Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0601/З |
Дугаар | 364 |
Огноо | 2020-10-05 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 364
“Х-И” ХХК-ийн гомдолтой,
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,
хяналтын газрын татварын улсын байцаагч
Н.Б , Ц.Э нарт холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0371 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, П.Г,
Хариуцагч Н.Б, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0371 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан “Х-И” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 297783 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөрөөс 24,758.000.00 төгрөгийн зөрчилд ногдох 148,548.00 төгрөгийн торгууль, 99,032.00, төгрөгийн алданги, нийт 247,580.00 төгрөгийн төлбөрийг багасгаж, 21,270,278.40 төгрөгийн зөрчилд ногдох 787.000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн алданги, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий (2019 оны) хуулийн 82 дугаар зүйл, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4, 58 дугаар зүйлийн 58.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай (2019 оны) хуулийн 4 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24, 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, Зөрчлийн тухай хуулийн (2017 оны) хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д заасныг баримтлан “Х-И” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж,
“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “Х-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Э, Н.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар:
5. Нэг. Шийтгэлийн хуудасны салшгүй бүрдэл хэсэг болох Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл (цаашид “Тэмдэглэл” гэх)-д: “...1.2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардлыг, 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох ...274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг...орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил...”-тэй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль бусаар шийдвэрлэсэн байдаг.
6. Гомдол: 1.Манай компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал...12.1.6.урсгал засварын зардал...12.1.9.бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс...12.1.21.тээврийн зардал...12.1.24.холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал...” гэж заасны дагуу бизнесийн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа тухайн тайлант үед татвар ногдох орлогоос хасагдах зардлууд болно.
7. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх олон улсын сүлжээ “N” зочид буудлын барилгыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус байна.
8. Учир нь тус “N” зочид буудлын барилга нь 2013 онд бүрэн баригдаж дууссан бөгөөд улсын комисс баригдаж дууссанаас хойш 5 жилийн дараа хүлээн авсан. Энэ хугацаанд тус барилгыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон улсын “N” зочид буудлын сүлжээтэй болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар гэрээ, хэлцэл хийх зэргээр судалгаа, ярианы шатандаа байсан бөгөөд 2015 онд “N”-тэй хамтарч ажиллах тохиролцоонд хүрч тус буудлын төлөөлөгч нарт барилгыг 2015 онд танилцуулах, 2017 онд тус зочид буудлыг “N”-ээс тавьсан шаардлагын дагуу туршилтаар ажиллуулж, дээрх зардлууд гарсан болно.
9. Өөрөөр хэлбэл энэ нь үндсэн хөрөнгө бий болгохтой холбогдон гарсан зардал бус тухайн тайлант хугацааны татвар ногдох орлогоос хасагдах зардалд орох зохион байгуулалт, менежментийн зардал болно.
10. Хоёр.Тэмдэглэлд: “...2. 2014 онд 29,745,049.63, 2015 онд 8,058,530.71 төгрөгийн валютын ханшийн зөрүүгийн алдагдлыг...татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил...”-тэй гэж буруу шийдвэрлэсэн байдаг.
11. Гомдол: Сүүлийн жилүүдэд валютын ханш байнга өсөж ханшийн зөрүүгийн алдагдалд бүхий л компаниуд ороод байна. Татварын улсын байцаагч нарын дээрх буруу үйлдэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:...12.1.8.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал...” гэж заасныг зөрчсөн.
12. Гурав.Тэмдэглэлд: “...3.2016 онд 27,854,545.45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл: Албан татварт хасалт хийх, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;...” гэж заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.
13. Гомдол: Манай компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно. Өөрөөр хэлбэл тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй холбогдон гарсан худалдан авалт буюу харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар тул дээрх хуулийг зөрчөөгүй болно.
14. Дөрөв. Тэмдэглэлд: “...4.2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл: “Албан татварт хасалт хийх, 14.1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй;...” гэж заасныг...” зөрчсөн гэж буруу шийдвэрлэсэн.
15. Гомдол: 1. Манай компани яригдаж буй үл хөдлөх эд хөрөнгө (N зочид буудал)-ийг 2013 онд бүрэн барьж дууссаныг дээр дурдсан. 2017 онд тус зочид буудлыг “N” олон улсын сүлжээ буудлаас тавьсан шаардлагын дагуу туршилтаар ажиллуулж дулаан, цахилгааны худалдан авалт, мөн худалдан борлуулах зорилготой гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга, эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: “14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно.
16. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянаж баталгаажуулах ажил 3 үе шаттай хийгддэг. 1-рт: харилцагч Татварын алба хянаад Татварын ерөнхий газарт хүргүүлнэ, 2-рт: Татварын ерөнхий газар хянаад Сангийн яаманд хүргүүлнэ, 3-рт: Сангийн яам хянаад эцсийн илүүг тодорхойлдог.
17. Гэтэл манай компанийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаархи илүү төлөлт 964,622,482.50 төгрөгийг хууль бусаар ногдуулж буй 417,534,071.70 (4,175,340,716.96*10%) төгрөгөөр бууруулан 547,088,410.80 төгрөгийн илүүтэй гэж үзсэн атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд: “15.1.Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:...15.1.2.харьяалах татварын алба...хянаж баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ...15.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ...15.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана...” гэж заасныг хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн.
18. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн “...15.9.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1...-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж заасны дагуу Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын “...Дөрөв. Төсвөөс буцаан олгох, суутган тооцох нэмэгдсэн өртгийн албан татварыг шалган баталгаажуулах” хэсгийн 4.1-д “Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг шалгаж, албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ...” гэж заасныг зөрчин нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдээгүй, илүү төлөлтийг бууруулж буй шийдвэрээ Татварын ерөнхий газарт танилцуулаагүй, хуулинд заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд хүргүүлж хянуулаагүй нь татварын улсын байцаагч нарын гаргасан шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна.
19. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын дагуу хийгээгүй, актыг танилцуулж гардуулсан тэмдэглэл хөтлөөгүй, нэг хувийг татвар төлөгчид өгөөгүй нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн “...33.1.Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ.. .акт...үйлдэнэ...33.2.2.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана...” 34 дүгээр зүйлийн “...34.3.Татвар төлөгчид акт...ийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно. 34.4.Акт...нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна. 34.5.Татварын улсын байцаагч акт...-ийг 3 хувь үйлдэж...2 дахь хувийг татвар төлөгчид өгч,...” гэж заасныг зөрчсөн.
20. Энэхүү хууль бусаар ногдуулж буй 417,534,071.70 төгрөгийг манай компанийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаархи илүү төлөлтийг бууруулан шийдвэрлэсэн атлаа дахин давхардуулан эрх бүхий албан тушаалтны 0297783 дугаартай шийтгэлийн хуудсанд: ...нийт 464,255,688.90 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгасугай...”, мөн Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлд: “...1...нэмэгдсэн өртгийн албан татвар 420,319,526.30 төгрөгийг УТОХГ-ын 100 900 000 303 тоот дансанд...” бэлнээр төлөхийг даалгасан нь мөн хууль бус байна.
21. Тав.Тэмдэглэлд: “...6...2017 онд 21,270,278.43 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил”-тэй гэжээ.
22. Гомдол: Манай компани, 2017 оны жилийн эцсийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 964,622,482.50 төгрөгийн илүү төлөлттэй байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаархи 21,270,278.43 төгрөгийн татварыг хугацаандаа төлөөгүй гэж үзэн 1,211,980.49 төгрөгийн торгууль алданги ногдуулсан нь хууль бус байна.
23. Учир нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн “17.1 .Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:...17.1.4.илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” 58 дугаар зүйлийн “58.1.Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ: 58.1.1.тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох; 58.1.2.татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох; 58.1.3.буцаан олгох. 58.2.Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн.
24. Зургаа.Татварын улсын байцаагч нар татварын хяналт, шалгалтаар татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн дутуу хийж гүйцэтгэсэн ажлынх нь талаар:
25. Гомдол: Татварын улсын байцаагч нар татварын хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ 2014 оны 371,903,106.90 төгрөг, 2015 оны 412,285,516.00 төгрөгийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцож 2016 онд 37,190,310.69 төгрөг, 2017 онд 41,228,551.60 төгрөг, нийт 78,418,862.29 төгрөгөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлбөл зохих татварын дүнг бууруулж өгөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох”-ийн “20.1.Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ. 20.2.Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох...” гэж заасныг зөрчсөн.
26. Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт (14, 15-р хуудас): “...ҮНДЭСЛЭХ НЬ:...Тухайн тохиолдолд хариуцагч нар нь татварын иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийсэн бөгөөд...алдагдлыг ...баталгаажуулсан боловч татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоо хийгээгүй...байх тул түүнийг төлбөрийн дүнгээс хасаж багасгах боломжтой гэж шүүх үзэв...” гэж зөв дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт орхигдуулан алдаа гаргасныг Давж заалдах шатны шүүх залруулаагүй нь хууль бус байна.
27. Энэ талаар Давж заалдах шатны шүүхийн Магадлал (8, 9-р хуудас)-ын “...ХЯНАВАЛ...Уг хуулийн заалтаас үзэхэд алдагдлыг 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор заасан боловч уг алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох нөхцөл, боломжийг хуульд заагаагүй...” гэж илт хууль бусаар дүгнэсэн.
28. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл нь “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох” гэсэн нэртэй байна.
29. Долоо. Хуулийг буцаан хэрэглэх нөхцөл, байдалтай холбоотой асуудал дээр Давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн:
30. Гомдол: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл /Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа/-ийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 6 дахь хэсэгт “...шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан.
31. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж уг хуулийн 1 дүгээр зүйлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан ба уг өөрчлөлт оруулах /Татварын хууль зөрчих/ тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
32. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн “Татварын ерөнхий хууль зөрчих” гэсэн 11.19 дүгээр зүйлийн 11.19-ийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь заалтыг зөрчилд тооцохгүй болсон.
33. Татварын улсын байцаагч нараас манай компанид Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19-ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байсан.
34. Хэдийгээр Татварын ерөнхий хууль /2019.03.22/-ийн 82 дугаар зүйлд заасан “Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага” хэмээх зөрчил, түүнчлэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019.03.22/-ийн 4 дүгээр зүйлээр хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан ч шүүхээс Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй байдлаар огт хэрэглэж болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл /Хууль ёсны зарчим/-ийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан. Зөрчлийн шинжийг бусад хуулиар тодорхойлж болох ч Зөрчил, зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар /ЗТХ-ийн 1.2-ын 2/ тогтооно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “... энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” буюу зөвхөн Зөрчлийн хуульд л шийтгэл оногдуулахаар заасан тохиолдолд “зөрчил”-д тооцогдохоор хуульчилсан.
35. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл /Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал/-ийн 6-ын 6.12-т заасан татварын улсын байцаагч харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх зүйл, заалтад Татварын ерөнхий хуулийн дээрх зүйл, заалт огт тусгагдаагүй, эрх зүйн хийдэлтэй байгаа болно.
36. Энэ тохиолдолд илүү нарийвчлан зохицуулсан хууль нь юм уу сүүлд хүчин төгөлдөр болсон хууль нь татварын ерөнхий хууль гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл /Хууль хэрэглэх/-ийн 11.2-д зааснаар шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд санал гаргаж ч болох юм.
37. Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0371 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
38. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
39. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Б, Ц.Э нар “Х-И” ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0297783 дугаар шийтгэлийн хуудсаар 448,802,314.70 төгрөгийн нөхөн татвар, 9,331,836.50 төгрөгийн торгууль, 6,121,537.70 төгрөгийн алданги, нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөр төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
40. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудасны бүрдэл хэсэг болох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тухайлан заасан 6 зөрчлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар, хариуцагчаас “...хяналт шалгалтаар нийт 4,794,613,795,14 төгрөгийн зөрчил илэрсэн...санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох журналын бичилт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон” гэж маргасан байна.
41. Анхан шатны шүүх хариуцагч “...татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоог хийгээгүй, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2014, 2015 оны тайлангаар алдагдлыг шилжүүлэн тооцоход аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулах татвар 2016 онд 28,766,216.40 төгрөг, 2017 онд 47,749.669.06 төгрөг байх тул түүнийг төлбөрийн дүнгээс хасч багасгах боломжтой гэж дүгнэсэн атлаа оногдуулсан төлбөрөөс хассан эсэх нь тодорхойгүй, тооцооллыг орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүхээс “алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох нөхцөл боломжийг хуульд заагаагүй” гэж үзсэн нь ойлгомжгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.
42. Нөгөөтэйгүүр гомдолд дурдагдсан “N” зочид буудлын барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөр хууль ёсны эзэмшигч, өмчлөгч хэн болох, одоо хэн, хэрхэн ашиглаж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад “...2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “...импорт болон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 417,534,071,69 төгрөгөөр бууруулсан” гэх зөрчилд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
43. Анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтыг бүрдүүлээгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн албан татвар ногдох орлогоос хасагдах зардлын талаарх зохицуулалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглээгүй, дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эдгээр алдааг залруулахгүйгээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.
44. Хяналтын шатны шүүхээс шүүхүүдийн дээр дурдсан алдааг засах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0371 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН