Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 76

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 5 дугаар байр, 10 тоотод оршин суух хаягтай, Дайртаномбиши овогт Цидаасүмбэрэлийн Тунсагмаа /РД:МА-76081907/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, 02 дугаар баг 17 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Даваанямын Хишигбуянжаргал /РД: МА-76011017/-д холбогдох

 

Д.Хишигбуянжаргалын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суврагын 17-13-д байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 м2 газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Тунсагмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Д.Хишигбуянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Тунсагмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 02 дугаар баг, Суварга, 17 дугаар гудамж, 12 тоот гэсэн газарт манай ээж Сандагдоржийн Ичинхорлоо, манай хойд аав Мятав нар уг байшинд амьдарч байхдаа Оросоо гэдэг хүнээс тухайн газрыг худалдаж авч байсан. Тухайн үед уг газрыг хоёр тугалтай үнээ, 15.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай хойд эцэг бурхан болсоны дараа би уг байшинд оюутан болохынхоо өмнөхөн амьдарч байгаад Улаанбаатар хот руу явсан.

Би 2017 онд Завхан аймаг руу эмээ дээрээ золгохоор очсон жил эмээ минь амьсгал хураахынхаа өмнө надад хэлэхдээ ... миний охин чиний ээж, Мятав гуай хоёрын амьдарч байсан байшингийн газар чиний нэр дээр байдаг юм шүү, газрын гэрчилгээгээ очоод аваарай гэж хэлсэн учраас энэ талаар мэдэж газрын гэрчилгээг зохих журмын дагуу хөөцөлдөж 2017 онд авсан. Эмээ маань газрын гэрчилгээ байгаа талаар надад хэлсэн учраас би энэ талаар мэдсэн. Өмнө нь би энэ талаар мэдээгүй байсан. 2003 онд Хандсүрэнтэй маргаж шүүхээр явж байхдаа газрын гэрчилгээ байгааг хэн ч мэдээгүй. Нэхэмжлэлдээ ерөөсөө газар гээгүй. Газар дээрх манай хойд эцгийн хашаа байшингийн талаарх маргаан байсан. Дотор нь байсан юмыг хойд эцгийн хүүхэд Хандсүрэн зарсан байсан учраас эд хөрөнгийг дүүдээ олгуулж авъя л гэж хандсан. Тухайн үед миний ээж намайг 10 дугаар ангид байхад нас барсан, дүү маань бага байсан учраас би хөөцөлдөж байсан.

Иймд Хишигбуянжаргалын морины зүчээ барьсан газрыг буулгаж, газраа чөлөөлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан! гэжээ.

Хариуцагч Д.Хишигбуянжаргал нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Миний энэ амьдран суугаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 7 тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн В.Хандсүрэн Амараа гэдэг хүнд худалдсан. Амараа нь 2004 онд Гантөгс гэдэг хүнд худалдсан.Гантөгсөөс миний бие Хишигбуянжаргал нь 2011 онд худалдан авсан юм. 2001 онд В.Хандсүрэн нь энэ хашаа байшинг худалдсан тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримт гардаггүй байсан юм уу, эсвэл бичиг баримт авч чадаагүй байсан юм уу ямар нэгэн гэрчилгээ баримтгүйгээр энэ олон айл дамжин худалдагдан ирсэн хашаа байшин юм. Энэ олон жилийн хугацаанд Тунсагмаа нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан болно.

Миний бие тус хашаа байшинг Гантөгсөөс худалдан аваад хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан байгаа билээ. Би өөрийгөө ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа иргэн хүн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын албанд хандан миний амьдран суугаа хашаа байшинг чөлөөлүүлэхээр Тунсагмаа нь өргөдөл өгсөн бөгөөд тус сумын газрын даамал ажилтай Отгонцогт нь намайг газраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлснийг үндэслэлгүй гэж үзээд Алтанбулаг сумын засаг даргаар хандан гомдол гаргасан боловч тус сумын Засаг дарга надад хариу өгөхдөө энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн.

Ингээд би Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Алтанбулаг сумын газрын даамлын газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тунсагмаа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ нөхцөл байдлыг анхааран үзэж Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Тунсагмаа нь Д.Хишигбуянжаргалын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суврагын 17-13-д байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 м2 газрыг чөлөөлүүлэх-ийгхүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтыг авч үзвэл: 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын 30 дугаартай захирамжаар ... Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт газар ашиглаж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад захирамжийн хавсралтад заасан ёсоор гэрээгээр нөхөн эзэмшүүлэхийг зөвшөөрч, эзэмшил газрыг зүй зохистой ашиглаж газрын төлбөрийг гэрээнд зааснаар төлж байхыг даалгаж, гэрээг байгуулж захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын газрын даамал /н.Отгонцогт/-д даалгасан байх ба тус захирамжийн хавсралтын 204-д бүртгэлтэй Ц.Тунсагмаад хашаа байшингийн зориулалтаар 1518,7 м2 газрыг нөхөн эзэмшүүлсэн байна./хх-46 тал/

Дээрх шийдвэрийг үндэслэн Дайртаномбиши овогт Цидаасүмбэрэлийн Тунсагмаад Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 170100374 дугаар бүхий 1518.7м2 /га/ газрыг 60 жилийн хугацаатай Алтанбулаг сумын 2-р баг Суваргын 17-13-д байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 3 тал/

Уг газрыг Д.Хишигбуянжаргал эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 14, 25 тал/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буюу эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй ч энэ зохицуулалт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өөрөөр хэлбэл газрын хувьд нэгэн адил үйлчлэх тул энэхүү шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хугацаа үйлчилнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх ба мөн хуулийн 82.1-д зааснаар хөөн хэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Энэ үүднээсээ шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбарыгүндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэжлэгч хэтрүүлсэн гэж үзэв.

Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... 2003 онд шүүхээр явж байхдаа газрын гэрчилгээтэй гэдгийг мэдээгүй байсан, 2017 онд эмээ маань амьсгал хураахын өмнө надад миний охины нэр дээр газрын гэрчилгээ гарсан байх ёстой түүнийг хөөцөлдөж аваарай гэж ... хэлснээр мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийгээ баримтаар нотолж чадаагүй ба хариуцагчийн дээрх тайлбар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаартай шүүхийн шийдвэр, гэрч Б.Батмөнхийн ... Анх 2001 онд Хишигбуянжаргалын одоо амьдарч байгаа байшингийн зүүн талд Мятав гуай хүү Амгаланбаатарын хамт амьдардаг байсан. Мятав гуай нас барсны дараа байшингийн маргаан гарч эхэлсэн. Миний хувьд Хандсүрэн, Тунсагмаа, Гүнчинсүрэн нарыг шүүхээр асуудлаа шийдүүл гэж хариу өгснөөс хойш надад ирж мэдэгдсэн зүйл байхгүй. Шүүх яаж шийдсэн талаар надад хэлээгүй шүүхийн шийдвэр Хандсүрэнгийн талд гарсан гэж л сонссон ... гэх, гэрч М.Хандсүрэнгийн Сэлэнгэ аймаг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн ... 2001 онд Газар хувьчлагдаагүй байхад 13 тоот хашаа байшинг Амараа гэх хүнд 200.000 төгрөгөөр зарж байсан. 2001 онд Ц.Тунсагмаа нь 13 тоот хашаа байшинг авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс миний эзэмшилд байх нь зүйтэй гэж шийдвэр гарч байсан ... гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна./ хх-ийн 25, 34-35, 36-37/

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйбөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Хишигбуянжаргалын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суврагын 17-13-д байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 м2 газрыг чөлөөлүүлэх-ийг хүссэн Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗУЛ