Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 435

 

Н.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, Н.М-т холбогдох 1918000640514 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч П.Б-н гаргасан гомдол болон Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.М-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдэж, хохирогч П.Б-н гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэлдээ “...Цагаатгах тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх дараах үндэслэл байна... Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” хувь хүний эрүүл мэндийн нууцад хамааруулахаар заасан. Хавтаст хэрэг авагдсан гэрч Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Эрдэнэтулгын мэдүүлгээр чихрийн шижин өвчин бол халдварт өвчин биш боловч хүний өвчин мөн болохыг мэргэжлийн хүний хувьд тодорхойлж өгсөн. Мөн шүүгдэгч Н.М нь иргэн П.Б-ийн эрүүл мэндийн нууцад хамаарах чихрийн шижин өвчний талаарх мэдээллийг ажил олгогч Монголын Цахилгаан холбоо ХК-д өгч, ажил олгогч уг мэдээллийг ашиглан П.Б-г хөдөлмөр эрхлэхгүй чадваргүй гэх үндэслэлээр ажлаас халж улмаар П.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин хөлс, орлогогүй болсон байна. Хохирогч П.Б-ийн хувьд ажил олгогчийн дээрх шийдвэр нь түүний ажил, хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэн шүүхийн байгууллагад хандаж, уг хөдөлмөрийн маргаан нь иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хянан шалгагдаж байгаа талаарх холбогдох баримт материал, шүүхийн шийдвэрүүд, хохирогч П.Б-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэг хангалттай авагдсан болно. Харин анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгч Н.Мөнхбаярын үйлдлийн улмаас хохирогч П.Б-ийн хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул П.Б-ийн Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин өвчний талаарх мэдээлэл нь Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй гэж хуулийг тайлбарлан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг гэдэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заажээ. Хуулийн дээрх заалтад хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор тусгайлан хэм хэмжээ тогтоогоогүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг дүгнэхдээ хувь хүний нууцыг задруулах гэдэг бол хувь хүний нууцад хамаарах мэдээллийг тодорхой зорилготойгоор, санаатайгаар бусдад задруулсан бол Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж хуулийг тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх шүүгдэгч Н.М нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-д заасныг тус тус зөрчин бусдад өгч болохгүй хуулиар хамгаалагдсан хувь нууцын талаарх мэдээллийг журмаар хориглосоор байхад бусдад гаргаж өгсөн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай үйлдэл мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгч Н.Мөнхбаярын үйлдэлд бусдын нууцыг задруулах субъектив санаа зорилго байхгүй байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд цагаатгах тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч П.Б гаргасан гомдолдоо “...магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёстой Эрүүгийн хуулийн 13.11-р зүйлд заасан заалтыг хэрэглээгүй, нотлох баримтыг ташаа ойлгож буруу дүгнэлт хийснээс тус магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс албан үүргийн дагуу хариу хүргүүлсэн гэж дүгнэсэн боловч энэ нь албан үүрэг биш юм.  Албан үүргийн дагуу хариу өгөх байсан бол өөрөө мэддэггүй юмаа гэхэд нууцын ажилтнаасаа лавлаж, дарга Н.М нь нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг жил бүр байгуулахдаа нийгмийн даатгал төлөгч болон тэтгэвэр тэтгэмж авагчийн хувийн хэрэг эрүүл мэндийн талаарх лавлагаатай холбоо бүхий байгууллагын нууцын баталгааны бичиг баримтын хавсралт дээр заавал гарын үсэг зурдаг тул хуулийн байгууллагаас зохих журмын дагуу шаардаагүй бол дүрэм журмаа мөрдөөд энэ талаар тодорхой хариу өгөх боломжгүй талаараа  илэрхийлсэн хариугаа өгөх ёстой. Харин энэ нь албан үүргийн дагуу хариу хүргүүлсэнтэй адил. Н.М нь Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд зааснаар хүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулах битгий хэл зөвшөөрсөн ч ажлын онцлог хүлээсэн үүргийнхээ дагуу ямар ч нөхцөлд эрүүл мэндтэй холбоотой лавлагааг өгөхгүй байх албан тушаалтан байхад гуйвуулж дүгнэлт хийсэн. Мөн магадлалд Н.М-н үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ. Харин ч тодорхой зорилго агуулсан нь дараах үйл баримтаас харагдана. Нэг бус хэд хэдэн үйлдлээр Дарханы холбооны газарт эрүүл мэндийн лавлагааг өгч хууль бусаар ажлаас халуулж хөдөлмөрлөх эрхэд халдуулж хохироосон. Ямар ч хамааралгүй Дарханы Хяналтын байгууллагад мөн эрүүл мэндийн лавлагааг өгч Улсын байцаагчийн эрхэнд хамааралгүй хууль бус акт гаргуулж ажлаас халах хуурамч нотлох баримт үйлдүүлж, мэргэжлийн хяналтын газрынхан болон холбооныхны хүмүүст миний эрүүл мэндийн талаарх мэдээллийг тарааж, миний нэр хүндийг унагаж хохироосон. Энэ бүхэн нь албан бичгээр халхлагдан цаанаа далд үгсэн тохирч, хуйвалдсан зориуд санаатай гэмт үйлдэл хийж өөрсдийн намынхаа хүнийг ажилтай болгон үлдээх гэсэн ноцтой асуудал байсан. Албан бичиг үйлдэж өгснөөр Н.М нь гэмт хэрэг төгс үйлдсэн. Мөн магадлалд чихрийн шижин өвчнийг ердийн өвчинд тооцогдох учир тарааж болох юм шиг, шүүх Н.М-н гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа болохоос бус хохирогчийн ажилдаа тэнцэх эсэх хөдөлмөрийн болон бусад хууль зөрчсөн эсэх асуудлыг тогтоож байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь хэрэгт хамааралгүй иргэний хэргийн асуудлыг шүүрч авч анхан шатны шүүхийн тогтоолыг хамгаалахын тулд аргаа ядсан илт хууль бус дүгнэлт хийсэн. Энэ нь албан тушаалтны хэргийг шүүхээр шийдэхэд орон нутгийн төр захиргааны ашиг сонирхлын зөрчил илт нөлөөтэй байгаа учраас хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэх боломжгүй байгааг онцлон анхаарна уу.

Нийгмийн даатгалтай холбоотой үүрэг хүлээхийн тулд хууль дүрэм журмыг зөрчихгүй байж, ажил албаныхаа онцлог үүргийг хэрэгжүүлнэ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга нь бүрэлдэхүүнтэйгээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоож акт гаргадаг болохоос биш хамааралгүй бусад байгууллагад энэ талаар мэдээлэл өгөх ёсгүй. Магадлалд бичсэнээр өгдөг юм гэж үзэхэд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын тамга, тэмдэг, бланк дээр бүрэлдэхүүнтэйгээр гарын үсэг зурж өгөх ёстой байх тэрэнгүй нийгмийн даатгалын дарга тамга тэмдгээ өөрийн бланк дээр дарж, албан бичиг хийж өгөх ийм гажууд ёс суртахуунгүй зүйл огт байж таарахгүй. Энэ ч түүний хууль бус үйлдлийг давхар нотолно. Иймд Н.М албан тушаалын байдлаа ашиглан намын бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчлийн үүднээс санаатайгаар зориуд гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн материал, прокурорын яллах дүгнэлт болон прокурорын эсэргүүцэл, миний давж заалдсан гомдолд тодорхой дэлгэрэнгүй баримттай бичигдсэн байгааг нягтлан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн 59 тоот тогтоол, 39 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.М-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Чихрийн шижин өвчин нь хувь хүний нууцад хамаарах талаар шинжээч эмч мэдүүлсэн байгаа. Албан бичгийн дагуу хувь хүний нууцыг хамаагүй өгч болохгүй бөгөөд зохих журмын дагуу явагдах ёстой ажиллагаа юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар зохих заавар журмууд нь Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй гэх тайлбарыг хэлдэг боловч тус журам нь олон жил мөрдөгдөж ирсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган хэлсэн саналдаа “Хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Н.Мөнхбаяр нь тухайн үед Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд мөн аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргын үүргийг давхар гүйцэтгэдэг учир ажил үүргийнхээ дагуу мэдээллийг ажил олгогчид явуулсан байдаг. Төрийн албан хаагч нь биеийн эрүүл мэндийн хувьд ажил үүргийг гүйцэтгэж чадах чадвартай эсэхээ мэдүүлэх үүрэгтэй бөгөөд П.Б-ийн ажил олгогчийн хүсэлтийн дагуу албан үүргийнхээ хүрээнд түүний эрүүл мэндийн лавлагааг гаргаж өгсөн нь хууль зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх “хувь хүний нууц гэдэг нь тухайн этгээдийн хуульд нийцүүлэн нууцалсан бөгөөд түүнийг задруулбал тэр хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгох ба “хувь хүний нууцыг задруулах” гэдэг нь хүний хувийн нууцыг агуулсан мэдээ сэлт ,бичиг баримт, зураг, бичлэг, бусад биет зүйлийг хөндлөнгийн хүмүүст хэвлэл мэдээллээр болон бусад арга хэлбэрээр санаатай тараасан байх, энэ санаатай үйлдэл нь ямар нэг тодорхой зорилгыг агуулсан байх бөгөөд ийм нөхцөл байдал Н.М-н үйлдэлд тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.М-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар чихрийн шижин нь ердийн өвчинд тооцогдох учир ажил олгогчоос ирүүлсэн албан бичгийн дагуу хариу хүргүүлсэн нь санаатайгаар хувь хүний нууцыг задруулсан гэж үзэх үндэслэлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хохирогч П.Б-ийн гаргасан гомдол болон Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.М-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Прокуророос Н.М-г албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Н.Мөнхбаярыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж баталгаажуулсан бөгөөд энэхүү эрхийн хүрээнд 1995 онд Хувь хүний нууцын тухай хууль батлагдан гарч хувь хүний нууцыг “захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууц” гэсэн төрлүүдэд ангилан хуульчилсны баталгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10, 13.11 дүгээр зүйлүүд билээ.

Түүнчлэн, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” хэмээн Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцууд болон үндэсний хууль тогтоомжуудад хувь хүний нууцыг нийтээр хүндэтгэн, хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ болгон тунхагласан.

2015 оны Эрүүгийн хуульд заасан “хувь хүний нууцыг задруулах” гэдгийг хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэж ойлгох бөгөөд албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол хүндрүүлэн авч үзэхээр хууль тогтоогч хуульчилжээ.

Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” ойлгохоор заасан тул П.Бгийн Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин нь халдварт өвчин биш боловч хүний өвчин мөн болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Эрдэнэтулгын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ хуульд заасан “халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт эргэлзээгүйгээр хамаарч байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Н.М нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн П.Б-ийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг П.Б-ийн зөвшөөрөлгүйгээр ажил олгогчид нь гарган өгч задруулсан нь Хувь хүний нууцын тухай хууль, Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл лавлагаа олгох журам, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох зүйл, заалт, хэсгийг зөрчсөн үйлдэл мөн боловч ажил олгогч нь албан үүргийн дагуу олж авсан энэ мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг мөн хүлээж буй,  цааш П.Б-ийн чихрийн шижин өвчний талаар бусдад хууль бусаар задруулж, үүний улмаас П.Б-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хор хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Н.М-н бусдын зөвшөөрөлгүйгээр хувь хүний нууцыг ажил олгогч байгууллагад хүргүүлсэн нь хууль, журмаар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж, эрх зүйн хэм хэмжээнд харшилсан үйлдэл мөн боловч эрүүгийн гэмт хэргийн үндсэн шинж болох нийгмийн хор аюул, бодитой учирсан хор хохирол үгүйсгэгдэж байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж гэмт хэрэгт тооцохоос татгалзав.   

Хэдий тийм боловч тухайн албан үүргийг хаших явцад олж мэдсэн хувь хүний нууцад хамаарах баримт мэдээллийг хувь хүний нууцыг хадгалах эрхгүй аль нэг байгууллага, аж ахуй нэгжийн зүгээс ирүүлэхийг хүссэн тохиолдол бүрт холбогдох хууль, журам, дүрмийг үл хайхран гарган өгч байгаа үйлдлийг хууль ёсны дагуу явагдсан үйл ажиллагаа гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулиас бусад хууль тогтоомжоор хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. 

Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/3820 дугаартай албан бичгээр “Дархан-Уул аймгийн прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдоржийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг Прокурорын тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 21.1.10 дахь заалтад зааснаар буцаан авч байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн тул прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, П.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч П.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН