Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             

Э.Оад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1090 дүгээр магадлалтай, Э.Оад холбогдох 1908018120591 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Зул овогт Э О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгж буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нар хамтран гаргасан гомдолдоо “хэргийн явцад гэм буруугүй гэдгээ удаа дараа илэрхийлдэг бөгөөд хохирогч нь эхнэрээ хардсан өөрийн буруу ойлголтоос улбаалан өөртөө санамсаргүй өөрийн цагаар гэмтээсэн байх боломжтой бүхий хэргийг хааж өгөх хүсэлтийг прокурорт өгсөн ч хэрэгт тус баримт нь хавсаргагдаагүй, гэрчийн мэдүүлгүүд нь дээрх байдлаар шүүгдэгчийн гэм бурууг тал бүрээс нь бодитойгоор нотолж чадахгүй. Учир тэдгээр гэрчүүд бүгд хоорондоо холбоотой сонирхлын зөрчилтэй этгээдүүд байсан. Үйл явдал болсон газрын хяналтын камерын дүрс бичлэг бол гэм буруугүйг хамгийн чухал нотлох баримт байсан байтал ач холбогдолгүй камерын бичлэг хэрэгт хавсаргасан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын хохирогч А.Ичинноровын биед үзлэг хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1525 тоот дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн дүгнэлт нь Э.О нь А.Ичинноровын хамар тус газар гараараа цохиж тус гэм хор учруулаагүй болохыг нотолж байх тул хэргийн бодит нөхцөл байдлыг хавтаст хэрэгт ирмэг бүхий зүйл эд мөрийн баримтаар авагдаагүй. Хохирогч А.Ичинноровын хамрын баруун талын угалз хэсэгт учирсан гэмтэл ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч болон прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах бөгөөд яллах болоод цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог. Хавтаст хэргээс үзэхэд А.Ичинноровын биед учирсан шарх нь “ямар ирмэг” бүхий зүйлээс улбаалан үүссэн нь бүрэн тогтоогдоогүй байдал нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна. Учир нь маргаан гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн өөрийнх нь буруу ойлголт, буруутай үйл ажиллагаанаас эхтэй бөгөөд өөрийн эзэмшил өмчлөлийн авто машинаас гарах шаардлага тавихаар очсон Э.Оын шаардлагыг үл хүндэтгэн эхнэрээ хардан өөрийн буруу ойлголтоос улбаалан түлхэн дайрч довтолсон үйлдлийг хохирогч гэх А.Ичинноровын зүгээс гаргасан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг ялгаж тогтоогоогүйгээс шалтгаалж гэмтэл учруулах санаа зорилгогүй, санамсаргүй эсвэл болгоомжгүй өөрийгөө гэмтээсэн байдлаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Э.Оад холбогдуулан гэмт хэрэгт тооцож байгаа нь энэ хуулийн үндсэн зарчим, тухайлбал шударга ёсны зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс хамаарч ял шийтгэл ялгамжтай байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг түдгэлзүүлж, Э.О нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Э.Оад холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх хэлсэн саналдаа “Э.О 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус хэрэгт холбогдсон. Хохирогчийн буруутай үйлдлээс буюу нөхөр нь эхнэрийгээ хардсанаас болж маргаан үүссэн. Э.О нь А.Ичинноровыг цохисон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан бөгөөд цохиогүй учраас шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа шат шатанд хэлж байсан. Хохирогч А.Ичинноров мэдүүлэхдээ “намайг цохиж байхыг харсан хүн байхгүй” гэдэг. Мөн “Минт” баарны хамгаалагч Б.Очирбатаас мэдүүлэг авахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүрэлцэн ирээгүй. Гэтэл 3-4 сар өнгөрсний дараа гэрчээр мэдүүлэг авахад тухайн явдлыг мартсан буюу 4-5 удаа цохисон гэж мэдүүлсэн. Мөн бусад гэрчүүд нь хохирогчийн хамаарал бүхий этгээдүүд байсан. Хохирогчид үүссэн гэмтлийг шинжээч “хурц ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Хэргийн газраас хурц ирмэг бүхий зүйл хураагдаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Ичинноров гомдол саналгүй гэсэн боловч прокурор “хүн гүтгэсэн бол өөрөө хэрэгт шалгагдана” гэсэн болохоор Э.О бичүүлсэн гэх зүйлийг ярьдаг. Э.О нь хүчээр, албадлагаар гомдолгүй гэж бичүүлээгүй. Энэ нөхцөл байдлуудаас харахад Э.О хохирогчид гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэв.

Мөн хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.О нь хохирогч А.Ичинноровтой маргалдаж түүний биед санаатайгаар “хамрын баруун угалзанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн гэмтлийг Э.О учруулсан болох нь хохирогч болон “Минт” баарны хамгаалагч Б.Очирбат нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “шүүгдэгч, түүний өмгөөлөгч гуйгаад байхаар нь гомдолгүй гэх бичгийг өгөх гэж байснаа хуулийн байгууллагад хүндрэл учруулснаа ойлгосон” гэж үнэн зөв мэдүүлэг өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны гадна А.Ичинноровтой маргалдан нүүрэнд нь цохиж “хамрын баруун угалзанд шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Оын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нар “гэмт хэрэг үйлдсэн  нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатган шийдвэрлэж үндэслэлтэй, мөн хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан 1 жилийн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Э.Оад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч  Э.О нь “Минт” гэх баарны гадна хохирогч А.Ичинноровтой маргалдан нүүрэнд нь цохиж “хамрын баруун угалзанд шарх” бүхий гэмтэл учруулсан болохыг тухайн үед мэдээгүй боловч автомашинд суун явахдаа хамраас цус гарч байгааг гэрч С.Мөнхчимэг, Э.Цэрэнсодном, Б.Хулан нарт хэлсэн болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1525 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Чимэд-Очир “гараа атгаж цохих үед үений төвгөр хэсэг таарвал үүсэх боломжтой” талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргийг дүгнэхэд Э.О уг гэмтлийг учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдож байна.

Харин хяналтын шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөн журмын тухай хууль шинээр батлан гаргасан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заажээ.

Дээрх хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилснийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Э.Оад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1090 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН