Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00944

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00944

 

 

 

Д.К ХХК, Т.Т- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00723 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.К ХХК, Т.Т- ХХК-ийн хариуцагч Драгон холдинг ХХК-д холбогдуулан гаргасан Д.К ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг Драгон холдинг ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.К ХХК-ийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Т.Т- ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нь анх Драгон холдинг ХХК-ийн захирал С.Баярттай 2009 оны 3 дугаар сард харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 тоот хаягт байршилтай, 780 м.кв талбайтай, 3 давхар 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 275,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ийнхүү тохиролцож байх үед С.Баярт нь ...нөгөө 3 давхар обьектын үл хөдлөхийн гэрчилгээ нь миний төрсөн дүү С.Чимэдгаадангийн Д.К гэдэг компани дээр бүртгэлтэй. Гэхдээ энэ бол миний хөрөнгө юм. Тэгэхээр чи Д.К ХХК-ийн захирал С.Чимэдгаадантай худалдах-худалдан авах гэрээг хийчих. Үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас Драгон консткрашн ХХК-ийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болно гэж хэлсэний дагуу С.Чимэдгаадантай гэрээ байгуулсан. Ингээд 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.К ХХК-ийн захирал С.Чимэдгаадантай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 тоот хаягт байршилтай, 780 м.кв талбайтай, 3 давхар 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, мөн уг гэрээний 7 дахь хэсэгт уг барилгын доорхи 297 м.кв газар болон барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар буюу 400 м.кв, нийт 697 м.кв газрыг эзэмшүүлэн олгох, газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичгийг гаргаж өгөх, худалдан авагч нь худалдагчид 275,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон. Улмаар С.Баярттай хэлэлцэж тохиролцсоны дагуу 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх болон компаний хувьцааг худалдах-худалдан авах гэрээг С.Чимэдгаадантай байгуулж, уг гэрээгээр Т.Т- ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нь Д.К ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан 2009 онд уг газрыг эзэмших эрх нь Дөрвөн луу ХХК-д байсан ба тус компани нь Драгон холдинг ХХК-тай нэгдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар Драгон холдинг ХХК-ийн эзэмшилд шилжжээ. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Д.К ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг Драгон холдинг ХХК-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэжээ. 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Одоо барилгын 1 дүгээр давхар Авто тээврийн үндэсний төвийн өмчлөлд байгаа бөгөөд Н.Эрдэнэсайхантай байгуулсан гэрээгээр тухайн барилга нь Д.К ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжээгүй юм. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 1-д ...780 м.кв, 3 давхар, 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан ба газрын хамт гэсэн агуулга байхгүй байна. Мөн гэрээний 4-т Гэрээний зүйл болох зочид буудал 2, 3-р давхар, зоорийн давхрын барилга байгууламж гэснээс үзэхэд энэхүү гэрээгээр Д.К ХХК болон Т.Т- ХХК нь зөвхөн 780 м.кв, 3 давхар, 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга байгууламжийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь харагдаж байна. Худалдаж авсан барилгын доорх газрыг эзэмших, ашиглах эрх нь захиргааны актаар Драгон холдинг ХХК-д байсаар байтал нэхэмжлэгч компани захиргааны актын талаар иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй субъект болох Нийслэлийн Газрын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан хууль тогтоомжийг биелүүлж захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллагад хамаарах буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байх тул энэхүү маргаан нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байна. Иймд Д.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах маргаан байхгүй тохиолдолд манай эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгаИргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.К ХХК болон Т.Т- ХХК-ийг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах, Д.К ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-220101266 дугаартай, 000050743 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө барилгын доорх 297 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг Нийслэлийн Газрын албанд гаргаж өгөхийг Драгон холдинг ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 400 м.кв талбайтай газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Д.К ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзвэл зөвхөн барилгын баруун талд маргаан бүхий газар давхардаж байх бөгөөд барилгын хойд, урд хэсэгт бусдын газар эзэмших, ашиглах эрхтэй давхцаж байгаа талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байна. Хэргийн бодит нөхцөл байдал ийм байхад шүүх ... барилгын хойд, ...урд хэсгийн эргэн тойрондох газар эзэмших эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд нэхэмжлэгч нь 297 м.кв газар дээр нэмж 256 м.кв, нийт 553 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шүүгч худалдагчийн ах нь тухайн худалдагдаж буй компанийг өмнө нь үүсгэн байгуулж байсан байна гэх үл ойлгогдох шалтгаанаар гэрээний агуулгыг илтэд өөрөөр тайлбарласан учраас тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаж чадахгүй юм. Анхан шатны шүүх өөр хоорондоо зөрчил бүхий дүгнэлт хийж ойлгомжгүй байдал бий болгосон байна. Тухайлбал Гэрээг байгуулах үед буюу 2009 онд Драгон холдинг ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй байсан гэж шүүх үзлээ гэжээ. Тэгсэн атлаа дараагийн дүгнэлтэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжийн хавсралтаас үзэхэд Драгон холдинг ХХК нь Дөрвөн луу ХХК-ийн 2008 оноос эзэмшиж байсан 14,106 м.кв талбай бүхий газрыг 2011 оноос эзэмших эрхтэй болсон байна гэжээ. Өөрөөр хэлбэл 2009 онд эзэмших эрхтэй байсан гэж дүгнэлт хийсэн атлаа 2011 онд эзэмших эрхтэй болсон байна хэмээн дүгнэжээ. С.Баярт нь тухайн маргаанд ямар ч хамааралгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тов тодорхой байдаг. Харин шүүгч нэхэмжлэгчийн С.Баярт ингэсэн, тэгсэн гэх мэдүүлгүүдэд автаж, хэргийн баримтаар биш таамгаар дүгнэлт хийсэн байдаг. Нөгөөтэйгүүр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасныг зөрчсөн дүгнэлтүүд хийсэн байна. Д.К ХХК-ийн эрх шилжүүлэгч С.Чимэдгаадан, эрх хүлээн авагч Н.Эрдэнэсайхан нар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Д.К ХХК-ийн эрх үүргийг шилжүүлэх зорилготой байсныг шүүгч нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн өөр зорилготой байсан мэтээр дүгнэжээ. Шүүхийн дүгнэлтээс харахаар тухайн эрх шилжүүлэх гэрээг талууд дүр үзүүлсэн, халхавчилсан байдлаар хийсэн гэх агуулгатай боловч маш ойлгомжгүй байдлаар бичжээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийг тайлбарлах, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцэл хийгдсэнд тооцох нөхцөл, 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах зэрэг аль ч аргыг үл хэрэглэн шууд өөрийн үзэмж, таамаглалд үндэслэн тухайн гэрээний худалдагч тал нь Драгон холдинг ХХК байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй хэмээн дүгнэхдээ хэрэгт авагдсан өөр ямар ч баримтыг үндэслээгүй буюу бусад байдлаар үгүйсгэгдэж буй тайлбарыг дангаар нь өөрийн таамаглалд үндэслэн /хамаатан садан гэх/ дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчиж байна. Харин хариуцагч талын өмгөөлөгчийн тайлбар, асуултад хариулж байгааг сонсож байхдаа шүүгч Ингэж хариулаад байвал болно гэж бодоо юу гэх мэтээр илтэд үгүйсгэсэн байдал үзүүлж байсан нь хуралдааны тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Энэ байдал нь наанадаж хэргийг шийдвэрлэх, нотлох баримтыг үнэлэх асуудалд мэтгэлцэх зарчим, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудаас ухарсан үйлдэл, цаашилбал хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын тайлбар, хариултыг сонсож байхдаа шүүгч өөрийн итгэл үнэмшилд автаж хэргийн оролцогчдоос нэг талыг хэт үгүйсгэсэн үг хэлэх, үйлдэл гаргах, байр байдал үзүүлэх нь ёс зүйн асуудал юм. Анхан шатны шүүх өөрөө Д.К ХХК нь 2017 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр дүгнэсэн нь бодит үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Газрын харилцаатай холбоотой захиргааны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэртэй, захиргааны хэргийн журмаар шийдвэрлэх ёстой маргаан байхад иргэний хэргийн журмаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Талуудын хооронд 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7-д үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар дараах тохиролцоог хийлээ. Барилгын хойд, баруун урд хэсгийн эргэн тойронд 8 метр газрыг эзэмшүүлэн олгоно гэж тохиролцсон байдаг. Гэрээний уг заалт хэрэгжээгүй учраас гэрээний дагуу эзэмшил үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Засаг даргын захирамжтай холбоотой маргаан бус, талуудын хооронд байгуулсан гэрээнээс үүссэн маргаан юм. Энэ асуудлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд газрын харилцаатай холбоотой маргаан учраас иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээг н.Чимэдгаадан гэх хүнтэй байгуулсан гэдэг боловч нэхэмжлэгч нь гэрээ байгуулахад н.Чимэдгаадан оролцоогүй, С.Баярт намайг дуудаж уулзаад газраа үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан борлуулна. Миний дүү н.Чимэдгааданы Драгон коснтракшн ХХК-ийн нэр дээр байдаг учраас компанийхаа хувьцааг шилжүүлэх гэрээг хийнэ гэж тайлбарласан. 2 хүн оролцсон учраас гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдох боломжгүй учраас бусад үйл баримт, нотлох баримтаар тогтоох ёстой. Нэхэмжлэгчийн уг тайлбарыг нотлохтой холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Драгон коснтракшн ХХК-ийн С.Баярт үүсгэн байгуулж, дүү н.Чимэдгааданд компанийг шилжүүлсэн, барилгыг бэлэглэсэн, талуудын хооронд гэрээ байгуулагдсаны дараа тохиролцсон хөлсийг олон удаагийн үйлдлээр Драгон холдинг ХХК хүлээж авсан гэх үйл баримтууд, нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн, уг гэрээнд С.Баярт хамааралтай байна гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Маргаан бүхий газрыг 2011 оноос хойш Драгон холдинг ХХК эзэмшиж эхэлсэн гэдэг. Гэхдээ түүнээс өмнө газар эзэмших эрх нь Дөрвөн луу ХХК-д байсан. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад Дөрвөн луу ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Баярт байдаг. Тухайн компани нь 2008 онд Драгон холдинг ХХК-тай нэгдсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласан шиг гэрээнд хамааралгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг бий болсон. 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сүүлийн төлбөр төлөгдсөн учраас тухайн өдрөөс шаардах эрх үүссэн. Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас газрын албанд гэрээний дагуу эзэмших эрх үүссэн учраас, холбогдох актыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан нь Өмчийн харилцааны газрын 2015 оны 06 дугаар сар, 2016 оны 03 дугаар сарын албан тоотуудаар нотлогддог. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учраас 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны зөрчил биш. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Төрийн өмчийн аж ахуй нэгж үл хөдлөх хөрөнгийн 1 давхарын өмчлөгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахад газрын маргаан манай байгууллагад ямар нэгэн хамааралгүй, эрх ашиг хөндөгдөхгүй учраас маргаанд оролцох шаардлагагүй гэсэн тайлбар гаргасан. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талын гаргасан гомдлын дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.К ХХК, Т.Т- ХХК нь хариуцагч Драгон холдинг ХХК-д холбогдуулан 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Д.К ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг Драгон холдинг ХХК-д даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч Драгон холдинг ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.К ХХК, Т.Т- ХХК 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Д.К ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж-139/2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, нийт 780 м.кв талбайтай /зоорь 297 м.кв, 2 дугаар давхар 241.5 м.кв, 3 дугаар давхар 241.5 м.кв/ барилгыг 275,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцжээ. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу Д.К ХХК Т.Т- ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, Т.Т- ХХК 275,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Д.К ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Чимэдгаадан, Т.Т- ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Д.К ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийг болон компанийн эрх үүргийг шилжүүлэхээр, мөн өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Д.К ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдахаар тус тус тохиролцжээ. Эдгээр гэрээний дагуу Н.Эрдэнэсайхан Д.К ХХК-ийн эрх, үүргийг болон хувьцааг шилжүүлэн авсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 7.6-д барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар эзэмшүүлэн олгохоор заасан байх ба уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь 697 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсан, хариуцагч нь гэрээний тал биш гэх үндэслэлээр татгалзжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тухайн барилга оршин байгаа газар Дөрвөн луу ХХК-ийн эзэмшилд байсан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар тухайн газрыг Драгон холдинг ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, Дөрвөн луу ХХК нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Драгон холдинг ХХК-тай нэгдэж, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тусгаарлагдсан, дээрх гэрээ байгуулагдах үед Драгон холдинг ХХК болон Дөрвөн луу ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Баярт, Б.Октябрь нар байсан, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга нь Дөрвөн луу ХХК-ийн өмчлөлд байсан ба 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Д.К ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ Д.К ХХК болон Т.Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан, Т.Т- ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нь эрх шилжүүлэх гэрээгээр Д.К ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэн авснаар маргаан бүхий газрын эзэмших эрх шилжүүлэхийг худалдагчаас шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх ба Драгон холдинг ХХК нь худалдах-худалдан авах гэрээний тал биш хэдий ч Дөрвөн луу ХХК, Д.К ХХК, Драгон холдинг ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай нэгдмэл сонирхолтой компаниуд байх тул нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүргийг Драгон холдинг ХХК-аас шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг барилгын доорхи 297 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, Авто тээврийн газар болон Дөрвөн луу ХХК-ийн хооронд байгуулагдсан 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барилга худалдан авах тухай 02/02 дугаартай гэрээний 2.5 дахь заалтыг үндэслэн барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар эзэмших эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн 400 м.кв газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх гэрээний 2.5 дахь заалтаар барилгын баруун талын 15х18 метрийн хэмжээ бүхий газрыг худалдан авагч Авто тээврийн газар шилжүүлэн авахаар заасан нь барилгын хойд, урд хэсгийн газрын эзэмших эрхтэй холбоогүй байх тул барилгын доорх 297 м.кв болон барилгын хойд, урд хэсгийн 256 м.кв, нийт 553 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгч Д.К ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба энэ нь эд хөрөнгийн бус нэхэмжлэл байхад шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримталсан нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын газрыг гэсний дараа болон барилгын хойд, урд хэсгийн 256 м.кв газар, нийт 553 м.кв газрыг гэж нэмж, 400 м.кв гэснийг 144 м.кв гэж, 2 дахь заалтын 7.1.1 гэснийг 7.1.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Драгон холдинг ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.К ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

  

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

#