Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0415

 

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0415

     Улаанбаатар хот

 

 

“М к к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Б, өмгөөлөгч Б.Б, Г.Б, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Г, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Э.Э, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “М к к” ХХК, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Г, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.Л нарын давж заалдах гомдлоор, “М к к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2, 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М к к” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э ү” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1-А/666 дугаар албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгэсэн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болсон нэхэмжлэгчийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М к к” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь заалтуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М к к” ХХК давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь анх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчдад холбогдох нэхэмжлэлийг гаргасан. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 11, 25-ны өдөр болон 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус тодруулж, нэмэгдүүлснээр хамтран хариуцагчдад холбогдох нийт 13 шаардлагатай захиргааны маргаан болсныг шүүхээс хянан шийдвэрлэгдсэн. Эдгээрээс дараах шаардлагад холбогдох хэсэгт шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дугаар заалт илт хууль бус болохыг тогтоож шийдсэн атлаа 2, 3, 4, 7 дугаар заалтад холбогдох шаардлагад холбоотой хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасанд нийцэхгүй байна.

Шүүхээс илт хууль болохыг тогтоосон Засгийн Газрын 2018 оны 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дугаар заалтууд нь тус захиргааны актыг гаргах гол үндэслэл болсон заалтууд болох нь илэрхий байгаа. Тухайлбал, Засгийн газрын тогтоолын 1 дүгээр заалтад “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “М к к” ХХК-д шилжсэн “Э ү" ХХК, “М" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцсугай” гэж заасан бөгөөд 2, 3, 4 дүгээр заалтаар 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүргийг харьяа яам, агентлаг, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдэд даалгасан байдаг. Ийнхүү тогтоол гаргах гол үндэслэл болсон 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөр, түүнд суутган тооцох эх үүсвэрийн дараалал нь илт хууль бус болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Засгийн Газрын 2018 оны 7 дугаар тогтоол бүхэлдээ илт хууль бус болох учиртай. Өөрөөр хэлбэл, уг илт хууль бус акт бүхэлдээ үйлчилж байж эрх зүйн үр дагаврыг үүсгэх буюу зорилгодоо хүрэх хуваагдашгүй шинжтэй бөгөөд актын үндэслэл болж буй гол хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон байхад салшгүй хэсгийн эрх зүйн үйлчлэл үргэлжлэх хууль зүйн болоод онолын ямарч боломжгүй юм.

2. Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд тус тус заасан хамаарал бүхий этгээд биш болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/1196 дугаар албан бичгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Гэсэн атлаа нэхэмжлэгчээс 49 хувийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрт холбоо хамааралгүй 13 эх үүсвэрээс харилцан суутган тооцох хүрээнд өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулах илт хууль бус үүргийг Засгийн газраас М банк, Х банкаар гүйцэтгүүлэхээр даалгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийг баримталж илт хууль бус гэж дүгнээгүй нь хууль буруу хэрэглэснийг харуулж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад (2-р хавтаст хэргийн 118-р тал) “...Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Э ү” ХХК болон “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Өөрөөр хэлбэл, 14-р тэмдэглэлээс зөвхөн өөрт холбогдох хэсгийг хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүхээс “...14-р тэмдэглэлийн 1 дэх заалт нь “М к к" ХХК-ийн субьектив эрхтэй холбоогүй, эрх зүйн харилцаа үүсээгүй, уг заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь илт байна...” хэмээн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Товчдоо, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур дүгнэлт хийсэн буюу нэхэмжлэл гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан байх тул уг алдааг засварлан “...Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Э ү” ХХК болон “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Анхан шатны шүүхийн 0272 дугаартай шийдвэрийн 33 дугаар талд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг дотоод зохион байгуулалтын хүрээнд харьяа байгууллагад чиглэл өгсөн буюу гадагш чиглээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Дээрх албан бичигт “...УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Э ү” ХХК, “М” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах...” чиглэл өгсөн. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, дүрмийг шинэчлэн батлах эрх нь 49 хувийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхээр баталгаажих зохицуулалттай. Тус албан бичгээр өгөгдсөн чиглэлийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталснаар нэхэмжлэгчийн өмчийн эрх зөрчигдсөн байдаг.

Тодруулбал, дээрх компаниудын Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах, дүрэм батлах тухай чиглэл өгсөн өөр албан бичиг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас гараагүй бөгөөд эдгээр бичгийг хэрэгжүүлсний үр дагаварт 49 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа болоод хувьцаагаар гэрчлэгдэх саналын эрх зөрчигдөхөд хүрсэн байх тул зохицуулалт агуулсан, гадагш чиглэж эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна. Тиймээс тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны актын шинж агуулсан байдаг.

Мөн Анхан шатны шүүхийн 0272 дугаартай шийдвэрийн 33 дугаар талд “Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/500 тоот албан бичиг нь Засгийн Газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан бөгөөд шүүхээс уг заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг захиргааны актыг үндэслэсэн гарсан дээрх албан бичиг мөн илт хууль бус” гэж дүгнэсэн Гэтэл адил зорилгоор гарсан ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болгуулах шаардлагад холбоотой хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үйл баримтыг явцуу хүрээнд дүгнэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийг нэг мөр хэрэглээгүйг харуулж байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрт гомдолд дурдсан үндэслэлээр хэсэгчлэн өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14-р тэмдэглэлийн “Э ү” ХХК, “М” ХХК-д холбогдох хэсгийг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолыг бүхэлд нь, Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Г нар давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн үндэслэх хэсэгт “...М к к” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 11, 2018 оны 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлснийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар....итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гардуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, Монгол Улсын Засгийн газарт тус шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/995 тоот албан бичгээр мөн хариу тайлбарыг шаардсан боловч ирүүлээгүй тул хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг өмнө шүүхэд гаргасан хариу тайлбартай хамтатган үзэж хэргийг шийдвэрлэсэн...” талаар дурджээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөөр байтал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хариу тайлбарт дүгнэлт өгөөгүй, орхигдуулж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 151 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Ч.Х 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Н/65 тоот нууц албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Н/17-55 тоот нууц албан бичгээр авсан холбогдох хуулийн этгээдийн лавлагаа түүнчлэн Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн “К Э С” ХХК, Х х-ийн банк нь нэхэмжлэгч “М к к” ХХК-тай харилцан хамаарал бүхий этгээд гэдгийг нотолсоор байтал Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0272 тоот дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: “....маргаан бүхий тогтоолыг 2, 3, 4, 7 дэх заалтуудад дурдсан “К Э С” ХХК, “Х х б” ХХК нь тус тус нэхэмжлэгч “М к к” ХХК-тай Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд тус тус заасан хамаарал бүхий этгээд биш болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12/1196 дугаар албан бичгээр тогтоогдож байна...” /шийдвэрийн 34 дэх талд/ гэж шийдвэрлэсэн нь хариуцагч талын хариу тайлбарт мөн эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн шүүхийн үндэслэх хэсэгт: “...Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор “төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, суутган тооцох хэлцэл хийх” тодорхой 2 үүргийг өгсөн байхад уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ. /шийдвэрийн 36 дахь тал/ Монгол Улсын Ерөнхий сайдын 151 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, шийдвэр зэргээс тус тус үзэхэд хариуцагч Засгийн газрын зүгээс нэхэмжлэгч “М к к” ХХК-тай хэлцэл хийсэн гэж үзэхээргүй байна. Монгол Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасны дагуу хуулийн нэгэн адил хүчин чадалтай бөгөөд Засгийн газрын зүгээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан хуулиуд болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Их Хурлын тогтоолоор хариуцагч Засгийн газарт олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэлд хуваасан бөгөөд тус институтуудын гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй бол хэн хүчингүй болгох талаар Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.”, мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэж тус тус тодорхой хуульчилсныг зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөж, хууль ёсны бус шийдвэр гарсан гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүд нь Улсын Их Хурал, Засгийн газар /бас Үндсэн хуулийн цэц/-аас өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгохгүй гэдгийг шууд тодорхойлсон байхад Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагад Засгийн газрыг хамааруулж, гаргасан шийдвэрийг нь хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулиар хуульчилсан хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”

Харин Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гээд мөн зүйлийн 5.1.1-т “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасанд Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж заасны дагуу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллагад яам хамаарахаар байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 2005 оны 02 дугаар дүгнэлтэд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн “...дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн 1 дэх хэсгийн 4.1.1-д "Монгол Улсын Засгийн газар” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалтуудыг.... тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр гэдгийг анхаарах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан хариуцагчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.Л нар давж заалдах гомдолдоо: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгэсэн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

“Э ү” ХХК, “М” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 06, 07 тогтоол болон холбогдох бусад баримт бичгүүдийг үндэслэн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн.

Шүүхийн шийдвэрээр “Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт”-ыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба энэ асуудлаарх Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлээд Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй болохыг тогтоож, 2/02 дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2005 оны 28 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дугаар заалтуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Засгийн газрын энэ тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 06, 07 дугаар тогтоол, шийдвэрт үндэслэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М к к” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан 13 шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол Улсын Засгийн газар болон түүний агентлагууд нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх замаар тогтоол, тушаал, шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” хэмээн тайлбарлан маргасан байна.

Нэхэмжлэгчээс анх шүүхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, мөн газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э ү” ХХК, “Мт” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч нараас дахин захиргааны акт шинээр гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 1-д  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол болон бусад хуулийн төслийг холбогдох байнгын хорооны гишүүдэд танилцуулж, асуудлыг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд яамны удирдлагаа заавал оролцуулж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгаж, 2-т Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дүгнэлт удааширч байгааг харгалзан төлөөлөн удирдах зөвлөлийг төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “М” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллах болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, дүрмийг батлах арга хэмжээ авах талаар, мөн өдрийн ХЭГ/500 дугаар албан бичгээр “Э ү” ХХК-ийн төрийн өмчийн төлөөллөөр нэр бүхий албан тушаалтнуудыг томилон ажиллуулах талаар тус тус Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад чиглэл өгчээ.

Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаалаар “Э ү” ХХК болон “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчдийг томилон, тус хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналын удирдамжийг баталж, “Э ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөн найруулах тухай 01 дүгээр тогтоол гаргаж, уг дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж, дахин гэрчилгээ олгосон байна.

Мөн тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгээр “Э ү” ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан удирдамж хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага болох Засгийн газрын хуралдааны 2017 оны 14 дүгээр тэмдэглэл нь нэхэмжлэгчид шууд чиглэгдээгүй, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжгүй, тодруулбал, уг тэмдэглэлд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол болон бусад хуулийн төслийг холбогдох байнгын хорооны гишүүдэд танилцуулж, асуудлыг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд яамны удирдлагаа заавал оролцуулж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасан мөн Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дүгнэлт удааширч байгааг харгалзан төлөөлөн удирдах зөвлөлийг төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан агуулгатай, гадагшаа чиглэгдээгүй, дотоод зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр тэмдэглэгдэн гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Уг тэмдэглэлийг үндэслэн гаргасан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497, ХЭГ/500, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгүүд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд хандаж, чиглэл өгсөн, удирдамж хүргүүлсэн агуулгатай, гадагшаа чиглэгдээгүй, эрх зүйн үр дагавар бий болгож, бие даасан эцсийн шийдвэр болж чадахааргүй, дээрх тэмдэглэлийн нэгэн адил захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус” гэсэн үндэслэлээр 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу уг нэхэмжлэлүүдийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас Засгийн газрын хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх хэсгийг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 дугаар албан бичгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв боловч тэмдэглэлийг захиргааны акт гэж үзэж, нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн дүгнэсэн нь буруу байна.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 2-т “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө”, 11 дүгээр зүйлийн 6-д “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавина” гэж заасан байна.

Хуулийн энэхүү заалтаар төрийн өмчийн төлөөлөгчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар хэлэлцүүлж томилохоор хуульчилсан байхад тус газрын дарга өөрөө тушаал гаргаж, нэр бүхий хүмүүсийг “Э ү” ХХК болон “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчөөр томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул уг захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ. Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоосон боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримталсан нь үндэслэлтэй биш байна. Өөрөө хэлбэл, уг тушаал нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахгүй.

3. Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас тогтоолын 1, 5, 6 дахь заалтуудыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх заалтуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “М к к” ХХК-д шилжсэн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Х банк болон М банкнаас Х х-ийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “М к к” ХХК-д шилжсэн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцохоор, 5 дахь заалтаар “Э ү” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшихтэй холбогдуулан Оросын талын хувьцаа эзэмшигчид 2013, 2014 онд олгохоор зарласан ногдол ашгийн төлбөрийг Засгийн газарт шилжүүлэн бүртгэх, тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Х, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Ц.Н/, “Э ү” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /У.Б/-д тус тус даалгаж, 6 дахь заалтаар “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Ц.Н/-т тус тус даалгахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулиудыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсанаар Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч, 49 хувийн энгийн хувьцааг холбогдох эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон бөгөөд хариуцагч Засгийн газар нь “Э ү” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нэхэмжлэгч “М к к” ХХК-ийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, тэдний тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг болон 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг ямар арга, журмаар хэрхэн явуулахыг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолд хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуулахаар заасан байхад дээрх байдлаар нэхэмжлэгчтэй ямарваа нэгэн хэлцэл хийхгүйгээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын ерөнхий сайдын 2017 оны 151 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, хариуцагч нарын гаргасан шийдвэр, тогтоолуудаар нотлогдсон байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараах бүрэн эрхтэй” гэж заагаад төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байна.

Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолуудаар “Э ү” болон “М” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг тус тус баталсан нь дээрх хуульд нийцээгүйгээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ”, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 62.1.1-д “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж зааснаас үзэхэд компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, шинэчлэн батлахаар бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг хурлаар компанийн дүрмийг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байхад хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн заалтыг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар, бүртгэлийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээс гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг бүрдүүлэхээр тус тус заасан.

Гэтэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болон 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхдээ хуулийн дээрх заалтуудыг зөрчиж бүртгэсэн болох нь нотлогдсон байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хүчингүй болсон талаарх тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар уг бүртгэл хүчингүй болсон нь тогтоогдсон, уг бүртгэл эрх зүйн үр дагаваргүй болж нэхэмжлэгчид ямарваа нэгэн ашиг сонирхол байхгүй болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоох бус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл хангагдах боломжгүй бөгөөд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. Учир нь дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд хуульд заасан шаардлага хангасан баримт бичгүүдийг холбогдох журамд заасны дагуу бүрдүүлж, уг нотлох баримт бичгийг эрх бүхий этгээд хүлээн авч хянан, улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахаар заасан тул шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй. 

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасан.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж хуульчилснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх буюу Үндсэн хуулийн зөрчлийн хэмжээнд авч үзэхээр маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр, харин Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх буюу уг шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаар тогтоолд “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан харилцаанд хамаарахгүй, Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалан шийдэхээр тул хуульд тусгайлан заагаагүй, нийтийн эрх зүйн маргаан тул Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдсэнийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч нарын давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, зарим хуулийн зүйл заалтыг буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 5, 91 дүгээр зүйлийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 6, 21 дүгээр зүйлийн 2, 2-ийн 1, 2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.4.3, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, 62.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 5 дугаар зүйлийн 5.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М к к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий  газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э ү” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ