Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01386

 

 

А- ХХК, Ц.Б-, Х.Б-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00060 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК, Ц.Б- нарын З.Ц-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг болон хохиролд нийт 27,425,762 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Х.Б-гийн хариуцагч Ц.Б-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч А- ХХК, хариуцагч Ц.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг, хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч З.Ц- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А- ХХК, Ц.Б- нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч З.Ц- нь А- ХХК-аас 50,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус бичгээр байгуулсан. З.Ц- нь Ц.Б-аас худалдан авсан 01-04 УБГ улсын дугаартай, Тоёота лексус 570 маркийн автомашиныг 82,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 32,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 50,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөх зорилгоор авсан. 50,000,000 төгрөгийг Ц.Б-ын данс руу шилжүүлж, улмаар З.Ц- автомашиныг унаж явсан. З.Ц- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. 2017 оны 9 сараас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш фидуцийн зүйл болох автомашиныг буцаан авсан. Өнөөдрийн тухайд нэхэмжлэлийн шаардлагаа 27,425,762 төгрөг болгон багасгаж байна. Үүнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 18,360,000 төгрөг байна. Олох байсан орлогын тухайд З.Ц- сар бүр зээлийн хүүд 1,750,000 төгрөгийг төлөх байсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр зээлийн эргэн төлөлтөө төлж байсан бол өөр зээлдэгч 3.5 хувийн хүүтэй зээлээд 7,495,162 төгрөгийн орлого олох байсан. Фидуцийн зүйлийг худалдан борлуулахад Авто экспо центрт 1,235,000 төгрөгийн шимтгэл төлсөн тул А- ХХК нь хариуцагч З.Ц-гээс нийт 27,090,162 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч Ц.Б-ын хувьд автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа төлөөгүй татвар 237,600 төгрөг, торгууль 98,000 төгрөг, нийт 335,600 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2.Хариуцагч З.Ц-гийн тайлбар, татгалзлын агуулга: З.Ц- болон түүний нөхөр Х.Б- нар нь Ц.Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 32,000,000 төгрөг төлсөн. Харин үлдэгдэл 50,000,000 төгрөгийг А- ХХК-аас зээл авч төлөхөөр тохиролцон, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 50,000,000 төгрөгийн зээл З.Ц-гийн дансанд ороогүй. Мөн бэлнээр ч хүлээн аваагүй. Ц.Б-ын данс руу зээлийн эргэн төлөлтийг хийнэ гэж бичсэн байсан. Тэгэхээр тус зээлийг З.Ц- аваагүй. Мөнгийг шилжүүлээгүй мөртлөө гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Ц.Б- автомашиныг Х.Б-д хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Фидуцийн зүйлийг шилжүүлж өгснөөр фидуцийн гэрээ байгуулах эрх нь нээгдэх байсан. Дээрх хоёр гэрээ нь Иргэний хуулийн 235, 243, 251 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байдаг. Гэвч З.Ц-гийн нэр дээр огт данс нээгдээгүй, зээлийг олгоогүй. Олох байсан орлогын тухайд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 18,360,000 төгрөг гэж нэхэмжилсэн атлаа хуульд заагаагүй олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч З.Ц-гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох дараах үндэслэл байна. Үүнд: Автомашин худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр зээл олгож дүр үзүүлж, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. А- ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б- нь өөрийн хувиараа хийдэг автомашины бизнесийн үйл ажиллагааны дагуу автомашинаа худалдахын тулд гүйцэтгэх захирлын албан тушаалыг ашиглаж зээл олгосон нэрээр зээлийн гэрээ байгуулж байгаа нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Тус ББСБ нь зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд тохирсон бол хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл хэлцлийн эцэст үүрэг байх ёстой боловч үүрэг огт үүсээгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцлээс гарч буй үр дагавар нь 50,000,000 төгрөг олгоогүй гэдгээр нотлогдож байна. Фидуцийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б- нь А- ХХК эсвэл З.Ц-гийн нэр дээр автомашины бичиг баримтыг шилжүүлж өгснөөр фидуцийн гэрээ байгуулах эрх нь нээгдэх ёстой байсан, фидуцийн гэрээгээ хуульд нийцүүлэн хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.А- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлүүдийг заасан. Энэ хуулийн хэрэглээ нь ямар нэгэн хэлцлийг хийхдээ уг хэлцэл нь хуулиар хориглогдсон хэм хэмжээг зөрчсөн байхыг ойлгодог. Эсхүл хуулиар хориотой байснаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл гарч ирэх ёстой. Гэтэл талуудын маргааны үндэслэл нь автомашин худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаанаас үүссэн гэдэг нь тодорхой байна. Ц.Б-ыг автомашин худалдан борлуулахад үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөд оролцож болохгүй гэсэн хориглосон хуулийн заалт байхгүй. Нэгэнт л хуулиар хориглосон зүйл байхгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл байхгүй. Худалдагч мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрх үүсдэг. Урьдчилгаа 32,000,000 төгрөгийг төлчихөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийн хэмжээнд зээл авч байгаа худалдан авагчийг жинхэнэ худалдан авагч мөн гэж үзэх нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасныг сайтар тунгаан уншвал заавал мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлнэ гэсэн үг байхгүй. Мөнгөн хөрөнгийг гэж заасан байдаг. Маргаан бүхий автомашиныг унаад явуулсан нь мөнгөн хөрөнгөө өгч явуулж байна гэсэн үг юм. З.Ц- ч мөн үүнийг хүлээн зөвшөөрөөд автомашиныг унаад явж байсан. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй байна. Нэгэнт зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул дагалдах гэрээ болох фидуцийн гэрээ нь мөн адил юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

5.Нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр автомашиныг нэг нь худалдаж, нөгөө нь худалдсан авсан. Уг машиныг зээлээр аваагүй, зээлээр худалдан авсан гэрээ биш, энэ хоёр ялгаатай. А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад тус ББСБ нь Ц.Б-ын дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн бол Х.Б- автомашины үнийг төлсөн гэсэн үг. Гэтэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй гэдэг. Гэвч 82,000,000 төгрөгийн үнэтэй автомашинаа буцаан авсан атлаа бусдад 65,000,000 төгрөгөөр худалдсанаа төлөгдсөн гэж 82,000,000 төгрөгөөс хасаж тооцдог. Худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Б- гэрээнээс татгалзаж автомашинаа аваад явсан тул төлсөн 32,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

6.Хариуцагч Ц.Б-ын тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа Ц.Б-, Х.Б- нарын хооронд үүсээгүй. З.Ц- нь худалдан авагч бөгөөд Х.Б-гийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа этгээд юм. З.Ц- болон Х.Б- нар 82,000,000 төгрөгийг төлсөн атлаа автомашинаараа хохирсон гэж тайлбарласан. Яг хэн нь 82,000,000 төгрөгөөр хохирсон талаар шүүх дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Тухайн үед З.Ц-гийн автомашин худалдах, худалдан авах хүсэл зориг байсан гэдэг аль аль талын тайлбарт байдаг. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Үүн дээр талуудын хэн аль нь маргахгүй. Иймд Х.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар З.Ц-гээс 335,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Ц.Б- татгалзсныг баталж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар З.Ц-гээс гэрээний үүргийн биелэлт /зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү/, хохиролд нийт 27,425,762 төгрөг гаргуулах тухай А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар А- ХХК, З.Ц- нарын хооронд байгуулсан зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Ц.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулж, Х.Б-д олгож, нэмэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962,646 төгрөг, хариуцагч З.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,150 төгрөг, Х.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Б-аас 317,950 төгрөг гаргуулж Х.Б-д, А- ХХК-аас 413,150 төгрөг гаргуулж З.Ц-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

8.Нэхэмжлэгч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.а.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь бүрэн нотлогдож байгаа. Гэрээнд заасан мөнгийг худалдан авсан автомашиных нь үлдэгдэл төлбөрт шилжүүлснийг зээлдэгч З.Ц- маргаагүй, харин ч зээл авсан тухайн өдрөө автомашиныг биет байдлаар хүлээн авч ашиглаж эхэлсэн нь зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан түүний хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл байжээ гэдэг нь тогтоогдсон. Гэтэл шүүх гэрээнд заасан мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх ёстой байсан, өмчлөгч байж фидуцийн гэрээ байгуулах ёстой байсан, зээлийн зориулалтыг машин худалдан авах гэж бичээгүй буюу талуудын зээл өгөх авах бодит хүсэл зоригт нийцээгүй зориулалт дурьдсан, нэхэмжлэгч А- ХХК нь З.Ц-гийн авсан гэх 50,000,000 төгрөгийн зээлийг өөрийн санхүүгийн тайланд тусгасан байгаа боловч З.Ц-гийн зээлийн мэдээллийн сангийн баримтаас үзэхэд ... иргэн З.Ц-гийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан зээлийн талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа нь дээрх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсныг үгүйсгэж байна гэх зэрэг зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон үндэслэлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийн хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл бүр хууль зөрчсөн гэх үндэслэл огтхон ч биш юм. Хуулийн шаардлага хангаагүй хэлцэл бүр хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаардаггүй болохыг хууль шаарддаг билээ. Зээлдэгч З.Ц- нь иргэн Ц.Б-аас 01-04 УБГ дугаартай тоёото лексус 570 маркийн автомашиныг 82,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд 32,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 50,000.000 төгрөгийг А- ХХК-аас сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэж төлөх нөхцөлтэй зээлийн мөнгөөр төлсөн.

8.б.Зээлдэгч З.Ц- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг автомашиныг ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөх эрх шилжүүлсэн автомашиныг ББСБ-д бодитойгоор өгөх үүргийг хүлээж, автомашиныг эзэмшиж байхаар унаад явсан, өөрөө эзэмшиж, ашиглаж байсан. Зээлийн /үндсэн/ болон фидуцийн /дагалдах/ гэрээнүүд нь Иргэний хуулийн 42.2 дах хэсэгт заасан Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 42.7-д заасан Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэсэн шаардлагуудыг хангасан бөгөөд эдгээр гэрээнүүдийг нотариат гэрчилсэн үйлдэл нь хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэдгийн баталгаа болно. Энэ талаар хавтаст хэргийн 1-р хавтасны 138-139 талд нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын нотариатчдын танхимаас хуулбарлан ирүүлсэн нотариатчийн бүртгэлийн дэвтэр, мөн хавтаст хэргийн 2-р хавтасны 151-155-р талд Нийслэлийн архив газраас ирүүлсэн нотариатчийн бүртгэлийн дэвтэр нь нэг баримтууд байх бөгөөд түүнд зээлийн гэрээний агуулга, нөхцөлүүд бүрэн тодорхойлогдож байгаа. Харин 1-р хавтасны 11-13 талд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Зээлийн гэрээний 3.1.6-д зээлийн хугацааг 12 сар байна гэж зааснаа уг хугацаа дуусгавар болох огноог 2018 он гэхийг 2017 гэж илэрхий алдаа гаргасныгаа зээлдүүлэгч тал залруулж гараар 2018 гэж зассан байна. Энэ нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна гэж заасантай нийцэж байгаа тул энэхүү илэрхий алдааг зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 453 дугаар зүйлээр зохицуулагдах зээлийн үүргийн харилцаа хуульд зааснаар үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Зээлийн гэрээний дагуу олгох зээлийн 50,000,000 төгрөгийг зээлдүүлэгч ББСБ зээлдэгч З.Ц-гийн худалдан авч буй автомашины үлдэгдэл үнэд 32,000,000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүйгээ, мөн 2018 оны 11 дүгээр сарын 22 хүртэл 1 жил 6 сар гаруй хугацаанд автомашиныг эзэмшиж ашиглаж унаад явсан үйл баримтыг, мөн З.Ц- өөрийн гараар ... З.Ц- миний бие тус ББСБ-аас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 5,000,000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн бөгөөд үлдэгдэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2018 оны 2-р сард багтаан зээлийн хүүг төлөөд, 2018 оны 03-р сараас үндсэн зээлийг төлж эхлэх хүсэлтэй байна хэмээн зээл авснаа хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэж дуусгах талаар амлалт бичиж өгснөө, зээлийн төлбөр төлж байсан зэрэг үйл баримтуудад маргадаггүй.

8.в.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дах хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог. З.Ц- нь зээлийн мөнгийг шилжүүлж өгөөгүй буюу хүлээн авах эрхгүй этгээдийн дансанд шилжүүлсэн талаар нэг ч удаа маргаж байгаагүй, шаардлага гаргаагүй, эсэргүүцээгүй, хориглож мөн татгалзаж байгаагүй. Харин ч өөрөө иргэн Ц.Б-ын дансанд мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн, 50,000,000 төгрөгийг ББСБ нь Ц.Б-ын дансанд шилжүүлснээр З.Ц- ашиг олсон буюу 82,000,000 төгрөгийн автомашиныг аваад явсан тул ББСБ-ыг үүргээ гүйцэтгэсэнд тооцно. Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар компанийн 50 хувийн хувьцааг дангаараа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албыг хашдаг Ц.Б- нь компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээд мөн. А- ХХК-тай түүний байгуулсан хамтран ажиллах дээрх гэрээ нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын гишүүдийн олонхийн саналаар гаргана гэсэн заалттай нийцэж байгаа. Зээлдүүлэгч А- ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Ц.Б- нь ББСБ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд хугацаа хэтэрсэн зээлийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор фидуцийн зүйл автомашиныг бодитойгоор гаргуулан авах нь түүний хууль, дүрмээр хүлээсэн үүрэгт ажил бөгөөд зээлдэгч З.Ц-гийн гүйцэтгээгүй зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн зүйл автомашиныг бодитоор гаргуулан авч, худалдан борлуулсан нь хууль зөрчөөгүй, мөн Ц.Б- нь З.Ц-д түүний худалдан авсан 82,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашины үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийн зээлийг өөрийн хувь нийлүүлсэн ББСБ-аас олгох тухай санал гаргасан нь нэгэнт дуусгавар болсон иргэн Ц.Б-, З.Ц- нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг гэрээний оролцогч биш этгээдэд буцааж төлөх үндэслэл болохгүй. Шүүгч өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих хэргийн оролцогчдод эрх тэгш хандах, төвийг сахих, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц байдлаар биеэ авч явах, хууль дээдлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажилгаагааны журам болон шүүгчийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчиж, хэргийн оролцогч бидний зүгээс шүүхийн хөндлөнгийн байр суурь, урьдчилсан таамаглалгүйгээр маргааныг үнэн зөв хянан шийдвэрлэх мэдлэг, чадварт эргэлзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар З.Ц-гээс гэрээний үүргийн биелэлт /зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү/, хохиролд нийт 27,425,762 төгрөг гаргуулах тухай А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэх, мөн 3 дахь хэсгийн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар А- ХХК, З.Ц- нарын хооронд байгуулсан зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай гэх хэсгүүдэд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

9.Хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх хэсгийн Ц.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулж, Х.Б-д олгосон хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. З.Ц-, Ц.Б- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ тухай З.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа дурьдсан байдаг. Х.Б- нь З.Ц-гийн өмнөөс түүний даалгавар/ИХ399.1/-аар Ц.Б-т автомашины урьдчилгаа 32,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн болохоос Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд Ц.Б-тай оролцоогүй. А- ХХК-аас зээл хүсэхдээ З.Ц- нь автомашин худалдан авах зорилготой байсан ба энэ талаараа ч тайлбар гаргасан. З.Ц- нь ББСБ-д хүсэлт гаргаж, зээл төлөх баталгаа бичиж өгч, зээлийн хүүг төлж байсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо өөрийн үйлдлээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл автомашин худалдан авах хэлцэлд З.Ц- оролцсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан гол нөхцөлийн талаар буюу автомашин худалдах, худалдан авах талаар, урьдчилгаа 32,000,000 төгрөг төлж үлдэх хэсгийг ББСБ-аас гаргуулахаар З.Ц-, Ц.Б- нар хэлэлцэн тохиролцож автомашиныг З.Ц-гийн эзэмшилд нь хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар Ц.Б-ын өмчлөх эрх дууссан тул З.Ц-, Ц.Б- нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Автомашиныг З.Ц-гийн нэр дээр иргэн Ц.Б- шилжүүлээгүй нь түүний буруу биш бөгөөд энэ нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар З.Ц-д бас хамааралтай байна. Мөн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй этгээд Х.Б-д 32,000,000 төгрөг олгох үндэслэлгүй, хариуцагч З.Ц-гийн нөхөр гээд үүрэг хүлээгээгүй этгээд юм. Шүүхийн дүгнэсэн шиг худалдах, худалдан авах гэрээнээс Ц.Б- татгалзаагүй. Энэ тухайгаа шүүхэд гаргасан тайлбаруудаа дурьдсаар байтал шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй, зохиомол дүгнэлт хийсэн. Өөрийн оролцоо бүхий ББСБ-аас автомашины үлдэгдэл 50,000,000 төгрөгийг авах санал гаргасан нь урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах үндэслэл болохгүй. ББСБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б- дүр үзүүлсэн, хууль зөрчсөн хэлцлийг иргэн З.Ц-тэй хийгээгүй, ББСБ-аас авсан зээлийн 50,000,000 төгрөгийг зээлдэгч З.Ц-гийн зөвшөөрлөөр Ц.Б- өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулан Х.Б-д олгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

10.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч З.Ц- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан. Шүүх нотлох баримтыг үнэн бодитойгоор үнэлж дүгнэсэн. Ц.Б- нь өөрийн эзэмшлийн А- ХХК-д үл хамаарах байгууллагын өмчлөл бус өөрийн хувийн эзэмшлийн автомашиныг худалдахаар тохиролцсон. Тухайн автомашиныг худалдах үнийн дүн 82,000,000 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээний нөхцөлүүдийг тохиролцсон. Эхлээд урьдчилгаа 32,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 50,000,000 төгрөгийг Ц.Б- нь А- ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн хувьд 50,000,000 төгрөгийг зээлээр гаргуулж автомашины үнийг төлөхөөр тохиролцсон. Мөн 50,000,000 төгрөгийг З.Ц-гийн данс руу шилжүүлсэн баримт байдаггүй. Зээлийн гэрээнд дурдсан Ц.Б-ын данс руу А- ХХК-аас тодорхой хугацаанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байдаг. Тухайн мөнгийг З.Ц-д олгоогүй, буюу Ц.Б-ын данс руу шилжүүлээд зээл олгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд автомашин З.Ц-гийн нэр дээр шилжээгүй. Мөн зээлийн гэрээ болон фидуцын гэрээ нь хуульд нийцсэн үндэслэл бүхий хэлцэл болж чадаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлтэй. Зээлийн болон фидуцын гэрээтэй холбогдуулаад А- ХХК-аас нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн. Хэрэв 50,000,000 төгрөгийн зээл олгосон бол үндсэн зээл төлөгдөөгүй байхад үндсэн зээлийн 50,000,000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх ёстой. Мөн Ц.Б- нь Х.Б-гийн 32,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хариуцагч бөгөөд анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Сүүлд 2020 онд Ц.Б-ын нэр дээр байсан автомашиныг А- ХХК-ийн нэр дээр шилжүүлж, худалдсан байдаг. Иймд анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Хариуцагч З.Ц-д холбогдуулан нэхэмжлэгч А- ХХК нь зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 27,090,162 төгрөг, нэхэмжлэгч Ц.Б- нь автомашины татвар, торгуулийн төлбөрт 335,600 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Б- нь автомашины татвар, торгуулийн төлбөрт 335,600 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан бол хариуцагч З.Ц- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ. /4хх-ийн 62-р тал/

3.Мөн нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 37,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийг багасган 32,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Б- эс зөвшөөрч маргасан байна. /4хх-ийн 12, 4хх-ийн 84-р тал/

4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнд оролцогчдын эрх үүрэг, гэрээний зөрчлийг ялган зааглаагүй, гэрээ дуусгавар болсон эсэх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.а.Нэхэмжлэгч Х.Б- болон түүний эхнэр З.Ц- нар нь хариуцагч Ц.Б-тай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.Б- нь өөрийн өмчлөлийн, 01-04 УБГ улсын дугаартай, Лексус 570 маркийн, хар өнгийн автомашиныг 82,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нар нь автомашиныг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцож, урьдчилгаа 32,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б-т төлсөн болох нь талуудын тайлбар, мөнгө төлсөн бичгийн баримт зэргээр тогдоогджээ. /хх-ийн 41-р тал/

4.б.Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.в.Улмаар талууд дээрх автомашины үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А- ХХК-аас зээл авч төлөхөөр тохиролцон, нэхэмжлэгч Х.Б-гийн эхнэр буюу хариуцагч З.Ц- нь нэхэмжлэгч А- ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 50,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч З.Ц- нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 11-13-р тал/

4.г.Мөн өдөр талууд фидуцийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, дээрх 01-04 УБГ улсын дугаартай, Лексус 570 маркийн, хар өнгийн автомашиныг, нэхэмжлэгч А- ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд шилжүүлжээ. /хх-ийн 14-р тал/

4.д.Талууд зээл болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан бөгөөд хариуцагч З.Ц- нь зээлийн мөнгөн хөрөнгө 50,000,000 төгрөг болон автомашиныг надад шилжүүлэлгүйгээр 50,000,000 төгрөгийг Ц.Б-т, автомашины өмчлөлийг А- ХХК-д шууд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

4.е.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд дээрх байдлаар хүсэл зоригоо илэрхийлэн, худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч А- ХХК нь худалдан авагч нарын хүсэл зоригийн дагуу 50,000,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Ц.Б-т шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, улмаар нэхэмжлэгч Х.Б- болон түүний эхнэр З.Ц- нар нь 01-04 УБГ улсын дугаартай, Лексус 570 маркийн, хар өнгийн автомашины эзэмшлийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байна.

4.ё.Түүнчлэн, хариуцагч З.Ц- нь нэхэмжлэгч А- ХХК-аас 50,000,000 төгрөг зээлсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, ... 2018 оны 02 сард багтаан зээлийн хүүг төлөөд 2018 оны 03 сараас үндсэн зээлийг төлж эхлэх хүсэлтийг гаргаж байжээ. /1-р хх-ийн 137-р тал/. Дээрх зээл болон фидуцийн гэрээнд зохих этгээдүүд гарын үсэг зурсан, талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн болон дүр үзүүлэн хийсэн гэх байдал тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар зээл болон фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

4.ж.Хариуцагч З.Ц- нь зээлийн хүүд нийт 5,000,000 төгрөг төлж, 2017 оны 09 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь талуудын тайлбар, зээлийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 22-р тал/. Зээлдэгч буюу хариуцагч З.Ц- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч А- ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бодитойгоор гаргуулан авчээ. /1-р хх-ийн 40-р тал/.

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ бодит байдалд хэрэгжиж, нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч З.Ц- нар нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл эзэмшиж, ашиглаж байсан боловч хариуцагч З.Ц- нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.

4.з.Нэхэмжлэгч А- ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг шилжүүлэн авснаар зээлийн гэрээний дагуу хариуцагч З.Ц-гийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч А- ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зээлийн үүргийг шаардах эрхтэй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18,360,000 төгрөгийг хариуцагч З.Ц-гээс гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасанд нийцнэ.

5.Харин олох байсан орлого 7,495,162 төгрөг болон автомашиныг худалдан борлуулахад гарсан зардал 1,235,000 төгрөг, нийт 8,730,162 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч А- ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах өдөр хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байх тул хариуцагч З.Ц-д хохирлыг давхардуулан хариуцуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлээс хохирол гэх 8,730,162 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

6.Талуудын байгуулсан зээл болон фидуцийн гэрээ дээрх байдлаар хүчин төгөлдөр байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч З.Ц-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

7.Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Ц.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Б- нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 32,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба нэхэмжлэгч А- ХХК, хариуцагч З.Ц- нарын байгуулсан фидуцийн гэрээний 2.5.3-т үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг үл маргах журмаар бодитойгоор шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 14-р тал/

7.а.Хариуцагч З.Ц- нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлэн өгөх үүргийг нэхэмжлэгч А- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч А- ХХК нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байхад анхан шатны шүүх талуудыг худалдах, худалдах авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэж, 32,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, харин хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэгч А- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар фидуцийн гэрээний зүйлийг гаргуулан авсан байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ц.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

8.а.Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдааныг даргалсан шүүгчийн нэрийг орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1 ... гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 гэж, ... хохиролд нийт 27.425.762 төгрөг гаргуулах тухай А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг -д хариуцагч З.Ц-гээс 18,360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,730,162 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтын ... зааснаар А- ХХК, З.Ц- нарын хооронд байгуулсан зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай. гэснийг заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А- ХХК-д холбогдуулан гаргасан зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч З.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

4 дэх заалтын ...-т зааснаар Ц.Б-аас 32.000.000 төгрөг гаргуулж, Х.Б-д олгож, нэмэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Б-аас 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

5 дах заалтын ... Ц.Б-аас 317.950 төгрөг гаргуулж Х.Б-д, А- ХХК-аас 413.150 төгрөг гаргуулж З.Ц-д тус тус олгосугай. гэснийг хариуцагч З.Ц-гээс 249,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А- ХХК-аас төлсөн 613,029 төгрөг, хариуцагч Ц.Б-аас төлсөн 317,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ