... ХХК-д бүрэн шилжүүлсэн. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн тул алданги гарсан. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэх ёстой байсан 2 дахь төлбөрийг эхний удаад 15 хоногоор хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 185,250,000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу 35 хоногийн дараа 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 3 дахь төлбөр 285,250,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэх байтал мөн оны 08 дугаар сарын 07, 08 дугаар сарын 15, 08 дугаар сарын 16, 09 дүгээр сарын 07, 09 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 22-ны өдөр нийт 6 удаа тасалж шилжүүлсэн. Иймд алданги 79,042,000 төгрөг гаргуулах байсан боловч багасгаж 55,705,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

........... нь ........... ХХК-тай компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ........... ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэж 79,042,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь ........... ХХК гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн төлсөн. ........... ХХК нь ...бүх эд хөрөнгийг шилжүүлж авсны дараа ......... ХХК-ийн нэр шаардлага байхгүй компанийн бүртгэлийг шилжүүлэн авах хүсэл зориггүй болсон гэдгээ илэрхийлсэн... гэж ........... тайлбарласан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ......... ХХК бичиг баримт, холбогдох баримтыг ........... ХХК-д компанийн нэрийг шилжүүлж авах процесс Улсын бүртгэлд явагдах байсан. Гэтэл нэхэмжлэгч баримтаа өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, 2018, 2019, 2021 онуудад татварын тайлан гаргаж байсан. Үүнээс үзэхэд хэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул алданги нэхэмжлэх эрхгүй. ........... ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 5.3-д зааснаар хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийг ........... ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэснээр үлдэх 35 хувь буюу 285,250,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч үүргээ ......... ХХК биелүүлээгүй. ........... нь ......... ХХК-ийг төлөөлөн гаргасан уу эсхүл иргэний хувьд гаргасан уу гэдэг нь тодорхойгүй. ........... компанийг төлөөлж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч ......... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэл гаргасан бол маргахгүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээг ......... ХХК-ийг ........... ХХК-д шилжүүлэн авахаар байгуулсан. Гэвч нэхэмжлэгч үүргээ огт биелүүлээгүй байж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээгээр ......... ХХК-ийн талаарх мэдээлэл, өр авлагыг нуухгүйгээр ........... ХХК-д мэдээлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй. ......... ХХК-ийн жолооч осол гаргаж, шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд хохирол ........... ХХК-д хамаарсан. ......... ХХК бичиг баримтаа өгөхгүй, шилжүүлээгүйгээс шалтгаалж үйл ажиллагаа одоо болтол шийдэгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

........... ХХК нийт 3 сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнээс ........... ХХК болон ......... ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний нууцлалыг задруулсны хохирол 407,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татан авсан. Харин ........... ХХК, ......... ХХК-ийн хооронд байгуулсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 142,625,000 төгрөгийг ......... ХХК-ийн хувьцаа эзэмшигч ...........гээс гаргуулах мөн компаниудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний дагуу ........... ......... ХХК-ийн бүх хувьцааг ........... ХХК-д шилжүүлэх үүрэгтэй.

Гэрээний 6.1.11-д Эрх шилжүүлэгчийн үүрэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй гэж, гэрээний 6.2.5-д Эрх шилжүүлэн авагчийн шаардах эрхэд эрх шилжүүлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний 6.2.6-д гэрээний үүргийг биелүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөх талаар заасан ба 7.1-д талууд гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй бол гэрээний үүрэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасан тул гэрээний дагуу эрхээ шилжүүлээгүй байгаа тул эрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчид компанийн тамга, тэмдэг байгаа. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан гаргаж мөн Татварын газарт тайлан гаргасан байна. Иймд ......... ХХК-аас гэрээний үүрэг алдангид 142,625,000 төгрөгийг гаргуулж, ........... ХХК-д ......... ХХК-ийн хувьцааг бүрэн шилжүүлэхийг ...........д даалгаж өгнө үү гэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нь ......... ХХК-ийг авч үлдэх хүсэл сонирхол байхгүй. ........... ХХК-д үндсэн үйл ажиллагааны чиглэл болох нийтийн тээврийн эрх, автобус, хөрөнгүүдээ өгсөн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг аль аль талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтарч гүйцэтгэсэн. Талууд 04 дүгээр сарын 23, 26-ны өдрүүдэд холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулсан. ........... ХХК, ......... ХХК-ийг шилжүүлж авахаас татгалзсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан 50 хувиас хэтрэхгүй гэж заасантай нийцээгүй. Улсын бүртгэлд компанийн бүртгүүлэхэд ........... ХХК-ийн тамга, хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоол шаардлагатай байсан бөгөөд бид дангаараа компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй. ........... ХХК баримт өгөх үүргээ биелүүлээгүй. Харин нэхэмжлэгч Улсын бүртгэлд бүртгүүлэх гол үүргээ биелүүлсэн байхад ........... ХХК татгалзсан учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........... ХХК-аас гэрээний үүрэгт 55,705,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгож, ........... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...........д холбогдох ......... ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгаж, гэрээний үүргийн алданги 145,625,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,160 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 848,359 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ........... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 436,477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид ...........д, хариуцагч ...........гээс улсын тэмдэгтийн хураамж 848,359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн..... Харин гэрээ байгуулах үндэслэл, гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн эсэх дээр маргасан. Гэрээний 3.2-т ......... ХХК-ийн нийтийн тээврийн газарт өгсөн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18/45 тоотыг үндэслэн гэрээг байгуулна гэж гол үндэслэлээ заасан байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд заасан 20 ширхэг Hyundai маркийн автобус болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийг ........... ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээр тус компани нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс шууд нийтийн тээврийн үйлчилгээг Налайх-Гордок, Налайх-Дүнжингарав чиглэлээр явуулж эхэлсэн. Тодруулбал, гэрээний 6.1.2-д Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээнд ........... ХХК-тай нэгдэж орохыг, уг гэрээг үргэлжлүүлэн ........... ХХК цаашид дангаар гүйцэтгэхийг зөвшөөрсөн албан бичгийг өгч, тухайн гэрээнд өөрчлөлт оруулж, зөвшөөрүүлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, 6.1.4-т Эрх шилжүүлэх талаарх компанийн хувьцаа эзэмшигчийн бичгээр гаргасан шийдвэрийг эрх шилжүүлэн авагч талд гаргаж өгнө гэж заасан ба энэхүү үүргээ ........... нь бүрэн биелүүлсэн болох нь тогтоогддог. Харин Нийтийн тээврийн газар нь талуудын хүсэлт гаргасны дагуу нийтийн тээврийн гэрээний эрхийг ..........." ХХК-д шилжүүлэн гэрээг өөрчлөн байгуулсан, ......... ХХК-ийн бүх хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, бусад багаж хэрэгслүүдийн хамт бүрэн шилжсэн учраас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг худалдан авах компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж тохиролцсон нь гэрч Х.Тунгалагийн мэдүүлгээр нотлогддог. Гэрээний зорилго нь бүрэн хэрэгжсэн учраас ........... ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг ......... ХХК-аас огт шаардаагүй орхисон, гэрээний үлдэгдэл төлбөрийг 4 сарын хугацаа хэтрүүлсэн боловч бүрэн төлсөн үйл баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх ........... ХХК-аас гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж, гэрээний 5.3-т заасан үлдэх төлбөр 35 хувийг төлсөн үйл баримт, компанийн 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг шилжүүлэн авахаар огт шаардаж байгаагүй талаарх үйл баримтад дүгнэлт хийгээгүй атлаа ...........г бүх хувьцааг шилжүүлэн авах хүсэлтээсээ татгалзсанаа илэрхийлсэн үйлдэл хийснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх 142,625,000 төгрөгийг гэрээний үүргийн алдангид гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ........... нь 814,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Нийт хөрөнгөөс үлдсэн 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000 ширхэг хувьцааг компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан.

Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 5.3-д Эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх эд хөрөнгө Улсын бүртгэлийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр авсан өдөр гэрээний төлбөрийн үлдэх 35 хувийн төлбөрийг шилжүүлнэ гэж заасны дагуу 2 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх шилжсэн байхад зөвхөн компанийн хувьцаа шилжигдээгүй үлдсэн. Анхан шатны шүүх гэрээний 5.5-д Хэрэв эрх шилжүүлэгч тал бусдад ямар нэг өр төлбөр байгаа тохиолдолд төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд мөн дулааны зөвшөөрөл гаргасны дараа 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

........... ХХК гэрээний 5.4-т заасан дулаан зөвшөөрлийг уурын зуух барьж ашигласнаар шаардлагагүй болсон учраас ...........д хандаж, дулааны зөвшөөрлийн асуудлаар өнөөдрийг аливаа шаардлага гаргаж байгаагүй бөгөөд дулааны зөвшөөрөл авч өгөх үүргийн биелэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд огт маргаж байгаагүй, энэ асуудлаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй атал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаар тогтоолын 2.2.5-д Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байна. Хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ гэж заасныг зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2018 оны 06 дугаар сард багтаан гаргаж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл тухайн гэрчилгээнүүдийг 2018 оны 10 дугаар сард гаргаж өгсөн учраас гэрээний төлбөрийн сүүлийн төлөлт хойшлогдсон. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Смарт картын элэгдэл гарсан, тухайн карт нь өртөг өндөртэй байдаг. Мөн дулааны зөвшөөрөл авч өгөх ёстой байсан боловч уг зөвшөөрөл нь гараагүй. Компанийн эрх болон хувьцааг шилжүүлэн өгөөгүй. Нийтийн тээврийн чиглэлийг шилжүүлэн өгсөн учраас компанийн хувьцааг шилжүүлэн өгөхийг шаардаагүй гэж тайлбарлаж байна. Талууд хооронд гэрээ байгуулахад биечлэн оролцсон н.Эрдэнэ нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо хувьцааг шилжүүлэн өгөхийг шаардаж байсан талаар мэдүүлсэн. Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал бичиг баримтаа гаргаж өгснийг үндэслэн хувьцааг шилжүүлэх байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй, бөгөөд тухайн компани нь одоо болтол үйл ажиллагаа явуулж, татвар төлдөг, компанийн тамга, тэмдэг нь нэхэмжлэгч талд байгаа. ......... ХХК-ийн нэрийг барин үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх байсан. Гэрээний 7.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүлээх хариуцлагын талаар тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 5.2-т заасан төлбөрийн үлдэгдлийн 35 хувиар тооцож, хариуцагч талаас хохирлыг нэхэмжилсэн. Хариуцагч талаас компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсан үйлдэл хийгээгүй. Мөн гэрээг цуцлах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаарх нотлох баримтуудыг хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн. Гэмт хэрэг болон осол аваарын талаар нэхэмжлэгч тал нь мэдээлээгүй учраас сүүлийн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг хасаж тооцсоныг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Хариуцагч байгуулсан гэрээний 5.1, 7.1-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн багасгасан үнийн дүнгээр алдангид 55,705,000 төгрөгийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Компанийн хувьцаа эрх шилжүүлэх гэрээний 5.3-т Эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр өөрчлөн бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр авсан өдөр гэрээний төлбөрийн үлдэх 35 хувийн төлбөрийг шилжүүлэх-ээр харилцан тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтээр үлдэгдэл 35 хувийн төлбөр болох 285,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж гэрээний үүргээ хариуцагч бүрэн төлсөн, нэхэмжлэгч нь ......... ХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлэх, улсын бүртгэлийг эрх шилүүлэн авагчийн нэр дээр өөрчлөн бүртгүүлэх гэрээний үүргээ зөрчсөн төдийгүй уг компанийн нэрийг ашиглаж одоог хүртэл татварын тайлан гаргах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх зэргээр шилжүүлсэн компанийнхаа нэрийг ашиглан гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүх ........... ХХК, гэрээний үнийн дүн болох 815,000,000 төгрөгийг бүрэн төлсөн, харин нэхэмжлэгч нь гэрээний 5.3, 5.4-т заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн талаар зөв дүгнэлт хийсэн атлаа хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд ........... ХХК-аас гэрээний үүрэгт 55,705,500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэхэд үл хөдлөх хөрөнгүүд бүгд ........... ХХК-ийн нэр дээр шилжсэн. Анхан шатны шүүх 4 сарын хугацаа хэтэрсэн гэж зөв дүгнэсэн. Гэрээний 7.1-д заасны дагуу талуудын хэн аль нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. ........... ХХК нь 4 сарын хугацаа хэтрүүлсэн боловч 815,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхэд гэрээний зорилго, үнэ цэн, ач холбогдол нь буурахгүй. Үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй үүргийн зорилгод нөлөөлөхгүй бол хэсэгчлэн гүйцэтгэх үүрэг гэж үздэг. Талууд гэрээгээр гол үүргээ тохиролцсон. Налайх-Дүнжингарав, Дүнжингарав-Налайх гэсэн чиглэлд нийтийн тээврийн чиглэлийн эрхийг аваад, түүнтэй холбоотой суурь бааз, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон жолооч нарыг ........... ХХК шилжүүлэн авах эрхтэй болсон. Гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэснээр гэрээний зорилго биелэгдсэн гэдгийг зөвшөөрсөн учраас гэрээний төлбөрийг бүрэн төлсөн талаар хэн ч маргадаггүй. ......... ХХК-ийн хувьцааг шилжүүлэн өгөөгүйгээс шалтгаалан 142,625,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тайлбар байдаггүй. Гэрээний 5.3-т хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгүүлээд, үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохиролцсон. Зөвхөн 1,000,000 төгрөгийн хувьцааг шилжүүлээгүй байхад анхан шатны шүүх алдангийг буруу тооцоолсон. Хариуцагч гэрээний үүргээ 4 сараар хэтрүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алдангитай холбоотой шаардлагыг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд хянасан болно.

 

1. Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ........... ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги 55,705,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ......... ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах, алданги 145,625,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний дагуу ......... ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах үүргээ биелүүлээгүй... гэж, хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчийг гэрээний дагуу өөрийн компанийн талаарх аливаа мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэт өгөх үүргээ биелүүлээгүй... гэж тус тус тодорхойлон маргаж байгаа тохиолдолд хэн нь гэрээний үүргийн зөрчил гаргасан болохыг хэрэгт цугларсан хийгээд зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтад үндэслэн дүгнэх учиртай.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2022/00854 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Татварын газраас 2294583 регистрын дугаартай ......... ХХК 2018-2021 онуудад татварын тайлан өгч байсан эсэх талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ. (2хав-204-205х)

 

Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр дээрх нотлох баримтыг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн атлаа хариуцагч талаас энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс нотлох баримт гаргах хүсэлтээс татгалзаж байна... гэх тайлбараар дээрх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн эсэх нь ойлгомжгүй тул шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзнэ.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.5-д Хэрэв эрх шилжүүлэгч тал бусдад ямар нэг өр төлбөр байгаа тохиолдолд төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд мөн дулааны зөвшөөрөл гаргасны дараа 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасан, гэрч .....- ...өглөг авлагын тооцоог үнэн зөв мэдүүлээгүй, осол аваарь хийснээ нуун дарагдуулсан, смарт карт төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгөөгүй... гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд ......... ХХК-ийн бүх хувьцааг шилжүүлэхийг даалгах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар болон гэрээний үүргийн зөрчлийн талаар дүгнэхэд дээрх нотлох баримт нь ач холбогдолтой байж болохоор байна.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж, аль алинаас нь алданги гаргуулахаар шийдвэрлэхдээ үүргийн зөрчил, түүний хэмжээ, гүйцэтгээгүй гэх үүрэгт алданги тооцож эхлэх хугацааны талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өмнө нь энэ талаар давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ...........гийн төлсөн 886,075 төгрөгийг, хариуцагч ........... ХХК-ийн төлсөн 436,477 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ