Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01803

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01803

 

 

ЖӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖӨ ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч В.Э-т холбогдох,

Ашиглалтын төлбөр 2,615,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

В.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-74 дүгээр байрны 2 тоот 178 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг манай байгууллага 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангасан. Хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын төлбөр болох 200,000 төгрөгийг төлсөн. Манай байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хуульд заасны дагуу халаалтын зардал 1,928,573 төгрөг, халуун ус 11,424 төгрөг, цэвэр ус 10,650 төгрөг, бохир ус 8,700 төгрөг, орцны халаалт 11,284 төгрөг, ХХУСуурь хураамж 319,666 төгрөг, усны суурь 83,164 төгрөг, баримт 4,650 төгрөг, НӨАТ 237,769 төгрөг нийт 2,615,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.    Хариуцагч талын тайлбарын агуулга:

ЖӨ ХХК -ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЖӨ ХХК -тай байгуулсан гэрээ гэх зүйл байхгүй тул нэхэмжилж буй төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй. ЖӨ ХХК Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасан эрчим хүчээр хангах гэрээ, Хот суурины ус, хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан гэрээг надтай байгуулаагүй. Иймд 2,615,880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Э-аас ус, дулааны ашиглалтын төлбөрт 2,615,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖӨ ХХК -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2,615,880 төгрөг нэхэмжилж байна гэх боловч бидний хооронд байгуулагдсан гэрээ байхгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээгээр зохицуулагдах харилцааг Иргэний хуулийн 5 дугаар бүлэгт зохицуулсан хэлцэлд хамаарах заалтуудыг үндэслэн шийдвэрлэж хуулийн буруу хэрэглэсэн байна.

Гэрээг амаар болон бичгээр байгуулж болох боловч эрчим хүчээр хангах харилцаанд олон нөхцлийг тохиролцдог тул амаар тохиролцох боломжгүй, зайлшгүй бичгээр байгуулах шаардлага үүсдэг. Шүүгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй гэжээ. 147 дугаар зүйл нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах агуулгатай бөгөөд энэ шаардах эрх нь эрчим хүчээр хангагч нь сууц өмчлөгчтэй гэрээ байгуулснаар үүсэхийг орхигдуулж, хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Ингэхдээ ашиглалтын зардлыг буруу ойлгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Түүнчлэн иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчиж дулаанаар хангагч нь сууц өмчлөгчдийн холбооноос авах ёстой орцны халаалтын зардлыг надаар төлүүлэхээр алдаатай шийдвэрлэсэн.

Иймд, ЖӨ ХХК -ийн 2,615,880 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ЖӨ ХХК нь хариуцагч В.Э-т холбогдуулан 2017 оны 10,11,12 сараас 2020 оны 1-4 сар хүртэлх хугацааны орон сууцны халаалт, ус ашиглалтын төлбөрт нийт 2,615,880 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, бичгээр гэрээ байгуулаагүй, дулаан хангалттай байгаагүй гэж маргажээ.

 

2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 407 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ЖӨ ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ Дүр Төрх хотхоны ХД-74 дүгээр байранд ус, дулаан түгээх тусгай зөвшөөрөлтэй болох нь нотлогдож байна. /хх 51-54/

 

3. Хариуцагч В.Э- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ Дүр Төрх хотхоны 74 дүгээр байрны 2 тоотын 178 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогджээ. /хх 211/

 

4. Талуудын хооронд ус, дулаан ашиглах талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийг дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Учир нь нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлээр дамжуулж ус, дулааны үйлчилгээг авч ашигладаг бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй үндэслэлээр нэхэмжилж буй ашиглалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул, хариуцагчийг ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагад төлөх үүрэг хариуцагчид үүсэх ба хариуцагч нэхэмжлэлд дурдсан дулаан, халуун, хүйтэн ус нийлүүлэх, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хүлээн авсныг үгүйсгээгүй байна.

 

6. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг хангалттай дулаанаар хангаагүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нийлүүлсэн бараа, үйлчилгээ нь доголдолтой байсан талаар нэхэмжлэгчид гомдол гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 204 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолын дагуу тус тус батлагдсан үнэ тарифаар ашиглалтын төлбөрийг тооцож нэхэмжилснийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

/хх 29-32,38-50, 56-58,133-144 152-159, 225-249/

 

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөхдөө илүү төлсөн байгааг буцаан олгож, хариуцагчаас хангаж буй нэхэмжлэлийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулаагүй байх тул уг алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хуваарилалтын хэмжээнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,558 төгрөгөөс 56,804 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 13,754 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 56,804 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,558 төгрөгөөс 56,804 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 13,754 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ