Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 525

 

105/2019/0187/Э

 

 

 

 

 

 2019           5             30                                             2019/ДШМ/525                                                          

 

П.Т , Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр,

хохирогч, шүүгдэгч П.Т ын өмгөөлөгч Э.Ганбат,

хохирогч, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 48 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр П.Т , Б.А нарт холбогдох эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д овгийн П-ийн Т  , ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

2. О овгийн Б-ын А, ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

П.Т  нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.А-н цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Т тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, ...шинжээч томилно.”, 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж тус тус хуульчилжээ. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалаар баталсан “Амьд сорьц, эмгэг эс судлалын шинжилгээ хийх журам ”-ын Хоёр дахь хэсгийн 2.3-т “Амьд сорьц /biobis|/-ын шинжилгээ” гэж өвчилсөн эрхтнээс дурандах, хатгах, цоолох, соруулах, наалдуулах болон мэс ажилбараар авсан эдийн дээж дээр бичил харуурын түвшинд онош тогтоохыг;” гэж зааснаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.А-ын биед хийсэн функц ажилбар хийхдээ мөн журмын Дөрөв дэх хэсгийн 4.6-д “Хүний бие махбодоос авсан эд эрхтэн, эсийн түрхцийг эмгэг судлалын лабораторид заавал илгээж, оношийг тогтооно” гэж заасныг баримтлан эдийн дээж авсан эсэхийг шалгаж тогтоосны дараа дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай дүгнэлт /1 хх 25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай дүгнэлт /1 хх 30-32/, өвчний түүх /1 хх 33-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3807 дугаартай дүгнэлт /1 хх 51-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай дүгнэлт /1 хх 121/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6627 дугаартай дүгнэлт /1 хх 149-151/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт /1 хх 202-204/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Данигай овогт Пүрэвийн Т  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Т , Б.А нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол П.Т , Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг футволк, хар өнгийн 1 ширхэг хутга зэргийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.  

 

Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт хохирогч Б.А-ын “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эхнэрийн дүүгийн хүүхдийн үсний найранд оролцож тараад эхнэр бид 2 хадам аавыг гэртээ оруулаад хоол унд хийж өгөөд шимийн архинаас аягалж өгөөд юм ярьж байгаад 19 цаг өнгөрч байхад хажуу хаалганд байдаг аавынд ороод аавын өвдөгний хагалгааны асуудлыг нь ярилцаж байгаад эхнэр над руу залгасныг мэдээгүй, нэг харсан чинь эхнэрээс яасан бэ? утсаа аваач, хүү уйлаад байна, би халуураад байх шиг байна, эмэнд гармаар байна гэсэн. Тэгэхэд цаг харсан чинь 23 цаг болж байсан. Тэгээд би гэртээ орсон чинь бага хүүг хадам аав өвөр дээрээ суулгасан уйлсан, эхнэр намайг алга болчихлоо гээд жаахан ууртай байсан. Тэгээд эхнэр ...алга болчихлоо, утсаа авсангүй” гэснээс болж маргалдсан. Тэгээд бид 2 өмнөх амьдралыг сөхөөд ...би эхнэрээ “салсан нөхрийнхөө зургийг хадгалдаг биз дээ” гэж хэлсэн чинь эхнэр улам уурлаад гал тогооны тавиур дээрээс хутга аваад эргэхэд нь арай ч хутгалахгүй байлгүй дээ гэж бодсон чинь хутгатай гараараа зүүн суга руу цохих шиг болсон. Дахиад хутга бариад дайрахаар нь хүүхдээ тэвэрсэн байсан учраас зүүн гараараа хаасан чинь хуруу эсгэсэн ангайсан байсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэж зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө суугаад унасан” гэж мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

гэрч Л.Алтанцэцэгийн “...Би хүүгээ дагуулан гэртээ орох гээд орцны хаалга нээтэл “эмэгтэй хүн яанаа” гэж хашгирах дуу гарсан. Тэгэхээр нь би 1 давхрын шатаар гараад иртэл А  хүүгээ тэвэрсэн, нуруу болон зүүн гараас нь цус гарсан, гэрийн үүдэн дээр зогсоод цаад талд нь П.Т  орилоод зогсож байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Пүрэвийн “...Би 2018 оны 5 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгаас ирээд байж байсан. Тэгсэн чинь манай хүргэн Б.А, охин П.Т  нар намайг гэртээ оч гээд байсан. ...Би хүргэн Б.А-д очиход хүргэн Б.А, охин Т   2 хүүхдийн хамт дөрвүүлээ байсан. ...Тэгээд байж байтал Б.А “хажуу талын ээжийнхээ гэрт ороод ирье” гэж хэлээд орсон. Тэгээд А  ирэлгүй 2-3 цаг алга болсон. Тухайн үед А-ын бага хүү Баатарсүх, Т   хоёр ханиад хүрсэн халуураад байна гэж байсан. Тэгээд орой А  ороод ирсэн чинь Т   “чи хүүхэд халуураад байхад айлд ороод алга болчих юм гэж уурлаад хэрэлдэж маргалдах шинжтэй болохоор нь би тамхи татах гээд гараад явсан. Тэгээд шүдэнз хайгаад олдохгүй, тамхи татаж байгаа хүн хайгаад явж байтал А-ын ээж Алтанцэцэг гадаа хүүхдээ салхилуулаад тоглуулаад байж байсан. Тэгээд би Алтанцэцэгт миний мэнд мэндчихээд дэлгүүрээс шүдэнз аваад гараад ирсэн чинь Алтанцэцэг миний урдаас “танай охин чинь А-ыг хутгалчихлаа” гэж хашгираад ирсэн. Тэгэхээр нь би гүйгээд гэрт нь яваад орох гэтэл орцонд А-ын гараас нь цус гарсан шалаар их хэмжээний цус асгарсан, нурууны зүүн ар хэсэгт нь зүсэгдсэн юм шиг цус гарсан байдалтай, дэргэд нь Чинзориг болон түүний эхнэр, Алтанцэцэг нар хашгиралдаад байж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Хөвсгөлийн “...Би 2018 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүлд 115 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийг үүрэг гүйцэтгэж байхад 22:65 Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24/2 дугаар байрны 4 тоотод “эхнэр нь нуруун тус газар нь хутгалаад, хурууны шөрмөсийг нь тасалчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу уг дуудлагыг очиж шалгахад уг тоотод суух Б-н А-ын нуруун тус газарт нь эхнэр нь гэх Пүрэвийн Т   гэгч хутгаар гэмтээсэн орц болон гэрийн шалаар их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Тэр үед юунаас болж хэрэг болсон талаар асуухад эхнэр, нөхөр 2 хоорондоо маргалдан, эхнэр нь нөхрийнхөө нуруун тус газар хутгалж, зүүн гарын хуруунд зүсэгдсэн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3807 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн футволканд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн футволканд гарсан 12х8см, 18х5мм, 2.5x2 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Футволканд гарсан 9х4мм, 15.10мм, 5хЗмм, 4хЗмм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан байна. Футволканд гарсан 2.4 см 2.4 см, 2.4 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай байна /1 хх 51-52/, шинжээчийн 800 дугаартай дүгнэлт “...Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Б.А-ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь цээжний зүүн ар доод хэсэгт далны шугамаар 8-9 дүгээр хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн арьсан доогуур, 6 цагийн чигт, 15 см гүн хавж орсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 30-32/, шинжээчийн 26627 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн гэмтлийн эмчийн үзлэгийн нөхөх хэсэгт хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр нөхөж бичсэн шинжилж буй бичгүүдийг нэг хүн бичсэн. Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй бичгээс Statusiocalls гэсэн хэсгийн 3 дахь мөрний “15 см”, 4 дэх мөрний “орж” гэсэн бичгийг бусад бичгүүдгийг үйлдсэний дараа бичсэн байж болно /хх 149-151/,

Шинжээч Т.Номинцэцэгийн “...Б.А-ын биед үзлэг хийсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд 15 см гүн шархтай гэж анхны үзлэгт бичсэн байсан учир өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан. Цээжний хөндийд нэвтэрсэн шархны гүний хэмжээнээс хамаарч гэмтлийн зэргийг тогтоогдоогүй. Цээжний хөндийд нэвтэрсэн шархтай тохиолдолд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар цээжний хөндийн эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх 143-144/

Шинжээч Ц.Ганболдын “...Цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томографийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 05885 дугаартай өвчний түүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зүүн плэврийн хөндийд хатгалт хийж шингэн цус соруулж авсан зэрэг оношлогоо эмчилгээгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад Бямбахүү гэдэг эмч үзээд, 15 см орж, 15 цагийн чиглэлд хавж орсон гэсэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн тасгийн эмч Батдэлгэрэх гэдэг эмч 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үзээд 6-7 см гүн гэж бичсэн байна. Энэ нь тухайн эмч шархны сувагт босгож хийн хэмждэг учир өөр өөр байна. 15 см хавж орсон учир зүрх уушгийг заавал гэмтээхгүй байж болно. Ихэнх шархны сувагны ихэнх хэсэг нь цээжний хөндийд ороогүй, бага хэсэг нь цээжний хөндий рүү нэвтэрсэн учир дотор эрхтэнг бага гэмтээсэн байж болно. Иймд гэмтэл учирсан үед цээжээр өвдөх шархнаас цус гоожих, цус алдах амьсгал авах гарахад зовиурлах зэрэг шинжүүд илэрч болно” гэх мэдүүлэг /хх 227-229/,

гэрч П.Баярсайханы “...Тухайн үед Бямбахүү эмч 2018 оны 5 дугаар сарын 19-нд шархыг шалгахад 15 см орчим гүн шархтай, 18 цагийн чиглэлд хавч орсон байрлалтай гэж бичсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 21-нд Батдэлгэрэх эмч “цээжний зүүн талд далны шугамаар 8-9 дүгээр хавирганы түвшинд 2 см өргөн, 6-7 см гүн доош чиглэлд хатгагдсан шархтай гэжээ. Рентгенд харахад цээжний хөндийд сул хий шингэн байхгүй гэж бичсэн байна. 6-7 см гүн гэдэг нь тухайн үед шарханд бүлэн наалдац, эхэлж байх үе учир 6-7 см байж болно. 15 см орчим гүн гэдэг нь шарх шинэ бүлэн үүсч, наалдац үүсч амжаагүй учир 15 см орчим байж болно. Хавж орсон гэдэг нь өвчний түүхэнд бичигдсэнээр арьс булчингийн завсраар дээрээс доош чиглэлтэй цээжний хөндий нэвтэрсэн шархтай байж болно. Хэрэв цээжний хөндий нэвтэрсэн бол цээжний хөндийд хийтэй, шингэн буюу цустай уушги гэмтсэн бол бүрэн болон бүрэн бус шалчийсан байдаг. Чагнахад цээжний хөндийд цус хий хурсан бол /уушгиний шалчийсан бол/ тухайн газарт амьсгал сонсогдохгүй байна” гэх мэдүүлэг,

Шинжээч М.Эрдэнэжаргалын “...“15 см”, “орж” гэсэн бичгүүд нь бусад шинжилж буй бичгүүдтэй бичмэл, үг хоорондын зай дунд, шулуун өнцөглөсөн болон гогцоорсон хэлбэр зонхилсон, баруун зүүн эргэлт хосолсон, баруун налалттай, хэмжээ дунд, холболт сайн, даралт дунд, гарын хөдөлгөөний эхлэл дэгээ хэлбэртэй, “о” үсгийн хөдөлгөөний хэлбэр, “ж” үсгийн хөдөлгөөний үйлдэц, “м” үсгийн төгсгөлийн нуман зураасны хөдөлгөөний чиглэл, “р” үсгийн хөдөлгөөний үйлдэц зэрэг үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна. Дээрх тохирч буй шинжүүд нь цогц байдлаараа харьцангуй тогтвортой, адилтгалын ач холбогдолтой байх тул шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй бичгийг нэг хүн бичсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн” гэх мэдүүлэг,

яллагдагч П.Т ын “...2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнө Пүрэв хөдөөнөөс ирээд манайд нэг хоноод буцах гээд байж байсан. Тухайн үед бид 2 гэртээ байсан, манай хүү 2-3 хоног халуураад эм нь дууссан байсан. Манай нөхөр хажуу талд байдаг аавындаа ороод удахаар нь эмийн сан 22 цаг хүртэл ажилладаг эмийн сан хаалаа гэж орж ирэх болж байна уу гэж мессеж бичсэн. Тэгсэн А  23 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхээр нь “хүү хэдэн өдөр халуунтай байхад чи эртхэн ороод ирэхгүй дээ гэж хэлээд хэрүүл болсон. Хэрэлдэж байхад А  миний нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Тэгээд миний гуя руу их чанга өшиглөсөн. Би амьдралдаа хүнд цохиулж үзээгүй учраас хутга шүүрээд авсан байсан” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл шүүх 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрч Даваажаргал, Алтанцэцэг, Баярсайхан, шинжээч эмч Д.Ганболд, Эрдэнэжаргал, Долгормаа нарыг шүүх хуралдаанд оролцуулсан атлаа дээрх оролцогч нарын мэдүүлэг, шинжээч эмч нарын гаргасан дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Түүнчлэн, хохирогч Б.А-ын биед функц ажилбар болон компьютер томографын шинжилгээ хийсэн байна. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан 800 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 1231 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдэд “...хохирогчийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь 8-9 дүгээр хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн, арьсан доогуур 6 цагийн чигт 15 см гүн хавж орсон байна” гэж тус тус тусгасан.

Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтүүдийн аль заалт нь эргэлзээтэй байгааг болон хэрэгт ямар нөхцөл байдал тогтоогдсоны улмаас шийдвэрлэх боломжгүй байгааг тус тус тогтоолдоо заалгүй, зөвхөн хохирогч Б.А-ын биенээс эдийн дээж авсан эсэхийг тогтоох гэсэн заалтаар прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “...Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай прокурор, шүүхийн тогтоол байна, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоолоор ...дахин шинжилгээ хийнэ...”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх ...шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж тус тус заажээ.

Иймд шүүх бүрэлдэхүүнтэй шинжээчийн 800, 1281 дугаартай дүгнэлтүүд эргэлзээтэй байна гэж үзвэл шүүх өөрийн тогтоолоор дахин шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч П.Т ын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. П.Т  нь Б.А-ын биед гэмтэл учруулах үйлдэл гаргасан. Хамгийн гол асуудал нь тухайн хэргийг мөрдөн шалгах явцад шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаагүй. Шинжээчийн дүгнэлт анх хүндэвтэр гэмтэл гэж, дараагийн дүгнэлтэд хүнд зэргийн гэмтэл гэж гарсан. н.Нандинцэцэг шинжээч эмч дүгнэлтэд “хохирогчийн биед нэвтэрсэн шарх” гэсэн онош байгаагүй. Харин гарын шөрмөсний гэмтэл гэж байсан учраас тухайн гэмтэлд хүндэвтэр гэж дүгнэсэн. Цээжний гэмтлийг нэвтрээгүй учраас хөнгөн гэдэг утгаар нь дүгнэлт гарсан.

Гэтэл Б.А эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хэд хоногийн дараа гэнэт нэг нүүр хуудас цээжний хөндийгөөс шингэн цус хуралт соруулж авсан гэх эмчийн тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл нь эмчлэгч эмчийн тэмдэглэгээ биш байсан. Гэтэл цус хуралтыг соруулж авсан гэхээс өмнөх өдрийн рентген зураг, тэмдэглэгээнд цээжний хөндийд байдаггүй. Анх эмнэлэгт хэвтэх үед нь цээжний хөндийд шингэн хуримтлагдсан зүйл байхгүй гэсэн байсан. Эмчлэгч эмч Даваажаргалаас асуухад “цээжний хөндийн нэвтэрсэн гэдгээр эмчлээгүй, эцсийн онош өвчний түүхийн төгсгөлд байгаа” гэдэг. Тэр нь гарын гэмтэл гэсэн байсан. Цээжний хөндий рүү нэвтрээгүй гүн шарх. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдааны үеэр тайлбарласан.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа хийж байж, шинжээч томилж зөрүүтэй байдлыг арилгах нь зүйтэй. Өвчний түүх бол тасралтгүй бичигдэх ёстой. Энэ нүүр тэмдэглэлийг хэн хийсэн, үнэн эсэхийг шалгах нь мөрдөн шалгах ажиллагааны явц.

Цус соруулж авсан нь үнэн бол түүнийг шинжлэх судлах, нэвтэрсэн шарх мөн эсэхийг ялгах хэрэгтэй. н.Даваажаргал эмчийг шүүх хуралдаанд оруулах гэтэл мөрдөн шалгах ажиллагаан явцад гэрчээр асуугаагүй байсан учраас шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй. Шинжээч эмч нарын мэдүүлэгт “энэ хуудсыг авбал тухайн гэмтэл ямар гэмтэлд орох вэ” гэхэд “хөнгөн зэргийн гэмтэлд орно” гэж бүгд хэлсэн байдаг.

Гэмтэл учруулсан үйлдэл нь П.Т ын буруутай үйл ажиллагаанаас гэдэг нь нотлогдож байгаа боловч түүнд оногдуулах ял шийтгэл, эрүүгийн хариуцлага нь хуульд заасны дагуу хийгдээгүй байгаа учраас үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасны эцэст дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ.

Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

           

Хохирогч, шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг гэмтлийн эмнэлэгт очиход рентгенд харсан. Би өөрөө цус их алдсан байсан учраас босох боломжгүй байсан. Рентгенээр хэвтээ байхад шингэний түвшинг тодорхойлох боломжгүй байдаг. Сэхээний тасгаас хавсарсан гэмтлийн тасаг руу оруулсан. Энэ үед мөн л амьсгалж чадахгүй байсан. Энэ тухайгаа эмчдээ хэлэхэд эмч “өвдөлтөөсөө болоод амьсгалж чадахгүй байгаа” гэж хэлсэн. Өвчнийхөө түүхтэй танилцаж байхад, анх ирсэн өдөр компьютер томографийн шинжилгээ хийлгэ гэж эмч бичсэн байсан ч хийгдээгүй. Сүүлд нь надад амьсгалж чадахгүй хэцүү байсан учраас би өөрөө компьютер томографийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт бичүүлэн авсан. Энэ КТГ-ийн шинжилгээний дүгнэлт бичигдсэний дараа шүүхийн шинжээч эмч ирж үзлэг хийсэн боловч үзлэгийг хангалттай хийгээгүй. Компьютер томографийн шинжилгээг шинжээч эмчид үзүүлэхэд “наадах чинь шимэгдчих байлгүй дээ, зүгээр” гэж хэлж байсан боловч бичээгүй. Би Даваажаргал эмчид шингэний талаар хэлэхэд хавсарсан гэмтлийн тасгийн эмчид үзүүл гэж хэлсэн. Үзүүлэхэд цээжний зүүн талд хатгалт хийсэн. Надад 20 грамм цус соруулсан гэж хэлээд өтгөн нь сорогдохгүй байна гэсэн. ...” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй. 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хатгалт хийсэн гэсэн өвчтөний түүхэнд оруулсан ганц нүүр бичилтээр хүндэрч байгаа гэж байгаа нь үндэслэлгүй. Б.А цээжний хөндийд нэвтэрсэн шархтай, хатгалт эмчилгээ хийгдсэн талаараа мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч нар оролцсон бөгөөд гаргасан дүгнэлтийг нотолдог. Хууль сануулж өгсөн гэрч болон шинжээчийн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан ч ямар нэгэн байдлаар өөр мэдүүлэг өгөх боломжгүй. Хэрэв цээжний хөндийг нэвтлээгүй бол уг шингэнийг соруулах боломжгүй. П.Т  үйлдлээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Харин уг гэмтэл хөнгөн үү, хүнд үү гэдэгт л маргадаг. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлгүүд зөрүүтэй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Учир нь, шүүгдэгч П.Т ын үйлдлээс Б.А-ын биед учирсан шарх цээжний хөндий нэвтэрсэн эсэхээс шалтгаалж гэмт хэргийн зүйлчлэл хамаарахаар байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус хэргийн зүйлчлэлийг эргэлзээгүй тогтоох боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” -г эргэлзээгүйгээр нотлох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, 1806044831409 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ