Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01502

 

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01502

 

Ха ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02032 дугаар шийдвэртэй,

Ха ТББ-ын нэхэмжлэлтэй

Хи ХХК, Ху ХХК-д тус тус холбогдох,

Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг даалгах, гэм хорын хохиролд 45,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч Хи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, Ж.Мягмарсүрэн, Ху ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах нэгж талбай 143006/0130 18643311950908 дугаартай 2376 м.кв талбай бүхий газрыг Ха ТББ-д эзэмшүүлсэн.

1.2. Ха ТББ нь 2018 оны 04 сараас өөрийн эзэмшил газарт 12 давхар орон сууцны барилга барихаар ажлаа төлөвлөж холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийг авч барилгын ажлыг эхлүүлэх гэсэн боловч Хи ХХК зөвшөөрөлгүй хашаа барьж бид өөрийн эзэмшил газартаа орж чадахгүй болсон. Бид энэ зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгахыг албан болон албан бусаар Хи ХХК-д мэдэгдэж байсан боловч огт хариу өгдөггүй, хүлээж авдаггүй байсан.

Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж Засаг даргаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр газар чөлөөлж өгөхийг даалгасан. 2018 оны 09 сард Нийслэлийн газрын алба, цагдаагийн байгууллагын төлөөллийг байлцуулж газрыг чөлөөлүүлж нэг өдрийн дотор хашаагаа барьсан. Хашаа барихад 15,000,000 төгрөг зарцуулсан.

1.3. Бидний эзэмшлийн уг газар нь хойд талаараа Ц ХХК-тай, урд талаараа СМХХК-тай тус тус хөрш залгаа оршдог ба архитектор төлөвлөлтийн зургийн дагуу зүүн урд талаараа орж, гарах ёстой. Бид барилгын ажлаа явуулах гэтэл Хи ХХК нь биднийг оруулахгүй байсан. Хашаа руу оруулахгүй байсан болохоор геодезийн хэмжилт хийж чадаагүй, хэмжилт хийх компани нэг удаа хийх ажлаа 3 удаа ирж хийсэн зардал 400,000 төгрөг гарсан. Иймд бид зүүн талд хөрш залгаа орших Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 612 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга Б.Хтай тус байрны нийтийн эзэмшлийн талбайг нэтврэх хэлцлийг хийж, 5,000,000 төгрөгийг нийт оршин суугчдад, 5,000,000 төгрөгийг иргэн Б.Хд тус тус нөхөн олговор болгож, 5,000,000 төгрөгийг барьцаа болгон шилжүүлж 15,000,000 төгрөг төлсөн.

1.4. Н ХХК-ийн захирал н.Б Ц ХХК-ийн захирлуудтай барилгын ажил явуулахаар тохиролцон барилгын сууриа барьсан боловч Ц ХХК-ийн цахилгааныг тасална гэж Хи ХХК дарамтлаад манай ажлыг мөн зогсоох болсон.

1.5. Хэрэв бидний ажлыг саатуулаагүй бол оройтож бетоноо цутгахгүй байсан. 2018 оны 10 сард шөнөдөө -5 градус болж хүйтэн байсан учраас бетонд хүйтний нэмэлт гэдэг бодис хийх шаардлагатай болсон. Хүйтний нэмэлт нь 1 м.куб талбайд 25,000 төгрөгийн үнэтэй, нийт 15,150,000 төгрөг болсон.

1.6. Манай байгууллагад нийт 45,550,000 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч нараас нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч Хи ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: 2.1. Хи ХХК нь Ха ТББ-ын эзэмшил газрынх нь хажуу талд баригдаж байгаа эмнэлгийн барилгад хөрөнгө оруулж байгаа байгууллага, эмнэлгийн барилга нь СМХХК-ийн эзэмшлийн газар дээр байрладаг. СМХХК өөрийн эзэмшил газраа 2012 онд хашаалсан. 2014 оны 11 сар гэхэд СМХХК-ийн хашаалсан болох нь google map газрын зурагт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Хариун Ха ТББ нь 2016 онд газар эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг газар эзэмшигч болохоос өмнө тухайн хашаа баригдчихсан.

2.2. Хашааны эзэн нь СМХХК байна. Хашаа болон газрын эзэмшигч биш Хи ХХК тухайн хашааг буулгах үүрэг хүлээхгүй.

Хашааг буулгах этгээд нь СМХХК байсан. 2016 онд газар эзэмшсэн боловч эзэмших газраа хамгаалах, хашаалах үүрэг нь Ха ТББ-ын үүрэг, хашаалах үүргээ 2016 оноос хойш хэрэгжүүлээгүй байсан. Хи ХХК болох гуравдагчаас хашаа буулгах зардлыг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна.

2.3. Нэхэмжлээд байгаа эзэмшил газрын кадастрын зургаас харахад өөрийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц байхгүй байна. Энэ орц, гарцаа шийдэхийн тулд Б.Х гэдэг хүнтэй гэрээ байгуулсанд Хи ХХК буруугүй.

2.4. Геодезийн хэмжилт хийхээр нэвтрэн орох гэж байсан газар нь СМХХК-ийн газар, хашаа, барилгыг СМХХК-ийн захиалгаар Хи ХХК нь хөрөнгө оруулагчийн хувьд барилгын талбайд оруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Геодезийн хэмжилт хийхэд Хи ХХК оруулаагүй гэх байдал нотлогдохгүй байна.

2.5. Ха ТББ-ын архитектур төлөвлөлтийн даалгавар 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гарсан. 2018 оны 08 дугаар сарын 03, мөн оны 09 дүгээр сарын 12-ны өдөр барилгын цэгийн хэмжилт хийлгэсэн, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Бетон цутгалтыг мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын зөвшөөрөл гараад нэг сарын дараа бетон цутгалтын ажил хийжээ. Бетон зуурмагийн гэрээнд нь зааснаар -5 градус хүрэх юм бол хүйтний нэмэлтийг нэмдэг. Гэтэл хасах хэм хүрээгүй байхад хүйтний нэмэлт хийсэндээ бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.6. Зогсоосон гээд байгаа машин нь Хи ХХК-ийнх мөн байсныг нотолсон баримт байхгүй. Мөн Хи ХХК-ийн ямар ажилтан цахилгааныг нь тасална гэсэн талаар баримт байхгүй.

2.7. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Ху ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Хө ХХК нь Ху ХХК болж нэр өөрчлөгдсөн. Ха ТББ-ын гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

СМХХК-ийн захиалгаар Хи ХХК-ийн хөрөнгө оруулалтаар манай компани барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж байсан.

3.2. Ха ТББ-ын барилгатай холбоотой орц, гарцын асуудалд Ху ХХК-ийн ямар машин, хэзээ, хэрхэн саад болсон талаар нотлох ёстой. Ху ХХК орц, гарц хаагаагүй, тухайн газрын эзэмшигч биш, гэрээний дагуу ажил гүйцэтгэж байгаа компани юм.

3.3. Харуул хамгаалалтын ажилчид геодезийн хэмжилт хийхээр очиход оруулаагүй гэх асуудалд харуул хамгаалалтыг бид хариуцдаггүй.

3.4. Орц, гарцын асуудал шийдэхийн тулд хөрш залгаа компаниудын холбогдох ажилчдыг Ху ХХК-ийн зүгээс цахилгаан тасална гэж дарамталж, сүрдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Манай зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байгаа учраас барилгын цахилгааныг бид шийдвэрлэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтаа нэхэмжлэгч өөрөө батлахгүй байна. Хохирол гэж үзээд 45,550,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол Ха ТББ-ын данснаас эдгээр зардал гараагүй Ц ХХК-ийн данснаас гарсан байгаа тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Мөн газрыг буулгах эрх бүхий этгээд бол СМХХК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Хашаанд оруулсан зардал 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагагүй, бусад зардлыг хариуцагч нар хариуцах үндэслэлтэй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ху ХХК-аас гэм хорын хохиролд 45,550,000 төгрөгийг гаргуулан Ха ТББ-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Хи ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ха ТББ-ын хариуцагч Хи ХХК-д холбогдуулан гаргасан эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455,900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 385,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Ху ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Ху ХХК нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Ха ТББ-тай хөрш залгаа газар эзэмшдэггүй. Манай компанид хэнээс ч газар чөлөөлүүлэх шаардлага ирж байгаагүй. Барилгын ажил гүйцэтгэгч гэрээний дагуу үүрэг хүлээсэн, газартай холбоотой ямар ч үүрэг хүлээгээгүй болно. Манай компани нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил рүү оруулан хашаа барьсан талаар хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй байхад манай компанийг буруутгаж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

6.2 Анхан шатны шүүх 45,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ манай компанийн ямар хууль бус үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид гэм хор учруулсныг дүгнээгүй. Ху ХХК нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж машин тавиагүй бөгөөд энэ талаар баримт байхгүй.

6.3. Ху ХХК болон Хи ХХК-нд Нийслэлийн Засаг даргаас, мөн СМХХК-аас хашаа буулгах талаар албан бичиг ирүүлж байгаагүй. Уг газрын асуудалд манай компани хамааралгүй учир хашаа буулгах талаар шаардлага тавих боломжгүй юм.

Шүүхээс манай компанийг зөвшөөрөлгүй бусдын эзэмшил газрын хил рүү оруулан хашаа барьсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тул буруутай гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч ямар субьект тухайн хашааг буулгах үүрэгтэйг зөв тогтоож чадаагүй болно. Манай компанийг уг маргаан бухий хашааг буулгах үүрэгтэй болохыг тогтоогоогүй.

Мөн нэхэмжлэгчийн барилгын ажлаа гүйцэтгэхэд нь манай компанийн зүгээс ямар буруутай үйлдүүд гаргаж байсан, манай компанийн машин техник, ажилчид мөн болохыг нэхэмжлэгч нотлож чадаагүй болно.

СМХХК-ийн эзэмшил газар дээр баригдсан барилгын харуул хамгаалалтыг тусгай зөвшөөрөл бүхий "ХАКМС" ХХК хариуцаж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр мөн нотлогддог.

Иймд дээрх тайлбар, үндэслэлийг дүгнэн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагч Хи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

7.1. СМХХК нь Хи ХХК-д өөрсдийнхөө хашааг буулгах талаар мэдэгдэл өгөх боломжгүй бөгөөд бичгээр болон амаар шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан зүйлгүй болно. СМХХК-ийн зүгээс шаардлага хүргүүлж байсан мэтээр албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн албан бичгээ хүргүүлж байсан талаар баримт байхгүй. Нийслэлийн Засаг даргаас хашаа буулгах талаар Хи ХХК-д албан шаардлага хүргүүлж байгаагүй бөгөөд газрын болон хашааны эзэмшигч биш учраас шаардлага тавих ч боломжгүй юм.

7.2. Нэхэмжлэгч нь Хи ХХК, Ху ХХК-ийг эрх зөрчсөн үйлдлийг нотлох бөгөөд үүний дараагаар эрх зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй болно.

Хи ХХК-ийн зүгээс Ха ТББ-ын газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт байхгүй. Нэгж талбарын 18643311963881 дугаар бүхий газар нь СМХХК-ийн эзэмшил газар бөгөөд маргаан болсон хашааг СМХХК 2012 онд барьсан, тэдний өмчлөлийн хашаа байдаг. Энэ нь хэргийн материалд байх шүүхийн үзлэгээр бэхжүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын google map-ийн зураг, газрын кадастрын зураг, 2012 оны 2 сарын сансрын зураг, 2011 оны сансрын зураг, гэрч Ц.Авирмэдийн ...2012 онд би ажилтнаар очиход барилгачдын талбайн хашаа баригдчихсан байсан.. гэж мэдүүлсэн зэргээр нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн хашаа нь Хи ХХК-ийнх гэж маргаж, буулгах ёстой байсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй болно. Мөн газрын хэмжилт хийх оруулаагүй гэх талаар мэдүүлэг өгсөн гэрч Н.Цэрэндорж нь СМХХК-тай гэрээгээр ажилладаг, Ху ХХК-ийн хүмүүс оруулахаас биш өөр хүмүүс оруулах эрхгүй гэж мэдүүлснээс үзэхэд буруутай этгээд нь СМХХК байдаг.

Нөгөөтэйгүүр СМХХК нь хариуцлагаас зайлсхийж Хи ХХК-д шахалт үзүүлэх зорилгоор үндэслэлгүй худал албан бичгийг гаргаж баримт бүрдүүлж нэхэмжлэгчид өгч байгааг шүүхийн зүгээс анхаарч үзэх нь зүйтэй байна.

7.3. Хи ХХК нь эмнэлгийн барилгын хөрөнгө оруулагч бөгөөд барилга баригдаж дууссаны дараа барилгаас өмчлөх эрхтэй хуулийн этгээд болно.

Мөн нэхэмжлэгч Ха ТББ нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Тиймээс Хи ХХК нь Ха ТББ-ын газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдлийг гаргаагүй тул үүдэн гарах хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй юм.

Ха ТББ-ын газрын орц, гарц нь анх ертөнцийн зүгээр зүүн талаар байгаагүй, харин хойд талаараа гарцтай байсан. Энэ нь 2012 оны 2 сарын сансрын зураг болон Ха ТББ-ын эзэмшил газрын кадастрын зураг дээрээс харагдах бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд ч ...барилгын баруун талаас хойшоо орц, гарц байлаа... гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь мөн гэрч Н.Цэрэндоржийн ...Хойгуураа тусдаа хаалгатай газар гээд хэлээд явуулсан... гэж мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогддог. 2014 оны 11 сарын google map-ийн зураг, газрын кадастрын зураг дээрч зүүн тийшээ гарцгүй байгаа нь харагддаг.

Гэтэл ийм илэрхий баримт байсаар байтал Ха ТББ-ын төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс эзэмшил газрын ертөнцийн зүгээр зүүн талаараа орц, гарц байсан түүнийг нь Хи ХХК таглан хашаа барьсан мэтээр үндэслэлгүй тайлбарласан бөгөөд үүнийг шүүх үнэлээгүй. Хойшоо орц, гарцтай байсан боловч хойно нь барилга барьж буй Ц ХХК-тай ойлголцож чадаагүйн улмаас орж, гарч чадахаа байсан байдаг.

Иймд Ха ТББ-ын эзэмшил газрын ертөнцийн зүгээр зүүн талдаа бусдын газраар орж, гарахын тулд Б.Хд 15,000,000 төгрөг төлсөнд Хи ХХК-ийг буруутгаж байгааг ойлгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ха ТББ нь Хи ХХК-ийн ямар ажилтан, хэрхэн, яаж хохирол учруулсныг тодорхой тайлбарлаж чаддаагүй бөгөөд нотлоогүй.

Түүнчлэн Ха ТББ-аас төлбөр төлсөн баримтгүй. Т ХХК-ийн төлбөр төлсөн баримт, М.Тийн төлбөр төлсөн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Ха ТББ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй бол нотлогдохгүй гэж үзэх нь зүй ёсны юм. Зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар шууд нотлох баримт болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:Хариуцагч талын гаргасан гомдлыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

8.1. Учир нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэхэд, анхан шатны шүүхэд хэлэлцсэн үйл баримтын талаар дүгнэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуулийг буруу хэрэглэсэн, зохигчийн эрхийг хангасан эсэх үйл баримтыг дүгнэдэг. Гэтэл хариуцагч талын гаргасан гомдол тодорхой бус байна.

8.2. Мөн хариуцагч Хи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн Т ХХК-аас зардал гарсан тул бид маргаж байна гэж тайлбарладаг. Энэ талаар гомдолд дурдаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх өмнө уг асуудлыг дүгнэсэн. Уг хохирол Т ХХК-аас зардал гарсан эсэх талаар, гомдол гаргаагүй эсэх нь хамааралгүй гэж дүгнэсэн. Мөн хариуцагч нарын тайлбарт манай компанийг ямар нэгэн шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй гэжээ Хариуцагч талд удаа дараа албан бичиг явуулсан баримтууд хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээсэн эсэхийг шаардахгүй. Мөн гэм буруугүй бол хариуцагч тал энэ талаараа нотлох баримт гаргах үүрэгтэй. Гэтэл шүүх нотлоогүй гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл талаас нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. Хариуцагч талаас манайх хашаа бариагүй гэж тайлбарладаг. Бидний зүгээс хашаа барьсан асуудлаар бус хашааг буулгахгүй байгаа хууль бус үйлдэлд удаа дараа гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гомдлыг үндэслэн хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ха ТББ нь хариуцагч, Хи ХХК, Хө ХХК-д тус тус холбогдуулж эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг даалгах, хохиролд 45,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч Ха ТББ нь Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар нэгж талбарын 143006/0130 18643311950908 дугаартай, 2376 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон талаар талууд маргаагүй.

 

3.2. Нэхэмжлэгч Ха ТББ-ын эзэмшил газарт хөрш залгаа 2291 м.кв талбай бүхий газрыг СМХХК 2012 оноос хойш эзэмшиж байсан, маргаан бүхий хашаа 2014 оны 11 дүгээр сард баригдсан байсан нь google.map-аас тодруулсан гэрэл зурагт шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /2хх-124 дэх тал/ Анхан шатны шүүх СМХХК хашааг барьсан гэж зөв дүгнэжээ.

Энэ хашаа нь 2016 онд Ха ТББ-д олгогдсон газарт байрлаж байгаа талаар талууд маргаагүй. Маргааны зүйл нь хашааг хэн буулгах үүрэгтэй талаар байна.

 

4. СМХХК нь эмнэлгийн зориулалтаар эзэмшдэг 2291 м.кв газартаа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд эмчилгээ, оношилгоо, 200 ортой эмнэлгийн барилга барьсан. 2017 онд зураг төслөө гарган зөвшөөрлийг авсан. Хи ХХК нь тус барилгын ажилд хөрөнгө оруулалт хийсэн гэх тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй.

СМХХК-аас өөрийн эзэмшлийн хашааг Хи ХХК-д хэзээ, хэрхэн хүлээлгэж өгсөн талаар баримтгүй.

 

5. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/3543 тоот албан бичгээр СМХХК-д маргаан бүхий газрыг чөлөөлж, хашааг буулгах талаар мэдэгджээ. СМХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18/221, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18/224 тоот албан бичгүүдийг Хи ХХК-д гэж хаяглаж үйлдсэн байх боловч уг албан бичгийг хүргүүлсэн гэх байдлыг нотлох баримтгүй байна.

Хи ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гэх байдал мөн тогтоогдохгүй байна.

 

6. Иймд маргаан бүхий хашааг Хи ХХК буулгах үүргээ зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс Хи ХХК-ийг СМХХК-ийн албан бичгийг хүлээн авч, хашааг буулгаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Энэ талаар хариуцагч Хи ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах шаардлагатай.

 

7. СМХХК-ийн эмнэлгийн барилгын ажлыг Хө ХХК буюу Ху ХХК гүйцэтгэж байгаа талаар маргаагүй.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын үзлэг шалгалтаар барилгын ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгэсэн гэж үзэж ашиглалтад оруулахаар дүгнэсэн байна. /1хх - 210-213 дахь тал/

 

8. Анхан шатны шүүх маргаан бүхий хашааг хэзээ буулгасан талаархи үйл баримтыг тогтоогоогүй. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан 2018 оны 09 сард Нийслэлийн газрын алба, Цагдаагийн байгууллагын төлөөллийг байлцуулж нэг өдрийн дотор хашаа барьсан гэх тайлбарыг Хашааг буулгах ажлыг гүйцэтгэх гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан, СМХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18/229 тоот албан бичигт 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хашаа буулгах ажлыг дахин эхлүүлж болно гэсэн тайлбартай харьцуулан дүгнэж 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр маргаан бүхий хашааг буулгасан гэж тодорхойлов.

 

СМХХК-ийн эзэмшлийн хашааг буулгаж, өөрсдийн газар дээр өөрсдөө хашаа барьсан зардлыг уг хашааг буулгах үүрэг хүлээгээгүй этгээд Хи ХХК, Хө ХХК-д хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол Нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байна. Энэхүү зардал нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй юм. Иймд хашаа буулгах, барих зардалд 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд хамаарахгүй.

 

9.1. Нэхэмжлэлээс хариуцагч нар хэзээ, хэрхэн орц, гарц хаах замаар түүний эрх хэрэгжүүлэхэд саад болж буй байдлыг нотлоогүй байна.

 

9.2. Нэхэмжлэгч Ха ТББ-д олгосон газар эзэмшлийг координатаар тодорхойлсон кадастрын зураг /1хх-8 дахь тал/-аас үзвэл орц, гарцыг ертөнцийн зүгээр хойд талд нь шийдвэрлэжээ. Ийнхүү уг орц, гарцыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар баримтгүй байна.

 

9.3. Түүнчлэн, хашааг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буулгаснаас хойш хариуцагч орц, гарцыг хэрхэн хаасан талаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Хур арвин өргөө ХХК-ийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул 15,000,000 төгрөгийг орц, гарц шийдвэрлэхтэй холбоотойгоор гарсан 15,000,000 төгрөгийн зардлыг төлсөн гэж хохиролд шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

10. Харуул хамгаалалтын байгууллага нь ямар байгууллагатай гэрээгээр ажиллаж байгаа нь тодорхойгүй тул хариуцагч Ху ХХК нь геодезийн зураг хийлгэхтэй холбоотой нэхэмжлэлийн 400,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй юм.

 

11. Хашааг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буулгасан байх ба нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрлийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан, Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулснаас дүгнэвэл учирсан гэх хохирол хашаа буулгасантай шалтгаант холбоогүй болно.

 

12. Нэхэмжлэгч эрхийн зөрчил арилсантай холбоотойгоор эрх зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоохыг даалгах нэхэмжлэлээс татгалзсан тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

13. Иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргах учиртай. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх талаар гарсан бөгөөд хуульд заасан шалтгаант холбоо, хамаарлыг анхаараагүй байна. Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэх боломжгүй юм.

 

14. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хи ХХК болон Ху ХХК-д тус тус холбогдох эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг даалгах, гэм хорын хохиролд 45,550,000 төгрөг гаргуулах тухай Ха ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Хө ХХК-аас төлсөн 385,700 төгрөгийг, Ху ХХК-аас төлсөн 385,700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА