Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00129

 

Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 208/МА2023/00017 дугаар магадлалтай,

Тгийн нэхэмжлэлтэй

Хд холбогдох

... газрыг Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х, түүний өмгөөлөгч М.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Тгаас хариуцагч Хд холбогдуулан ... газрыг Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... газрын шударга эзэмшигчээр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... газрыг Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хыг ...газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тгаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Хд олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 208/МА2023/00017 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Тгийн ... газрыг хариуцагч Хын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Хын маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг: “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х, түүний өмгөөлөгч М.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.18-ны өдрийн 208/МА2023/00017 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн хэмээн мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.1 дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Т нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Миний бие 2017 онд Завхан аймагт амарч явахдаа эмээгээс ... газартай гэдгээ мэдсэн ба Хын хууль бусаар эзэмшиж байгаа газраа чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэл гаргаж улмаар уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр болон Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаар хоёр удаа хянан шийдвэрлэж, хамгийн сүүлд УДШ-ийн иргэний хэргийн танхимаас гаргасан 2022.09.15-ны өдрийн 834 тоот тогтоолоор “...тодорхой ажиллагаа хийсний дараагаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой” хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож буцаажээ.

Дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг нэхэмжлэгч талаас хийлгэх санал хүсэлт огт гаргаагүй бөгөөд хариуцагч нь анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг бичгийн баримтаар нотолсон бөгөөд анхан шатны шүүх болсон үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Тгийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Х нь уг маргаан болж буй газрыг шударгаар эзэмшиж байсныг тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн 834 тоот тогтоолын үндэслэл, хавтаст хэрэгт шинээр авагдсан Тгийн 2022.12.02-нд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2002.02.22-ны өдрийн газар эзэмших гэрээ, 2002.12.20-ны өдөр хариуцагч Х-с авсан тайлбар, 2003 онд Хгийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, 2003 онд уг маргаан болж буй хашаа байшинг худалдаж авсан гэх А-н гэрчээр асуугдсан мэдүүлэг зэрэг нотлох баримтыг анхаарч үзэлгүйгээр урьд удаа дараа гаргаж байсан шийдвэрийг дахин гаргаж, хариуцагч Хыг хууль бусаар уг газрыг эзэмшиж байсныг нотлох баримтаар тогтоогоогүй атлаа Тгийн нэхэмжлэлийг хангаж, шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Хын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэж, хуульд нийцээгүй магадлал гаргасныг эс зөвшөөрч байна.

Тгийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл “Би 2017 онд Завхан аймагт явж байхдаа эмээгээс ... газартай гэдгээ мэдээд, улмаар өөрийн эрх зөрчигдсөн гэдгийг ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэдэг нь худал байсныг хариуцагч болон сөрөг нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтаар нотолж мэтгэлцсэн.

Т нь 2002.12.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “одоо маргаан болж буй ... газрыг Х, А гэх хүнд зарсан, уг хашаанд А гэх хүн амьдарч байгаа. Тиймээс миний эд хогшил хашаа байшин, газрыг дүү бид хоёрт буцаан олгож, эзэмших эрхийг сэргээн олгож өгнө үү” гэсэн маргааныг үүсгэж нэхэмжлэл гаргаж байжээ. Мөн тухайн хашаа байшин, газрыг А гэх хүн тухайн үед мөнгийг нь төлөөд худалдаж авсан гэдгээ гэрчээр мэдүүлэг өгч нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл 2002 онд Тгийн одоо маргаан үүсгэж байгаа ... газар нь Агийн эзэмшилд очсон гэдэг нь дээрх нотлох баримтууд болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003.03.14-ний өдрийн 60 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогддог.

Тиймээс Т 2017 онд эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн гэдэг нь үгүйсгэгдэж буйг давж заалдах шатны шүүх огт анхаарч үзсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг хэрэг шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003.03.14-ний өдрийн 60 дугаартай шийдвэрийн үндэслэлийг өөрөөр тайлбарлан хэрэглэж буй нь хуульд нийцээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг ноцтой зөрчиж байна.

4.2. Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Х нь уг хашаа байшин, газрыг 2009 онд Н.Гөөс худалдаж авсан үйл баримт тогтоогдсоныг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн бөгөөд Х нь уг маргаан болж буй газрыг хууль бусаар эзэмшиж байсан гэдгийг 2 шатны шүүх тогтоогоогүй. Уг газар дээр Х нь 16 жил амьдарсан байна.

Тэгэхээр анхан шатны шүүх шударга эзэмшигчийг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх шударга эзэмшигч биш, хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг дүгнэлт хийхдээ нотлох баримтаар тайлбарлаж чадаагүй. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд заасан эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах хуулийн зохицуулалтад огт дүгнэлт хийгээгүй.

Гэтэл бодит байдал дээр уг газрыг Х нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл илээр, шударгаар эзэмшиж байсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Алтанбулаг сумын багийн засаг даргын тодорхойлолт болон бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Х, түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00666 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Т хариуцагч Хд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...сумын Засаг даргын 2003.04.29-ний өдрийн 30 тоот шийдвэрийг үндэслэж олгосон ... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаж буй газрыг 60 жилийн хугацаатай эзэмшдэг. Гэтэл Х нь дээрх газрыг дур мэдэн эзэмшиж, миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Хын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Х тайлбартаа: “...Миний амьдран суугаа хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн В.Х, А гэдэг хүнд худалдсан. А нь 2004 онд Г гэдэг хүнд худалдсан. Гөөс миний бие 2009 онд худалдан авсан юм. ...Т нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан, ...Би ямар нэгэн хууль журам зөрчөөгүй, бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа, ...2001 оноос хойш тус хашаа, байшин олон айл дамжин худалдагдсан байхад Т нь олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг газрыг худалдаж авсан байхад намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй...” гэж маргаж,

Хариуцагчаас: “...Уг маргаж буй хашаа байшин, гэр бүлийн хэрэгцээний газрыг би 2009 онд н.Гөөс тухайн үеийн ханшаар буюу 500,000 төгрөгөөр худалдаж авсан, энэ хашаа байшин, газар дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч мал ахуйгаа байлгаж, маллаж хашаа хороогоо өргөжүүлсээр ирсэн.

Энэ хугацаанд хашаа байшин, газрын талаар огт маргаан гарч байгаагүй, хашаа байшин, газрыг зарсан н.Г нас барсны дараа гэнэт Т гэдэг хүн миний өмч гээд маргаан үүсгэж эхэлсэн. Энэ хашаа байшин, газрыг би хууль зөрчиж худал хэлж, хулгай хийж, хууран мэхэлж аваагүй тул намайг хашаа, газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү...” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан,

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Энэ газар нь миний мэдлийн өмч учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “......Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар ...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд Т нь бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн эд хөрөнгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа 2012.08.22-ны өдөр дууссан...

...Тус хашаа, байшинг 2002 онд М.Х нь Ад 220,000 төгрөгөөр, А нь Гөд, 2009 онд Г нь Хд тус тус худалдсан болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003.03.14-ний өдрийн 60 дугаартай шийдвэр, хариуцагч М.Хгээс асуусан тайлбарууд, Ц.Аг гэрчээр асуусан тайлбар, гэрч Б.Б-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд хариуцагч Хыг ... газрын шударга эзэмшигчээр тогтоож шийдвэрлэлээ...” гэсэн дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүх: “...нэхэмжлэгч Т 2017.02.01-ний өдрийн 000664163 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон үеэс эхлэн эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн. ...Иймд Тгийн шаардах эрх зөрчигдсөн үеийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2003.03.14-ний өдрийн 60 дугаартай шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн тооцож Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар бусдын эзэмшлийн газар дээрх хашаа байшинг худалдан авснаар тухайн газрыг эзэмших эрх шууд түүнд шилжих хуулийн зохицуулалтгүй тул хариуцагч Хыг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй, ...хариуцагч Хын маргаан бүхий газрын эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч Т нь түүний хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. Дээр дурдснаар хоёр шатны шүүх үйл баримтыг өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзэн хэргийг хянан хэлэлцлээ.

11. Нэхэмжлэгч Т хариуцагч Хд холбогдуулан ... газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

11.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж,  90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч, эсхүл шударга эзэмшигч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.

 Нэхэмжлэгч Т нь 2017.02.01-ний өдрийн Газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон ба дээрх гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003.04.29-ний өдрийн №30 дугаар захирамжийг үндэслэн олгосон, тус захирамжид дурдснаар нэр бүхий иргэдэд тухайн газрыг нөхөж эзэмшүүлэхээр заажээ.

Засаг даргын дээрх захирамж гарахаас өмнө буюу 2003.03.14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн №60 дугаартай шийдвэрээр “...Тгийн нэхэмжлэлтэй М.Хд холбогдох иргэн С.М-н өв хөрөнгөөс хүү М.М-т холбогдох хэсгийг гаргуулахыг хүссэн маргааныг шийдвэрлэхдээ С.М-н эзэмшиж байсан ... хашаа, байшинг С.М-н охин М.Х 2002 оны 10 дугаар сард Ц.Ад худалдсан гэх үндэслэлээр тус хашаа байшингийн үнийн зохих хэсгийг М.Хгээс гаргуулан өвлөгч М.М-т буюу нэхэмжлэл гаргасан Тд олгуулахаар...” шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шийдвэрт зааснаар маргааны зүйл болсон хашаа байшинг Ц.Агийн өмч гэж үзэх ба Ц.Агаас Гөд худалдсан хашаа байшинг Гөөс 2009 онд худалдан авсан Хын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй тул Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

11.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003.03.14-ний өдрийн №60 дугаартай шийдвэрээр маргаж буй газар бусдын эзэмшилд шилжсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Тг энэ үед эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэх ба түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тухайн үеэс тоолох тул “...өөрийн нэр дээр газар эзэмших эрхтэй болохоо огт мэдээгүй байж байгаад 2017 онд эмэг эхээсээ сонсож, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн...” гэх тайлбар хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурласан байна.

Харин давж заалдах шатны шүүх “...талийгаач С.М-н өвийн талаар түүний хууль ёсны өвлөгч нар өвлөх хөрөнгийн талаар маргаж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн боловч газар эзэмшлийн талаар маргаагүй, газар эзэмшлийн маргааныг шүүх шийдвэрлээгүй, ...нэхэмжлэгч нь 2017 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн шаардсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, М.Хг 2002 оны 10 дугаар сард хашаа, байшингаа Ц.Ад худалдах үед тус хаягт хамаарах газарт тусад нь газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй байсан, дээрх хашааны талбайд хамаарах газар, тус газар дээр барьсан барилгын хамт бүхэлдээ худалдан авсан Ц.Агийн эзэмшил, өмчлөлд шилжсэн үйл баримт 2003 оны №60 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Т нь эрхээ зөрчигдсөн гэдгийг 2003 оноос мэдсэн байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

12. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

12.1. Хариуцагч Х нэхэмжлэгч Тд холбогдуулан ...газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Хэрэгт цугларсан баримтаар маргааны зүйл болсон ... хашаа, байшинг М.Х 2002 онд Ц.Ад 220,000 төгрөгөөр худалдсан, Ц.А нь Гөд, Г нь 2009 онд Хд худалдсан үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч Х нь ... газрыг 2009 онд иргэн Гөөс 500,000 төгрөгөөр худалдаж авснаас хойш өөрийн эзэмшилд байлгаж, засан сайжруулж, өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, үүнээс хойш 2019 он хүртэл хариуцагчийн газар эзэмших эрхтэй холбоотой маргаан гарч байгаагүй,

2019 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын албаны ажилтан Н.О Газар чөлөөлөх тухай мэдэгдэл өгснийг Х эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.О нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 03 дугаар захирамжаар шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 Дээр дурдснаар хариуцагч Х нь маргаж буй хашаа, газрыг 2009 оноос хойш шударгаар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, Хыг ... газрын шударга эзэмшигчээр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д нийцсэн байна.

Нэгэнт хариуцагч Хыг тус газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоосон тул ... газрын эзэмшигчээр Хыг бүртгэхийг харьяа бүртгэлийн байгууллагад даалгахыг тэмдэглэх нь зүйтэй.

12.2. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Т нь 2017 онд олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус газрыг эзэмших хууль ёсны эзэмшигч, ...хариуцагч Х өөрийн эзэмшлийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж авсан гэж тайлбарлах боловч тайлбар, үндэслэлээ нотлоогүй...” гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоолын 11-д зааснаар үндэслэлгүй болно.

13. Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 208/МА2023/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Х, түүний өмгөөлөгч М.Г нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Хаас 2023.05.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                        Н.БАЯРМАА

                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД