| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0257/Э |
| Дугаар | 448 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 448
А.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.А, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар магадлалтай, А.Мд холбогдох 1805039240898 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Лувсанчүлтэм овогт А.М нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Мөнх-Эрдэнийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, албан тушаалын байдлаа ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Мд 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мэс 43.230.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Бд 3.480.000 төгрөг, Ч.Од 11.210.000 төгрөг, Б.Ад 9.900.000 төгрөг, С.Мт 3.310.000 төгрөг, Г.Ат 4.700.000 төгрөг, Г.Эт 3.150.000 төгрөг, Ц.Эт 700.000 төгрөг, Ц.Мд 780.000 төгрөг, Ж.Мд 6.000.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын удирдлага болгосон хэсгийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мд 4 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх А.Мийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд албан тушаалын байдал гэдэгт “эрх нөлөө” хамаарна гэж тайлбарласан. Мөн албан тушаалтан гэдэг нь нийтийн албан тушаалтан байхаар тодорхойлсон. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 4.1, “Авлигын эсрэг тухай” хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Сонгинохайрхан Зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан А.М нь эрх нөлөө бүхий албан тушаалтан биш байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс А.М нь хот хоорондын авто зогсоол дээр тээвэр зохицуулагчаар ажилладаг, тээврийн хэрэгслийг хот хоорондын зорчигч тээврийн шугамд оруулах, энэ талаарх сонгон шалгаруулалт тендер шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг хохирогчид бүгд мэдэж байсан, харин А.М тэднийг даргатай ярьчихсан, тендерийн асуудал шийдэгдэх гэж байгаа гэх зэргээр хуурч төөрөгдөлд оруулсан. Хохирогч Ө.Б, Ч.О, Б.А, Г.Э, Ц.М, С.М нарыг ийм маягаар залилсан. Харин хохирогч Г.А, Ц.Э, М нарыг бусад байдлаар залилсан. Албан тушаалтай нь ямар ч холбоогүй. Нэр бүхий 6 хохирогч нь хот хооронд зорчигч тээвэр хийдэг, шугам тендерийг яаж авдгийг мэддэг хүмүүс болох нь тодорхой харагддаг. Хохирогч нар хууль бусаар өөртөө давуу байдал байдал бий болгохын тулд А.Мэр дамжуулан эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгсөн. А.М нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 9 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 43.230.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “А.М нь Автотээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 9 хохирогчоос 43.230.000 төгрөгийг залилж авсан. Мөн шүүгдэгч А.Мийн эрхэлж байсан Автотээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажил нь нийтийн албан тушаалтанд тооцогдохоос гадна нэр бүхий хохирогч нар түүний ажиллаж байсан албан тушаалд нь итгэл үнэмшил төрж эд хөрөнгөө шилжүүлсэн нь тогтоогдсон гэх дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх А.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан гомдлыг үндэслэн А.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч А.М нь Автотээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн төвийн тээврийн зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 9 хохирогчийг хуурч нийт 43.230.000 төгрөгийг зарилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Мийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч А.Мд оногдуулсан хорих ялыг 4 жил болгон хөнгөрүүлж өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан бол ийнхүү хэргийг хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэнэ.
Шүүгдэгч А.Мийн хувьд Автотээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн төвийн тээврийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн эрхэлж буй ажлын эрх нөлөөг ашиглан, нэр бүхий хохирогч нарт хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч өгнө, Зорчигч тээврийн төвд ажилд оруулж өгнө гэх зэргээр хуурч мөнгө авсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН