Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01537

 

 

            2022             08             19                                                210/МА2022/01537

 

М.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/01908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Цгийн хариуцагч Н.Бод холбогдуулан гаргасан хариуцагч Н.Бод байгаа 29 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийн 68,1 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, уг тоног төхөөрөмжийн өөрт ногдох хэсгийг болон тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шим болох 85,737,219 төгрөг, фитнесийн тоног төхөөрөмж, бараа материалын үнэ 5,157,890 төгрөг, ажлын байрны түрээсийн барьцаа төлбөр 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, “Транскапитал ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, шинжээчийн зардал 200,000 төгрөг, нийт 96,095,109 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 22,539,484 төгрөгийн үнэ бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 882,680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.Ц нь БНХАУ-ын Шандун мужийн Дэжү хотын “Тианжин фитнесийн тоног төхөөрөмж” ХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр TZ-WYL12015020 тоот гэрээ байгуулан 33 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг 118,368 юаниар худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 31,060 юанийг төлсөн. Тус гэрээнд заасны дагуу 20 хоногийн дараа үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 87,308 юанийг “Мөнгөн гүүр ББСБ” ХХК-аар дамжуулан 50,000 юань, 21,055 юань, 16,253 юань болгон хувааж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 37,800 юань буюу гэрээний нийт үнийн дүнгийн 31.9 хувийг хариуцагч Н.Б төлсөн. Ингээд фитнесийн үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байхад хувийн таарамжгүй харьцааны улмаас нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтран ажиллах боломжгүй болсон. Улмаар М.Ц нь өөрийн фитнесийн тоног төхөөрөмжөө авах гэтэл хариуцагч түүнд өгөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 29 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг үндэслэлгүйгээр ашиглаж, дунджаар 125,899,000 төгрөгийн ашиг олсон нь түүний дансны хуулгаас харагддаг бөгөөд тэрхүү дундаж ашгийн 68.1 хувь нь 87,737,216 төгрөг болох тул уг хэмжээгээр эд хөрөнгө ашигласнаас олсон үр шимийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 999,990 төгрөгийн үнэ бүхий LG брэндийн 7 ширхэг бүрдэлтэй систем хөгжим, “Кибер” спорт барааны дэлгүүрээс 2 ширхэг гүйлтийн зам 3,000,000 төгрөгөөр, Зуун айлын барилгын барилгын материалын захаас тольны хүрээ 100,000 төгрөг, өдрийн богино лед гэрэл 120,000 төгрөг, бөөрөнхий лед гэрэл 100,000 төгрөг, цагаан хуулга 48,000 төгрөг, супер цоож 30,000 төгрөгөөр, фитнес хаяг 300,000 төгрөг, хяналтын камер 110.250 /350*315/ төгрөг, микрофон 151.200 /480*315/ төгрөг, диско гэрэл 141.750 /450*315/ төгрөг, трансформатор 47.250 /150*315/ төгрөгөөр жижиг хэрэглэлүүд нийт 5,157,890 төгрөгийг фитнесийн тоног төхөөрөмж, бараа материал худалдан авч фитнесийн заалыг засан сайжруулснаас гадна үйл ажиллагаа эхэлснээс хойш ажлын байрны түрээсийн барьцаа төлбөрт 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг төлсөн тул “Транскапитал ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, шинжээчийн зардал 200,000 төгрөг зэрэг нийт 10,357,890 төгрөгийн зардлыг хариуцагч Н.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Н.Б нь БНХАУ руу фитнесийн тоног төхөөрөмж авах зорилгоор явсан ба тухайн үед валют арилжааны газраас 24,000,000 төгрөгөөр 80,000 юань худалдаж авсан байдаг. Ингээд БНХАУ-д очиж “Макс” фитнес клубийн нэр дээр 70 хувийн төлбөр буюу 72,471 юанийг сарын дараа шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан, нийт 103,000 юанийн фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Захиалсан 46 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжөөс нэхэмжлэгчийн 2 нэр төрлийн тоног төхөөрөмж байсан. Тухайн 2 нэр төрөл бүхий зүйлийн мөнгөн дүн нь 5,000,000-6,000,000 орчим төгрөг байсан бөгөөд түүний урьдчилгаа 30 хувьд 9,000,000 орчим төгрөг төлөгдөхгүй. М.Ц нь тухайн үед фитнесийн тоног төхөөрөмж авах гэж биш, өөрийн ажиллуулдаг лангуундаа бараа авах зорилгоор 15,000,000 төгрөгтэй БНХАУ руу хамт явсан. Харин хариуцагч Н.Б нь гэрээ байгуулсан өдрийн дараагаар Т2-7009 маркийн спининг дугуй 15 ширхэгийг 6,887,062 төгрөгөөр, Т2-8004 маркийн 72 килограмийн гантель, туухай 191,160 төгрөгөөр, нийт 7,078,222 төгрөгийн төхөөрөмж авсан. Мөн иогийн хувцас хэрэгсэл болох спорт бээлий, гэдэсний даруулга, иогийн оймс, өмд, майк, цамц, аэробикийн тавцан, олс, гудас, дэвсгэр, резин блок, бөмбөг зэрэг 333 хэрэгслийг нэмж 3,457,416 төгрөгт захиалсан. Улмаар нэхэмжлэгч нь 70 хувийн төлбөр болох 50,000 юанийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Мөнгөн гүүр” валют арилжааны газраар дамжуулан, гарын үсгийг зурж, шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч М.Ц нь шууд 37,000 юаниар шилжүүлж болох зүйлийг 21,000 юань, 17,000 юаниар хоёр хувааж шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагчийг өвчтэй байхад 7 хоногийг хугацаанд фитнесийн үйл ажиллагааг нэхэмжлэгч эрхлэн явуулсан хэдий ч фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж “Хаан банк” ХХК-аас авсан нэхэмжлэгчийн зээлийн төлөлт болон түрээсийн төлбөрийг төлөөгүйгээс үүдэн таарамжгүй харилцаатай болж улмаар хамтарч ажиллах боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн иогийн хэрэгслүүд, спинингийн 15 ширхэг дугуйгаа аваад явсан. Мөн тухайн үед М.Ц нь 7 хоногт дунджаар 6,000,000-7,000,000 орчим төгрөгийн орлого олсон хэр нь түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг төлчихөөд, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Н.Б нь үйл ажиллагаа явуулахдаа том хэмжээтэй заал түрээслэдэг байсан учраас түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, урсгал зардалд 500,000 төгрөг банкны зээлд сар бүр 1,013,000 төгрөг төлдөг байсан. Өөрөөр хэлбэл ашиггүй ажилласан нь түүний гаргаж өгсөн 2016, 2017, 2018 оны татварын тайлангаас харагддаг тул  бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашиг гэж шаардаж буй 85,737,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Цгийн “Транскапитал ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү болох 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Н.Б нь 2014 онд банкнаас зээлээр авсан 24,000,000 төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Фитнесийн тоног төхөөрөмж, тээврийн зардалтайгаа нийлээд 30,000,000 гаруй төгрөг болсон. Мөн голомт банкнаас 11,250,000 төгрөгийг зээл авч Т2-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1,193,757 төгрөг, Т2-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1,193,757 төгрөг, Т2-6013 маркийн гарын 2 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1,193,757 төгрөг, Т2-6017 маркийн гарын суултын төхөөрөмж 1 ширхэг 1,696,812 төгрөг, Т2-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479,100 төгрөг, Т2-6042 маркийн 5 үйлдэлтэй тэмээ төхөөрөмж 1 ширхэг 4,192,125 төгрөг, Т2-6044 маркийн хэвтээ 2 хөлийн болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1,193,757 төгрөг, Т2-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг 253,645 төгрөг, Т2-6050 маркийн 3 толгойт гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1,193,757 төгрөг, Т2-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994,132 төгрөг, Т2-8012 маркийн тэгш гар штанк 20, 25, 30, 35,40 кг-уудын 5 ширхэг 583,903 төгрөг, Т2-6060 маркийн цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг 994,132 төгрөг, 100569 маркийн 2, 5, 10, 15, 20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1,676,850 төгрөг, 2 ширхэг гүйлтийн зам 3,200,000 төгрөг, хөгжим, диско гэрэл, микрофон иж бүрдэл 1,500,000 төгрөг зэрэг нийт 22,539,484 төгрөгийн үнэ бүхий 15 төрлийн бодибилдинг, фитнесийн тоног төхөөрөмжийг худалдан авсан тул тус эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, М.Цгийн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 ширхэг гүйлтийн замын дэлгэцийг хуу татаж, зөөлөвчтэй 2 буйдан сандал зэргийн бүрээсийг хайч, хутга ашиглан дахин ашиглах боломжгүй болтол урж тасдан, сүйтгэсэн үйлдэлд гэм хорын хохиролд тооцон, 882,680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч М.Цгийн аваад явсан гэх 2 хэрэгсэл нь хариуцагч фитнесийн заалнаас түүнийг хөөхөд авч явах боломжтой байсан зүйлс бөгөөд 2 ширхэг гүйлтийн зам Улаанбаатар их дэлгүүрээс худалдан авахдаа гуйж авсан дэлгэцээр заалны хуучин дэлгэцийг сольж, мөн сандал, буйдангийн бүрээсийг солих зэргээр засан сайжруулалт хийж байсан. Тэрээр заалнаас хөөгдөх үед тус буйдан үүдэнд байсан учраас арга буюу хуулгыг нь хуулах үйлдлийг хийсэн байдаг. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгчийн машины төмрийг нь гартал шрүфээр эргүүлсэн нь камерт бичигдэж, эрүүгийн журмаар шалгагдаж, тэнсэн харгалзах ял хүртэл авсан. Мөн түүний гэрийн кабелийн утсыг 6 удаа тасалсан гэх мэт янз бүрийн үйлдлийг хийж байсан. Иймд өөрт ногдох 68,1%-ийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хавтаст хэргээр тогтоогдсон үлдэх хөрөнгийн жагсаалтад дурдагдсан Т2-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, Т2-6002 маркийн суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, Т2-6013 маркийн гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, Т2-6017 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг, Т2-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг, Т2-6024 маркийн босоо налуу вандан 2 ширхэг, Т2- 6025 маркийн гарын 2 толгойн вандан 1 ширхэг, Т2-6026 маркийн нуруу гэдийлт вандан 1 ширхэг, Т2-6027 маркийн хэвлийн вандан 2 ширхэг, Т2-6030 маркийн цээжний тэгш налуу вандан 1 ширхэг, Т2-6031 маркийн тэгш вандан 1 ширхэг, Т2-6042 маркийн 5 үйлдэлт тэмээ төхөөрөмж 1 ширхэг, Т2-6044 маркийн хэвтээ 2 хөлийн болон толгойн төхөөрөмж 1 ширхэг, Т2-6047 маркийн цээжний эрвээхий төхөөрөмж 1 ширхэг, Т2-6050 маркийн гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, Т2-6051 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг, Т2-6060 маркийн цээж өргөх төхөөрөмж 1 ширхэг, Т2-6062 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг, Т2-6063 маркийн нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, Т2-6064 маркийн нуруу урдаас татах төхөөрөмж 1 ширхэг, Т2-6066 хөл гуяны жийлт төхөөрөмж 1 ширхэг, Т2-7009 маркийн дугуй 15 ширхэг, Т2-8004 маркийн 2 кг, 3 кг, 4 кг-ийн нийт 72 кг-ийн ванил туухайнууд, Т2-8011 маркийн 15 кг, 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг-ийн нийт 125 кг-ийн гар штангууд, Т2-8012 маркийн 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг-ийн нийт 150 кг-ийн гар штангууд, 100569 маркийн 5 кг, 10 кг, 15 кг, 20 кг-ийн нийт 500 кг-ийн 6 хавчуургатай өнгийн резин бүрхүүлтэй диск, 3В86 маркийн 2*86 халуунд тэсвэртэй гуулин холхивчтой 45# ган, 270 кг-ийн даацтай штангны гол төмөр 1 ширхэг, РВ15 маркийн төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, РВ19 маркийн 1*6 төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, РВ24 маркийн 1*14 төхөөрөмжийн хэрэглэл 1 ширхэг, РВ35 маркийн 0,5 төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, Т2-6032 маркийн туухайны тавиур 1 ширхэг, Гүйлтийн зам 2 ширхэг, Систем хөгжим, Диско гэрэл, Микрофон зэрэг эд хөрөнгийг 50, 50 хувиар нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нарт хуваарилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчид хуваарилагдсан эд хөрөнгүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эд хөрөнгүүдийг албадан худалдаж үнийн дүнгийн 50, 50 хувиар нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нарт хуваарилан олгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасныг баримтлан олох байсан орлого ашигт 23,500,000 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, үлдэх 62,237,219 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасныг баримтлан гарсан зардалд 3,078,950 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, үлдэх 7,278,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цд холбогдох сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 15 нэр төрлийн 22,539,484 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Н.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цд холбогдох гэм хорын хохиролд 882,680 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,380,143 төгрөгөөс 839,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 540,853 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 327,201 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас урьдчилан төлсөн 95,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 200,417.42 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч М.Цгоос 75,200 төгрөг, хариуцагч Н.Боос 24,800 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Капитал зууч” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хамтран ажиллах гэрээний талууд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцах учиртай. Гэтэл хариуцагч Н.Б нь тэнцүү хэмжээгээр хураамжийг хариуцаагүй буюу нэхэмжлэгч М.Ц нь илүү зардал гаргаж, түүнтэй холбоотой маргаж байхад анхан шатны шүүхээс талуудын төлсөн хураамж ач холбогдолгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Зохигчид БНХАУ-аас фитнесийн тоног төхөөрөмж хамтран оруулж ирж, ашиглаж байсан тул тус хөрөнгийг хувь тэнцүүлэн хуваах нь зүйтэй. Харин нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авсан буюу өмчлөлийн зүйл болох 999,999 төгрөгийн үнэ бүхйй хөгжим, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гүйлтийн зам зэрэг хувиарлах хөрөнгө биш болно. Энэ хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоно. Гэтэл хариуцагч нь тус хөрөнгүүдийг одоог хүртэл хувьдаа ашиглаж байх тул холбогдох үнийг төлөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөлийн, хариуцагчийн хууль бус эзэмшлээс авч чадаагүй хөрөнгийг хувиарлах дундын эд хөрөнгийн жагсаалтад оруулан тооцсон нь алдаатай болжээ. Анхан шатны шүүх хариуцагчийн үйл ажиллагааны орлогыг тооцохдоо зөвхөн түүний тайлбарт үндэслэсэн нь ойлгомжгүй болжээ. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулга зэрэг санхүүгийн баримтад хэрхэн үнэлсэн тодорхойгүй, дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс талуудын гүйцэтгэсэн үүргийгүл харгалзан, хөрөнгийг 50,50 хувиарлахаар шийдвэрлэсэн. Хэрэв анхан шатны шүүх хөрөнгө, орлогыг 50, 50 хувиар хувааж шийдвэрлэж буй бол гаргасан зардлыг мөн хувиарлах ёстой. Гэтэл хариуцагч сар бүрийн олсон гэх 3,000,000 төгрөгний орлогоос түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг, фитнесийн багшийн сарын цалин 1,500,000 төгрөгийг бүхэлд нь 50, 50 хуваахгүйгээр хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч Н.Б нь мөн зардлын 50 хувийг хариуцах тул түрээсийн 1,000,000 төгрөгнөөс 500,000 төгрөг, багшийн цалин 1,500,000 төгрөгнөөс 750,000 төгрөг нийт 1,250,000 төгрөгний зардлыг хариуцаж, үлдэх 1,750,000 төгрөгийн ашгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 47 сарын хугацаагаар тооцож 82,250,000 төгрөгийн ашгийг ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.Ц нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...2010 оноос Н.Б бид хоёр нэг байранд тус тусдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

7.а. Танилцсанаас хойш маргалдах хүртэл бидний данс тооцоо тус тусдаа байсан” гэж бичсэн нь 2010 оноос нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хамтран амьдарч, хамтран нэг зааланд үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан болохоос дундын өмчийн тоног төхөөрөмж авах, санхүүгийн хувьд нэгдэх зэргээр хамтран ажиллаж байгаагүй талаар нэхэмжлэгч байр сууриа илэрхийлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч М.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа “...тоног төхөөрөмж авахаар хөөцөлдөж, намайг хамтран зээлдэгчээр хүсэж байсан боловч би зөвшөөрөөгүй” гэсэн нь хариуцагчийн зүгээс хамтрах саналыг хүлээн зөвшөөрдөггүй, талуудын хооронд хамтран ажиллах тухай хэлцэл хийгдээгүй болохыг нотлогддог атал анхан шатны шүүхээс хамтын үйл ажиллагаа явуулах зорилгоор нэгдэн ажилласан гэж буруу дүгнэсэн. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Цгийн 27 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж 32 нэр төрлийн эд хөрөнгийг хуваахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.б. Анхан шатны шүүх дээрх жагсаалтад дурдагдсан тоног төхөөрөмж, хэрэглэлүүдээс Т2-7009 маркийн 15 ширхэг дугуй л нэхэмжлэгч М.Цгийн эзэмшилд бусад нь хариуцагч Н.Бын эзэмшил ашиглалтад байгаа талаар талууд маргадаггүй гэж бодит байдалд нийцэхгүй буруу дүгнэлт хийсэн.

Гэрээний үнийн дүн нэмэгдэж өөрчлөгдсөн нь М.Ц нь Монголд ирснийхээ дараа нэмэлт захиалга өгч 14,837 юанийн бараа нэмж захиалснаар гэрээний үнийн дүн 14,837 юаниар нэмэгдэж нийт 118,368 юань болсон учраас нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдож буй үнэ нь зөрүүтэй буюу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

7.в. Маргаан бүхий тоног төхөөрөмжүүдийг 4 жилийн турш үйл ажиллагаа явуулж олсон орлого 23,500,000 төгрөгийн ашгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хамтран ажиллах тохиролцооны үндсэн дээр үйл ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй байхад хавтаст хэрэгт Н.Б нь фитнесийн тоног төхөөрөмжийг ашиглаад ямар хэмжээний ашиг олсон талаар нотлох баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх фитнес төвд 40-50 хүн хичээллэж, 1 хүнээс 50,000 төгрөгийн хөлс авч сард дунджаар 3,000,000 төгрөгийн орлого олдог гэсэн тайлбарыг үндэслэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Н.Б нь ойролцоогоор ийм орлого олдог, ийм зардал гардаг гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анх 31,060 юанийг хуулийн этгээд ямар нэгэн гэрээ контракт, хийхийн тул хуулийн этгээд болох компанийн нэр, тамга, тэмдэг, гарын үсэг заавал байх ёстой. 2 улсын хооронд тодорхой цаг хугацаанд хийгдсэн гэрээ, Макс фитнесс клубын тамга тэмдэг, гарын үсэг, анхан шатны 30 хувийн төлбөр тооцоо хийгдсэн баримт байхгүй. Анхан шатны шүүхээс эхэлж, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг эсэргүүцэж, өөрийнхөө талд итгэл үнэмшил гаргахын тулд гуйвуулж ирсэн. Хариуцагч талаас нотлох баримтаа гаргаж өгч байгаагүй гэжээ.

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Хамтран ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй. Миний бие 2014 онд зээл судлуулж, хамтран зээлдэгчээр М.Цг орж бизнес байгуулах талаар хэлсэн боловч татгалзсан. Бүгд найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн фитнесийн тоног төхөөрөмжийн 68.1 хувь буюу 85,737, 219 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анх 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулахад Макс фитнесс клубын нэр дээр 32 төрлийн 103,000 юанийн үнэтэй, тоног төхөөрөмжийн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний 30 хувь 31,060 юанийг өөрийн ажиллуулдаг Макс фитнесс клубын нэр дээр хийсэн. Учир нь тухайн үед Бүгд найрамдах Хятад ард улсын компанийн хувь хүнтэй гэрээ хийх боломжгүй, хуулийн этгээдтэй гэрээ байгуулна гэж хэлсний үндсэн дээр Макс фитнесс клубын нэр дээр гэрээ байгуулсан. Тухайн үед М.Ц нь 68.1 хувийг гаргаж, гэрээ байгуулсан тохиолдолд өөрийн нэр дээр гэрээг байгуулж гарын үсэг зурах ёстой байсан. 32 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийн 30 төрөл бодибилдингийн тоног төхөөрөмж байсан. М.Цгийн захиалсан бүтээгдэхүүн спиннингийн 15 ширхэг дугуй, гантелын 4 багц тоног төхөөрөмж гэх атлаа 30 хувь буюу 31,060 юанийг төлөх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн. Гүйлтийн зам, систем хөгжмийг өөрийн мөнгөөр худалдаж авсан. М.Цгийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн 3,000,000 төгрөгийн баримт нь ямар ч гарын үсэг байхгүй. Н.Бын эзэмшиж, ашигласан ашгийг 50, 50 хувиар тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020, 2021 онуудад дэлхий даяар цар тахал гарсантай холбоотойгоор фитнесс клубууд ажиллаагүй, ямар ч орлого олоогүй байхад анхан шатны шүүхээс ажилласан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Н.Бод холбогдуулан БНХАУ-аас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТZ-WYL2015020 тоот худалдааны гэрээний дагуу 33 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмж худалдан авснаас хариуцагч Н.Бод байгаа 29 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмжийн 68,1 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулах, дээрх 29 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шим болох 85,737,219 төгрөг, Монгол улсаас худалдан авсан фитнессийн тоног төхөөрөмж, бараа материалын үнэ 5,157,890 төгрөг, ажлын байрны түрээсийн барьцаа төлбөр 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, “Транскапитал ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, шинжээчийн зардал 200,000 төгрөг, нийт 96,095,109 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 22,539,484 төгрөгийн үнэ бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 882,680 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            2.а. Хэргийн баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд талууд хамтран амьдарч байх үедээ БНХАУ болон Монгол Улсаас фитнесийн тоног төхөөрөмж худалдан авч хамтран байр түрээслэн хамтын үйл ажиллагаа эрхэлж, уг үйл ажиллагаа дуусгавар болсноор бий болсон хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар маргасан байна.

2.б. Шүүх маргаан бүхий эд хөрөнгийг зохигчдод 50, 50 хувь гэж хамтын хөрөнгөд өмчлөх хувь хэмжээг тогтоон, харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эд хөрөнгүүдийг албадан худалдаж үнийн дүнгийн 50, 50 хувиар хуваарилан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэснээр талуудын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Зохигчид фитнесийн үйл ажиллагаа хамтран эрхлэх үед нэхэмжлэгч нь иогийн чиглэлээр, хариуцагч нь бодибилдингийн чиглэлээр ажиллаж байсан гэх тул тус тусын чиглэлээр хуваарилах боломжтой хөрөнгийг тодорхойлж тухайн этгээдийн өмчлөлд шилжүүлж, нөгөө этгээдэд зөрүүг нь мөнгөөр тооцож олгох замаар хөрөнгийг хуваарилах учиртай.

2.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч “БНХАУ-ын Шандун мужийн Дэжү хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмжийн компанийн мөнгө хүлээн авсан баримт” Тээврийн гэрээ гэсэн баримтуудыг тухайн компаниас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь фитнесийн тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 31,060 юань, тээврийн зардалд 6,800 юань тус тус төлсөн гэж нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь уг төлбөрийг өөрөө төлсөн, нэхэмжлэгч нь сүүлд гарын үсэг зурсан, худалдагч компанид үлдсэн хувь дээр нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй гэж маргасан байна. Энэ тохиолдолд хариуцагч өөрийн татгалзлыг нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөр улсад байгаа учраас өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах дансны хуулганд үндэслэн маргаан бүхий тоног төхөөрөмжийг ашиглаж олж авах байсан үр шим 85,737,219 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар сард дунджаар 3,000,000 төгрөгийн орлого олдог гэж үзэж, уг орлогоос түрээсийн төлбөр, багшийн цалинг хасч ашгийг тооцоолон хариуцагчаас гаргуулсан дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Хариуцагч фитнесийн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг нотлох татварын болон бусад санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх тодруулалгүй нэг талын тайлбарт үндэслэн шийдвэрлэжээ.

Дээрх байдлаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/01908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,380,143 төгрөгийг, хариуцагчийн урьдчилан төлсөн 840,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                   ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР

           

                                                                                       Д.БЯМБАСҮРЭН