Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/00067

 

С-ийн

       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00087 дугаар магадлалтай,

Сийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, Б.Б нарт холбогдох

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон бусад зардалд нийт 596,937,740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, А.З нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, А.З, О.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С нь “Б” ХХК, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон бусад зардалд нийт 596,937,740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нар нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “Б” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах С сургуулийн нэхэмжлэл, С сургуулиас 1,457,284,598 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С сургууль нь хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,300,589 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 814,073 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас дутуу төлсөн 6,969,930 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00087 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,142,639 төгрөг, хариуцагчаас төлсөн нийт 7,444,374 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалын хянавал хэсгийн 3.а-д ... дүгнэж байгаа нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт бүртэй танилцсан эсэхэд маш их эргэлзээ төрүүлж байна. ...С сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016.11.11-ний өдөр хэрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд магадлалд дурдаад байгаа “хариуцагч “Б” ХХК нь гэрээ цуцлагдах болсон шалтгааныг захиалагчийн буруутай үйлдэл буюу санхүүжилт олгоогүйтэй холбоотой гэж тайлбарласан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ олон жилийн хугацаанд уг үүргээ биелүүлээгүй. Учир нь хариуцагчийн мэдүүлээд байгаа энэ үйл баримт нь бодит байдалтай нийцэхгүйтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл С сургууль санхүүжилт хийх үүргээ зөрчиж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар илэрхий нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, үндэслэлгүй дүгнэлт хийж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, улмаар тус хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү 3 дахь удаагаа буцах үр дагавар үүсэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

...Магадлалд дурдаад байгаа “...ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг харилцан баталгаажуулсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай...” гэсэн асуудлын тухайд зохигчийн хэн аль нь ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг харилцан баталгаажуулж байсан үйл баримт байхгүй талаар шүүхэд мэдүүлдэг, үүн дээр маргадаггүй. Өнөөдөр ч гэсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичгийг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй болно. ...2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүссэн уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа биш, 2 удаа шинжээч томилогдсон. Тодруулбал, шүүгчийн захирамжийн дагуу Ү.Б болон бүрэлдэхүүнтэй шинжээчид болох П.Ч, А.У, А.Э нар болно. Харин 2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүссэн уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ЮБП” ХХК-ийг шүүгчийн захирамжаар томилоогүй ба энэ баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн. Тиймээс энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан “шинжээчийн дүгнэлт бус” харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “бичмэл нотлох баримт” юм. Гэтэл шүүх үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт гэж дүгнэж, ноцтой зөрчил гаргасан байна. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ү.Б болон шинжээч П.Ч, А.У, А.Э нар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан ба дээрх шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, шинжээчийн дүгнэлтийг нь тайлбарлуулсан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн дээр дурдсан дүгнэлтэд заасан ажиллагааг аль хэдийнээ хийж, шинжээч нараар дүгнэлтийг нь өөрсдөөр нь тайлбарлуулж, яагаад зөрүүтэй байгаа талаар мэргэжлийн этгээдийн хувьд зохих хариу, тайлбарыг шүүхэд өгсөн. ...хариуцагчийн төлөөлөгч нь 2023.09.14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нартайгаа оролцох, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан, өөрөө уг эрхээ хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан 596,937,74.08 төгрөг гаргуулах тухайн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“Б” ХХК нь гэрээний дээрх зохицуулалтын дагуу ажлын гүйцэтгэлийн акт, ил далд ажлын актыг захиалагчаар зөвшөөрүүлсний үндсэн дээр санхүүжилтийн нэхэмжлэхийг ирүүлэх үүрэгтэй. Гэвч “Б” ХХК нь санхүүжилтийн нэхэмжлэхийг 2013.06.06-ны өдрийн С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.3.2, 9.2.1, 9.2.4, 9.4.1-9.4.3-т заасны дагуу буюу гэрээгээр харилцан тохиролцсон журмын дагуу ирүүлж байгаагүй.

...давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болоод буй “ЮБП” ХХК-ийн дүгнэлт нь С сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гарсан шинжээчийн дүгнэлт биш юм. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь С сургуульд холбогдуулан 2015 онд нэхэмжлэл гаргасан байсан ба уг иргэний хэрэгт дээрх шинжээчийн дүгнэлт гарсан (“Б” ХХК нь дээрх нэхэмжлэлээ татан авсан болно) бөгөөд энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулсан баримт юм.

...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Б” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон ба энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан тул “Б” ХХК-аас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон гэж дүгнэх үндэслэлгүй болно. ...ажил гүйцэтгэгч “Б” ХХК нь дээрх байдлаар үндэслэлгүйгээр мэдэгдэл өгч Барилгын тухай хууль (2008 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан үүргээ зөрчиж барилгын талбайг эзэнгүй орхин явсан тул захиалагчийн зүгээс өөрийн сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд хүүхэд болон сурагчид орж бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн аюулгүй байдал болон өргөтгөлийн барилгын чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор нэн даруй “Х” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд өргөтгөлийн барилгын ажлын талбайн харуул хамгаалалтыг хариуцах, мөн барилгын талбай эзэнгүй байсны улмаас бусад этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх нөхцөлийг хангах үүргийг захиалагч хэрэгжүүлсэн.

...өргөтгөл, спорт заалны барилгыг дээрх байдлаар үргэлжлүүлэн барих боломжгүй болсон тул С сургууль өөрийн суралцагчдын таатай орчинд суралцах, суралцах орчин нөхцөлийг яаралтай хангах зорилгоор тухайн барилгад хяналтыг хэрэгжүүлж байсан “Г” ХХК-тай 2013.11.17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

...Мөн “Б” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу өргөтгөлийн барилгын ослын шатыг хийж гүйцэтгэсэн байх ёстой боловч энэхүү ослын шатыг хийж гүйцэтгээгүй тул С сургууль нь 2015 онд “У” ХХК-тай аваарын шат хийлгэх гэрээг байгуулж, 46,000,000 төгрөгөөр дутуу хийсэн ажлыг бусад этгээдээр хийж гүйцэтгүүлэн зардал гаргасан.

...“Б” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус зөрчиж, ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

...“Б” ХХК нь 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг өөрийн санаачилгаар, дээр дурдсан үндэслэлгүйгээр цуцалсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу “Б” ХХК-д 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрх үүсэхгүй. ...“Б” ХХК ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг хаяж явсан тул гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү хөлс авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль зүйн үндэслэл байхгүй. ...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг тус тус үндэслэн энэхүү гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, А.З нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00306 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

7.Нэхэмжлэгч С нь хариуцагч “Б” ХХК, Б.Б нарт холбогдуулан 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохирол буюу олох байсан орлого 136,743,610 төгрөг, ажлын доголдлыг арилгах болон дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардал 143,638,348 төгрөг, хүч хэрэглэх аргаар хэлцэл хийж хууль бусаар авсан 23,083,850 төгрөг, илүү төсөв зохиох замаар зах зээлийн үнэ, ажлын гүйцэтгэлийн жишиг үнэлгээнээс илүү төлбөр авч 293,471,931 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нийт 596,937,740 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “...ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Б” ХХК нь С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга барих ажлыг 2013.06.06-ны өдрөөс эхлэн 2014.01.15-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч чанарын шаардлага хангахгүй цахилгааны утсыг барилга угсралтын ажилд ашигласан, Барилга барих тусгай зөвшөөрөлгүй туслан гүйцэтгэгчийг ажиллуулсан, 2013.10.21-ний өдөр тус компанийн захирал Б.Б нь үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд, доголдолгүй хийх үүргээ биелүүлээгүй, зарим ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, мөн ажлыг гүйцэтгэхдээ зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авч манай компанид хохирол учруулсан” гэж тодорхойлсон.

8.Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсанд С буруутай, барилгад давхар өөр хүмүүсийг ажиллуулснаас гадна санхүүжилтийг хугацаандаа өгөөгүй тул хохирлыг хариуцахгүй, зах зээлийн болон жишиг үнэлгээнээс илүү төлбөр авсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, гэрээ цуцалсны дараах ус, дулаан, цахилгаан, харуул хамгаалалтын зардлыг манайх хариуцах үндэслэлгүй, зөвшөөрөлтэйгөөр жагсаал цуглаан хийсэн учир үндэслэлгүй хөрөнгөжөөгүй” гэж маргажээ.

Улмаар хариуцагч нар нь барилгад зарцуулсан материал, ажлын хөлс 451,120,693 төгрөг, нэмэлт ажил гүйцэтгэсний хөлс, зардалд 169,719,478 төгрөг, гэрээг цуцалснаас учирсан хохиролд 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба “Б” ХХК 760,711,798 төгрөгийг, хариуцагч Б.Б 696,572,800 төгрөгийг шаардсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, “Б” ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах С-ийн нэхэмжлэл, нэмэлт ажлын хөлс, хохирол 1,457,284,598 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

10.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй эсэх хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл хэрэгт байгаа баримтад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хуулийн 38.6-д заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

10.1.Процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэснээс шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан бөгөөд тухайн зөрчил нь ноцтой, уг алдааг залруулахгүйгээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй шинжийг агуулсан байх учиртай.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдөөгүй, 2016.11.11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш талууд тэгш эрхтэй оролцож, мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, зохигчийн гаргасан нийт 194 хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, үүнээс 69 хүсэлт нь нотлох баримт гаргах, бүрдүүлэх, шинжээч томилуулах, гэрч асуулгах тухай, 16 хүсэлт нь өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлттэй холбоотой байна. Түүнчлэн иргэний хэрэг үүсгэснээс хойш нийт 74 шүүх хуралдаан явагдсан ба зохигчийн аль алиных нь хүсэлтээр 68 удаа шүүх хуралдаан хойшилж байжээ.

Шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

10.2.Гэрээг цуцлах хүртэл хугацаанд “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний өртгийг шинжээч “ЮБП” ХХК нь 354,835,752 төгрөгөөр, шинжээч Ү.Б нь 981,834,121 төгрөгөөр, шинжээч П.Ч, А.У, А.Э нар нь 1,043,526,082 төгрөгөөр тус тус үнэлсэн /1хх-ийн 148-216, 3хх-17-31, 6хх-ийн 15-62-р тал/ баримт хэрэгт авагдсан байх ба давж заалдах шатны шүүх “шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болсон” гэж дүгнэхдээ шинжээч нарын дүгнэлт яагаад, ямар үндэслэлээр зөрүүтэй болсон, дахин шинжээч томилох шалтгаан үндэслэл тогтоогдсон эсэх, бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийх боломж нөхцөл байгаа эсэх, талуудын хоорондох маргасан, маргаагүй үйл баримтыг харгалзан үзээгүй нь үндэслэл муутай болсон байна. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

10.3.Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь өмгөөлөгч Л.Н, Б.Т нараас татгалзаж, өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан /4хх-185, 13хх-207-210/, хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь Д.Н-ийг өмгөөлөгчөөр оролцуулах /1хх-147/, өмгөөлөгч Ц.Б-аас татгалзах /3хх-60/, 2018.04.12, 2019.11.12-ны өдөр өмгөөлөгч Д.Н-аас татгалзах /4хх-196, 6хх-228/, 2021 оны 05 дугаар сард өмгөөлөгч Д.Т, М.Б нараас татгалзах, 2021.06.22-ны өдөр өмгөөлөгч Э.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Н.С, С.Э нараас татгалзах, 2021.09.30-ны өдөр өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангуулах /11х-144/, 2022.01.10-ны өдөр өмгөөлөгч Ц.Н-ыг хэргийн материалтай танилцуулах боломжоор хангуулах /12хх-21/, 2023.03.06-ны өдөр өмгөөлөгч Б.Т-ыг оролцуулах /13хх-187/, 2024.03.26-ны өдөр өмгөөлүүлэх эрхээр хангуулах /15хх-61/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

10.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх нөхцөл бололцоог шүүх хангах, удирдан чиглүүлэх үүрэгтэй боловч үүнд зохигчийн оролцоо чухал учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зохигч талууд шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах, шинжээч томилуулах, зөвшөөрөөгүй тохиолдолд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээр нэхэмжлэлийг хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00087 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч С-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.15-ны өдөр төлсөн 3,142,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                     Н.БАЯРМАА

                                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД