Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2019/00015

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00583/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлтэй *******д холбогдох  *******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* байрлах гэр бүлийн хэрэгцээний ******* м2 газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн ******* сум 02 дугаар баг, Суварга, 17 дугаар гудамж, 13 тоот гэсэн газарт манай ээж *******жийн *******, манай хойд аав ******* нар уг байшинд амьдарч байхдаа Оросоо гэдэг хүнээс тухайн газрыг худалдаж авч байсан. Тухайн үед уг газрыг хоёр тугалтай үнээ, 15.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай хойд эцэг бурхан болсны дараа би уг байшинд оюутан болохынхоо өмнөхөн амьдарч байгаад Улаанбаатар хот руу явсан. Би 2017 онд Завхан аймаг руу эмээ дээрээ золгохоор очсон жил эмээ минь амьсгал хураахынхаа өмнө надад хэлэхдээ ... миний охин чиний ээж, ******* гуай хоёрын амьдарч байсан байшингийн газар чиний нэр дээр байдаг юм шүү, газрын гэрчилгээгээ очоод аваарай гэж хэлсэн учраас энэ талаар мэдэж газрын гэрчилгээг зохих журмын дагуу хөөцөлдөж 2017 онд авсан.

Эмээ маань газрын гэрчилгээ байгаа талаар надад хэлсэн учраас би энэ талаар мэдсэн. Өмнө нь би энэ талаар мэдээгүй байсан. 2003 онд тэй маргаж шүүхээр явж байхдаа газрын гэрчилгээ байгааг хэн ч мэдээгүй. Нэхэмжлэлдээ ерөөсөө газар гээгүй. Газар дээрх манай хойд эцгийн хашаа байшингийн талаарх маргаан байсан. Дотор нь байсан юмыг хойд эцгийн хүүхэд зарсан байсан учраас эд хөрөнгийг дүүдээ олгуулж авъя л гэж хандсан. Тухайн үед миний ээж намайг 10 дугаар ангид байхад нас барсан, дүү маань бага байсан учраас би хөөцөлдөж байсан. Иймд Хишигбуянжаргалын морины зүчээ барьсан газрыг буулгаж, газраа чөлөөлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний энэ амьдран суугаа Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар багийн 17-13 тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн В. гэдэг хүнд худалдсан. нь 2004 онд гэдэг хүнд худалдсан. өөс миний бие Хишигбуянжаргал нь 2011 онд худалдан авсан юм. 2001 онд В. нь энэ хашаа байшинг худалдсан тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримт гардаггүй байсан юм уу, эсвэл бичиг баримт авч чадаагүй байсан юм уу ямар нэгэн гэрчилгээ баримтгүйгээр энэ олон айл дамжин худалдагдан ирсэн хашаа байшин юм. Энэ олон жилийн хугацаанд Тунсагмаа нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан болно. Миний бие тус хашаа байшинг өөс худалдан аваад хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан байгаа билээ. Би өөрийгөө ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа иргэн хүн.

Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын албанд хандан миний амьдран суугаа хашаа байшинг чөлөөлүүлэхээр Тунсагмаа нь өргөдөл өгсөн бөгөөд тус сумын газрын даамал ажилтай нь намайг газраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлснийг үндэслэлгүй гэж үзээд ******* сумын засаг даргаар хандан гомдол гаргасан боловч тус сумын Засаг дарга надад хариу өгөхдөө энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн. Ингээд би Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан ******* сумын газрын даамлын газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тунсагмаа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг анхааран үзэж *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Суврагын ******* байрлах гэр бүлийн хэрэгцээний ******* м2 газрыг чөлөөлүүлэх-ийг хүссэн *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, суваргын ******* байрлах гэр бүлийн хэрэгцээний ******* мкв газрыг өөрийн эзэмшилд 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сумын Засаг даргын захирамжаар шилжин ирснийг мэдээгүй байсан ба харин энэ тухай 2017 онд мэдсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан баримт болох мэдсэн даруйдаа маргаан бүхий газарт авсан 170100374 дугаартай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон гэрчилгээ, мөн өдөр хийгдсэн газар эзэмшүүлэх гэрээ зэргээр нотлогдсон байхад өмнө нь мэдсэн гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй байна.

Миний үйлчлүүлэгчийн хувьд хэдийгээр газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж 2003 онд гарсан хэдий ч хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх, үүрэг нь албан ёсны гэрчилгээ болон дээр хийгдсэн гэрээний үндсэн дээр хэрэгжин эхлэх зохицуулалттай байхад хэргийг шийдвэрлэсэн шүүгч хэт нэг талыг /хөөн хэлэлцэх хугацааны тал дээр хариуцагч тал үндэслэлтэй маргаагүй байхад/ барьсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг ямар үндэслэлээр хэтрүүлсэн тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрч ийн ...2001 онд ******* гуай нас барсны дараагаар байшингийн маргаан гарч эхэлсэн... гэдгээр, мөн 2001 онд газар хувьчлагдаагүй байхад гэх хүнд зарсан гэх гийн мэдүүлгээр л зөвхөн шийдвэрийн үндэслэх хэсгийг дүгнэсэн нь үнэхээр харамсалтай байна.

Эдгээр хоёр гэрчийн мэдүүлэг нь газрын талаарх маргааны талаар биш зөвхөн байшин болон хөдлөх хөрөнгийн талаарх маргааны асуудлыг тусгасан байхад газар гэх тусдаа хөрөнгийг хамааруулж ойлгосныг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ маргаан бүхий газарт байшин байхгүй ба өмнө нь сууж байсан хүн буулгаад явсан болно.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Уг газрыг ******* нь эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч ******* нь ...би хажуу айлынхаа газарт морины жүчээ барихдаа газрын албанаас хэний эзэмшилд байна гэдгийг асууж лавлаагүй нь миний буруу боллоо гэж хэлсээр байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 онд олон жил хөрш байсан айлаасаа уг газрыг хашаа байшингийн хамт худалдаж аваад арван хэдэн жил амьдарч байна. Тэр хөгшин хүүтэйгээ амьдарч байгаад нас барсан. Гэтэл 2016 онд ******* над дээр ирээд энэ газрыг авмаар байна гэж хэлсэн. Анх манай хөршид зарсан хүнтэй ******* нь бас энэ газрыг эзэмших талаар шүүхдэж байсан юм билээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийг газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч *******д холбогдуулан гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2003 оны 04 сарын 29-ний өдрийн 30 тоот захирамжийн дагуу ******* сумын 2-р баг ******* 17-13 тоотод байрлах газрыг эзэмшдэг гэдгээ 2006 онд мэдсэн бөгөөд тухайн газрыг хариуцагч ******* нь хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарлажээ.

Хэргийн 34 дүгээр хуудсанд гэрч М.гийн мэдүүлэг, 36 дугаар хуудсанд 2003 оны 03 сарын 14-ний өдрийн 60 дугаартай шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагдсан байх бөгөөд тухайн шийдвэрээс харвал нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.д холбогдуулан гаргасан С.*******ын өв хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн бөгөөд тухайн маргаанаар нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн гэх ******* сумын 2-р баг ******* 17-13 тоотод байрлах 4 тал хашаа 6х4 хэмжээний өвлийн орон сууцыг М.д өвлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх баримтуудаас үзвэл тухайн маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлыг урьд шүүхээр шийдвэрлүүлж байсан эсэх, тухайн маргаан бүхий газар дээрх байшин хашаа нь 2001 оноос одоогийн эзэмшигч хүртлээ хэд хэдэн хүний өмчлөлд шилжсэн атлаа түүний доорх газар нь бусдын эзэмшилд яагаад шилжээгүй болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрх ашиг хэдийнээс зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт нь тодорхойгүй, шүүхэд зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН