Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 414

 

П.Т, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 506 дугаар магадлалтай, П.Т, Б.А нарт холбогдох 1806044831409 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй,  Данигай овогт П.Т нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Овоо овогт Б.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн П.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч П.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн футболк, хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Т, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 506 дугаартай магадлал гаргасан. Өмгөөлөгч миний бие магадлалын П.Тын үйлдэлд холбогдох хэсгийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд:

1.1.“...Анхан шатны шүүх П.Тын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай Б.Аын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн байх боловч 6463 дугаар дүгнэлт үндэслэлгүй талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 30-32/, 2018 оны 12 дугаар сарьн 4-ний өдрийн 1281 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 202-204/, хамтарсан шинжээчдийн багийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1168 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 226-228/ тус тус гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар томилогдсон тусгай мэдлэг, мэргэжил бүхий шинжээчдийн дүгнэлтийг анхан шатны шүүх “Фрэндшип наран” оношлогооны төвийн зүслэгт компьютерт томографийн шинжилгээ “баруун плеврийн хөндийд хий шингэнгүй, 2 уушгины талбайд нэвчдэст өөрчлөлтгүй” гэх баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна... гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал анхан шатны шүүхийн Б.Аын биед учирсан хүнд гэмтлийг хүндэвтэр гэмтэл болгон хөнгөрүүлэх үндэслэл болсон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Фрэндшип наран” оношлогооны төвийн зүслэгт компьютерт томографийн шинжилгээг шинжээч нар өөрөөр үнэлсэн байх бөгөөд тус шинжилгээний “...зүүн талын плеврийн хөндийд арын байрлалтай 2.7 см зузаантай, +8+39Ни холимог нягтралтай шингэнтэй ...” /1хх-185/ гэсэн нь Б.Аын биед цээжний хөндийд шингэн байгааг нотолж байгаа талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан, шинжээч эмч нар мэдүүлсэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй талаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 30-32/, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 281 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх202-204/, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1168 дугаар шинжээчийн нийт 3 дүгнэлт /2хх 226-228/-ийнхээ талаар 5 шинжээч мэдүүлэг өгсөн байхад ганцхан 6463 дугаар дүгнэлтийг үнэлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн үнэлсэн нэг нотлох баримт нь үнэхээр бусад олон баримтуудаас илт зөрүүтэй байхад нэг нотлох баримтыг үнэлэхдээ бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүх хуралдаанаас үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлжээ. Иймд П.Тын үйлдлийг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж дүгнэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн гэх дүгнэлтийг хийсэн нотлох баримт болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд бичигдсэн Б.Аын өвчний түүх нээх буюу эмнэлэгт хэвтсэн үеийн онош “цээжний хөндий нэвтэрсэн биш хатгагдсан шарх” гэх, мөн эмнэлгээс гарах үеийн онош буюу Б.Аын шарх эдгэрээд эмнэлгээс гарах үеийн онош “цээжний хөндий нэвтэрсэн биш хатгагдсан шарх” гэсэн онош нь хэвтэх үеийн буюу шархны анхны цэгцлэлт хийсэн эмч болох гэрч Б.Бямбахүү, өвчний түүх хөтөлсөн эмнэлгээс гарах хүртэл эмчилсэн эмч гэрч Д.Даваажаргал, гэрч Батдэлгэрэх нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа, эдгээр нотлох баримтууд нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл үүссэн талаарх дүгнэлттэй тохирч байгаа зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэлт гаргасныг дүгнэлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй талаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаар шинжээчийн дүтнэлт /1хх 30-32/, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх202-204/, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1168 дугаар шинжээчийн нийт 3 дүгнэлт /2хх 226-228/-ийнхээ талаар шинжээч мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан бусад дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаад дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл дээрх 3 шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох 6463 дугаар дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэргээр эргэлзээтэй болох нь тогтоогдсон учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэгт хамааралтай дээрх нотлох баримтуудыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай болохыг харгалзан анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Д.Мөнхтуяа гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн 506 дугаар магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо заагаагүй гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана...”, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгана...” гэж заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 54 тоот тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Аын гэм буруугийн талаар “шүүгдэгч Б.Аыг 2018 оны 5 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 24 дүгээр байрны 04 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Аыг 2018 оны 5 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 24 дүгээр байрны 04 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэл дараахь нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж, тогтоогдохгүй байна гэж үзэв. Үүнд: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай 1.П.Тын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1хх-н 121/, мөрдөн шалгах ажиллагааны хохирогч П.Тын өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед манай хүүхэд Баатарсүх халуураад ханиад хүрсэн байсан. Тухайн үед манай нөхөр А 17 цагийн үед гарч яваад ээж, аавындаа орно гээд гарсан. 21 цаг хүртэл хүлээгээд орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад авахгүй таслаад, мессеж бичээд хариу байдаггүй. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд гэрт ороод ирэхээр нь “чи хаашаа явчихдаг юм бэ? Хүүхэд халуунтай байхад” гэж хэлсэн чинь “чи залгаагүй шүү дээ, би дуудлагыг чинь хараагүй” гэх зэргээр хэг ёг хийгээд бидний хооронд хэрүүл болоод би Аыг хуучин эхнэрийн чинь түлхүүр чамд байна гэсэн. Тэгтэл А чиний хуучин нөхрийн зураг байдаг гэх зэргээр хэрүүл маргаан болсон. Тухайн үед цохисныг нь мэдэхгүй байна, 4-5 удаа цохисон, тэгээд намайг өшиглөөд унагаасан гэх мэдүүлэг /1хх 110-111/, шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн “П.Тын биед учирсан сорви гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Сорви гэмтэл яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах вэ? гэвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдан шарх үүссэн үед эдгэрэл нь сорви болж үлддэг, шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж эдгэрдэг тул хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэлд хэмжээ хамааралгүй. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /1хх-207/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Өөрөөр хэлбэл Б.Аын үйлдсэн гэх гэмт хэрэг 2018 оны 5 сарын 18-ны өдөр үйлдэгдсэн ч хохирогч Д.Т нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн нь хэрэг болсон тухайн цаг хугацаанаас хойш 5 сарын дараа шинжилгээ өгч шинжээчийн дүгнэлт гарсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 12262 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-121/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Овоо овогтой Б.Ат холбогдох эрүүгийн 1806044831409 тоот дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” гэж тодорхой үгүйсгэсэн үндэслэлээ дурдсан байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн 506 дугаар магадлалын Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Д.Бум-Аюушийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх шинжээчийн дүгнэлтийг хоёр шатны шүүх өөр байдлаар дүгнэсэн. Хохирогчид учирсан цээжний хөндийн гэмтлийг хүнд гэж үзэх үндэслэлгүй болох нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч болон эмчлэгч эмч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Харин “Фрэндшип наран” оношлогооны төвийн олон зүслэгт томографийн шинжилгээний хариуг буруу ойлгож нэвтэрсэн хүнд гэмтэл мэтээр дүгнэлт гаргасан. Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн онош нь баруун гарын сарвууны зөөлөн эд, шөрмөсний хүндэвтэр гэмтэл байсан. Өвчтөний түүхийг хөтлөх журмын дагуу тасралгүй ар араасаа үргэлжилж бичигдэх ёстой боловч тусдаа цаасан дээр дүгнэлт бичсэн байсан. Тухайн үед цээжний хөндийд нэвчдэс, хий, шингэн байхгүй байсан учир Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар, сарвууны тасагт эмчлүүлээд гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлт хэдэн удаа гарсан нь чухал бус нотлох баримтад тулгуурлаж гарсан нь үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Т, Т.А нар нь хамтран амьдарч байхдаа хоорондоо маргалдан П.Т нь зэвсгийн чАтай зүйл болох хутгаар Т.Аын цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий хүнд хохирлыг санаатай учруулсан, Т.А нь П.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй болсон. Эхний шинжээчийн дүгнэлтийг хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүйгээс нийт 4 удаагийн дүгнэлт гарсан. Т.Аын биед хүнд гэмтэл тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас мэдүүлэг авахад “цээжний хөндийд хурсан 20 грамм цусыг соруулж авсан нь хутга цээжний хөндийд нэвтэрснийг нотолно” гэж тодорхой мэдүүлсээр байхад анхан шатны шүүх зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн П.Т, Б.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.Тыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.Атай маргалдахдаа зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжнийх нь зүүн ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан,

Б.Аыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн П.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч П.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн үнэлсэн нэг нотлох баримт нь бусад баримтуудаасаа илт зөрүүтэй байхад нэг нотлох баримтаа үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүх хуралдаанаас үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хяналтын шатны шүүх хуралдаанаас өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чАыг урьдчилан тогтоох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд өмгөөлөгч Д.Бум-Аюушийн “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэх, өмгөөлөгч П.Мөнхтуяагийн “...магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх хяналтын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 506 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч П.Мөнхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН