Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01923

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01923

 

 

 

Д.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01402 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Р-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч СД ХХК, Ч.Б-од тус тус холбогдох,

Ч.Б- болон СД ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХХК болон Ч.Б- нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-ад шилжүүлэхийг Ч.Б- болон СД ХХК-д даалгаж, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 102,580,000 төгрөгийг СД ХХК-аас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, Б.А, хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, түүний өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Р- нь СД ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаартай, 000176222 гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт, үйлчилгээний зориулалттай, 130.4 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаартай, 000176223 гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсэгт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 190.0 м.кв талбайг тус тус худалдан авсан.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн нэг м.кв-ыг 2,618,000 төгрөгөөр тооцож нийт 838,807,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь нийт төлбөрийн 60%-ийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40%-ийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсан тохиолдолд төлж дуусгасан байхаар тохиролцсон. Мөн гэрээний 4.1.1-т зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Худалдан авагч Д.Р- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 600,000,000 төгрөгийг СД ХХК-ийн Голомт банкин дахь 1605004164 тоот дансанд төлсөн. Гэрээ байгуулагдах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан бөгөөд барьцааг чөлөөлүүлсний дараа өмчлөх эрхийг Д.Р-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн боловч худалдагч СД ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлээгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа гэсэн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн.

Гандирсын 2 болон 3 давхрын 740 м.кв талбайг Хадгаламж банкнаас тусгай активын хэлтсийн захирал н.Атармаа, ажилтан н.Улаанцэцэг нар надад санал болгож байсан. 700 м.кв гаруй хэмжээ нь надад их байсан учраас хамтарч худалдаж авах санал гаргаж анхны нөхцөлийг бүрдүүлж 190,000,000 төгрөгийн зээлийг Голомт банкнаас авч зээлийн данснаас шилжүүлсэн байдаг. Дараа нь тэр талбайг худалдаж авах засварлах ажиллагааг би хийж байсан. Тухайн үед би орлоготой, дансанд мөнгөтэй байсан. Голомт банкны дансны хуулгыг өгсөн.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад СД ХХК болон бид хоёрын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш Ч.Б- болон СД ХХК нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ тус тус байгуулагдан Ч.Б-ын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн. Тухайн үед Ч.Б- нь СД ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд СД ХХК болон өөрийнхөө хооронд удаа дараагийн гэрээ, хэлцлээр надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг өөр хоорондоо шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн бүх шинжийг хангасан гэж үзэж байна. Ийнхүү СД ХХК болон түүний хувьцаа эзэмшигч байсан Ч.Б-ын хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийн улмаас Д.Р-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Д.Р- нь СД ХХК-тай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий 190 м.кв талбайн үнийг 100% бүрэн төлсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш өөрийн эзэмшилдээ байлгаж, талбайн түрээсийн орлогыг авч, үр шимийг хүртэж байсан хууль ёсны, шударга эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүрэн эрхтэй этгээд юм.

СД ХХК нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг зөрчиж нэхэмжлэгч Д.Р-ад огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр Ч.Б-той гэрээ байгуулж, хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалттай нийцэхгүй гэж үзэж байна.

Гандирсын 3 давхрын 130.4 м.кв талбай нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн, мөн гэрээний нийт үнийн дүн бүрэн төлөгдөөгүй тул миний бие худалдах, худалдан авах гэрээний дагуу зөвхөн өөрийн эзэмшилд байсан 190 м.кв талбайг нэхэмжилж байгаа. Ингэснээр нэхэмжилж буй талбайн үнийн дүн болон Д.Р-ын төлсөн мөнгөний зөрүү нийт 102,580,000 төгрөг болж байгаа тул энэхүү зөрүү дүнг СД ХХК буцаан төлөх үүрэгтэй.

Иймд Ч.Б- болон СД ХХК нарын хооронд байгуулагдсан 3 удаагийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эдгээр хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-ад шилжүүлэхийг Ч.Б- болон СД ХХК-д даалгаж, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү болох 102,580,000 төгрөгийг СД ХХК-аас гаргуулан өгнө үү.

 

2. Хариуцагч Ч.Б-ын тайлбарын агуулга:

Үл хөдлөх хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлснийг нуух зорилгоор хийсэн гэж байна. 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ яагаад хийгдсэн бэ гэхээр СД ХХК-д 2011 оны эцсээр Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ороод дүйцэх хөрөнгө 20 хувиас хэтрэхгүй гэсэн учраас үл хөдлөх хөрөнгийг худалдах шаардлага гараад, түүнийгээ худалдсан гэдгээ харуулах гэсэн юм. 2014 оны гэрээгээр би өөрөө худалдаж авсан, мөн төлбөрийг төлсөн болох нь санхүүгийн баримтаар нотлогдоно. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр яагаад буцааж бэлэглэсэн бэ гэхээр тэр үед СД ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй бөгөөд хувьцаа эзэмшигч байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийн дагуу үе шаттайгаар дүрмийн санг нэмэх шаардлага гарсан бөгөөд уг шаардлагын дагуу бэлэглэж, санхүүгийн баримтыг үйлдэж СД ХХК-ийн дүрмийн сан нэмэгдсэн. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр СД ХХК-аас надад буцааж бэлэглэсэн гэрээ байгаа. 2015 онд СД ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдах гэрээг Бишрэлт групптэй хийсэн. Уг гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Бидний хооронд ямар тохироо байсан бэ гэхээр 2.5 тэрбум төгрөгөөр дүрмийн санг үнэлэх гэж байсан. Тэр үл хөдлөх хөрөнгийг аваад тэр хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг Бишрэлт групп бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Бусад гүйлгээ санхүүгийн баримтаар батлагдаж байгаа.

Д.Р-тай байгуулсан гэрээний хувьд нотариатаар батлагдаагүй. Нэхэмжлэл дээр 600,000,000 төгрөг төлсөн учраас гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэсэн. Төлсөн гэх нотолгоо, нотлоход хэцүү байгаа боловч огт тийм зүйл болоогүй. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 600,000,000 төгрөг Д.Р-ын мөнгө биш. Нотолгоо нь Голомт банкны 32-ын тойргийн салбар дээр тушаасан баримтаас Солонго салбараас ирсэн 600,000,000 төгрөг тушаасан баримт өөр байгаа. Гэтэл дараа нь Голомт банкнаас 5 өөр эргэлзээтэй баримтыг тодорхой болгох шаардлагатай байхад шүүх хүсэлтийг хангаагүй. Гүйлгээ хийж байсан архивт үзлэг хийлгэх байсан. Голомт банк 5 өөр төрлийн нотлох баримт гаргаад байгаад нэхэмжлэгч нөлөөлөөд байна гэж хардаж байгаа. Д.Р-ын хувьд Голомт банканд үүсгэн байгуулахаас нь эхлээд ажилласан.

Зарим зүйлийг миний зүгээс зөвшөөрнө. Д.Р- миний найз байсан. Би мөнгө зээлж, авсан зүйлээ эргүүлээд төлдөг байсан. Д.Р-ын ярьж байгаа тусгай активын асуудал 100 хувь үнэн. Д.Р- Хадгаламж банктай яриад надтай уулзаад үүнийг хадгаламжаа байршуулж зээл аваад худалдаж авъя гэж хэлсэн. Д.Р-ын зүгээс Хадгаламж банканд төлбөр хийсэн зүйл байхгүй. Хамтарсан байдлаар аваад СД ХХК-д худалдаж төлөөд дуусгасан.

2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар СД ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө 37 хувиар буюу 2 тэрбум төгрөгөөр илүү байна гэсэн. Өмнө хийсэн худалдан авах гэрээг сүүлийн бэлэглэлийн гэрээгээр далдалж байгаа юм шиг зүйл ярьж байна. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос дүрмийн санг нэмэх шаардлагын үүднээс буцаж бэлэглээд дүрмийн санг 2,225,000,000 төгрөг болгосон. Дээрх гэрээний төлбөр 1.8 тэрбум төгрөгийн хувьд СД ХХК-ийн нэр дээр 2 тэрбум төгрөгийн хадгаламжийг Капитал банкинд хийсэн. Тэр бол миний үл хөдлөх хөрөнгөөр авсан төлбөр гэсэн үг. Компанийн 50 хувийг 3.5 тэрбум төгрөгөөр зарсан санагдаж байна. 3.5 тэрбум төгрөг дотроо би СД ХХК-ийн баланст байгаа 625 м.кв талбайг би худалдаад авъя гээд 2 тэрбум төгрөгийн хадгаламж нээлгэсэн. Мөнгө гаргаж өгөөгүй.

2013 онд компанийн 50 хувийг Бишрэлтийн захирал А-од зарахаар болсон. Тэр үед 50 хувиа зарсан бөгөөд баримт нь Бишрэлтийн данснаас орж ирсэн гүйлгээгээр нотлогдож байгаа. Д.Р-ын Голомт банкнаас авсан 300,000,000 төгрөгийн зээлийг 347,000,000 төгрөг болгож би төлсөн гэдгийг дансны хуулганаас харж болно. 600,000,000 төгрөгийг өгсөн баримт байхгүй.

2015 онд би СД ХХК-ийн хувьцаагаа 100 хувь худалдах болоод худалдагчтай тохиролцсон нь Бишрэлт групптэй хийсэн тамгатай гэрээ байна. Энэ хөрөнгийг би авъя, шилжүүлсэн шилжүүлгийг гаргачих, тэгээд над руу шилжүүлсэн бөгөөд бэлэглэсэн.

Найздаа итгээд 600,000,000 төгрөг өгснийхөө төлөө, баримт гаргаж аваагүйн төлөө энэ олон жилийг зарцуулж байгаа. Ганц хуудас цаас олох гэж энэ олон жилийг зарцуулж байгаа. Өнөөдөр нотлох баримтыг боломжийн хэмжээнд цуглуулсан. 600,000,000 төгрөг хүргэж өгсөн жолооч Австралид байгаа учраас гэрчийн мэдүүлэг авах боломжгүй байсан. Шүүх ажиллагаа явуулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авах явцад итгэмээргүй зүйл болсон. Гэхдээ итгэхээс өөр арга байсангүй. Д.Р-ын зүгээс Австралид байгаа гэрчид нөлөөлөх гэж оролдсон байсан. Шүүх хуралдаанаас өмнө нөлөөлөх гэж оролдсон баримтыг өгөх гээд чадсангүй. 600,000,000 төгрөгийн баримт байхгүй нь үнэн.

Бидний хувьд нотлох баримт цуглуулахад хэцүү байгаа ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч СД ХХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь СД ХХК-д бүртгэлгүй, Ч.Б-ын эзэмшилд байх бөгөөд СД ХХК нь хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдөх нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Д.Р-ад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 102,580,000 төгрөгийг СД ХХК-аас гаргуулахыг зөвшөөрсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу СД ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, энэхүү зөвшөөрөл цаашид өөрчлөгдөхгүй болохыг тодотгож, цаашид миний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж байна.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Ч.Б-, СД ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн БГ/14/04155 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХХК, Ч.Б- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээ, СД ХХК, Ч.Б- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ зэрэг хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, маргаан бүхий 645.5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Р-ад худалдсан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-ын өмчлөлд шилжүүлэхийг Ч.Б-од даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч СД ХХК-ийн нэхэмжлэгч Д.Р-ын нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Б-, СД ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХХК, Ч.Б- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, СД ХХК, Ч.Б- нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий 645.5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-ад шилжүүлэхийг даалгах, СД ХХК-аас 102,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,315,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СД ХХК-аас 670,850 төгрөг, хариуцагч Ч.Б-оос 2,645,050 төгрөг, 3,315,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох юм. Тодруулбал, дээрх гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох 661.5 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай нь Хадгаламж банкны барьцаанд байсан болох нь хэрэгт авагдсан Хадгаламж банк болон СД ХХК нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №1060/117-1 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Д.Р- СД ХХК нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.Р-ын тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байдаг.

Мөн СД ХХК болон Хадгаламж банк нарын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №1060/117-1 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 5.2-т ...Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалуулах, түрээслүүлэх зэрэг аливаа хэлбэрээр барьцааны зүйлд үүрэг ногдуулах бол банкинд урьдчилан зайлшгүй мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна... гэж заасан. Өөрөөр хэлбэл, СД ХХК нь маргаан бүхий 190 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг Д.Р-ад худалдах гэрээг байгуулахдаа уг талбайн барьцаалагч Хадгаламж банкнаас зөвшөөрөл авсан байх ёстой байхад уг гэрээг зохих этгээд буюу барьцаалагч Хадгаламж банкны зөвшөөрөлгүйгээр хийсэн нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж болохоор байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банк болон СД ХХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байжээ. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

5.б. Шүүх маргааны гол үйл баримт болох 600,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хангалттай тогтоож чадаагүй байж хэргийг шийдвэрлэсэн нь мөн л үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Тодруулбал, Д.Р- анх 600,000,000 төгрөгийг өөрийн биеэр төлсөн гэдэг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн баримтын гарын үсэгт шинжээч томилуулахад өөрөө төлөөгүй гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан.

Талуудын тайлбар, мэдүүлэг зэргээс үзэхэд Ч.Б- нь гэрч А.Я-гаас авсан 600,000,000 төгрөгийг өөрийн жолооч Ч.Э-аар авхуулж, уг 600,000,000 төгрөгийг Ч.Э- нь Голомт банкны 32 дугаар тойргийн салбарт тушаахдаа мөнгө тушаагчийн гарын үсэг хэсэгт Д.Р-ын нэрийг бичиж тушаасан үйл баримт харагдаж байна. Гэтэл шүүх дан ганц Голомт банкны төлбөрийн шилжүүлгийн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хариуцагч Ч.Б-ын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Манай зүгээс гэрч Ч.Э-аас ...маргаан бүхий 600,000,000 төгрөгтэй тэнцэх юань-ийг хэн, хэзээ, ямар зориулалтаар, ямар нөхцөлөөр, хэнд өгч явуулсан бэ... гэдгийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргаж, шүүхээс 181/ШЗ2021/05438 дугаартай захирамж гаргасан боловч энэхүү ажиллагааг явуулаагүй тул захирамжийн биелэлт хангагдаагүй буюу хэлбэрийн төдийд хангагдсан гэж үзэхээр байгаа.

Шүүхээс гэрч А.Я-, Ч.Э-, Ч.С- нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр дан ганц Д.Р-ын мэдүүлгийг үндэслэн 190 м.кв талбайн үнийг төлсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

5.в. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01402 дугаар шүүхийн шийдвэрийг хууль бус бүрэлдэхүүн гаргасан гэж үзэх үндэслэл бүрджээ.

Тодруулбал, хэргийн 4 дүгээр хавтасны 109 дүгээр талд авагдсан Шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай 181/2021/00836 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж байх ба уг захирамжаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн..... иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Э-ийг томилсон шийдвэрийг албажуулсугай. гэжээ. Гэтэл Г.Э- шүүгчийг мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэргийг мөн хэлэлцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт ...тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно гэж заасан ба шүүгч Г.Э- нь уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хуулийн дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2012 оноос 2017 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.Р-ын эзэмшилд байсан бөгөөд энэ хугацаанд түрээсийн төлбөрийг Д.Р- авч байсан. Хариуцагч Ч.Б- нэг удаа төлбөр нэхэмжилж байгаагүй. Энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн түрээсийн гэрээнүүдийг Д.Р-ын нэрээр байгуулсан. 2017 оноос хойш өмчлөх эрхээ шилжүүлж авахаар нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш Ч.Б- түрээсийн төлбөрийг аваагүй. Хэрэв Ч.Б-ын эзэмшилд байсан бол 5 жилийн хугацаанд Д.Р- түрээсийн төлбөрийг яагаад авсан талаарх асуудал яригдана. Мөн 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний дагуу Ч.Б-оос нэг ч төгрөг СД ХХК-д төлөгдөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч худалдаж авсан бол хэдэн төгрөг төлсөн талаар асуухад нэг төлбөр төлөгдөөгүй гэж хариулсан. Үнэхээр төлбөр төлөгдөөгүй бол дүр үзүүлсэн хэлцэлд тооцогдоно. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч СД ХХК-аас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Д.Р- нь хариуцагч СД ХХК, Ч.Б- нарт холбогдуулан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Хариуцагч СД ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, хариуцагч Ч.Б- нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн компанийн үл хөдлөх хөрөнгө нь зөвшөөрөгдөх 20 хувиас хэтэрсэн тухай албан бичгийн дагуу СД ХХК-ийн нэр дээрх 190 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгө байршуулахаар тохиролцож 600,000,000 төгрөгтэй тэнцэх юанийг жолооч Ч.Э-аар дамжуулан Д.Р-ад өгсний дагуу СД ХХК руу шилжүүлсэн. Төлөгдсөн 600,000,000 төгрөг нь Д.Р-ын мөнгө биш учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Д.Р- нь хариуцагч СД ХХК-аас 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг, 1 м.кв-ийг 2,618,000 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцон гэрээг бичгээр хийж, тухайн өдрөө нотариатчаар гэрчлүүлсэн байна./хх 6-13/

 

3.а. Хариуцагч СД ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Т/12/00/04 дугаартай тогтоолоор СД ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5 дугаар байрны 2 ба 3 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай талбайг худалдах эрхийг гүйцэтгэх захирал Ч.Б-од олгосон байна. /1хх 9/

 

3.б. Дээрх гэрээний 3.2-т худалдан авагч тал төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 хувийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ямар нэгэн барьцаанд байхгүйгээр, эд хөрөнгийн бүртгэлийн газраас эх хувиар гарсан тохиолдолд төлж дуусгасан байхаар,

-гэрээний 3.4-т худалдан авагчид төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх үүсэхээр,

-гэрээний 4.1.1-т гэрээний салшгүй хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг болон бусад баримт бичгийг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдан авагчид хэтрүүлэлгүйгээр худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргийг худалдагч тал хүлээхээр тус тус харилцан тохиролцжээ. /1хх6/

 

3.в. Нэхэмжлэгчийг маргаан бүхий 190 м.кв талбайг худалдан авах үед тухайн гэрээний зүйл Хадгаламж банкнаас хариуцагч СД ХХК-ийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 1,059,103 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр маргаан бүхий талбайг барьцаалсан байсан ба, уг зээл болон барьцааны гэрээ дуусгавар болж 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр барьцаанаас чөлөөлөгдсөн болох нь Төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр нотлогдсон байна. /2хх 183-188/

 

Иймд дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь дуусгавар болсон байх тул ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй бөгөөд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

3.г. Хариуцагч СД ХХК-ийн Голомт банк дахь 1605004164 дугаартай дансанд 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.Р- үл хөдлөх хөрөнгийн үнийн урьдчилгаа ЧЖ68010801, 99090844 гэсэн гүйлгээний утга бүхий 600,000,000 төгрөгийг төлж дээрх гэрээний 3.3-т тохиролцсон гэрээний төлбөрийг шилжүүлбэл зохих СД ХХК-ийн заасан дансны дугаарт шилжүүлсэн байна./1хх 48, 2хх 182/

 

3.д. Харин хариуцагч СД ХХК, 2012 оны худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу дээр дурдсан Хадгаламж банкны барьцааны эрх дуусгавар болсны дараа худалдсан гэрээний зүйл болох 190 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

3.е. Нэхэмжлэгч тал дээрх гэрээний 3.4-т заасны дагуу худалдан авсан 190 м.кв талбайг, 2012 оноос эхлэн 2017 он буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд бусдад түрээслүүлэх гэрээ хийж, түрээсийн төлбөрийг хүлээн авч, эзэмшил, ашиглалтдаа байлгаж байсан тухайд хариуцагч тал маргаагүй байна./1хх 51-155/

 

3.ё. Нэхэмжлэгчийн худалдан авсан дээрх 190 м.кв талбай нь дангаараа өмчлөх эрхийн бүртгэлгүй бөгөөд хариуцагч СД ХХК-ийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын 645.5 м.кв талбайд хамаардаг болох нь талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах-худалдан авах гэрээ болон 645,5 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, худалдсан барилгын талбайн зураглал зэргээр нотлогдсон байна. /1хх 12-13/

 

4. Гэтэл хариуцагч СД ХХК, хариуцагч Ч.Б-од 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр БГ/14/04155 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай,Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж 5 дугаартай барилгын 645.5 м.кв талбайг 1,859,000,600 төгрөгөөр худалдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ Ч.Б-ын нэр дээр шилжсэн байх боловч уг төлбөрийг төлсөн талаар баримтгүй байна./1хх 172, 189-196/

 

4.а. Хариуцагч Ч.Б-, СД ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийг СД ХХК-д бэлэглэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1хх 197-203/

 

4.б. Хариуцагч СД ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б-, Ч.С-, Ц.Б- нараас БХ ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр СД ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын 100 хувь буюу 3,500,000 ширхэг хувьцааны нийт үнийг 6,461,700,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулжээ. /4хх 194-198/

 

Энэхүү гэрээний 1.2-т худалдан авагч балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 5 дугаар байрны 2 давхарт байрлах, Ү-2202017477 дугаартай 645.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагчийн нэр дээр шилжүүлэх ба энэхүү үл хөдлөх хөрөнгө нь гэрээний үнэ төлбөрт үл хамаарна, худалдан авагч тал нь энэхүү гэрээний 1.2, 2.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн, худалдагч нь энэ гэрээний 1.1-д заасан хувьцааны өмчлөх эрхийг зохих ёсоор худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр талууд энэхүү гэрээний үүргийг бүрэн биелүүлсэнд тооцно гэж тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний заалтын дагуу хариуцагч СД ХХК-аас хариуцагч Ч.Б-од 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Б-ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна./1хх 204-212/

 

5. Хариуцагч СД ХХК, 2012 онд нэхэмжлэгч Д.Р-ад худалдсан талбайг дахин буюу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ч.Б-од худалдсан, Ч.Б- мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч СД ХХК-д буцаан шилжүүлсэн хэлцлүүдийн тухайд дүгнэж үзэхэд хариуцагч СД ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж, өмнөх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилсан байх тул уг 2 хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагагүй гэж үзнэ.

 

6. Харин СД ХХК-аас хариуцагч Ч.Б-од 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий талбайг бүхэлд нь буюу нийт 645,5 м.кв талбайг шилжүүлсэн хэлцлийн нэхэмжлэгчид худалдсан 190 м.кв талбайд холбогдох хэсгийг бэлэглэсэн нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч нь 2012 онд уг 190 м.кв талбайг хүчин төгөлдөр худалдах худалдан авах хэлцлээр үнийг төлж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглаж байсан нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авах давуу эрхтэй гэж үзнэ.

 

6.а. Хариуцагч СД ХХК, 2015 онд бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Ч.Б-од нэхэмжлэгчийн худалдан авсан 190 м.кв талбайг оролцуулан 645,5 м.кв талбайг бүхэлд нь шилжүүлсэн нь бусдын өмчлөх эрхийг зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байна. Тодруулбал, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэсэн байхад гэрээгээр олгосон эрхээ зөрчин нэхэмжлэгчийн худалдан авсан талбайг мэдсээр байж бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд тооцогдоно.

 

6.б. Хариуцагч Ч.Б- нэхэмжлэгчийн худалдан авсан төлбөр болох 600,000,000 төгрөгийг өөрийн мөнгө гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагын дагуу компанийн үл хөдлөх хөрөнгийг худалдах шаардлага гарсан учир А.Я-гаас 600,000,000 төгрөгтэй тэнцэх юанийг өөрийн жолооч Ч.Э-аар авахуулж төлсөн гэж тайлбарладаг бөгөөд гэрч Ч.Э- нь хилийн чанадад буюу Австрали улсад ажиллаж амьдардаг байх ба, Элчин сайдын яамны гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн Ч.Э- гэх хүний шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ч.Б-ын тайлбарыг батлах нөхцөл байдлын талаар мэдэхгүй, санахгүй байна гэсэн байна. /4хх 144-147/

 

6.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.С- нь компанийн өмчлөлийн талбайг худалдаж, түүний төлбөрт 600,000,000 төгрөг төлөгдсөнийг гэрчилсэн байх ба уг мөнгө хэнээс гарч төлөгдсөн эх үүсвэрийн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн, гэрч А.Я- нь хариуцагч Ч.Б-од 600,000,000 төгрөгтэй тэнцэх юанийг бэлнээр зээлдүүлэхдээ жолооч Ч.Э-аар дамжуулан өгсөн, уг мөнгийг цааш нь Д.Р-ад өгснийг хараагүй гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийн татгалзлалыг нотлох мэдүүлгийг өгсөн гэж үзэх боломжгүй байна./2хх 207-210, 4хх 225-229/

 

7. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ЕШ2021/00836 дугаартай захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн томилсон шийдвэрийг албажуулсан шийдвэртээ нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас 2015 оны 06 дугаар сарын 27-ны үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, төлбөрийн зөрүү 102,580,000 төгрөгийг СД ХХК-аас гаргуулах зэрэг шаардлагуудыг орхигдуулсан техникийн шинжтэй үйлдлийг хууль бус бүрэлдэхүүн шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамааруулахгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна./4хх 109/

 

8. Иймд нэхэмжлэгч Д.Р- нь гэрээгээр харилцан тохиролцсон 190 м.кв талбайн үнэд 497.420.000/190*2,618,000/ төгрөгийг хариуцагч СД ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул зөрүү 102,580,000 төгрөгийг хариуцагч СД ХХК-аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

/1хх-48, 2хх-109, 116, 182/

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч СД ХХК, Ч.Б- нарын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 190 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 645,5 м.кв талбайгаас, баруун урд хэсэгт байрлалтай 190 м.кв талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Р-ад шилжүүлэхийг хариуцагч СД ХХК, Ч.Б- нарт, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, хариуцагч СД ХХК-аас 102,580,000 төгрөгийг гаргуулж Д.Р-ад олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтаас төгрөг 3,315,900 гэснийг хасаж,

3 гэснийг 2, 4 гэснийг 3, 5 гэснийг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,645,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ