| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2017/00128/И |
| Дугаар | 208/МА2019/00017 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 208/МА2019/00017
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 148/2017/00128/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч:
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй М.Соёл-Эрдэнэд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн ******* миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, ******* арлын дугаартай, ******* маркийн суудлын авто машиныг Монгол улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил н.*******ын найз болох М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан. Ингээд М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар яриад иргэн *******т машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө гэсний дагуу *******т шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил н.*******аар дамжуулан надад төлсөн. Өөр мөнгийг надад дахин төлөөгүй ба М.Соёл-Эрдэнэ машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ Дархан-Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд М.Соёл-Эрдэнээс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Улсын дээд шүүхээс машины үнэ тодорхойгүй гэсэн байсан. Хэрэгт Ашид билгүүн ХХК-наас машины үнийг 22.000.000 төгрөг гэж тогтоолгоод хэрэгт авагдсан байдаг. Мөн Оюунсүрэн машиныг *******т шилжүүлэн өгөхдөө Л.*******ын М.Соёл-Эрдэнэ найдвартай, одоо 9911 дугаартай утсаар залгаж хүн ярина, тэгээд машинаа шилжүүлээд өгчихөөрэй гэснээр шилжүүлэн өгсөн байдаг. *******гийн хувьд Солонгос улсад ажиллаж байгаад авчихсан машинаа М.Соёл-Эрдэнэ гэдэг хүнд өгсөн нь үнэн. М.Соёл-Эрдэнэ нь *******аар дамжуулаад аваад явсан. Мөн ******* нь машиныг өөр дээрээ шилжүүлэн авахдаа 9000.000 төгрөгөөр худалдан авсан гэж гэрээ хийгээд, төлбөр бүрэн барагдсан гэж бичээд бүх бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваад явсан нь үнэн. М.Соёл-Эрдэнэ анх дамжуулсан хүнээсээ мөнгө аваад *******д 5000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ баримт ч хэрэгт байгаа. *******гийн машиныг М.Соёл-Эрдэнэ авсан гэдгийг ч өмнөх шүүх хурал дээр гэрч Л.******* мэдүүлдэг. М.Соёл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг. Яагаад татгалзаж байгаа үндэслэл нь ойлгомжтой. Анхнаасаа л *******г залилах санаатай байсан. Энэ хоёр хүний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Учир нь М.Соёл-Эрдэнэ уг машиныг аваад явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэрээ хийгээгүй боловч машиныг М.Соёл-Эрдэнэ авсан нь үнэн. Машиныг *******т шилжүүлэх үед 9911-тэй дугаартай холбогдож мөнгө төгрөг яасан бэ гэхэд ...би мэдэхгүй, М.Соёл-Эрдэнээс асуу гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр нь М.Соёл-Эрдэнэ рүү залгахад санаа зоволтгүй, би чамд 15-ны өдөр тохирсон хугацаандаа өгнө гэж хэлсэн байдаг. Иймд М.Соёл-Эрдэнээс машины үнийн үлдэгдэл 16.900.000 төгрөгийг гаргуулж олгох үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.
Хариуцагч М.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч ******* нь М.Соёл-Эрдэнэ надаас машины үлдэгдэл мөнгө гэж 16.900.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. *******гийн танил Л.******* нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Л.*******ад тус болох зорилгоор зуучлан өгч Дархан-Уул аймгийн ******* гэдэг хүнд уг машиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан. Ингэж худалдахдаа би дур мэдэн зараагүй, Л.*******ад хандаж ******* гэдэг хүн 22 сая төгрөгөөр авъя гэж байна... гэдгийг хэлсэн. Дараа нь мөнгийг нь өгөхгүй болохоор би *******д холбогдуулан Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээс уг машин нь 2016 оны 6 дугаар сарын 6-нд ******* нь худалдах худалдан авах гэрээгээр ******* гэдэг хүнд 9000.000 төгрөгөөр зарсан байна гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм... Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ариунтуяа нь би машиныг аваагүй, ******* авсан.тэр хүн 16.900.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн тайлбар өгсөн байсан. Тэр ******* нь өөрөө шүүхэд хүсэлт гаргаж Би 22 сая төгрөгөөөр уг машиныг авсан нь үнэн, би төлбөрийг төлж өгнө гэж бичиж өгсөн байсан...*******, ******* нар надад машины бичиг баримтыг өгөөгүй. Би *******ыг надад хандаад зараад өгөөч гэхээр нь өөрөөс нь зөвшөөрөл авч байж зуучилж өгсөн...Оюунсүрэн машиныхаа үлдэгдлийг нэхэж байгаа нь зөв боловч машиныг авсан *******, ******* нараас нэхэмжлэх нь зүйтэй байх... гэжээ. ...Би Оюунсүрэнгээс хууль журмын дагуу машиныг албан ёсоор шилжүүлж авсан зүйл байхгүй. Оюунсүрэнгийн найз Л.******* нь намайг энэ машиныг зараад өгөөч гэхээр нь би тус болох үүднээс зуучилж өгсөн. Би ******* гэдэг хүнд өгөхдөө *******, Л.******* нараас зөвшөөрөл авч асууж байж өгсөн юм. Үүний дараа ******* тус машиныг албан ёсоор өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. Би нэг ч төгрөг аваагүй, ямар ч ашиг хонжоо хайгаагүй. ******* болохоор ******* уг машиныг авсан гэдэг юм. ******* нь Би авсан нь үнэн гэж шүүхэд тайлбар өгсөн байсан. Энэ бүх баримт хэргийн материалд байгаа. Машиныг аваад мөнгийг нь хэрэглэсэн хүн нь байсаар байхад надаас машины мөнгийг нэхэмжилж байгаад би гомдолтой байна. Иймээс машиныг авсан хүн *******д мөнгийг нь өгөх ёстой гэж үзэж байна. Би *******д машины мөнгийг нь олж өгөх гэж Улсын дээд шүүх хүртэл явж, үнэн зөвийг нь олуулахаар хөөцөлдсөн. Дархан-Уул аймгийн шүүхийн өмнө Би машиныг мөнгийг аваад хэрэглэсэн гэж хэлж байсан ******* нь төлбөрийг нь төлөх нь шударга болно...
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох Автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...М.Соёл-Эрдэнэд холбогдох автомашин зарж борлуулсны төлбөр болох 16.900.000 төгрөг гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагч М.Соёл-Эрдэнэд холбогдох хоёр шатны анхан болон давж заалдах шатны шийдвэр, тогтоол зэргийг илтэд үгүйсгэсэн хариуцагч Соёл-Эрдэнийг зуучлагч мэтээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
1.Хэрэгт авагдсан гэрч *******ын гаргасан тайлбар дээр М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг зараад мөнгө өгнө гэж авсан явсан.
2.Тус автомашиныг иргэн Болдсайхан нь М.Соёл-Эрдэнээс худалдан авсан гэх тайлбар
3.Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь тус машиныг өөрөө зарж борлуулаад гэрч *******ын дансаар хоёр удаагийн гүйлгээ хийж 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /Хаан банкны дансны хуулга/
4.Тус автомашин нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн тогтоол зэргийг байхгүй мэтээр ярьж 22.000.000 төгрөгөөр үнэлгээ хийсэн баримт
1. Гэрч Болдсайхан нь Оюунсүрэнг танихгүй. Хариуцагч М.Соёл-Эрдэнээс тус автомашин өөрөө худалдан авсан гэх тайлбар зэргээр хариуцагч нь зуучлагч биш нь харагдаж байгаа бөгөөд тус автомашиныг М.Соёл-Эрдэнэ нь зарж борлуулчихаад нэхэмжлэгч Оюунсүрэнд гэрээний үнэ болох 16.900.000 төгрөгийг өгөхгүй байгаа асуудал тус анхан шатны шүүхийн шүүгч нь өмнө нь гаргасан шийдвэрээ үгүйсгэн гаргасан шийдвэрийг хянуулахаар гомдол гаргаж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би нэхэмжлэгч *******гээс машин худалдаж аваагүй, надад машины бичиг баримтыг ч өгөөгүй билээ. Би энэ нэхэмжлэлийг гаргаад байгаа *******г таньдаггүй байсан, харин *******гийн найз Л.*******ыг бол таньдаг байсан юм. Л.******* над руу нэг өдөр утсаар ярихдаа би нэг машин зарах гэсэн чинь зарагдахгүй байна чи машин худалдаж авах хүн олоод өгөөч найздаа тус болооч гэхээр нь би тус болох зорилгоор тэр машиныг хүмүүст хэлж зуучилж өгсөн юм. Гэтэл надаас машины мөнгө гэж нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч ******* нь өөрөө ******* гэдэг хүнд машинаа худалдаж тээврийн хэрэгслийн бичиг баримтаа хууль журмын дагуу шилжүүлж өгсөн баримт бичиг гарч ирсэн шүү дээ. Би үүнийг мэдээгүй байсан. Энэ бичиг баримтыг ******* болон түүний өмгөөлөгч Ч.Булган нар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд хүсэлт тавьж улсын Авто тээврийн газраас гаргуулан өгсөн юм. Би тэр ******* гэдэг хүнийг огт танихгүй билээ. Нэхэмжлэгч өөрөө ******* гэдэг хүнд машиныг худалдсан баримт байгаа нь намайг энэ машиныг худалдаж аваагүй гэдгийг харуулж байна.
Нэхэмжлэгч *******, Л.******* бид нар Дархан-Уул аймагт очиж *******тай уулзаж машины мөнгийг авах талаар ярилцаж л байсан. Тэгэхэд ******* хэлэхдээ машиныг Болдсайхан авсан мөнгийг нь төлнө гэж байсан. Болдсайхан гэдэг хүн нь болохоор би уг машиныг аваад өөрийнхөө өр төлбөрт өгсөн, би төлбөрийг төлье гээд шүүхэд хүсэлт тайлбар гаргаад байгаа билээ. Миний хувьд Л.*******ад тус болох гэж яваад энэ асуудалд холбогдсон болохоор машины мөнгийг хөөцөлдөж байж *******гаас машины мөнгө 5 000.000 төгрөгийг аваад Л.*******ад өгч тусалж л байсан юм. Би тэр машиныг худалдаж аваагүй, ашиг хонжоо хайгаагүй, ашиглаагүй, би мөнгийг нь төлнө гэж хэлээгүй юм. Хэрвээ би Л.*******ыг анх гуйхад нь би машин авах хүн олж чадахгүй гээд л хэлсэн бол ингэж өөрөө өөрийгөө би энэ хэрэгт холбогдуулахгүй, сэтгэлийн дарамттай явахгүй байсан билээ. Би ямар нэгэн буруутай юм хийгээгүй учир хүндэт шүүгч та бүхэн намайг энэ хэргээс чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэгт хэргийг нотлох баримтаар үнэлэх ёстой. Яриагаар дүгнэж болохгүй юм. Тээврийн хэрэгсэлд албан ёсны баримт бичиг өгөх ёстой, гэтэл ийм бичиг байхгүй. Мөн автотээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй. Дарханы шүүх дээр энэ дүгнэлт байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч андуураад байна. Хэрэгт авагдсан баримт байгаа Болдсайхан гэх хүн тэр машиныг нь би аваад өрөндөө өгсөн, би төлье гээд байхад тэр хүнийг яагаад татахгүй байгаа юм бэ? гэж асуумаар байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж чадаагүй байна.
Нэхэмжлэгч ******* хариуцагч М.Соёл-Эрдэнэд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэг автомашины үнэ 16.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Соёл-Эрдэнэ худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тул автомашины үнийг төлөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй... гэж тайлбарлажээ.
Хэргийн үйл баримтын талаар дүгнэвэл: Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн KIA-5 маркийн суудлын авто машиныг 22.000.000 төгрөгөөр худалдан борлуулах зорилгоор тохиролцсоны дагуу өөрийн танил Л.*******ын найз М.Соёл-Эрдэнэд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгснийг хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь хүлээн авсан байна.
Улмаар М.Соёл-Эрдэнэ нь өөрийн танил *******гаар дамжуулан *******д худалдахаар өгсөн боловч ******* нь автомашиныг *******т дамжуулан худалдсан байна. Ийнхүү автомашиныг бусдад шилжүүлэхдээ бичиг баримтыг нь албан ёсоор шилжүүлж байгаагүй бөгөөд *******ыг автомашиныг худалдан авах үед ******* нь хариуцагч М.Соёл-Эрдэнийн хүсэлтээр автомашины бичиг баримтыг албан ёсоор *******ын эзэмшилд буюу *******гээс шууд *******ын эзэмшилд автомашин шилжжээ.
Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Л.*******ын ... ******* нь машинаа М.Соёл-Эрдэнэд өгч явуулсан. М.Соёл-Эрдэнэ 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болохоос өмнө М.Соёл-Эрдэнэ над руу яриад чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Түүний дагуу би ******* рүү залгаад машинаа шилжүүлээд өгчих гэсний дагуу ******* шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг М.Соёл-Эрдэнэ нь *******д өгнө гэсэн ойлголттой явж байсан... гэх мэдүүлэг,
Л.*******ын Хаан банкны дансанд 2015 оны 10 сарын 26-ны өдөр М.Соёл-Эрдэнээс автомашины үнэ 5.100.000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны хуулбар,
нэхэмжлэгч *******гийн ...над руу Л.******* залгаад чиний машин чинь зарагдсан байна. Одоо чам руу нэг хүн залгана. Чи очоод нэрийг нь шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Би найдвартай юм уу гэхэд найдвартай, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд М.Соёл-Эрдэнэ мөнгөө шилжүүлчихнэ гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн..., 2015 оны 11 дүгээр сард найз Л.*******аар дамжуулан М.Соёл-Эрдэнээс машины үнийн урьдчилгаа 5.100.000 төгрөгийг авсан гэх тайлбар,
гэрч *******ы Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ... М.Соёл-Эрдэнэтэй Сэлэнгэ аймагт очиж уулзаад КИА-5 маркийн суудлын тэргийг 22.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ... машиныг би авсан учир би М.Соёл-Эрдэнэд тухайн машины үнийг бүрэн төлж барагдуулах болно гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* хариуцагч М.Соёл-Эрдэнэ нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигчдын хооронд гэрээг бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол ... тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр ... гэрээ байгуулсанд тооцохоор заасан тул ******* нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр автомашиныг М.Соёл-Эрдэнэд шилжүүлснээр худалдах-худалдан авах гэрээ бодит байдлаар хийгдсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлэх тухай гаргасан шаардлага үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан бөгөөд автомашины үнийн талаар талууд маргаагүй тул автомашины үнэлгээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн
1 дүгээр заалтыг:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар М.Соёл-Эрдэнээс 16.900.000 төгрөг гаргуулж Д.Оюунсүрэнд олгосугай. гэж,
2 дахь заалтыг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 242.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН