Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01060

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.....- сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/00785 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....- сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч .........-ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалтай холбоотой хохирол нийт 596,937,740.08 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс, хохирол зэрэгт нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Зургаанжин, түүний өмгөөлөгч Б.Баяраа, Р.Болдбаатар, Г.Болорцэцэг, А.Зоригтбаатар, Д.Энхзул, хариуцагчийн төлөөлөгч ......, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- сургууль .........-ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Тус гэрээний дагуу ажил гүйцэтгэгч болох .........-ХХК нь барилгын ажлыг хууль болон барилгын норм ба дүрэм, заавар, стандартын дагуу 216 хоногийн хугацаанд гүйцэтгэж түлхүүр хүлээлгэн өгөх, өөрсдийн гүйцэтгэсэн ажилтай холбогдох аливаа зөрчил, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах үүрэг, хариуцлагыг хүлээхээр тохиролцсон. .........-ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр .....- сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж байгаа тухай албан мэдэгдлийг өгч ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй. .........-ХХК-аас дараах хохирлыг гаргуулна. Үүнд:

Доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал 43,184,644 төгрөг гаргуулна. .........-ХХК нь дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй, нойтон шавар хананд эмульс тавьсны улмаас хагарал үүссэн тул шавардсан ханын шаврыг буулгаж, тус ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай болсон. Дээрх доголдол, чанаргүй гүйцэтгэл буюу гэрээний үүргийн зөрчлийн талаар ажил гүйцэтгэгч .........-ХХК-д тухай бүрд нь мэдэгдэж, доголдлыг засах тухай сануулсан боловч хэдхэн хоногийн өмнө ажлаа орхиж, гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Гэрээний 1.6, 2.4.8-д заасныг зөрчсөн, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгалгүй хаяж явсан тул захиалагч өөр хувь хүн, барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэмэлт зардлаар дотор заслын доголдлыг арилгуулж ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлсэн.

Аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал 46,000,000 төгрөг гаргуулна. Барилга угсралтын ажлын нэг хэсэг болох аваарын шат огт хийгээгүй. .....- сургууль нь 2015 онд Уран ган ХХК-аар аваарын шатыг хийлгэх гэрээ байгуулж 46,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн.

Спорт заалны түрээсийн төлбөр 78,790,000 төгрөг гаргуулна. .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг .........-ХХК хаяж явж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс барилга ашиглалтад оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал түрээсэлж, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 17,640,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 28,150,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 15,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 18,000,000 төгрөг, нийт 78,790,000 төлсөн.

Автобус түрээсийн төлбөр 5,400,000 төгрөг гаргуулна. .....- сургууль спорт заал руу сурагчдаа зөөж хүргэхийн тулд автобус түрээслэх шаардлагатай болсон. Түрээсийн төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 2,400,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3,000,000 төгрөг буюу нийт 5,400,000 төгрөг төлсөн.

Өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36,711,520 төгрөг гаргуулна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу өргөтгөлийн барилгын бүх хаалгыг 45,057,600 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл .........-ХХК-ийг ажлаа орхиж явсны дараагаар өргөтгөлийн хөнгөн цагаан хаалгыг хийж гүйцэтгэхийг Суприм виндоу ХХК-аас шаардахад ............-ХХК нь төлөх байсан 12,471,000 төгрөгийг төлөөгүй тул хийж гүйцэтгэх боломжгүй... гэсэн тул .....- сургууль нь нэмэлт зардал 12,471,000 төгрөгийг тус компанид төлсөн. Түүнчлэн, бусад хаалгануудыг хийлгүй орхиж явсан тул .....- сургууль Цэлмүүнжин ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 26,493,400 төгрөгөөр хаалгануудыг хийж гүйцэтгүүлсэн.

Өргөтгөлийн байрны цонхны төлбөр 16,344,556.7 төгрөг гаргуулна. .........-ХХК нь гэрээгээр .....- сургуулийн өргөтгөлийн барилгад шаардлагатай бүх цонхыг хийж, суулгах үүрэг хүлээсэн боловч өргөтгөлийн цонхны ажлыг өөрсдийн ур чадваргүйн улмаас доголдолтой шаардлага хангахгүй цонх хийж байсан ба цонхны ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй. Цонхны ажлыг Суприм виндоү ХХК-тай гэрээ байгуулан, бүрэн хийж гүйцэтгүүлэхэд 16,344,556.7 төгрөг зарцуулсан.

Дулааны төлбөр 27,059,819 төгрөг гаргуулна. .........-ХХК нь сургуулийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс .....- сургууль дулааны төлбөрийг задгайгаар төлж cap бүр 3,000,000 төгрөг, барилга хугацаандаа ашиглалтад орох байснаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 8 сарын хугацаанд 27,059,819 төгрөг нэмж төлсөн.

Фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23,083,850 төгрөг гаргуулна. .....- сургуулийн өргөтгөлийн барилгын фасадны ажлыг .........-ХХК болон .....- сургууль 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн хэлцлээр харилцан тохиролцож бүрэн тооцоо нийлж, .....- сургууль фасадны ажлын үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь баримтаар нотлогддог. Мөн тус хэлцлээр .....- сургуулийн фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23,083,850 төгрөг өгөх эсэх асуудлыг тусдаа ярилцаж шийдэхээр харилцан тохиролцсон ч .........-ХХК-ийн захирал ...... нь фасадны ажлын материалын зөрүү төлбөр гэж 23,083,850 төгрөгийг шаардан .....- сургуулийн урд жагсаал, цуглаан хийж дарамт, шахалт үзүүлэн сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан учир .....- сургуулийн зүгээс үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд дээрх мөнгийг төлсөн. .........-ХХК болон түүний захирал ...... нар нь .....- сургуулиас фасадны ажлын зөрүүд 23,083,850 төгрөгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр дарамт, шахалт үзүүлэн авсан тул энэхүү мөнгийг .....- сургууль буцаан шаардах эрхтэй.

Дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг гаргуулна. .....- сургууль нь .........-ХХК-д өргөтгөлийн барилгын дээврийн ажлын хөлс 79,902,144 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэвч .........-ХХК-ийн .....- сургуулийн өргөтгөлийн барилгад хийж гүйцэтгэсэн дээврийн ажлын нийт төсвийг шинжээч 68,604,466 төгрөг гэж тооцсон тул .....- сургууль дээврийн ажилд илүү төлсөн 11,297,678 төгрөгийг буцаан шаардан авах эрхтэй. Мөн .........-ХХК нь .....- сургуулийн өргөтгөлийн дээврийн парапедны ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан тул .....- сургуулиас дээврийн парапедны ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд 2,910,000 төгрөгийн зардал гаргасан. Иймд дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг гаргуулна.

Техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1,401,628 төгрөг гаргуулна. .....- сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын нийт төсөв 17,989,664 төгрөг бөгөөд .....- сургуулиас .........-ХХК-д техникийн давхрын ажлын хөлсөнд 5,297,322 төгрөгийг шилжүүлсэн. Шинжээчийн зүгээс .........-ХХК-ийн хийж гүйцэтгэсэн .....- сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын өртгийг 6,895,624 төгрөг гэж дүгнэсэн. .........-ХХК-ийн захирал ...... нь мэргэжлийн ур чадваргүй бүрэлдэхүүнээр .....- сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгүүлж техникийн давхрыг цоорсон доголдол гаргасныг засварлахад 3,000,000 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай болсон. Иймд барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1,401,628 төгрөгийг гаргуулна.

Арматур төмрийн төлбөрт илүү төлсөн 167,225,000 төгрөг гаргуулна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу .........-ХХК-ийн захирал ...... нь .....- сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнэлгээ тогтоож .....- сургуулиас арматур төмрийн үнэ 297,255,000 төгрөг төлсөн. .........-ХХК буюу түүний захирал ...... нь арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр өндрөөр үнэлэн тогтоосныг .....- сургууль арматур төмрийн үнийг төлсний дараа мэдсэн. .....- сургууль нь .........-ХХК-д арматур төмрийн үнэнд зах зээлийн үнээс илүү төлсөн 167,225,000 төгрөг нэхэмжилж байна.

Цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг гаргуулна. .........-ХХК нь .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явснаар .....- сургууль нь цахилгааны хэрэглээний төлбөр 8,800,930 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.3-т ... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй... гэж заасан.

Усны төлбөр 3,732,861.38 төгрөг гаргуулна. .........-ХХК нь .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан байдаг тул .....- сургуулийн зүгээс усны хэрэглээний төлбөр 3,732,861.38 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.3-т ... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй ... гэж заасныг үндэслэн хариуцагчаас усны төлбөрт 3,732,861.38 төгрөг гаргуулна.

Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөг гаргуулна. .........-ХХК нь .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлан, ажлын талбайгаас ажилчид, харуул хамгаалалтаа татаж, ажлын талбайг орхисон тул .....- сургуулийн зүгээс өргөтгөлийн барилгын аюулгүй байдлыг хамгаалж барилгын талбайд харуул, хамгаалалт гаргах зайлшгүй шаардлага гарсан. .....- сургууль нь Хар сүлд бамбай ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ байгуулан .....- сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд cap бүр 2,100,000 төгрөг төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-т Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажил, ажлын үр дүнг хүний хүчин зүйл, байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авч байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын хяналтын албанаас тавьсан шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ гэж заасан.

.Ажлын хөлсөнд илүү төлсөн 112,039,253 төгрөг гаргуулна. Шинжээч Ү.Бандийн шинжээчийн дүгнэлтэд тухайн үеийн норм, үнэлгээ, дүрэм, журмын дагуу тооцоход .........-ХХК-аас .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүнг 981,834,121 төгрөг гэж тогтоосон. .....- сургууль нь .........-ХХК-д өргөтгөлийн барилгын санхүүжилтэд нийт 1,199,007,774 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Хариуцагч .........-ХХК-ийн .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүн 981,834,121 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул .........-ХХК-аас Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4, ажил гүйцэтгэх гэрээний 2.4.5-д зааснаар илүү төлсөн зөрүү 112,039,253 төгрөг шаардах эрхтэй. Иймд нийт 596,937,740.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани нь .....- сургуультай сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээгээр барилгын ажлын үнэлгээг 1,560,000 ам.доллар гэж тохирсон. Энэ тооцоонд барилгын материал, ажлын хөлс зэрэг бүх зардал багтсан. Харин гэрээний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зардал болон барилгын материалын зардлаар тохироогүй. Манай компани барилгын ажлыг гүйцэтгэхдээ .....- сургуулиас 1,199,000,000 төгрөгийн санхүүжилт авч 1,596,434,898 төгрөгийн ажил буюу барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад нэхэмжлэгч санхүүжилт өгөхгүй ажил зогсоход хүрч байсан учир бараа материал авахын тулд бусдаас зээл авч, эд хөрөнгөө зарж, барилгын ажлыг үргэлжлүүлж байсан. .....- сургуульд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт хүссэн боловч хариу өгөөгүй, санхүүжилт шийдвэрлээгүй, энэ өдрөөс ажил гүйцэтгэх гэрээ зөрчин манай компанид мэдэгдэхгүйгээр өөр барилгын компанийн ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөж байсан боловч бид ажлаа үргэлжлүүлж байсан. Гэтэл тус сургуулийн захирал Д.Зургаанжин 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой утсаар ярьж, гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн боловч манайх ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан. 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой Д.Зургаанжин Хар сүлд бамбай ХХК-ийг ажиллуулан манай компанийг барилгын талбайд оруулахгүй, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон учир энэ өдөр манай компани гэрээ цуцалсан мэдэгдлийг өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан боловч .....- сургууль барилгын ажлыг хүлээн аваагүй.

.........-ХХК-ийн доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх болон доголдлыг арилгахад гаргасан зардал 43,184,644 төгрөг гаргуулах тухайд,

Манай компани барилгын дотоод заслын ажлыг чанартай, ямар нэг доголдол, дутагдалгүй хийж гүйцэтгэсэн. Манай компанийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс барилгын талбайд оруулж ажиллуулахгүй талбайгаас гаргахад нь .....- сургуульд ажил хүлээж авахыг шаардан ажил хүлээлцэх комисс томилсон мэдэгдэл явуулсан боловч .....- сургууль барилгын ажлыг зориуд хүлээн аваагүй. .........-ХХК-ийг ажил гүйцэтгэх хугацаандаа Улсын баяр наадмаар 1 хоног, 8 сард 10 хоног, Барилгачдын баяраар 7 хоног нийт 24 хоногийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан гэжээ. Гэтэл манай компани 2013 оны 07 дугаар сарын 11-15-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу ажилчдаа 5 хоног амрах талаар ажил гүйцэтгэх гэрээнд календарьчилсан хуваарьт тусгасан тул хугацаа хожимдуулахад нөлөөлөөгүй. Мөн оны 08 сарын 01-05-ны өдрийг хүртэл ажиллаагүй нь захиалагч .....- сургууль нь спорт заал буюу 4, 5 давхрыг бариулахгүй гэсэн шийдвэр гарга.....-ай холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажлын зурагт өөрчлөлт оруулах тухай 13/72 дугаар албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй, ажил үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 13/76 тоот албан бичиг дахин өгч 5 хоног хугацаа алдсан нь захиалагчийн буруутай үйлдлээс болсон.

Аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал 46,000,000 төгрөг гаргуулах тухайд. Энэ ажил нь манай компанийн зүгээс .....- сургуулийн өргөтгөлийн барилгын гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж гадна заслын ажил бүрэн дууссаны дараа хийгдэх ажил байсан. Гэтэл барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд .....- сургууль гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлөөгүй учир уг шатны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, манай компани хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг .....- сургуулиас аваагүй.

Спорт заалны түрээс болон автобусны түрээсийн төлбөр нэхэмжилсэн тухайд, .....- сургуулийн захиргаа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Жигүүр гранд ХХК-ийн захирал н.Баттөр барилга бариулахыг эсэргүүцээд байна. Иймд 4, 5 давхраа бариулахаа болилоо гэж мэдэгдсэн. .....- сургуулийн өргөтгөлийн барилгын 4, 5 давхар нь спорт заал байсан. Спорт заал баригдаагүй нь манай компаниас шалтгаалаагүй тухай захирал Д.Зургаанжин 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Ө.Ганболд, хохирогч Д.Зургаанжин нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Спорт заал баригдахгүй болсон асуудал нь манай компанид хамааралгүй бөгөөд үүнээс үүдэж захиалагч тал байгууллагын заал түрээслэх, спорт зааланд очиход хөлсөлсөн унааны зардал нь тухайн байгууллагын дотоод асуудал тул спортын заалны түрээсийн төлбөр 78,790,000 төгрөг, автобусны түрээсийн төлбөр 5,400,000 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх эрхгүй.

Өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36,711,520 төгрөг нэхэмжилсэн тухайд, .....- сургуулийн захирал З.Энхмөнх нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Суприм виндоү ХХК-ийн үнийн санал хүргүүлэн заавал уг компаниар гадна хаалганы ажлыг хийж гүйцэтгүүлнэ гэснээр 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, хаалганы төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 80 хувь болох 48,000,520 төгрөгийг Суприм виндоү ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Манай компани хаалганд 2,942,920 төгрөгийг илүү төлсөн.

Өргөтгөлийн цонхны төлбөр 16,344,556.7 төгрөг гаргуулах тухай, Манай компани өргөтгөлийн барилгын 83 ширхэг цонхыг хийж суулгах ёстойгоос 52 ширхэг цонх суулгасан бөгөөд 31 цонх дутуу байхад ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж цонхыг хийж амжаагүй. Хийсэн 52 цонхны үнэ 41,540,550 төгрөг болсон бөгөөд .....- сургуулийн зүгээс 29,184,376 төгрөг шилжүүлж, үлдэгдэл төгрөгөө төлөөгүй атлаа 83 цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Дулааны төлбөр 27,059,819 төгрөг гаргуулах тухайд, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно. 48.2-т Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээ нь манай компанийн буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан. Гэрээг цуцалснаас хойших авсан дулаан, халаалтын зөрүү манай компани төлөх үндэслэлгүй.

Фасадны ажлын материалын зөрүү төлбөр 23,083,850 төгрөг гаргуулах тухайд, .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зурагт фасадны дулаалгын материалыг ЕPS маркийн дулаалгын цагаан хавтангаар хийхээр тусгасан боловч захиалагчийн хүсэлтээр XPS маркийн дулаалгын ногоон хавтангаар хийж материалын үнийн зөрүү 23,083,850 төгрөг гарсныг 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлээр фасадны материалын үнийн зөрүү 23,083,850 төгрөгийг хүлээн зөвшөөрч манай компанид төлөхөөр тохиролцсоны дагуу шилжүүлсэн.

Дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг гаргуулах тухайд, .....- сургуулийн өргөтгөлийн барилга нь ажлын зургаар сэндвичэн буюу фермэн дээврийн технологитой байсан. Спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан дээврийн ажлын технологид өөрчлөлт орж 3 давхрын таазны хучилт дээр уур ус тусгаарлагч, 2 давхар хөөс нааж, дулаалгын керамзит асгаж, уклон гаргаж 7-9 см бетон цутгаад 2 үе хар цаас нааж гүйцэтгэн зурагт тусгаагүй нэмэлт ажил гарсан. Уг ажилд манай компани 68,604,466 төгрөгийн илүү ажлыг хийсэн. Манай компани .....- сургуультай батлагдсан зураг төслийг үндэслэн барилгыг бүхэлд нь 1,560,000 ам.доллароор барихаар тохирсон байхад батлагдсан зурагт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийсэн.

Техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1,401,628 төгрөг гаргуулах тухайд, Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барилгын техникийн давхрын ажлын нийт төсөв 17,989,664 төгрөгөөр тохиролцсон гэжээ. Барилгын ажлын явцад техникийн давхрын ажлыг .....- сургуультай 17,989,664 төгрөгөөр гүйцэтгэхийг зөвшөөрч, тохиролцсон нь үнэн боловч 5,297,322 төгрөг төлж үлдэх 12,692,342 төгрөгийг .....- сургууль төлөөгүй. .....- сургууль нь техникийн давхрыг цоолсныг засварлахад гарсан зардал нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Арматур төмрийн илүү төлсөн төлбөр 167,225,000 төгрөг гаргуулах тухайд, .....- сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилга барьж гүйцэтгэхдээ бараа материалыг манай компани гаргахаар тохиролцсон. Үүний дагуу барилгад ашигласан арматурыг тухайн үеийн зах зээлийн ханшаар чанартай арматур авч барилгыг барьж гүйцэтгэсэн. .....- сургууль нь арматурын төмрийн үнийн зөрүү нэхэмжлэх эрхгүй.

Цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг, усны төлбөр 3,732,861.38 төгрөг гаргуулах тухайд, Гэрээ хэрэгжих боломжгүй болсноос хойш манай компанийн зүгээс удаа дapaa уулзалт зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхийг хичээсэн боловч үр дүнд зарим ажлууд болоод сөрөг нэхэмжлэлд дурдсан цахилгаан болон усны төлбөрийг /6,7,8,9 сарын/ 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож, .....- сургуулиас манай компанид шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн. Гэтэл дахин ийм хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. .....- сургууль нь 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Голомт констракшн ХХК-тай гэрээ хийж ажлаа эхэлсэн тул тус компаниас нэхэмжлэх ёстой.

Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөг гаргуулах тухайд, Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-д заасан гэрээ хэрэгжих явцад хэрэгжүүлэх заалт бөгөөд гэрээний 10.2-т захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч талбайгаас бууж болохыг заасан. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдаж гүйцэтгэгч талбайгаас буусан тохиолдолд хэрэгжих үндэслэлгүй. 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр .....- сургууль нь Голомт констракшн ХХК-тай гэрээ хийсэн учир тус компаниас нэхэмжлэх нь зүйтэй.

Ажлын хөлсөнд илүү төлсөн 112,039,253 төгрөг гаргуулах тухайд, .....- сургуультай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хийсэн ажлын үнийн дүн нь 1,6 тэрбум гаруй төгрөг болно. Үүнийг шинжээч Ц.Оюунсайханы 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд тусгасан. .........-ХХК нь .....- сургуулиас ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөрийн авлагатай, иймд нэхэмжлэлийн шаардлага 596,937,740.08 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн агуулга:

.....- сургуулийн удирдлагын зүгээс гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөхгүй байх, бидний ажлыг өөр компанид өгөх, биднийг ажлын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргаж байсан. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр .....- сургуулийн удирдлагуудын зүгээс манай компанид спорт заалаа бариулахгүй болсон талаар хэлсэн бөгөөд Жигүүр гранд ХХК-ийн удирдлагуудын зүгээс эсэргүүцсэн болохоор энэ жилдээ барихаа болилоо гэсэн юм. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5 асуудал тодруулахаар 72 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч заасан хугацаанд хариу өгөөгүй учир 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 75 дугаар албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д заасны дагуу ажил зогсоож байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа дээврийн ажлын зураг болон барилгын ажлын зурагт өөрчлөлт орсон зураг ирсэн учир 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлсэн нь барилгын ажлын тэмдэглэлд тусгагдсан. Барилгын 4, 5 давхар буюу спорт заал баригдаагүй нь .....- сургуулийн удирдлагуудын зүгээс хийсэн үйлдэл буюу Жигүүр гранд ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлттэй холбоотой гэдгийг Эдшил ХХК-ийн захирал Ө.Ганболдын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид өгсөн мэдүүлгээр батлагдана.

Манай компани барилгын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлөөр тохирсон боловч манайд мэдэгдэхгүйгээр .....-ехник болон салхивчны ажлыг булаан авч, Явуу импекс ХХК, Универсум ХХК-д шилжүүлэн өгсөн нь гэрээний 1.2.10, 1.2.11, 1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болно. .....- сургууль 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаднаас заслын бригад оруулж манай компанийн 3 давхрын заслын ажлыг булаан авч өгсөн бөгөөд ажлаа өгөхгүй гэсний төлөө санхүүжилт өгөхгүй, хөөсөн учир тухайн өдөр 117 дугаар албан бичгээр санхүүжилт болон ажлаа 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах талаар хүсэлт хүргүүлсэн. Гэвч манай хүсэлтэд хариу өгөхгүй, гэрээгээ зөрчиж, санхүүжилт хоцроож байсан тул ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д захиалагчийн буруугаас цуцлах гэж зааснаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснийг хүлээн аваад 7 хоногийн дотор хариу өгөх ёстой боловч .....- сургуулийн захирал Д.Зургаанжин 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой утсаар мэдэгдэл хүлээн авлаа, гэрээ цуцалж байгааг мэдэгдье, маргаашаас танайхыг оруулахгүй учир маргаантай асуудал байвал хууль, шүүхээр явъя гэж хэлсэн. Голомт констракшн ХХК болон өөр барилгын бригад, хувь хүмүүсээр ажлаа хийж дуусгасан. .....- сургууль, Голомт констракшн ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг хуурамч гэрээ үйлдсэн гэж тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгасан. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудаст .....- сургууль, Голомт констракшн ХХК-ийн байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ барилгын ажлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа хэдий боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байх тул прокурорын тогтоолыг хэвээр үлдээж... гэжээ. Өөрөөр хэлбэл, Голомт констракшн ХХК тус өргөтгөлийн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар .....- сургуультай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 1 м.кв-ын үнэ 600 ам.доллар нийт үнэ нь 1,560,000 ам.доллар /1 ам.доллар =1,490 төгрөг/ байхаар тохиролцсон.

Гэрээгээр тохирсон ажил. Газар шорооны ажил 1,815 м.куб, үнэлгээ 7 ам.доллар нийт 12,709.20 ам.доллар, угсралтын ажил 2,016 м.кв, үнэлгээ 245 ам.доллар, нийт 493,920 ам.доллар, өрлөгийн ажил 2,016 м.кв, үнэлгээ 60 ам.доллар, нийт 120,960 ам.доллар, фасадны ажил 2,016 м.кв, үнэлгээ 40 ам.доллар, нийт 80,640 ам.доллар, дотор заслын ажил 2,016 м.кв үнэлгээ 99 ам.доллар, нийт 119,750 ам.доллар, хаалга /дээвэр/ 2,016 м.кв үнэлгээ 13 ам.доллар нийт 26,208 ам.доллар, цонхны ажил 2,016 м.кв үнэлгээ 18 ам.доллар нийт 23,587 ам.доллар, цахилгаан, холбоо, дохиоллын ажил 2,016 м.кв үнэлгээ 35 ам.доллар нийт 35,280 ам.доллар, бусад ажил /хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ/ 2,016 м.кв үнэлгээ 15 ам.доллар нийт 30,240 ам.доллар, нийт 2,016 үнэлгээ 532 ам.доллар нийт үнэ 943,294 ам.доллар болно. .....- сургуулиас нийт 1,199,008,574 төгрөгийн санхүүжилт авсан.

Гэрээнээс гадуур хийсэн нэмэлт ажил. Техникийн давхар 21.56 м.кв үнэлгээ 516 ам.доллар нийт дүн 16,576,190 төгрөг, хүзүүвч 17.52 м.кв үнэлгээ 516 ам.доллар ханш 1,490 төгрөг, нийт 13,470,076 төгрөг, хөөсөнцрийн зөрүү нийт 23,085,850 төгрөг, гараашийн шалны дулаалга 504 м.кв нийт 6,959,290 төгрөг, хавтгай дээвэр 504 м.кв нийт 68,604,466 төгрөг, пандусны ханын нэмэлт ажил нийт 4,445,105 төгрөг, гадна хаалганы зөрүү, нийт 30,156,300 төгрөг, парапедны өрлөг нийт 6,422,201 төгрөг, нийт 169,719,478 төгрөг болно.

.....- сургуулийн өргөтгөлийн барилгад оруулсан материалын тооцоо болох цемент 30,365,000 төгрөг, арматур 214,046,200 төгрөг, элс 7,696,000 төгрөг, хайрга 4,466,000 төгрөг, бетон зуурмаг 178,393,950 төгрөг, тоосго 22,983,500 төгрөг, блок 48,398,375 төгрөг, хөөс 64,584,200 төгрөг нийт 570,933,225 төгрөг болно. Мөн кассын зарлагын тооцоо 06 сард 206,042,867 төгрөг, 07 дугаар сард 133,498,508 төгрөг, 08 дугаар сард 212,914,787 төгрөг, 09 дүгээр сард 362,673,679 төгрөг, 10 дугаар сард 249,186,317 төгрөг, 11,12 дугаар сард 85,590,789 төгрөг, нийт 1,820,840,171 төгрөг байна. Манай компаниас .....- сургуулийн өргөтгөлийн барилгад зарцуулсан материал, ажлын хөлсний тооцоо 1,820,840,171 төгрөг болох тул алданги 190,426,073 төгрөгөөс татгалзаж, ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 265,440,654 төгрөгийг 185,680,039 төгрөгөөр нэмэгдүүлэн 451,120,693 төгрөг болгож байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 761,379,855 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 18, 2013 оны 11 дүгээр сарын 20, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс нийт 7,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ю Би пропертис ХХК-д төлсөн шинжээчийн зардал 1,370,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн зардал 2,500,000 төгрөг, нотариатын төлбөр 1,088,900 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст өгсний дараах 5 хувийн барьцаа төлбөр /1,199,007,774 төгрөг/ 63,105,672 төгрөг, нийт 75,064,572 төгрөгөөр нэмэгдүүлж 836,444.42 төгрөг нэхэмжилнэ. Ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг .....- сургуулиас гаргуулж .........-ХХК, ...... нарыг хохиролгүй болгож өгнө үү. 1,457,284,598 төгрөгөөс ...... нь Я.Цэвэлмаад төлсөн 5,000,000 төгрөг, Б.Ганболдод төлсөн 20,700,000 төгрөг, Газар партнерс ХХК-д төлсөн 12,272,800 төгрөг, Я.Цэвэлмаад төлсөн 12,200,000 төгрөг, Х.Баярбадрахад төлөх 646,400,000 төгрөг, нийт 696,572,800 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

4.    Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар татгалзлын агуулга:

Ажил гүйцэтгэх гэрээнд .....- сургууль 100 хувь санхүүжүүлнэ гэсэн заасан. .........-ХХК-аас ямар нэгэн үйлдэл хийсний дараа .....- сургууль төлбөр төлөх заалт байхгүй. Шүүхээс томилсон шинжээч .....- сургуулийн 3 давхар барилгыг барьж дууссан үед дүгнэлт гаргасан. .........-ХХК-ийн дутуу барьсан, буруу барьсан зүйлийг тооцоогүй, бариад дууссан барилгыг тооцоолсон. Энэ нь автомат программаар хийгддэг. Шинжээчийн дүгнэлт хариуцагчийн хийсэн ажлыг илүү өндөр үнээр гаргасан боловч энэ талаар маргаагүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ бүх зүйлсийн үнийг нэмэгдүүлж нэхэмжилсэн. Тухайлбал, 214,000,000 төгрөгөөр арматур авсан гэснийг хамгийн өндөр үнээр нь тооцоход 1 тонн нь 1,300,000 төгрөг, үүнийг 214,000,000 төгрөгт хуваахаар 160-170 тонн арматур болно, гэтэл өргөтгөлийн 5 давхар барилгад 100 тонн арматур орно, үлдсэн 60 илүү тонн хаана орсон нь мэдэгдэхгүй нэмсэн, ийм үндэслэлгүй зүйл нэхэмжилсэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 227.5, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар хариуцагч .........-ХХК-аас 202,130,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....- сургуульд олгож, үлдэх 394,806,766 төгрөг болон 1,457,284,598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,570,589 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1,168,604 төгрөгийг хариуцагч .........-ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч .....- сургуульд, хариуцагчийн 1,457,284,598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 7,444,372 төгрөг төлөхөөс төлсөн 814,073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6,630,300 төгрөгийг багасгаж, шинжээчийн зардал 1,400,000 төгрөгөөс нэхэмжлэгчээс 872,000 төгрөг, хариуцагчаас 528,000 төгрөг тус тус гаргуулан шинжээч Ү.Бандид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандахын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн ирж чадаагүй. Утсаар холбогдох болон нотлох баримт болох эмнэлгийн магадлагааг хүргүүлэх боломжгүй байсан. ...... өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй, шүүх өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь хангаагүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Шүүх талуудын өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүрэгтэй. Гэтэл мэтгэлцэх эрхээр хангаагүйд гомдолтой байна. Шүүх хэргийг хэлэлцэх явцдаа хариуцагч ......ийг шүүх хуралдааны танхимаас гарсны дараа нэхэмжлэгч талыг зөвшилцөх боломжоор хангая гэж хэлээд бичлэгээ унтраасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчсөн гэжээ.

 

7. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

1. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч А.Энхтөрөөс татгалзах тухай хүсэлт гаргасан боловч татгалзлыг хүлээн авахаас татгалзсан 184/Ш32022/03676 дугаар захирамжийг гаргасан боловч гомдол гаргах эрхээр хангаагүй. Уг захирамжид ...Хариуцагчийн төлөөлөгч ...... нь Иргэний хэрэг түүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-д заасан үндэслэлээр шүүгч, шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тухай бүр шийдвэрлэсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Ерөнхий шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад нэг үндэслэлээр шүүгч, бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт удаа дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл шүүгчийн захирамжид дурдсан шүүхийн тогтоол, Ерөнхий шүүгчийн захирамжид татгалзан гарах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин энэ тогтоол, захирамжаас хойш Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар магадлалаар Сонгинохайрхн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ, Б.Хишигбаатар, Ж.Лхагвасүрэн нарыг шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан Шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн, мөн шүүгч А.Энхтөрт холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, .....- сургуульд давуу байдал үүсгэсэн эсэх асуудлаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн хянагдаж байгаа талаар баримтууд шинээр гарсан байтал авч хэлэлцээгүй ба уг захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй.

2. Өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгч Ц.Нармандахын эрүүл мэнд муудаж эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдэж, өмгөөлөгч нартай шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нөгөө талаар давхацсан гэх хуралдаанд өмгөөлөгч Л.Намнансүрэн оролцсон эсэх нь тогтоогдсонгүй, хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгч Ц.Нармандахыг өвчтэй, эмнэлэгт хэвтсэн гэх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Гэтэл Л.Намнансүрэн өмгөөлөгч хүсэлтдээ хурал давхацсан үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлт гаргахдаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн сайтаас авсан хурлын товыг хавсаргаж өгсөн ба харин Ц.Нармандах өмгөөлөгч тухайн үед бие нь муу, түргэнээр эмнэлэгт очсон болон өмгөөлөгч өөрөө хүсэлт болон мессеж бичих боломжгүй бие нь муу байгаа талаар өмгөөлөгчийн нөхөр мессежээр мэдэгдэж, уг мессежний зургийг хавсаргаж өгсөн. Энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн.

3. Мэтгэлцэх зарчмыг хангаагүй. .....- сургууль нь 6 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа ба 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд бүгд оролцсон боловч манай 2 өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт гаргаж нотлох баримтыг ирүүлсэн байхад анхан шатны шүүх манай компани болон иргэн миний өмгөөлүүлэх эрхээр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх заалтыг зөрчсөн. Гэтэл хариуцагчийг гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр завсарлаж, бичлэг унтраасан нь анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нөлөөлөлд орсон байх магадлалтай гэж хардаж байгаа учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. .....- сургуулийн нэхэмжлэлтэй, .........-ХХК болон ...... нарт холбогдох иргэний хэрэгтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээний асуудлыг эрүүгийн журмаар 5 хэрэг бүртгэлийн хэрэг шалгагдаж байгаа. Эдгээр нь холбоотой юм. Өөрөөр хэлбэл .....- сургуулийн захирал Д.Зургаанжин нь намайг эрүүгийн гурван ЗОХИОМОЛ хэрэгт гүтгэн, хууль хяналтын байгууллагаар 2365 хоног яллагдагч, шүүгдэгч нэртэйгээр шалгуулж байхад надад Манай компани энэ өргөтгөлийн барилгыг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан учраас улсын комиссын бүрэлдэхүүнд орж, уг барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө. Тэр үед ямар нэгэн байдлаар .....- сургуулийн удирдлагуудтай эвлэрнэ. Эвлэрвэл энэ бүх маргаан эцэслэн дуусна гэсэн итгэл үнэмшил байсан юм. Гэтэл энэ итгэл үнэмшлийг .....- сургуулийн захирал Д.Зургаанжин эвдэж Голомт констракшн ХХК, Эдшил ХХК-тай хуурамч гэрээ, дотор цахилгааны тусгай зөвшөөрөлгүй Монхор ус электрик ХХК-тай гэрээ хийж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн манай компанийн баримт бичиг, эд зүйлийг ашиглаж, Голомт констракшн ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, .........-ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч байсныг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл найдварыг урвуулан ашигласан.

Манай компанийн .....- сургуультай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг өргөтгөлийн барилгад оруулсан ажлын хөлс, материалын зардал 1,651,120,693 төгрөг, гэрээнээс гадуур хийсэн нэмэлт ажил 169,719,478 төгрөг, нийт зардал /санхүүгийн баримтаар/ 1,820,840,171 төгрөг болсон бөгөөд үүнээс .....- сургуулиас 1,199,496,000 төгрөг авсан бөгөөд нийт 621,344,171 төгрөгийн бодит хохирол уг эрүүгийн хэргийн улмаас хохирсон гэж манай компанийн зүгээс үзэж, эрүүгийн журмаар нэхэмжилж байгаа болно. Энэ хэрэг бүртгэлийн хэрэгт .........-ХХК-ийн захирал ......ийг хохирогчоор тогтоосон төдийгүй 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/542 тоот хариу мэдэгдэх хуудас болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 26/3769 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн юм. Мөн Авлигатай тэмцэх газар шалгагдаж буй .....- сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын гишүүдэд холбогдох 170200036 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй 200901436 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон тус тус шалгагдаж байгаа болно. Эдгээр гурван хэрэг бүртгэлийн хэрэг .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бөгөөд энэ иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 451,120,693 төгрөг, нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохиролд 836,444,427 төгрөг, нийт 1,4587,284,598 төгрөг бөгөөд эрүүгийн хэрэгт хуурамч гэрээнүүдийг үйлдэж үлдэгдэл төлбөр 451,120,693 төгрөг, нэмэлт ажлын хөлс 169,719,478 төгрөг өгөхгүй хохироосон. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШТ2020/00286 дугаар тогтоол гарснаас хойш Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй Эрүүгийн хэрэг бүртгэлийн 180904890 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба 621,344,171 төгрөгийн хохирол нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байхад шүүгч А.Энхтөр нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай 184/11132021/05243 дугаар захирамж гаргахдаа тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШТ2020/00286 дугаар тогтоолыг үндэслэж, манай гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь үндэслэлгүй байсан учраас Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Мөн .....- сургуулийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудын манай компанийг ажил хаяж явсан, гэрээгээ цуцалсан, манай буруугаас спорт заал баригдаагүй, доголдолтой ажлыг Голомт констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн, чанар муутай барилга барьснаас үүдсэн хохирол зэрэг үндэслэлүүдийг .....- сургуулийн захирал Д.Зургаанжинд холбогдох хэрэг бүртгэлийн 200901436 дугаартай хэрэгт шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хэрэгт мөн иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон баримтуудыг нотлох баримтаар өгсөн байхад анхан шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчмаа баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 6 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний дараа энэ иргэний хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Өмнө нь энэ хэрэг Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байхад 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хууль бусаар хуралдаж, .....- сургуульд давуу байдал үүсгэсэн шийдвэр гаргасныг .....- сургуулийн удирдлага, өмгөөлөгч нар захирал ......т холбогдох эрүүгийн журмаар шалгагдаж буй хэргүүдэд нотлох баримтаар өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч, манай компанийг буруутай мэтээр зарлаж байсан. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Одоогийн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад .....- сургуулийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй .....- сургуулийн өргөтгөлийн барилгын Улсын комиссын 2016/340 тоот акттай холбоотой захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 740 дугаартай тогтоолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт, Сүхбаатар Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй хэрэг бүртгэлийн хэргийн хаах зэргээр энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг ашиглаж байна.

5. Шүүх ... Хариуцагч нь тайлбар болон 13/72 дугаар албан бичигт .....- сургуулийн захирал Д.Зургаанжин өргөтгөлийн барилгыг 4-5 давхрын ажил гүйцэтгэхийг зогсоосон.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.Зургаанжинг хохирогчоор байцаасан тэмдэглэлд ... манай зүгээс зоорийн давхрын дутуу цутгасан баганыг нөхөж цутгасан боловч техникийн шаардлага хангахгүй гэж үзсэн учраас заал бариулаагүй, үүнийгээ Жигүүр гранд ХХК-ийн захирал дургүйцэж байна гээд орхисон юм. н.Баттөр уулзахаар нь зөвшөөрөлтэй гэдгээ хэлж байсан, тэрнээс болж бариулахаа зогсоогоогүй гэх мэдүүлэг болон гэрээний 10.2-д зааснаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна гэжээ.

Бодит байдалд .....- сургуулийн удирдлагууд 2013 оны 07дугаар сарын 24-ний өдөр Жигуур гранд ХХК-ийн захирал н.Баттөр өндөр байшин бариулахыг эсэргүүцээд байна. Иймд 4, 5 дугаар давхраа бариулахаа болилоо гэж бидэнд мэдэгдсэн. .....- сургуулийн өргөтгөлийн барилгын 4,5 давхар нь спорт заал байсан. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 72 тоот албан бичиг /2хх-77 хуудас/-ээр 5 асуудлыг тодруулахыг хүссэн. Гэвч заасан хугацаанд хариу өгөөгүй учир 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 75 тоот албан бичиг, ажил гүйцэтгэх гэрээний 10.2-д заасны дагуу ажил зогсоож байгааг мэдэгдсэн. Үүний дараа дээврийн ажлын зураг болон барилгын ажлын зурагт өөрчлөлт орсон зураг ирсэн учир 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлсэн талаар Барилгын ажлын тэмдэглэлд тусгагдсан.

6. Шүүх Зохигчдын гэрээ цуцалсан талаарх тайлбар, түүнийг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэх судалж, дотоод итгэл үнэмшлээр үнэлэн хариуцагч .........-ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж дүгнэлээ гэжээ. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөрчөөгүй бөгөөд гэрээ цуцлаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

7. Шүүх Гүйцэтгэгч буюу хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаар захиалагч буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 225, 226, 352, 355 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхтэй гэжээ. Бодит байдалд: Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдана зааснаар шаардлага гаргах эрх байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, .....- сургуулийн захирал Д.Зургаанжин болон .....- сургуулийн өмгөөлөгч нар ажлаа хүлээж аваагүй, авах шаардлага байгаагүй талаар эрүүгийн болон иргэний шүүх хуралдаануудад удаа дараалан мэдүүлсэн.

8. Шүүх Нэхэмжлэгч нь аваарын шатны зардал 46,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч төлбөрийн даалгавраар 45,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул 45,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэжээ.

Бодит байдалд Манай компани .....- сургуулийн өргөтгөлийн барилгын гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн тохиолдолд өөрөөр хэлбэл, спорт заалыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн тохиолдолд аваарын шат хийгдэж, бид энэхүү ажлын материалын болон ажлын хөлсийг тооцон нэхэмжлэн авч, .....- сургуульд хүлээлгэн өгөх байсан боловч гэрээ цуцалснаас үүдэн энэхүү ажил хийж гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлээс харахад манай компани ажлын хөлсийг .....- сургуулиас аваагүй, нэхэмжилсэн боловч санхүүжилт өгөөгүй болно.

9. Шүүх ....хариуцагч гэрээ цуцалж, спорт заал баригдаагүйгээс нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний дагуу төлсөн 17,640,000 төгрөгийг гэрээ цуцалснаас учирсан шууд хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэстэй, мөн .....- сургууль автобусны түрээсийн төлбөр шилжүүлсэн болох нь баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар 5,400,000 төгрөг шаардах эрхтэй гэжээ. Спорт заал баригдахгүй болсон асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд үүнээс үүдэж Захиалагч тал өөр байгууллагын заал түрээслэх, спорт зааланд очиход хөлсөлсөн унааны зардал нь тухайн байгууллагын дотоод асуудал тул спорт заалны түрээсийн төлбөр 17,640,000 төгрөг, автобусны түрээсийн төлбөр 5,400,000 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй.

10. Цонх дутуу хийснээр нэхэмжлэгч бусдаар цонх хийлгүүлж илүү зардал гаргасан нь тогтоогдож байх тул 16,340,556.7 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Анжел стар ХХК-тай хийсэн цонхны гэрээний дагуу бүх цонх хийгдэж, 52 цонх суулгаж байтал .....- сургуулиас дур мэдэн Суприм виндоү ХХК-аар хийлгэнэ гэж үлдсэн 31 цонхыг хийлгээгүй. Манай компанийн хийж гүйцэтгэсэн 52 ширхэг цонхны үнэ 36,000,000 төгрөг болсон бөгөөд шинжээч Ц.Оюунсайхан дүгнэлтдээ тодорхой тусгасан байдаг. .....- сургуулийн зүгээс 29,184,376 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байж бидний хийж гүйцэтгээгүй, мөнгийг нь аваагүй 83 цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр бичиж Суприм виндоү ХХК-аар дахин 31 цонхны мөнгө төлсөн хэмээн 16,340,556,7 төгрөг төлөхөөр гаргасан нь үндэслэлгүй байна.

11. Шүүх ... Баримтаас харахад талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж байсан. Нэхэмжлэгч нь дулааны төлбөрт 2013 оны 10 дугаар сард 434,364 төгрөг, 2013 оны 11 дүгээр сард 831,752 төгрөг төлснийг гэрээний 9.2.3-т зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасан Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно. Мөн хуулийн 48-р зүйлийн 2-т заасан Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, Улсын комисст өгөөгүй байж, 2014 оны 09 дүгээр сараас эхлэн хүүхдүүд сургаж ашиглаж байсныг НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Цэнгэл, А.Цэцэгмаа нар тогтоож, Барилгын ашиглалтыг зогсоох актыг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тавьсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь манай компанийн буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тухайн барилгад авсан дулаан халаалтын зөрүү манай компани төлөх эрх зүйн үндэслэлгүй.

12. Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сард 456,507 төгрөг, 11 дүгээр сард 566,383 төгрөг, нийт 1,023,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсоныг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Цахилгаан болон усны төлбөрийг 6,7,8,9 сарын төлбөрийг нэг сарын 1,000,000 төгрөг, 7, 10 дугаар сарын ус цахилгааны төлбөрийг авахгүй байхаар 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож .....- сургуулиас манай компанид шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэлцэл өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байтал цахилгааны төлбөрт 1,332,009 төгрөг, усны төлбөрт 1,023,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй.

13. Шүүх нэхэмжлэгчээс 2013 оны 10,11 дүгээр сарын хамгаалалтын төлбөрт төлсөн 2,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.5-д гэрээ хэрэгжих явцад хэрэгжүүлэх заалт байгаа бөгөөд гэрээний 10.2-т зааснаар захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч талбайгаас бууж болохыг заасан байна. .....- сургуулийн зүгээс гэрээ цуцалсан учраас гүйцэтгэгч талбайгаас буусан тохиолдолд гэрээний 3.3.5 хэрэгжих үндэслэлгүй. Мөн .....- сургуулийн зүгээс Хар сүлд бамбай ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан нь гэрээ цуцлах санаа зорилготой байсан нь тодорхой байна.

14. Шүүх ... Талуудын тайлбар, түүнийг нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтээр ажлын хөлс илүү төлсөн гэж үзэн хариуцагчаас илүү төлсөн 112,039,253 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн. 2013 оны барилгын норм дүрмээр гаргасан Ү.Банди шинжээч дүгнэлтээ гаргасан гэдэг боловч өөрөө шинжилгээ хийлгүйгээр .....- сургуулийн гаргаж өгсөн төсөвчин Ж.Лхагвасүрэнгийн төсвийг үндэслэж, дүгнэлтээ гаргасан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн магадлалд анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар зохигчдын хүсэлтийг үндэслэн Барилгын салбарын зөвлөх эдийн засагч Ү.Бандийг шинжээчээр томилсон байна. Уг шинжээчийн талаар хариуцагч маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх дахин шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байна тус тус заасны дагуу

дахин эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх үүргээ хэрэгжүүлээгүй, уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүх дахин шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. .........-ХХК-ийн .....- сургуультай байгуулсан гэрээ бол Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийг үндэслэн байгуулж, 344 дүгээр зүйлд зааснаар үнэ хөлсөө тохирсон юм. Өөрөөр хэлбэл, 1 м.кв-ыг 600 ам.доллароор тохиролцсоныг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх ерөнхий гэрээнээс харагдана. .....- сургуулийн өргөтгөлийн барилгад манай компанийн гаргасан зардал бол 1,820,840,171 төгрөг бөгөөд үүнээс 1,199,007,774 7 төгрөгийг авсан юм. Иймд .....- сургуулийн нэхэмжилж буй ажлын хөлсөнд илүү төлсөн 112,039,253 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй.

15. Шүүх .........-ХХК-ийг гэрээг цуцалсан гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/00785 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралтай тул шүүх хуралд оролцох боломжгүй, хойшлуулах хүсэлтийг бичгээр өгсөн. Уг хүсэлтдээ Ц.Бадамд холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь тус шүүхэд 2 дахь удаагаа хойшлогдож товлогдсон бөгөөд миний бие давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох талаар тодорхой тайлбарласан.

Мөн хүсэлтдээ товлогдсон хуралд өмгөөлөгч миний бие биечлэн оролцож тайлбар хийх нотлох баримт шинжлэн судлуулах, асуулт асуух зэргээр өмгөөлөгчийн чиг үүргээ биечлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн. Тус өдрийн шүүх хурлын тэмдэглэлд өмгөөлөгчөөс дээрх хүсэлтийг гарган бичгээр холбогдох баримтын хамт ирүүлсэн байгаа талаар хурлын нарийн бичгээс мэдэгдэж, тайлбарласан, энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Гэтэл өмгөөлөгч миний хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй байх бөгөөд улмаар өмгөөлөгчийг шүүх хуралд биечлэн оролцох, тайлбар дүгнэлт хийх, асуулт асуух, нотлох баримт шинжлэн судлуулах, мэтгэлцэх зэрэг бүх эрхийг минь ноцтойгоор хязгаарлаж зөрчсөн байгаад үнэхээр гомдолтой байна. Хэргийн оролцогчийн нэг талд нь 6 өмгөөлөгч байгааг мэдсээр байж эрх тэгш мэтгэлцүүлэх боломжоор хангахгүйгээр асуудалд шударга бусаар хандаж, дээрх байдлаар шийдвэрлэж шүүх хурлыг явуулсан нь өмгөөлөгч миний хуулиар олгогдсон эрхийг болон хариуцагчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн давхар давхар зөрчсөн үр дагавруудыг үүсгэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдсэн талаар шүүхэд мэдэгдсэн байхад шүүгч А.Энхтөр нь захирамждаа өмгөөлөгч Ц.Нармандахыг өвчтэй эмнэлэгт хэвтсэн гэх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж үзэхгүй гэх хүнлэг бус шүүгч хүнд байж боломгүй тайлбарыг хийж, өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулах, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн байна. Хэргийн оролцогч нарт болон хүний амьдралд гэнэтийн байдлаар амь нас, эрүүл мэндэд нь ямар ч асуудал шууд тулгарахыг урьдчилан мэдэх аргагүй бөгөөд ийм нөхцөлд тухайн хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлэхээс өөр аргагүй юм. Ийм нөхцөл байдал үүссэн талаар Ц.Нармандах өмгөөлөгчийн гэр бүлийн хүн шүүгчийн туслахад мэдэгдсэн, мөн өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгч рүүгээ явуулсан мэссэжийг шүүхэд гарган үзүүлж хангалттай илэрхийлсэн байхад хүнлэг бусаар шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан хэргийн оролцогч болон өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-д заасан үндэслэлээр тус шүүхийн бүх шүүгч болон шүүгч А.Энхтөрөөс татгалзсан хүсэлтээ гаргасан байна. Гэтэл шүүгч А.Энхтөр нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан 184/Ш32022/03676 дугаартай захирамжийг гаргасан байна. Уг захирамжид ....Хариуцагчийн төлөөлөгч ...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-д заасан үндэслэлээр шүүгч, шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тухай бүр шийдвэрлэсэн. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Ерөнхий шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад нэг үндэслэлээр шүүгч. бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт удаа дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ, гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч нь уг өдөр гаргасан хүсэлтийн үндэслэлдээ Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ, Б.Хишигбаатар, Ж.Лхагвасүрэн нарыг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх гэж байсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөрт холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, .....- сургуульд давуу байдал үүсгэсэн эсэх асуудлаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн хянагдаж байгаа талаар баримтууд шинээр гаргаж өгсөн байтал нэг үндэслэлээр шүүгч, бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт удаа дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ гэж тайлбарлан өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж хариуцагчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй ноцтой зөрчлийг гаргасан.

Түүнчлэн, уг хууль бус захирамжид хариуцагч тал гомдол гаргах эрхийг хангаагүй.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Тус шүүхэд хянан хэлэлцэж байгаа уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдал үүссэн, энэ тухай хариуцагч талаас хүсэлтээ өгч ирсэн байдаг бөгөөд үүнийг нотлон илэрхийлсэн баримтаа шинээр бий болох бүрт шүүхэд гаргаж өгсөөр ирсэн. Шүүх дээрх байдлаар хариуцагчийн болон өмгөөлөгч нарын хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхүүдийг ноцтойгоор зөрчөөгүй бол энэ талаар тал бүрээс нь бүрэн дүүрэн мэтгэлцэж, нотлох баримтуудаа шинжлэн судлуулж, тайлбар дүгнэлт хийх байсан. Мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчсөнөөс энэ талаар талуудын мэтгэлцэх боломж хангагдаагүй, улмаар шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй орхисон. Тухайлбал, уг маргаан бүхий гэрээний үйл баримттай шууд холбоотой эрүүгийн журмаар шалгагдаж байгаа 5-н Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгагдаж байгаа юм. Үүнд: .....- сургуулийн захирал Д.Зургаанжингээс уг маргаан бүхий гэрээний тодорхой ажлыг хийж гүйцэтгүүлсэн нэрийн дор Голомт констракшн ХХК, Эдшил ХХК-тай хуурамч гэрээ дотор цахилгааны тусгай зөвшөөрөлгүй Монхорус электрик ХХК-тай гэрээнүүдийг хийсэн гэх байдлаар Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн .........-ХХК-ийн баримт бичиг, эд зүйлийг хууль бусаар ашиглаж, Голомт констракшн ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, .........-ХХК ерөнхий гүйцэтгэгч байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж .........-ХХК-д нийт 621,344,171 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа ба энэ хохирлын асуудал тус иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлд давхардсан байдлаар тодорхойлогдсон.

Энэ эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт .........-ХХК-ийн захирал ......ийг хохирогчоор тогтоосон, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/542 хариу мэдэгдэх хуудас болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 26ИА2/3769 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн, энэ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй .....- сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын гишүүдэд холбогдох 170200036 дугаартай Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт хариуцагч талыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй 200901436 дугаар хэрэг бүртгэлийн хэрэгт мөн л хариуцагч талыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон тус тус Эрүүгийн журмаар шалгагдаж, эдгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тодорхой үйл баримтууд нь иргэний хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй дүгнэлт хийхээр, энэ нь иргэний хэргийн тухайлсан үйл баримтуудад дүгнэлт хийхэд шууд нөлөөлөхөөр байхад шүүх дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн байна. Энэ байдлаас үүдэлтэйгээр анхан шатны шүүхийн талуудын хооронд маргаж байгаа зүйлийн талаар дүгнэлт хийгээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх зүй ёсны шаардлага бий болсон.

Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШТ2020/00286 дугаар тогтоол гарснаас хойш Сүхбаатар Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй Эрүүгийн хэрэг бүртгэлийн 180904890 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг ба иргэний хэрэгт нэхэмжилж буй нийт 621,344,171 төгрөгийн хохирол нь хянагдаж буй .....- сургуулийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талаас хамтад нь болон 13/72 дугаар албан бичигтээ .....- сургуулийн захирал Д.Зургаанжин өргөтгөлийн барилгын 4-5 давхрын ажил гүйцэтгэхийг зогсоосон гэжээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 02-р сарын 18-ны өдөр Д.Зургаанжинг хохирогчоор байцаасан тэмдэглэлд ... манай зүгээс зоорийн давхрын дутуу цутгасан баганыг нөхөж цутгасан боловч техникийн шаардлага хангахгүй гэж үзсэн учраас заал бариулаагүй, үүнийгээ Жигүүр гранд ХХК-аас эсэргүүцсэн гэж хэлсэн. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, эдгээр баримтуудын талаар мөн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн .........-ХХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй ба нэхэмжлэгч .....- сургуулийн зүгээс гэрээний уургийн зөрчлүүдийг удаа дараалан гаргаж, спорт заал бариулаагүй шалтгаан нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шууд хамааралтай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Мөн .....- сургуулийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудын гол үндэслэл болон сөрөг шаардлагын үндэслэлүүд, түүнчлэн, маргааны гол үйл баримт болох гэрээний аль талаас ямар үндэслэлээр маргаан бүхий гэрээг цуцалсан болохыг тодорхойлох үйл баримтын талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн гэх гомдлыг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байхад энэ үйл баримтын талаар шүүх шууд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талыг ажил хаяж явсан, гэрээгээ цуцалсан, хариуцагч талын буруугаас болж спорт заал баригдаагүй, доголдолтой ажлыг Голомт констракшн ХХК хийж гүйцэтгэсэн, чанар муутай барилга барьсан гэх шалтгаанаас үүдэлтэйгээр хохирол учирсан, ажлыг дутуу хийж хаяж явсан зэрэг үйл баримтуудын талаар хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч .....- сургуулийн захирал Д.Зүргаанжинд холбогдуулан хэрэг бүртгэлийн 200901436 дугаартай хэргийг нээсэн. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан байхад уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийн шүүгч дүгнэсэн. Иймд шүүх хариуцагчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 5 жил гаруй хугацаанд хариуцагч талаас болж удаа шүүх хурал хойшилж байсан. Хариуцагчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн татгалзал болон түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримт болон .....- сургуулийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн татгалзал няцаагдана. .........-ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд .....- сургуулиас төлсөн хөлс 1,199,007,774 төгрөг төлсөн. Түүний гүйцэтгэсэн ажлыг шинжээч нар 981,834,121 төгрөг болон 1,043,526,082 төгрөг гэж тогтоосон. Ажлын хөлсөнд 217,173,653 төгрөг, 155,481,692 төгрөг илүү төлсөн. Хариуцагч 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хийсэн гүйцэтгэсэн. Энэ ажил гүйцэтгэх явцдаа дараах үүргийн зөрчлийг гаргаж байсан. Үүнд:

1. Тусгай зөвшөөрөлгүй этгээд ажиллуулсан. Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй Түмэн бүлтэн ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ба үүнийг захиалагч хожим мэдсэн. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний 3.1.1, 3.1.2-т заасан Барилгын тухай (2008 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Барилгын тухай (2016 оны) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.3-т заасныг зөрчсөн. Суурийн нэг баганын цутгалтыг бүрэн гүйцэд, БНБД болон батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан.

2. Ажил гүйцэтгэх хугацааг удаа дараа зөрчсөн. Ажил гүйцэтгэгч нь барилгын ажил хэвийн үргэлжилж байх явцад Үндэсний их баярын дараа 7 хоног, 2013 оны 08 дугаар сард 10 хоног, Барилгачдын баяраар 7 хоног, нийт 24 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хаяж үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн.

3. Мэргэжлийн боловсон хүчин ажиллуулаагүй. Ажил гүйцэтгэгчийн зүгээс барилгын ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа ерөнхий инженер ажиллуулаагүй байдаг бөгөөд захиалагчийн зүгээс ахлах инженер ажиллуулахыг удаа дараа шаардаж байсан боловч ажиллуулалгүй явсаар гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Барилгын талбайд ахлах инженер ажиллуулаагүй нь ажил гүйцэтгэх гэрээний 3.1.2-т заасныг зөрчсөн.

4. Гүйцэтгэлийн акт, тайлан гэх мэт холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй тухайд

Барилгын ажил болон түүний явцтай холбоотой хийгдсэн болон хийгдэж байгаа ажлын явц, үр дүн, хийгдэхээр төлөвлөж байгаа ажил зэргийг дэлгэрэнгүй тусгасан тайлан, итгэлийг захиалагчийн хүссэн хэлбэр журмаар хүргүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.19-т заасныг зөрчсөн. Гүйцэтгэгчээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж барилгын ажилтай холбогдох актыг өгөлгүйгээр дарамт шахалт үзүүлж, мөнгө нэмж авсан нь бидний хооронд хийгдсэн 2 удаагийн хэлцлийн агуулгаас тодорхой харагдана.

5. Доголдолтой ажил хийж гүйцэтгэж байсан тухайд. Барилгын ажлыг мэргэжлийн ур чадвар муутай, туршлагагүй ажилтнуудаар хийж гүйцэтгүүлсэн, ажил гүйцэтгэх хугацааг удаа дараа зөрчиж байсан, өөр ажил давхар хийж байсан зэргээс шалтгаалан ажил доголдолтой хийгдэж байсан нь ажил гүйцэтгэх гэрээний 3.1.1, БНбДүрмийг зөрчсөн.

6. .........-ХХК нь .....- сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлын ажлын төсөв үндэслэлгүй өндөр тогтоосон тухайд, .........-ХХК нь .....- сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг 1 м.кв талбайг 600 ам.доллар (894,000 төгрөг) буюу 2601.06 м.кв талбайг 1,560,000 ам.доллароор хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээний төсөв зохиосон нь үндэслэлгүй тогтоосон өндөр үнэлгээ юм. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай 136 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын А хэсгийн 4 болон 6 дахь хэсэг спорт заал болон сургуулийн барилгын ажлын жишиг үнийг баталсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч .....- сургуулийн хүлээсэн үндсэн үүрэг нь гэрээгээр тохиролцсон хэсгийг тогтоосон нөхцөл, журмын дагуу төлөх бөгөөд уг үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн. Тухайлбал, гэрээ байгуулагдсаны дараа өдөр (2013.06.06) ажил гүйцэтгэх гэрээний нийтлэг зохицуулалтын 5 дугаар зүйл, 9.2.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилгаа болох 100,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1-д заасны дагуу ажлыг зохих үе шаттайгаар гүйцэтгэсний дараа гэрээний санхүүжилтийг төлөх зарчмыг баримтлахаар тохиролцсон хэдий ч гүйцэтгэгч .........-ХХК-аас мөнгө өгөхийг удаа дараа шаардаж, хэрэв мөнгө өгөхгүй бол ажлаа цаашид үргэлжүүлэх боломжгүй гэж зүй бус шаардлага тавьж байсан учраас төлбөрийг ажлыг хүлээн авсны дараа бус, урьдчилж өгсөн. Захиалагчаас 12 удаа нийт 1,199,007,774 төгрөг төлсөн.

Гэрээ цуцалсан тухайд, .....- сургуулиас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь гүйцэтгэж байсан. Харин .........-ХХК-аас удаа дараа гэрээний үүргээ зөрчиж байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл өгч, хууль бусаар илүү мөнгө шаардаж улмаар ажил хаяж явсан. .........-ХХК-аас ажил хаяж явсан учир түүний дутуу, доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг 3 орчим жилийн хугацаанд .....- сургуулийн зүгээс өөрийн зардлаар гуравдагч этгээдээр доголдлыг засуулж, дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхийг зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч .....- сургууль нь хариуцагч .........-ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцал.....-ай холбоотой хохирол 596,937,740.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаж, ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 451,120,693 төгрөг, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг, гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг нийт 1,457,284,598 төгрөгийг шаардаж маргажээ.

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин гэрээг цуцалсанд хэн нь буруутай болох, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэмэлт ажил хийгдсэн эсэх, ажлын хөлс илүү, дутуу төлөгдсөн эсэх, хохирол шаардах эрхтэй эсэх талаар тус тус маргасан байна.

4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч талаас татгалзал, түүний үндэслэлийг болон сөрөг шаардлага, түүний үндэслэлийг тус тус нотлох үүрэгтэй бөгөөд уг зорилгоор хэрэгт бичмэл нотлох баримтууд, шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүд, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтын талаар заасан боловч зохигчдын шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй.

 

Тухайлбал, анхан шатны шүүх Д.Зургаанжингийн цагдаагийн байгууллагад хохирогчоор байцаагдсан тэмдэглэлд тусгагдсан мэдүүлгийг бусад нотлох баримтаас илүү хүчин чадалтай гэж үзсэн үндэслэлээ заагаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Ууганбаяр, Д.Мэндсайхан, Б.Батсүх нарын мэдүүлэг, шинжээч А.Уранчимэг, А.Энхчимэг, Ү.Банди нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтыг үнэлээгүй орхисон зэргээр нотлох баримт үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж өөрийн дүгнэлтийг хийх эрхтэй боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасныг дараах байдлаар зөрчсөн тул уг зөрчил бүхий ажиллагаанд үндэслэсэн шүүхийн дүгнэлт хууль ёсны байх боломжгүй юм.

 

5.1. Хариуцагчийн төлөөлөгч ...... нь уг барилгын ажлын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн А.Ариунболд, зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж байсан Б.Эрдэнэболд, түүнчлэн барилгын ажилд байнга хяналт тавьж байсан гэх З.Энхмөнх нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2021/02202 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. (10хх-ийн 93, 164)

 

Талуудын маргааны зүйл нь ажлын үр дүн доголдолтой эсэх, спорт заал баригдаагүй нь хариуцагчийн буруугаас шалтгаалсан эсэх, гүйцэтгэсэн ажлын хувь, хэмжээний талаар байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг тодруулахад захиалагчийн болон зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байхад гэрчээс мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт бүрдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийг байцаасан тэмдэглэлүүд авагдсан байх боловч энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтад хамаарахгүйгээс гадна иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг шүүх анхаараагүй байна. (8 хх-ийн 117-125, 139-156)

 

5.2 Мөн хариуцагчийн төлөөлөгч ...... 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13/02 дугаартай Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг бүтнээр нь .....- сургуулиас гаргуулах хүсэлт гаргасан ба шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2021/05120 дугаар захирамжаар эсрэг талаас нотлох баримт албадан гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. (10хх-ийн 232, 243)

 

Хариуцагч талаас гаргасан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд 1 м.кв барилгажих талбайн үнэ 602 ам.доллар гэж заасан бол 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд 1 м.кв барилгажих талбайн үнийг заагаагүй байх бөгөөд талууд ажлын хөлсний хэмжээг тохиролцож тодорхойлсон эсэх талаар маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргахдаа ...хариуцагчийн хүсэлтэд дурдсан ажил гүйцэтгэх гэрээ нь 1 дүгээр хавтаст хэргийн 17-30 дугаар талд авагдсан... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгчийн дээрх захирамжид ..нэхэмжлэгчид уг гэрээ байгаа эсэх нь тогтоогдсон тохиолдолд нотлох баримтыг албадан гаргуулдаг... гэж ойлгомжгүй дүгнэсэн, нэхэмжлэгч талаас энэ талаар тодруулсан гэх байдал тодорхой бус үлджээ.

 

Хариуцагч талаас бичмэл нотлох баримтаар гаргасан энэ гэрээний зарим хэсэг дутуу байгаа тохиолдолд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүйгээс гадна талууд энэ гэрээний талаар хангалттай мэтгэлцээгүй байна.

 

5.3 Түүнчлэн, .....- сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зураг өөрчлөгдсөн эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд өөр тайлбар гаргасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө эсхүл гэрээг цуцалсны дараа барилгын ажлын зураг өөрчлөгдсөн эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. (12хх-ийн 94)

 

Талууд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувь, хэмжээний талаар болон нэмэлт ажил хийсэн талаар маргаж байгаа тохиолдолд .....- сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын экспертизээр батлагдсан ажлын зурагт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийсэн эсэхийг дүгнэх шаардлагатай болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

6.    Давж заалдах гомдлын талаар

6.1 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын 1-д заасан шүүх мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээр хангаагүй, талаар мөн гомдлын 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14-т тус тус заасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг-ийн талаар тус тус давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно. Мөн хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт улсын тэмдэгтийн хураамж төлж давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдлын 15-д заасан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

6.2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хэргийн материалтай танилцах, шүүгч, шүүгч нараас татгалзах, шүүгчийн захирамжид гомдол гаргах, нотлох баримт бүрдүүлэх, хэргийг түдгэлзүүлэх, шүүх хуралдаан давхацсан болон эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах зэрэг хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан бөгөөд тэдгээрт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, дахин шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй үзэж, нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Өмнө нь өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, өмгөөлөгч Ц.Нармандах хэргийн материалтай танилцах, эрүүл мэндийн шалтгаанаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.

 

Иймд хариуцагч .........-ХХК, өмгөөлөгч Ц.Нармандах, Л.Намнансүрэн нарын гаргасан өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэсэн гомдол үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүйг дурдаж байна.

 

6.3 Дээр дурдсанчлан .....- сургууль, .........-ХХК гэсэн 2 хуулийн этгээдийн хоорондын маргааны зүйл нь гэрээг цуцалсанд хэн нь буруутай болох, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэмэлт ажил хийгдсэн эсэх, ажлын хөлс илүү, дутуу төлөгдсөн эсэх, хохирол шаардах эрхтэй эсэх талаар байна.

 

Ийм учраас 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цуцалснаас хойш болж өрнөсөн Д.Зургаанжин, А.Ариунболд нар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, Д.Зургаанжин худал мэдүүлэг өгсөн, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэрэг асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь .....- сургуулийн нэхэмжлэлтэй .........-ХХК-д холбогдох гэрээг цуцал.....-ай холбоотой хохирол гаргуулах тухай иргэний энэ хэргийг хянан шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Тодруулбал, Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цуцлахаас өмнөх буюу гэрээг цуцлах болсон үйл баримтад хамаарах асуудал эрүүгийн журмаар шалгагдаагүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй үндэслэлд хамаарахгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8.5 дугаар зүйлийг хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэхгүй, түдгэлзүүлэх байсан гэж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргасан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/00785 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч .........-ХХК-ийн урьдчилан төлсөн 1,169,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ