Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2921

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 22 өдөр

      Дугаар 101/ШШ2017/02921

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                             

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ерөнхий боловсролын “Сант” сургууль /Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Бүрэн цутгамал” ХХК /Баянзүрх дүүргийн,*******,*******,*******/,

Хариуцагч: *******,,,, нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596.937.740,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сант” сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, П.Ундрах-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ерөнхий боловсролын “Сант” сургууль нь сурагчдынхаа сурч боловсроход шаардлагатай орчин бүрдүүлэх зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Бүрэн Цутгамал” ХХК, түүний захирал тэй “Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан.

Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч болох “Бүрэн цутгамал” ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, заавар, стандарын дагуу “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг 216 хоногийн хугацаанд гүйцэтгэж, “Сант” сургуульд түлхүүр хүлээлгэн өгөх, өөрсдийн гүйцэтгэсэн ажилтай холбогдох аливаа зөрчил, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах үүрэг хариуцлагыг хүлээхээр тохиролцсон болно.

Гэрээний дагуу гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны ажлыг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн хэдий ч 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал нь үндэслэлгүйгээр “Сант сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа тухай албан мэдэгдлийг өгч ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй,чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс зарим ажлыг огт хийж гүйцэтгээгүй тул сургуулийн хэвийн үйл ажиллагаа доголдож, сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдсөн.

Үүний улмаас “Сант” сургууль нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг “Бүрэн цутгамал” ХХК, иргэн нараас нэхэмжилсэн. Үүнд :  

1. Ажил гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 2013 оны 08 дугаар сард 10 хоног, Барилгачдын баяраар 7 хоног, Улсын баяр наадмын дараа 7 хоног, нийт 24 хоног ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан.

Үүний улмаас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж үе шаттай хийгдэх дараа дараагийн ажлын график дээрх хугацаагаар алдагдахад хүрсэн учир барилгын ажлыг спорт заалгүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч шинээр ажлын графиктаа тусгаж, түүнийгээ өөрсдийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан байдаг.

Гэвч “Бүрэн Цутгамал” ХХК нь барилгын ажлыг өөрийн буруугаас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй нь нэгэнт тодорхой болмогц 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндэслэлгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн.

Дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй, нойтон шавар ханан дээр эмульс тавьсны улмаас хананд хагарал үүссэн тул нэгэнт шавардсан ханын шаврыг буулгаж, тус ажлыг дахин зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай болсон. Дээрх доголдол, чанаргүй гүйцэтгэл буюу гэрээний үүргийн зөрчлийн талаар ажил гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” ХХК-д тухай бүрд нь мэдэгдэж, доголдлыг засах талаар сануулж, шаардаж байсан боловч ажил гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө ажлаа орхиж, гэрээг цуцлах тухай мэдэгдсэн тул эдгээр доголдлыг “Бүрэн цутгамал” ХХК-аар засуулах боломжгүй болсон болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6 дахь хэсэгт “...барилгын ажил болон барилгын тодорхой нэг хэсэг нь холбогдох хууль тогтоомж болон ажлын зураг, барилгын норм нормативт заасан шаардлага, үзүүлэлтүүдийг хангаагүй, түүний дагуу хийгдээгүй тохиолдолд доголдол бий болсон гэж үзнэ...”,

гэрээний 2.4.8 дахь хэсэгт “... Захиалагч зөрчил доголдлыг арилгах тухай мэдэгдэл өгөх бүрт гүйцэтгэгч уг зөрчил доголдлыг захиалагчийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана. Хэрвээ гүйцэтгэгч зөрчил, доголдлыг мэдэгдэлд заасан хугацаанд арилгаагүй тохиолдолд захиалагч уг доголдлыг арилгахад шаардагдах зардлыг тооцож  гүйцэтгэгчээс гаргуулна...”   хэмээн заасан байна.

Гэвч ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгалгүй хаяж явсан тул захиалагч өөр хувь хүн, барилгын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэмэлт зардлаар дотор заслын ажлын доголдлыг арилгуулж, чанаргүй хийсэн ажлыг дахин хийж, дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлэхэд 43.184.644 төгрөгийн зардал гаргасан.

   Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт “...Захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу “Бүрэн Цутгамал” ХХК-ийн дутуу, доголдолтой хийж гүйцэтгэсэн дотор заслын ажлыг сэргээн засварлаж, дахин гүйцэтгүүлж, бүрэн дуусгахад гаргасан зардал 43.184.644 төгрөг,

   2. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөлсийг бүрэн гүйцэд авсан боловч барилга угсралтын ажлын нэг хэсэг болох аваарын шатыг огт хийгээгүй тул 2015 онд “Уран Ган” ХХК-иар аваарын шатыг 46.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгээгүйн улмаас “Уран Ган” ХХК-иар аваарын шат хийлгэсний зардал 46.000.000 төгрөг,

3. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Бүрэн Цутгамал” ХХК орхин явж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд спорт заалыг түрээслэсэн байдаг.  “Сант” сургууль спорт заалны түрээст:

- 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 05 дугаар  сарын 15-ны хооронд 17.640.000 төгрөг,

- 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны хооронд 28.150.000 төгрөг,

- 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний хооронд 15.000.000 төгрөг,

- 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний хооронд 18.000.000 төгрөг,

“Бүрэн Цутгамал” ХХК гэрээгээр тохирсон ажил үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээг цуцлан, барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж цаашид барилгыг үргэлжлүүлэх, барилгаа цаашид ашиглалтанд оруулах бичиг баримтуудыг “Сант” сургуульд хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалан спорт заалны түрээсийн төлбөрт төлсөн 78.790.000 төгрөг,

4. “Сант” сургуулийн өргөтгөл, түүний дотроос ажил гүйцэтгэгчээс шалтгаалан ашиглалтанд оруулах боломжгүй болсон учир сургуулийн биеийн тамирын хичээлийг хэвийн явуулахын тулд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын спорт заалыг түрээслэсэн. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын спорт заал руу “Сант” сургууль сурагчдаа зөөж хүргэхийн тулд зайлшгүй автобус түрээслэх шаардлагатай болсон.  “Сант” сургууль нь автобусны түрээст:

- 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 15-ны хооронд 2.400.000 төгрөг,

- 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны хооронд 3.000.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөгийг төлсөн.

Автобус түрээсэлсэн түрээсийн төлбөрт төлсөн  5.400.000 төгрөг,

5. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Бүрэн Цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн байрны бүх хаалгыг 45.057.600 төгрөгийг төлөхөөр тохирсон байсан. Гэтэл “Бүрэн Цутгамал” ХХК ажлаа орхин явсны дараагаар өргөтгөлийн хөнгөн цагаан хаалгыг хийж гүйцэтгэхийг “Суприм Виндоу” ХХК-иас шаардахад “Бүрэн Цутгамал” ХХК нь бидэнд төлөх байсан 12.471.000 төгрөгийг төлөөгүйгээс хийж гүйцэтгэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн тул “Сант” сургуулиас нэмэлт зардал гарган 12.471.000 төгрөгийг тус компанид төлсөн.

 Түүнчлэн бусад хаалгануудыг хийлгүй орхиж явсан тул “Сант” сургууль “Цэлмүүнжин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 26.493.400 төгрөгний өртөгтэй хаалгануудыг хийлгүүлсэн.

Сургуулийн өргөтгөлийн байрны хаалгануудыг хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 36.711.520 төгрөг,

6. “Бүрэн Цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгад шаардлагатай бүх цонхыг хийж, суулгах үүрэг хүлээсэн ба “Бүрэн Цутгамал” ХХК өргөтгөлийн цонхны ажлыг өөрсдийн ур чадвар, туршлагагүйн улмаас байнга доголдолтой шаардлага хангахгүй цонх хийж байсан ба цонхны ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явснаас шалтгаалан цонхны ажлыг “Суприм Виндоү” ХХК-тай гэрээ байгуулан, бүрэн хийж гүйцэтгүүлсэн.

 “Сант” сургуулийн өргөтгөлийн цонхны ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 16.340.556,7  төгрөг,

7. “Бүрэн цутгамал” ХХК нь сургуулийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн улмаас “Сант” сургууль дулааны төлбөрийг задгай төлж илүү сар бүр 3.000.000 төгрөг, барилга хугацаандаа ашиглалтанд орох байснаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс  хойш нийт 8 сарын турш  27.059.819 төгрөг нэмж төлсөн.

Энэхүү дулааны зөрүү төлбөрт төлсөн 27.059.819 төгрөг,

8. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын фасадны ажлыг талууд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн хэлцлээр харилцан тохиролцож бүрэн тооцоо нийлж, “Сант” сургууль фасадны ажлын үлдэгдэл мөнгийг бүрэн төлж барагдуулсан байдаг бөгөөд энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогддог.

Уг хэлцлээр “Сант” сургуулийн фасадны ажлын материалын үнийн зөрүү төлбөр 23.083.850 төгрөгийг өгөх эсэх тухай асуудлыг тусдаа ярилцаж шийдэхээр харилцан тохиролцсон байдаг.

Гэвч “Бүрэн Цутгамал” ХХК-ийн захирал нь фасадны ажлын материалын зөрүү төлбөрт 23.083.850 төгрөг шаардан “Сант” сургуулийн урд талбайд жагсаал, цуглаан хийж дарамт, шахалт үзүүлэн сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байсан учир “Сант” сургуулийн зүгээс үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд дээрх мөнгийг төлсөн.

“Бүрэн Цутгамал” ХХК, түүний захирал нь “Сант” сургуулиас фасадны ажлын зөрүү гэж 23.083.850 төгрөгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр дарамт, шахалт үзүүлэн авсан байх тул энэхүү мөнгийг “Сант” сургууль буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. 

Үндэслэлгүйгээр авсан фасадны ажлын материалын зөрүү төлбөрт төлсөн 23.083.850 төгрөг,

9. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын дээврийн ажлын хөлсөнд “Бүрэн Цутгамал” ХХК-д нийт 79.902.144 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэвч “Бүрэн Цутгамал” ХХК-ийн “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгад хийж гүйцэтгэсэн дээврийн ажлын нийт төсөвт өртгийг мэргэжлийн, хөндлөнгийн шинжээч болох “Ю-Би Пропертиз” ХХК нь 68.604.466 төгрөг гэж тооцсон тул “Сант” сургууль дээврийн ажилд илүү төлөөд байгаа 11.297.678 төгрөгийг буцаан шаардан авах эрхтэй юм. Мөн “Бүрэн Цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн дээврийн парапедны ажлыг хийж гүйцэтгэлгүй, ажлаа хаяж явсан тул “Сант” сургуулиас дээврийн парапедны ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд 2.910.000 төгрөгийн зардал гаргасан.

Дээврийн ажилд илүү төлсөн 14.207.678  678 төгрөг, 

10. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын төсөв нь 17.989.664 төгрөгийг  “Бүрэн Цутгамал” ХХК-д техникийн давхрын ажлын хөлсөнд 5.297.322 төгрөгийг шилжүүлсэн.

Шинжээчийн зүгээс “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлын өртгийг 6.895.624  төгрөг гэж дүгнэсэн байна. “Бүрэн Цутгамал” ХХК-ийн захирал нь мэргэжлийн ур чадвар муу, туршлагагүй бүрэлдэхүүнээр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгүүлж техникийн давхрыг цоолсон доголдол гаргасныг засварлахад бид 3.000.000  төгрөг нэмж зарцуулах шаардлагатай болсон.

“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохиролд 1.401.628 төгрөг,

11. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Бүрэн Цутгамал” ХХК-ийн захирал нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг зохиохдоо арматур төмрийн үнийг үндэслэлгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнэлгээ тогтоож арматур төмрийн үнэнд 297.255.000 төгрөг хүлээн авсан. Сант сургууль нь арматур төмрийн үнийг зах зээлийн үнээс үндэслэлгүйгээр, өндрөөр үнэлэн тогтоосныг арматур төмрийн үнийг төлсний дараа мэдсэн.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-д: “Ажил гүйцэтгэгч нь төсөв зохиохдоо үндэслэлгүйгээр өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан. Тухайн үед зах зээл дээр арматур төмрийн үнэ 1 тонн 1.193.000-1.250.000 төгрөгийн ханштай байсан нь Барилгын мэдээ сэтгүүлийн 2013 оны 6 сарын №06, Барилга.мн сэтгүүлийн №37-д тус тус тусгагдсан байна.

Арматур төмрийн үнэнд зах зээлийн үнээс илүү төлсөн 167.225.000 төгрөг,

12. “Бүрэн Цутгамал” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан байдаг тул “Сант” сургуулийн зүгээс цахилгааны хэрэглээний төлбөрт 8.800.930 төгрөг төлсөн.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №13/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2.3-д: “...Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, Захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй”..., гэж заасныг үндэслэн цахилгааны төлбөрт төлсөн 8.800.930  төгрөг,

13. “Бүрэн Цутгамал” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан тул “Сант” сургуулийн зүгээс 3.732.861,38 төгрөг төлсөн. Талуудын хоорондох гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.3-д: “... Цахилгаан, ус, дулаан гэх мэт хэрэглээний зардлыг гүйцэтгэгч хариуцна. Хэрэв захиалагч энэхүү зардлыг төлсөн тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид нөхөн төлөх үүрэгтэй, Захиалагч энэхүү зардлыг барилгын нийт үнийн дүнгээс хасуулж тооцуулах эрхтэй....” гэж заасныг үндэслэн хариуцагч нараас усны төлбөрт төлсөн 3.732.861.38 төгрөг,

14. “Бүрэн Цутгамал” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцлан, ажлаа хаяж явсан. “Бүрэн  Цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүйгээ илэрхийлэн барилгын ажлын талбай дээрээс өөрсдийн ажилчид, харуул хамгаалалаа татаж, ажлын талбайг эзэнгүй орхисон тул “Сант” сургуулийн  зүгээс өргөтгөлийн барилгын аюулгүй байдлыг хамгаалж барилгын талбайд харуул, хамгаалалт гаргах зайлшгүй шаардлага гарсан.

“Сант” сургууль нь “Хар Сүлд Бамбай” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулан “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд харуул, хамгаалалт гаргасан.

 Энэхүү гэрээний дагуу “Сант” сургууль харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд сар бүр 2.100.000 төгрөг төлсөн.

 “Сант” сургууль, “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 33.5 дах хэсэгт: “... Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажил, ажлын үр дүнг хүний хүчин зүйл байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авч байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, галын хяналтын албанаас тавьсан шаардлага, дүгнэлтийг хүлээн авч биелүүлнэ...” гэж заасан.

“Сант” сургуулиас “Аюулгүй байдлыг хангах, хамгаалалт”-ын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12.960.000 төгрөг,

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр Ү.Банди томилогдож, тэрээр шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн норм, үнэлгээ, дүрэм, журмын дагуу тооцоход “Бүрэн Цутгамал” ХХК-ийн “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүнг 981.834.121 төгрөг болохыг тогтоожээ.

“Сант” сургууль нь “Бүрэн Цутгамал” ХХК-д “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилтэнд нийт 1.199.007.774 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд:

Огноо

Үнийн дүн (төгрөгөөр)

1

2013.06.07

100.000.000

2

2013.06.18

200.000.000

3

2013.06.27

100.000.000

4

2013.07.08

70.000.000

5

2013.07.25

100.000.000

6

2013.08.18

131.502.000

7

2013.08.28

90.000.000

8

2013.08.31

120.000.000

9

2013.09.05

90.000.000

10

2013.09.20

100.000.000

11

2013.12.14

71.341.200

12

2013.12.29

26.164.574

 

Нийт

1.199.007.774

 

Хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК-ийн “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд хийж гүйцэтгэсэн нийт ажлын үнийн дүн 981.834.121 төгрөг болох нь хөндлөнгийн, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр нэгэнт ил тод тодорхой  болсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК-д “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын хөлсөнд илүү төлсөн зөрүү хөлсийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул тус сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилтэнд үндэслэлгүйгээр илүү төлсөн 112.039.253 төгрөг, нийт  596.937.740.08 төгрөгийг хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК болон нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Захиалагчийн зүгээс өвлийн улирал эхэлж байсан учир гэрээг цуцлах үндэслэлгүй байсан. Гэрээгээр талууд 2013.11.15-ны өдөр ажлыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан боловч “Бүрэн цутгамал” ХХК нь өөр ажил давхар гүйцэтгэж байсан учир 2013.10.21-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгөнгүүт 2013.10.22-ны өдөр ажлын байраа бүхэлд нь орхиод бараа материалаа барилгын талбайгаас бүрэн аваад явчихсан байсан. Уг нь 7 сард ажлаа хаячихаад явахаар нь өөр барилгын компани оруулах гэтэл өөрсдөө гуйхаар нь гэрээг үргэлжлүүлсэн. Хариуцагч нь 1.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Захилагчийн зүгээс 2013 оны 07 сард спорт заал бариулахгүй гэдгээ мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч спорт заал гэсэн агуулгатай мөнгө шилжүүлэх үндэслэлгүй юм. Ажил гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан учир чанарын доголдолтой, дутуу гүйцэтгэсэн ажлыг дахин хийж гүйцэтгэхэд гаргасан зардал, илүү төлсөн төлбөр, үүнээс болж учирсан  хохирлоо  шаардсан гэв. 

 

 

Хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Сант” сургуулийн хариуцагч “Бүрэн Цутгамал” ХХК, нараас 596.937.740.08 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

“Бүрэн Цутгамал” ХХК нь нэхэмжлэгч “Сант” сургуультай тус сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр барилгын ажлын үнэлгээг нийт 1.560.000 ам.доллараар тооцон барилгыг барихаар тохирсон ба энэ төлбөрт барилгын материал болон ажлын хөлс зэрэг бүх зардал багтсан.

Харин гэрээний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зардал болон барилгын материалын зардлаар тохироогүй болно.

Манай компани нь “Сант” сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ “Сант” сургуулиас 1.199.000.000 төгрөгийн санхүүжилт авч 1.596.434.898 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явцад захиалагчаас  санхүүжилтээ өгөхгүй ажил зогсоход хүрч байсан учир манай компани бусдаас бараа материал авахын тулд зээл авч, өөрийн эд хөрөнгөө бусдад худалдаж байж, барилгын ажлыг үргэлжлүүлж байсан.

Бид ажлын гүйцэтгэлээ 4 хувь үйлдээд 1 хувийг нь Сант сургуульд хүргүүлснээр санхүүжилт олгодог байсан. Бидний байгуулсан гэрээнд санхүүжилтээ 5 аас дээш удаа өгөөгүй бол гэрээ цуцлахаар тусгасан. 

Сант сургууль нь санхүүжилтээ 2013.09.05-нд өгөх хугацаандаа өгөхгүй байсан учир санхүүжилт хүссэн албан бичгийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн боловч манайд ямар ч хариу өгөөгүй бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй.

Гэтэл энэ өдрөөс эхлэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г зөрчин манай компанид мэдэгдэхгүйгээр өөр барилгын ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөсөн боловч манайх ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж  байсан.

 Мөн захирал Д.Зургаанжин нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой над руу утсаар яриад гэрээ цуцалснаа мэдэгдсэн ч манайх  ажлаа үргэлжлүүлж байсан. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой Д.Зургаанжин “Хар сүлд бамбай” хамгаалалтын албыг авч ажиллуулан манай компанийг барилгын талбайд оруулахгүй болгосноор бид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учир энэ өдөр нь манай компани гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан боловч “Сант” сургуулиас барилгын ажлыг хүлээн аваагүй. Ингээд 2013.10.24-ний өдөр харуул хамгаалалтыг сольж, биднийг барилгын талбайгаас хөөсөн учир 2013.10.25-ны өдөр бид эд зүйлээ авч явсан.

Сант сургууль нь биднийг барилгын талбайгаас гаргаснаас 20 хоногийн дараа манай 80 хувийн гүйцэтгэлтэй барьсан барилгыг 2013.11.17-ны өдрөөс 2015.07.20-ны өдөр хүртэл хугацаатай бариулах гэрээг “Голомт Констракшн” ХХК-тай байгуулсан байсан. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дараах тайлбарыг хийж байна. Үүнд:

1. Манай компани барилгын дотоод заслын ажлыг чанартай, ямар нэг доголдол дутагдалгүй хийж гүйцэтгэсэн. Манай компанийг барилгын талбайд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй, барилгын талбайгаас гаргасан тул “Сант” сургуульд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахыг шаардан ажил хүлээлцэх комиссын мэдэгдлийг явуулсан боловч “Сант” сургууль барилгын ажлыг зориуд хүлээн аваагүй.

Нэхэмжлэгч нь манай  “Бүрэн Цутгамал” ХХК-ийг  ажил гүйцэтгэх хугацаандаа Улсын баяр наадмаар 7 хоног, 8 дугаар сард 10 хоног, Барилгачдын баяраар 7 хоног, нийт 24 хоногийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсны улмаас...” гэжээ. Гэтэл манай компани 2013 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу ажилчдаа 5 хоног амраасан нь ажил гүйцэтгэх календарьчилсан графиктаа тусгасан байдаг тул хугацаа хожимдуулахад нөлөөлөхгүй.

Мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэл ажиллаагүй нь Захиалагч “Сант” сургууль нь спорт  заал буюу 4 ба 5 дугаар давхар бариулахгүй гэсэн шийдвэр гаргасантай холбогдуулан ажлын зурагт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13/72 тоот албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй, ажил үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13/76 тоот албан бичиг дахин өгч 5 хоног хугацаа алдсан нь захиалагчийн буруутай хариуцлагагүй үйлдлээс болсон.

Сант сургуулийн зүгээс дотор заслын ажилд алдаа дутагдал байгаа талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй, доголдолтой зүйлээ засах талаар шаардлага тавьж байгаагүй. Энэ талаар бичгээр огт мэдэгдэж байгаагүйгээс гадна дараа нь ажилласан “Голомт Констракшн” ХХК-ийн зүгээс ч ийм асуудал гаргаж байгаагүй болно.  

 “Сант” сургууль нь дотор заслын ажлыг гүйцэтгэхдээ хатаж гүйцээгүй нойтон шавар ханан дээр эмульс тавьсны улмаас хананд хагарал үүссэн тул нэгэнт шавардсан ханын шаврыг буулгаж тус ажлыг дахин зайлшгүй гүйцэтгэсэн уг доголдлыг зассан төлбөр 43.184.644 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Энэ нь манай компани “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж гадна заслын ажил бүрэн дууссаны дараа хийгдэх ажил байсан. Гэтэл барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд “Сант” сургууль гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлөөгүй учир уг шатны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл манай компани хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг “Сант” сургуулиас аваагүй болно. Шинжээчийн дүгнэлтээр аваарын шат хийгээгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Аваагүй зүйлийнхээ зардлыг бид төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн аваарын шат хийж гүйцэтгүүлсэнтэй холбогдох зардал болох 46.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 

3. 4. “Сант” сургуулийн захиргаа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Жигүүр грандын захирал Баттөр өндөр байшин бариулахыг эсэргүүцээд байна. Иймд 4 ба 5 дугаар давхараа бариулахаа болилоо” гэж бидэнд мэдэгдсэн. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын 4 ба 5 дугаар давхар нь спорт заал байсан. Спорт заал баригдаагүй нь манай компаниас шалтгаалаагүй энэ тухай захирал Д.Зургаанжин 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Ө.Ганболд, хохирогч Д.Зургаанжин нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

Спорт заал баригдахгүй болсон асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд үүнээс үүдэж захиалагч тал өөр байгууллагын заал түрээслэх, спорт зааланд очиход хөлсөлсөн унааны зардал нь тухайн байгууллагын дотоод асуудал тул Спортын заалны түрээсийн төлбөр 78.790.000 төгрөг, Автобусны түрээсний төлбөр 5.400.000 төгрөгийг манай компаниас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

5. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Бүрэн Цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн байрны бүх хаалгыг 45.057.600 төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсийг бүрэн авсан гэсэн байна.

Гэтэл “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Суприм виндоү” ХХК-ийн үнийн саналыг хүргүүлэн заавал уг компаниар гадна хаалганы ажлыг хийж гүйцэтгүүлнэ гэснээр 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, хаалганы төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 80% болох 48.000.520 төгрөгийг “Суприм виндоү” ХХК-ийн Хаан банкны 5040036964 тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нь хаалганд 2.942.920 төгрөгийг илүү төлсөн бөгөөд энэ төлбөрийг “Сант” сургуулиас авч чадаагүй хохирсон тул өргөтгөлийн байрны хаалгануудыг хийлгэхэд гарсан зардал 36.711.520 төгрөгийг зөвшөөрөхгүй.

6. Манай компани өргөтгөлийн барилгын цонх болох 83 ширхэг цонхыг хийж суулгах ёстой байсан боловч 52 ширхэг цонхыг хийж суулгасан бөгөөд 31 цонх дутуу байхад ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж цонх гүйцэд хийгдэж амжаагүй.

Манай компанийн хийж гүйцэтгэсэн 52 ширхэг цонхны үнэ 41.540.550 төгрөг болсон бөгөөд “Сант” сургуулийн зүгээс 29.184.376 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байж бидний хийж гүйцэтгээгүй, мөнгийг нь аваагүй 83 цонхны мөнгийг бүтэн авсан мэтээр бичиж “Суприм виндоү” ХХК-аар дахин 31 цонхны мөнгө төлсөн хэмээн 16.340.556,7 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

7. Дулаан, халаалтын зөрүүний төлбөр болох 27.059.819 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

- Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 7-д заасан Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно. Мөн уг хуулийн 48 дугаар зүйлийн 2-т заасан “Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтанд оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн, усаар хангахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн.

- Ажил гүйцэтгэх гэрээ нь манай компанийн буруутай ажиллагаанаас болж цуцлагдаагүй бөгөөд гэрээ цуцлагдах нөхцөл үүсэх хүртэл дулаан халаалтыг уг барилгад аваагүй байсан билээ. Гэрээ цуцлагдсанд тооцсоноос хойшхи тухайн барилгад авсан дулаан халаалтын зөрүүг манай компани төлөх эрх зүйн үндэслэлгүй байна. Харин “Голомт констракшн” ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй.

8. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зурагт фасадны дулаалгын материалыг EPS маркийн дулаалгын цагаан хавтангаар тусгасан байдаг боловч захиалагчийн хүсэлтээр XPS маркийн дулаалгын ногоон хавтангаар хийлгүүлсэн материалын үнийн зөрүү 23.083.850 төгрөг гарсаныг 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн фасадны материалын үнийн зөрүү болох 23.083.850 төгрөгийг хүлээн зөвшөөрч манай компанид төлөхөөр тохиролцон хэлцэл хийж, үүний дагуу шилжүүлсэн атал одоо манай компанийг шахалт дарамт хийж авсан мэт гүтгэж байх тул зөвшөөрөхгүй. Тэгээд ч энэ асуудлыг талууд хэлцлээр тохирсон болохоос манай зохих зөвшөөрлийг холбогдох газраас авсан жагсаалд дарамтлагдаж өгсөн зүйл байхгүй. 

9. “Сант” сургуулийн спорт заалтай өргөтгөлийн барилга ажлын зургаар сэндвичен буюу фермэн дээврийн технологитой байсан. Спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан дээврийн ажлын технологид өөрчлөлт орон 3 дугаар давхарын таазны хучилт дээр уур ус тусгаарлагч нааж 2 давхар хөөс нааж, дулаалгын керамзит асгаж, уклон гаргаж 7-9 см бетон цутгаад 2 үе хар цаас нааж гүйцэтгэсэн зурагт тусгаагүй нэмэлт ажил гарсан. Уг ажилд манай компани 68.604.466 төгрөгийн илүү ажлыг хийсэн. Манай компани “ Сант” сургуультай батлагдсан зураг төслийг үндэслэн барилгыг бүхэлд нь 1.560.000 ам.доллараар  барихаар тохирсон байхад батлагдсан зурагт өөрчлөлт оруулж, нэмэлт ажил хийсэн билээ. Ийм байхад дээврийн ажилд илүү төлсөн 14.207.678 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

10. Нэхэмжлэгч нь барилгын техникийн давхарын ажлын нийт төсөв 17.989.664 төгрөгөөр тохиролцсон гэжээ. Барилгын ажлын явцад техникийн давхарын ажлыг “Сант” сургуультай 17.989.664 төгрөгөөр гүйцэтгэхийг зөвшөөрч тохиролцсон нь үнэн. Харин энэ төлбөрөөс 5.297.322 төгрөгийг төлсөн ба үлдэх 12.692.342 төгрөгийг “Сант” сургууль төлөөгүй байна. “Сант” сургууль нь техникийн давхарыг цоолсон доголдлыг гаргасан, үүнийг засварлахад гарсан зардал нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь манай компани уг ажлыг гүйцэтгэхэд ямар нэг доголдол гаргаж байгаагүй тул техникийн давхарын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол 1.404.628 төгрөгийг зөвшөөрөхгүй.

11. “Сант” сургуультай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан барилгыг барьж гүйцэтгэхдээ барилгын бараа материалыг манай компани гаргаж барихаар тохиролцсон. Үүний дагуу барилгад ашигласан арматурын тухайн үеийн зах зээлийн ханшаар чанартай арматурыг авч барилгын ажлыг гүйцэтгэсэн болно. “Сант” сургууль нь манай компанийн бусдаас худалдан авч ашигласан арматурын төмрийн үнийн зөрүүг нэхэмжлэх эрхгүй гэж ойлгож байх тул арматур төмрийн үнэнд илүү төлсөн төлбөр 167.225.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ талаар гэрээнд огт тусгагдаагүй.

12. 13. Цахилгааны төлбөрт 8.800.930 төгрөг, усны төлбөрт 3.732.861,38 төгрөгийг тус тус  гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсноос хойш манай компанийн зүгээс удаа дараа уулзалт зохион байгуулж зөвшилцөлд хүрэхийг хичээж байсан бөгөөд үүний үр дүнд зарим ажлууд болоод сөрөг нэхэмжлэлд дурьдсан цахилгаан болон усны төлбөрийг /6, 7, 8, 9 сарын / 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлээр тохиролцож “Сант” сургуулиас манай компанид шилжүүлэн өгөх мөнгөн дүнгээс хасалт хийж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл дахин ийм хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2013 оны 11 дүгээр сарын 17-нд “Сант” сургууль нь болон “Голомт констракшн” ХХК-тай гэрээ хийж, ажлаа эхэлсэн учир мөнгөө “Голомт констракшн” ХХК-аас нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна.

14. Бидний хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3.5 дахь заалт гэрээ хэрэгжих явцад хэрэгжүүлэх заалт байгаа бөгөөд гэрээний 10.2-т зааснаар “Захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч талбайгаас бууж болох”-ыг заасан байна. Энэ нь өөрөөр хэлбэл гэрээ цуцлагдаж гүйцэтгэгч талбайгаас буусан тохиолдолд гэрээний 3.3.5 дахь заалт хэрэгжих үндэслэлгүй юм. 2013 оны 11 дүгээр сарын 17-нд “Сант” сургууль нь “Голомт констракшн” ХХК-тай гэрээ хийж, ажлаа эхэлсэн учир мөнгөө “Голомт констракшн” ХХК-аас нэхэмжлэх нь зөв тул аюулгүй байдлыг хангах хамгаалалын үйлчилгээний хөлс болох 12.960.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

15. “Сант” сургууль “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэг м.кв-ийг 602$ /зургаан зуун доллар/-оор нийт 1.560.339,9$ /нэг долларыг 1490 төгрөгөөр тооцох/ үнэлгээтэй юм. 1 м.кв-ийн үнэ 602$-ыг задаргаагаар харуулбал:

1. Газар шороо 1815 м3 *7$=12.209,20$

2. Угсралтын ажил 2601,1 м2*245$=637.259,70$

3. Өрлөгийн ажил 2601,1 м2*60$=156.063,60$

4. Фасадны ажил 2601,1 м2*40$=104.042,40$

5. Дотор заслын ажил 2601,1 м2*99$=257.504,94$

6. Дээврийн ажил 2601,1 м2*13$=33.813,78$

7. Цонхны ажил 2601,1 м2*18$=46.819,08$

8. Цахилгааны ажил 2601,1 м2*35$=91.037,10$

9. Сантехникийн ажил 2601,1 м2*40$=104.042,40$

10. Салхивчний ажил 2601,1 м2*30$=78.031,80$

11. Бусад ажил 2601,1 м2*15$=39.015,90$ нийт: 1.560.339,90$

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу хийсэн ажлын үнийн дүн 1,6 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Үүнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс томилогдсон шинжээч Ц.Оюунсайханы 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд туссан байгаа.

Манай “Бүрэн Цутгамал” ХХК нь “Сант” сургуулиас ажлын хөлс болон материалын зардлын үлдэгдэл төлбөр буюу авлагатай юм. “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингийн гомдлоор үүсгэсэн эрүүгийн хэрэг бүрэн дууссаны дараа нэхэмжлэх болно.

Шүүхээс томилогдсон Ү.Банди шинжээчийн дүгнэлтээр манай хийсэн ажлыг 981.834.121 төгрөг гэсний дагуу үндэслэлгүй төлсөн гэж 112.039.253 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь тэрээр шинжээч хөндлөнгийн байж дүгнэлт гаргаагүй гэж үзэж байгаа юм. 

Барилгын ажлын тэмдэглэлд бүхий л зүйлээ тэмдэглэдэг бөгөөд ил, далд ажлын акт үйлдэгдэж, үүний 1 хувийг захиалагчид хүргүүлснээр санхүүжилт өгдөг байсан. Тэрхүү актуудыг энд өгөх шаардлага байхгүй, бүгд надад байгаа. Манай ажлын гүйцэтгэлийг улаан дэвтрээс харахад тодорхой болно. Сант сургуульд ил, далд ажлын акт нь байсан учраас барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн гэж үзэж байна.  Манайхыг 2013.10.22-ны өдөр ажлаа хаяад явсан гэх ямар ч баримт байхгүй. Захиалагч нь спорт заал бариулахгүй гэх зурагт өөрчлөлт оруулаагүй, үүнийгээ манайд өгөөгүй.   

Иймд “Сант” сургуулийн нэхэмжлэлийн шаардлага болох 596.937.740,08 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын “Сант” сургууль нь хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК, т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596.937.740,08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Сант” сургууль, хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  №13/02 дугаар бүхий “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд орших Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Бүрэн цутгамал” ХХК нь холбогдох хууль, норм дүрэм, заавар, стандартын дагуу тус сургуулийн 2601,06 м.кв талбай бүхий өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр Улсын комисст актаар хүлээлгэн өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тохиролцжээ.

 

Талууд ажил эхлэх хугацааг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, ажлыг дуусгах хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буюу барилга угсралтын ажлыг 216 хоног гэж тохиролцон, гэрээний нийт үнэ 1.560.000 ам.доллар  байхаар гэрээнд тусгасан байна.

   /1-р хх-ийн 17-30 дугаар тал/

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд “Бүрэн цутгамал” ХХК нь гэрээнд заасан буюу “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх, “Сант” сургууль нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний талаар зохигч маргаагүй хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгч “Сант” сургууль нь “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд орших Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” ХХК нь ажлын хөлсийг бүрэн авсан боловч  2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндэслэлгүйгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч, гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй, чанартай  хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс доголдолтой, дутуу ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал, хохирол, үндэслэлгүй төлсөн  596.937.740,08 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК, нь захиалагчийн зүгээс  санхүүжилтийг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын талбайд өөр харуул хамгаалалтын албыг оруулснаар ажил үүргээ цааш гүйцэтгэх боломжгүйд хүргэснээр захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан, түүнчлэн хийж гүйцэтгэсэн  ажлын үр дүнг хүлээн авах үүргээ захиалагч  биелүүлээгүй, хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан гэдгийг нотлоогүй, захиалагчаас гаргаж өгсөн төсөвчний төсвийг үндэслэн хөндлөнгийн бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн илүү төлбөр нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж маргажээ.

 

“Сант” сургуулиас барилгын санхүүжилтэд 1.199.007.774 төгрөгийг “Бүрэн цутгамал” ХХК-д шилжүүлсэнтэй зохигч маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т: “гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т гүйцэтгэгч болон захиалагчийн буруугаас гэрээ цуцлах нөхцлүүдийг тусгасан байх бөгөөд “Бүрэн цутгамал” ХХК нь захиалагч буюу “Сант” сургууль нь “тав ба түүнээс дээш удаа гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй” гэдэг үндэслэлээр гэрээг цуцалсан гэж тайлбарлаж, гэрээг цуцалснаас дуусгаагүй ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлыг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Бүрэн цутгамал” ХХК нь  2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №13/120 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр гэрээний 10.2-т заасны дагуу гэрээ цуцлах талаар мэдэгдсэн, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №13/125 дугаартай “Барилга угсралтын ажлын гэрээг цуцалсан тухай” албан бичгээр “Сант сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай” 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №13/02 тоот гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэнээс үүдэн “Сант” сургууль нь гэрээ цуцалсантай холбогдуулан барилгыг гүйцээн барихтай холбогдуулан бусдад зардал төлсөн үйл баримт тогтоогдож байна. 

 

/1-р хх-ийн 81-82, 2-р хх-ийн 56, 57, 67-70 дугаар тал/

 

Энэ байдлаас үзвэл “Бүрэн цутгамал” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүй цуцалснаас “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг бүрэн, гүйцэд хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд буюу 2014.01.15-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцалсантай холбоотой барилгын ажлыг гүйцээн барьж, ашиглалтад оруулахтай холбоотой “Сант” сургуулиас гаргасан зарим зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” ХХК цуцалсантай холбогдуулан захиалагч “Сант” сургууль нь тус сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгыг гүйцээн барихаар дараах гэрээг байгуулжээ. Үүнд:

- 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хар сүлд бамбай” ХХК-тай Сант сургуулийн өргөтгөлийн объектыг гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын гэрээ”,

- 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Голомт Констракшн” ХХК-тай №13/14 дугаартай сургуулийн өргөтгөлийн барилгыг үргэжлүүлэн барьж дуусган ашиглалтад оруулах зорилго бүхий “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”,

- 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Уран ган” ХХК-тай 46.000.000 төгрөгийн үнэ бүхий гадна аваарын шат үйлдвэрлэж, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх “Бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ”,

- 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Автобус 3” ОНӨӨАТҮГ-тай тус сургуулийн сурагчдыг 2014.09.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээний автобусаар Нийслэлийн ЗДТГ-ын спорт зааланд хүргэж тээвэрлэх “Автобус түрээслэх гэрээ”,

- 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Суприм Виндоү” ХХК-тай №201309-Т008 тоот гэрээгээр тус сургуулийн өргөтгөлийн барилгад 41.225.300 төгрөгийн үнэ бүхий, 30 ширхэг цонх захиалах “Ажил гүйцэтгэх гэрээ”,

- мөн компанитай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №20131025-ХЦ003 тоот 8000 еврогийн өртөг бүхий хаалга саравч захиалах “Ажил гүйцэтгэх гэрээ”,

- 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Цэлмүүжин” ХХК-тай  24.261.200 төгрөгийн үнэ бүхий, 38 ширхэг хаалга хийлгэх “Модон эдлэл хийлгэх гэрээ”,

- 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2013.09.09-ний өдрөөс 2014.05.15-ны өдөр хүртэл Даваа-Баасан гарагуудад 441 цаг “Заал түрээслэх гэрээ”,    

- 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2014.09.08-ны өдрөөс 2015.05.15-ны өдөр хүртэл Даваа-Баасан гарагуудад 563 цагийн “Заал түрээслэх гэрээ”,    

- 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Эн Си Пи” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 01-ний хүртэл хугацаатай “Спорт заалаар үйлчлүүлэх гэрээ” зэргийг тус тус байгуулжээ.

/1-р хх-ийн 53-65, 74-78, 81-82, 84-95 дугаар тал/

 

        Талууд 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлээр:

        1. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын дээвэр, өрлөгийн ажлын хөлс:

        - Дээвэр ажлын хөлс 39.951.072 төгрөг,

        - Өрлөгийн ажлын хөлс 31.390.128 төгрөг, нийт 71.341.200 төгрөгийг “Бүрэн цутгамал” ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцов.

        2. “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн захиргаанд дээвэр болон өрлөгийн ажлын ил далд ажлын актууд, бараа материалын гарал үүслийн бичгийг эх хувиар нь хүлээлгэн өгөхөөр тохиролцов” гэжээ.

 

Мөн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын фасадны ажлыг ярилцаж, талууд тооцоо нийлсэн байх бөгөөд фасадны ажилд нийт 80.640 ам.доллараар тохирсноос 38.304 ам.долларыг захиалагч гүйцэтгэгч талд өгсөн. 38.304х1490=57.072.960 төгрөг, Үүний дараа Сант сургуулиас нийт 52.623.407 төгрөгийн ажил хийсэн, нийт фасадны ажилд 80.640 ам.доллар буюу 120.153.600 төгрөг төлөвлөснөөс:

Сант сургуулиас 1. урьдчилгаа 38.304х1490=57.072.960 төгрөг, 2. Дараа нь өөрсдөө өөр компаниар 52.623.407 төгрөгийн ажил хийсэн.

Талууд тохиролцож “Бүрэн цутгамал” ХХК-д фасадны ажилд 7.080.724 төгрөг өгөхөөр тохирч, үүнээс ус, цахилгааны төлбөрт /6, 7, 8, 9 сарын/ 4.0 сая төгрөгийг хасаж 3.080.724 төгрөгийг өгөхөөр тохиров.

Харин фасадны ажилд /ногоон, цагаан хөөсний зөрүү/ материалын зөрүү 23.083.850 төгрөгийг өгөх эсэх тусад нь жич шийдэхээр тохирсон гэжээ.

 

/1-р хх-ийн 106-107 дугаар тал/

 

Зохигчийн 2013.12.14-ний өдрийн хэлцэл, 2013.12.29-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд талууд  дээвэр, өрлөгийн ажил, фасадны ажлын зөрүүг тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Худалдаа Хөгжлийн банк нь 2015.08.21-ний өдрийн 7-404/776 тодорхойлолтоор “Сант” сургуулийг 404014391 тоот төгрөгийн харилцах данстай, 2013-2015 оны хооронд хавсралтанд байгаа гүйлгээ хийгдсэн болохыг тодорхойлсон байх бөгөөд уг данснаас бусадтай хийсэн мөнгөн гүйлгээний утгыг хавсралтад дурджээ.

/1-р хх-ийн 32-38 дугаар тал/

 

“Сант” сургуулийн дээрх банкны төгрөгийн данснаас холбогдох гэрээ, хэлцлийн үнэ хийгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй.

 

“Сант” сургууль нь 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Голомт Констракшн” ХХК-тай сургуулийн өргөтгөлийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусган ашиглалтад оруулахаар “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх бөгөөд тэдний хооронд байгуулагдсан гэрээний дагуу хэрэглээний зардал болон аюулгүй байдлыг тухайн компани хариуцахаар байх тул дээрх компанитай гэрээ байгуулах хүртэлх хугацааны 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хэрэглээний болон харуул хамгаалалтын зардал,

түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээг “Бүрэн цутгамал” ХХК нь үндэслэлгүйгээр цуцалснаас аваарын шат бусдаар хийж гүйцэтгүүлсэн зардал, автобус түрээслэн сурагчдыг спорт зааланд хүргэсэн 2014.09.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийн хоорондох хугацааны төлбөр, мөн дээрх хугацаанд бусдын спорт заал түрээсэлсэн  2013.09.09-ний өдрөөс 2014.05.15-ны өдрийн, 2014.09.08-ны өдрөөс 2015.05.15-ны өдрийн зардлуудыг “Бүрэн цутгамал” ХХК хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д: ”Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж зааснаас үзэхэд талууд ажил гүйцэтгэхдээ төсөв зохиож болох бөгөөд энэ нь ажлын үнийг урьдчилан тодорхойлж буй үйл явдал юм.

 

Ажлын үнэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана.

 

Гэтэл талууд хэн алин нь барилгын ажлын төсөв зохиохгүйгээр гэрээний нийт үнийг 1.560.000 ам.доллар буюу “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй” байхаар тохиролцож ажлыг эхлүүлсэн, ажил гүйцэтгэх явцад ил далд болон үе шатны ажлуудын гүйцэтгэл тус бүрийг харилцан хүлээлцэж баталгаажуулаагүй, материалыг нэр төрөл, үнийг тодорхойлоогүй, захиалагч нь барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны эцэст бус хоорондын итгэлцлээр санхүүжилтийг шилжүүлж байснаас материалын буюу арматур төмрийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авснаас илүү төлбөр төлөгдсөн гэж уг төлбөрийг гүйцэтгэгчээс буцаан шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Сант” сургууль болон нарын хооронд ажил гүйцэтгэх ямар нэгэн үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч “Сант” сургуулийн 596.937.740,08 төгрөгийг хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК, нараас гаргуулах нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

- Аваарын шат хийж гүйцэтгэхэд гарсан зардалд нэхэмжилсэн 46.000.000 төгрөг,

- Дулаан халаалтын зардлын зөрүүд нэхэмжилсэн 27.059.819 төгрөгөөс 2013 оны 10 сарын 434.364 төгрөг, 11 сарын 831.752 төгрөг буюу 1.266.166 төгрөг,

- Цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 8.800.930 төгрөгөөс 2013 оны 10 сарын 535.523 төгрөг, 11 сарын 76.775 төгрөг, 709.711 төгрөг буюу 1.322.009 төгрөг,

- Усны төлбөрт нэхэмжилсэн 3.372.861.38 төгрөгөөс 2013 оны 10 сарын 456.507 төгрөг, 11 сарын 444.186 төгрөг буюу 900.693 төгрөг,

- Харуул хамгаалалтын зардалд нэхэмжилсэн 12.960.000 төгрөгөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1 сарын хугацааны төлбөр болох 2.100.000 төгрөг,

- Цонхны төлбөрт нэхэмжилсэн 16.340.556.7 төгрөг,

- Автобусны түрээсийн 2014.09.05-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийн төлбөрт нэхэмжилсэн 5.400.000 төгрөг,

- Спортын заалны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 78.790.000 төгрөгөөс 2014.09.08-ны өдрөөс 2013.09.09-ний өдрөөс 2014.05.15-ны өдөр төлсөн 17.640.000 төгрөг, 2014.09.08-ны өдрөөс 2015.05.15-ны өдөр төлсөн 28.150.000 төгрөг буюу 45.790.000 төгрөг, нийт 119.119.374.7 төгрөгийг хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Сант” сургуульд олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн нотлох баримтаар нотлоогүй дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал 43.184.644 төгрөг, техникийн давхрын ажлыг хийж гүйцэтгэхэд учруулсан хохирол гэх 1.401.628 төгрөг, автобусаар үйлчлүүлээгүй спорт заалны түрээсийн 2015.09.10-ны өдрөөс 2016.05.01-ний өдрийн 15.000.000 төгрөг, 2016.09.12-ны өдрөөс 2017.05.01-ний өдрийн 18.000.000 төгрөг,  дулаан халаалтын зөрүү 27.059.819 төгрөгөөс үлдэх 25.793.703 төгрөг, цахилгааны 8.800.930 төгрөгөөс үлдэх 7.478.921 төгрөг, харуул хамгаалалтын 12.960.000 төгрөгөөс үлдэх 10.860.000 төгрөг, талуудын хэлцлээр тохирч дуусгавар болгосон фасадны ажлын материалын зөрүү гэх 23.083.850 төгрөг, дээврийн ажилд илүү төлсөн гэх 14.207.678 төгрөг, нэхэмжлэгчийн ирүүлсэн “Бүрэн цутгамал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 981.834.121 төгрөг гэх төсөвчний төсвийг үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн барилгын ажилд үндэслэлгүй төлсөн гэх 112.039.253 төгрөг, зах зээлийн ханшнаас өндрөөр үнэлж авсан арматур төмрийн үнэнд илүү төлсөн гэх 167.225.000 төгрөг, гэрээ үргэлжлэх явцад захиалагчийн бусадтай байгуулсан гэрээний дагуу хаалганы зардалд зарцуулсан гэх 36.711.520 төгрөг, нийт 477.818.367 төгрөгт холбогдох хэсэг болон т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”,

Мөн хуулийн 56.2-д: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус заажээ.

 

Ү.Бандийн шинжээчээр ажилласны хөлс 1.400.000 төгрөгийн нэхэмжлэх хэрэгт авагдсан байх бөгөөд талуудаас уг хөлс төлсөн талаар баримтыг ирүүлээгүй тул шинжээчийн ажлын хөлс 1.400.000 төгрөгийг талуудад хувааж хариуцуулав.   

 

/3-р хх-ийн 32 дугаар тал/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-иас 119.119.374.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сант” сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 477.818.740.08 төгрөгт холбогдох хэсэг болон т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар шинжээчийн зардалд “Сант” сургуулиас 700.000 төгрөг, “Бүрэн цутгамал” ХХК-иас 700.000 төгрөг тус тус гаргуулан шинжээч Ү.Бандид олгож,

хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 753.547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”Сант” сургуульд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157.951 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3.142.638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ