Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01969

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01969

 

У.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А- ХХК-д холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Э нь А- ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14/283 дугаартай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. У.Э 2015 оны 12 сарын 14-ний өдрөөс одоог хүртэл тус байрандаа амьдарч байгаа боловч хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагай баримт материалыг гаргаж өгөөгүй. А- ХХК нь Төгс байдал ХХК-аас барилгын материал аваад, төлбөрт нь дээрх байрыг өгсөн гэх бөгөөд тооцооны хувьд асуудалгүй, 14/283 тоот гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгасан гэсэн тул У.Э Төгс байдал ХХК-д байрны төлбөрийг шилжүүлж, 14/283 дугаартай Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг А- ХХК-тай байгуулж дээрх орон сууцыг худалдан авсан.

 

У.Э 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 өрөө орон сууцыг 42 000 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу Төгс байдал ХХК-тай уулзсан, ярилцаж байгаад үнийг 38 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед Төгс байдал ХХК нь уг байрыг бартераар авсан байсан. Хамт А- ХХК дээр очиж мөнгөө Төгс байдал ХХК-д төлж болно гэж зөвшөөрснийх нь дагуу төлбөрийг төлж, Арчилалын гэгээ ХХК нь төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулсан. 2016 онд танайх бартерын байр учир Төгс байдал ХХК-тай учраа ол гэж хэлсэн. Иймд У.Эийг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А- ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд:А- ХХК нь Төгс байдал ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцооны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцны байрыг Төгс байдал ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. Энэхүү гэрээ Төгс байдал ХХК-тай А- ХХК-ийг төлөөлж, тус компанитай хамтран ажилладаг Сипоко ХХК байгуулсан. Гэрээнд зааснаар Төгс байдал ХХК нь 433 672 100 төгрөгийн бараа материал нийлүүлэх ёстойгоос 165 168 095 төгрөгийн барааг А- ХХК-д нийлүүлээгүй бөгөөд нийлүүлэхээсээ өмнө иргэн У.Эийг Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээг Ардчиллын гэгээ ХХК-тай байгуулуулж тухайн маргаж буй орон сууцны байранд оруулсан. Төгс байдал ХХК нь бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх байсан. Төгс байдал ХХК нь А- ХХК-д тохиролцсон үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй. У.Э нь орон сууцны үнэ 58 287 860 төгрөгийг төлөөгүй, өмчлөгч бус Төгс байдал ХХК-д төлсөн. Төгс байдал ХХК нь үлдэгдэл 165 168 095 төгрөгийн барааг А- ХХК-д нийлүүлээгүй байхдаа 2015 оны 08 дугаар сард У.Эт байрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу 14/283 дугаар гэрээг У.Этай байгуулж, төлбөр төлөгдсөн гэж бичсэн. А- ХХК, У.Э нарын хооронд байгуулсан орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, сууцыг У.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Маргаан бүхий сууцыг Ардчиллын гэгээ ХХК-ийн захиалгаар барьсан, барилгыг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын комиссын 10 гишүүн үзэж хүлээн авсан. Үүнээс өмнө Төгс байдал ХХК болон Ардчиллын гэгээ ХХК нь арилжааны тохиролцоог хоорондоо хийж, Төгс байдал ХХК нь тус тохиролцооны дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн учраас тус барилга бүрэн бүтэн баригдаж дуусан, улсын комисс барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Этай 14/283 тоот орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгасан. Төгс байдал ХХК нь бараагаа нийлүүлээгүй байсан бол улсын комисс хүлээж авахгүй, авлаа гэхэд 2015 оны 09 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Этай 14/283 тоот орон сууцны гэрээг байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгахгүй байх байсан. Төгс байдал ХХК-ийн Сипоко ХХК-тай байгуулсан гэрээнд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 50 хувийг нийлүүлсэн тохиолдолд гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлэн авах, захиран зарцуулах эрх үүсэхээр заасан ба Төгс байдал ХХК нь гэрээнд заасан барааны 50 хувиас дээшхи барааг нийлүүлсэн тул захиран зарцуулах эрхтэй болсон. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр У.Эийг тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт бичгийг У.Эт олгохыг хариуцагч А- ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хариуцагч А- ХХК-ийн Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг У.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Ардчиллын гэгээ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ардчиллын гэгээ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Эт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: У.Э нь маргаан бүхий орон сууцны төлбөрт 38 000 000 төгрөгийг Хаан банкны 5041308374 тоот дансанд тушаасан гэх боловч уг данс хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй. Энэ данс нь компанийх уу, эсвэл захирал З.Батнямынх уу гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 58 287 860 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 38 000 000 төгрөг төлж авсан гэх боловч бодитоор "Ардчиллын гэгээ" ХХК-д төлөөгүй. Мөн гуравдагч этгээд "Төгс байдал констракшн" ХХК болон "Төгс байдал" ХХК-ийг шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр, төлбөр төлсөн байдлыг эцэслэн тодруулалгүйгээр шийдвэр гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байдаг. У.Э Төгс байдал констракшн" ХХК-д орон сууцны төлбөр төлсөн гэх боловч тэдний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Нэхэмжлэгч нь Төгс байдал констракшн" ХХК-д орон сууцны төлбөр төлсөн нь үнэн бол шаардах эрх нь тэдгээрийн хооронд бичгээр байгуулагдсан гэрээний дагуу үүсэх ёстой. У.Э нь "Ардчиллын гэгээ" ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг шаардах эрх үүсээгүй. "Төгс байдал констракшн" ХХК болон Төгс байдал" ХХК-ийн хооронд санхүү, нягтлан бодох бүртгэлийн хувьд ямар тооцоо үүссэн эсэхийг гуравдагч этгээдүүдээс тодруулаагүй, шүүх хуралдаанд байлцуулаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч А- ХХК-нд холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх-1, 53-54, 82-83/

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, үүрэг үүссэн эсэх, хэн хэний өмнө ямар үүргийг гүйцэтгэх ёстой, нэхэмжлэгчийн өмчлөх эрх тухайн орон сууцны хувьд үүссэн эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч А- ХХК нь гуравдагч этгээд болох Төгс байдал ХХК, Сипоко ХХК, Төгс байдал констракшн ХХК зэрэг гуравдагч этгээдтэй нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх байрны талаар гэрээ байгуулжээ. Гуравдагч этгээдүүд болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ биелэгдсэн эсэх, маргаан бүхий орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар шилжүүлсэн эсэх зэрэг гэрээний гол нөхцлүүдийг дүгнэхийн тулд гуравдагч этгээдээр Сипоко ХХК, Төгс байдал контракшн ХХК-г татан оролцуулах нь чухал байжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээдээр дээрх компаниудыг оролцуулах талаар хүсэлтүүд зохигч нарын зүгээс гаргаж байжээ. /хх-27, 100/

 

Эдгээр компаниудын аль аль нь хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээдээр оролцоход ач холбогдолтой байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангаагүй нь буруу байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхэд хандаж Сипоко ХХК албан бичиг ирүүлсэн байна. Анхан шатны шүүхээс тодорхойлолтыг тайлбарын хэмжээнд үнэлж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг зөвхөн зохигч талууд гаргах ёстой юм.

 

Сипоко ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан ёсоор хэргийн оролцогчоор оролцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэж үздэг.

 

Албан бичигт зааж байгаа үйл баримт, нөхцөл байдлыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхийн тулд тухайн этгээдийг хуульд заасан журмын дагуу шүүхээс хууль сануулж гэрчээр асууснаар үнэлэгдэх боломжтой болох юм. Гэтэл нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн тодорхой бус баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан зөрчил болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй бөгөөд нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх журмыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД