Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 218/МА2022/00023

 

******* ХХК-ны Өмнөговь салбарын 
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2022/00365 тоот шийдвэртэй, 
Нэхэмжлэгч ******* ХХК-ны Өмнөговь салбар
Хариуцагч *******, ******* нарт холбогдох 
Нэхэмжлэлийн шаардлага: 18,897,761.52 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг гуравдагч этгээд *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* /онлайн/, гуравдагч этгээд ******* /онлайн/, нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Зээлдэгч ******* болон хамтран зээлдэгч ******* нар нь 2020.02.25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон, мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж. зээлдэгч ирж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020.02.25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2020.10.29-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц /******* байр 1-4 тоот 1 өрөө орон сууц/, Toyota Alphard суудлын автомашин улсын дугаар 32-29 ӨМҮ, Арлын №АТН 100007749, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга, 32-инч зурагт, хивс, хөргөгч, 4-н тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 
           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: 
Хариуцагч    *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******, ******* нар *******наас 18000000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд сарын 2.1 жилийн 25.2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж 14 сарын хугацаанд сард 671000 төгрөгийн төлөлт хийж, нийт 9394000 төгрөг төлсөн болно. Үлдэгдэл 15962717, 01 төгрөгийг уг зээлийн барьцаанд байгаа Ү- 1105003525 улсын бүртгэлийн дугаартай, №01144796 гэрчилгээний дугаартай 17.95 м.кв байрыг хууль бус эзэмшигчдээс суллуулан авч захиран зарцуулан зээлээ төлж дуусгана гэжээ.
3. Нэхэмжлэгч *******ны Өмнөговь салбар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч ******* болон хамтран зээлдэгч ******* нар нь 2020.02.25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 568 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж буй өдрөөр буюу 2021.09.14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц /******* байр 1-4 тоот 1 өрөө орон сууц/, Toyota Alphard суудлын автомашин улсын дугаар 32-29 ӨМҮ, Арлын №АТН 100007749, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга, 32-инчийн зурагт, хивс, хөргөгч, 4-н тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
              Нэмэлт тайлбар: Тус нэхэмжлэлийг анх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байсан. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13,361,278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,561,977.62 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39,462.79 төгрөг, нийт төлөх дүн 15,962,719.0 төгрөг байсан. Шүүхийн шийдвэр эцэслэгдэн гаралгүй өдийг хүрсэн. Энэ нь зээлийн гэрээний хугацаа цуцлагдахгүй үргэлжилж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр бодогдож байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн хүү 2,767,431.96 төгрөг нэмэгдүүлсэн хүү 167,610.55 төгрөг нийт 2,935,042.51 /Хоёр сая есөн зуун гучин таван мянга дөчин хоёр төгрөг тавин нэг мөнгө/ төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд зээлдэгч ******* болон хамтран зээлдэгч ******* нараас дээр дурдагдсан үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 18,897,761.52 /Арван найман сая найман зуун ерэн долоон мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн төлбөр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрөөр буюу 2021.09.14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
            4. Хариуцагч ******* ******* нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ******* ХХК-ий Өмнөговь салбараас ******* би өөрийн нөхөр *******ын хамт 2018 оны 11 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18000000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан юм. Зээлийн барьцаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг, 16-р байр, 1-4 тоот орон сууцны бусад эд хөрөнгийн хамт тавьсан. Энэ хугацаанд нийт 9425894,40 төгрөг төлсөн юм. Зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн шалтгаан нь дэлхий даяар цар тахал тархаж олон удаагийн хөл хорио тавигдаж, ажил төрөл, наймаа арилжаа зогссонтой холбоотой юм. Ингээд ******* ХХК нь зээл төлүүлэх, зээлийн гэрээний гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээний хугацааг цуцлуулахаар шүүхэд 2020 оны 10 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 15962719, 01 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Гэтэл 2021 оны 09 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 18897761,52 төгрөгийг нэмэгдүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ******* ХХК анх 2020 оны 10 сарын 29-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа нь бидэнтэй хамааралгүй. Биднээс шалтгаалах асуудал биш юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зээлийн хүү, алданги тооцогддоггүй хуулийн заалттай тул энэ нэхэмжилсэн мөнгө болох 2935042,51 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 15962719,01 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
             5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, ******* нар нь *******наас 2018 оны 11 сарын 20-ны өдөр бичил бизнесийн зээл хийж 18.000.000 төгрөгийг 1 жилийн 18.2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Тухайн үед ******* үсчний бизнес эрхэлдэг. Зээл авснаас хойш зээлээ хэвийн төлж явж байгаад 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн cap болгон тогтмол төлөх дүнгээрээ төлөөгүй. *******анд 2020 оны 10 сарын 29-ний өдөр зээлдэгчээс 15.962.719 төгрөгийн төлбөр гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн барьцаанд тавьсан орон сууц, Toyota alphard маркийн машин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инчийн зурагт, хивс, хөргөгч, 4 тал хашаа, буйдан, бараа материал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдээр оролцсон хүмүүс нь манай банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө дээр маргасан. Манай банкны 2018 онд байгуулсан зээлийн гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээнд тавьсан эд хөрөнгөнөөс 5 эзэмшигчээс хууль ёсны дагуу итгэмжлэлээ авсан. Банк санхүүгийн байгууллагын барьцаанд байхгүй үл хөдлөх хөрөнгө байдаг. Машин нь *******ийн нэр дээр байдаг. Хөдлөх хөрөнгө нь өөрсдийнх нь эдэлж хэрэглэдэг зүйлүүд байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан учир хугацаанаас нь өмнө цуцлах асуудал яригдахгүй. Зээлийн төлбөр гаргуулж барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. 15.000.000 төгрөг бол 2020 оны 10 сард нэхэмжлэл гаргах үеийн зээл хаагдах дүн. Үүнээс хойш шүүхийн процесс болон эцсийн шийдвэр гараагүй 568 хоног болсон. 1 жилийнх нь хүү буюу 2.561.000 төгрөгийг нэмэгдүүлсэн. Хариуцагч авсан зээлээ хүлээн зөвшөөрсөн хэрнэ зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр хангуулна гэж 2 жил маргасан. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авахаар гэрээ хийчхээд 5 хүний өмчтэй орон сууцыг энэ хөрөнгөөр хангуулна гээд бусад хөдлөх хөрөнгө, бизнесийнхээ орлого зэргээр төлөөд энэ зээлийг хааж эцэст нь гарах бодол байдаггүй. Барьцаатай байгаа үл хөдлөхөөр хангуулна гэж дайрдаг. Үл хөдлөхөө ямар учиртай байсныг хамаатан хүмүүс нарийн сайн мэдэж байгаа байх. Манайх 18.897.000 төгрөгийн төлбөрөө гаргуулж авбал юугаар ч төлүүлсэн хамаагүй. Тиймээс үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.
             6. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард зээл аваад хэвийн төлж байгаад 2020 оны 20 сарын 25-ны өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрэлттэй болсон шалтгаан нь ковидын улмаас болон би төрөөд нялх биетэй байсан. Би зээлээ хойшлуулах хүсэлт онлайнаар гаргахад хүлээж аваагүй. 15.962.719 төгрөгийг төлнө. Төлөхдөө үл хөдлөх хөрөнгөөрөө зээлээ барагдуулна гэсэн хүсэлтэй байгаа. Нэхэмжлэл өгснөөс хойш хүү бодоод мөнгөө нэхэж байна. Тиймээс нэмж хүү бодуулахгүй 15.000.000 төгрөгөө төлнө. Машиныг итгэмжлэлээр аваагүй учир би машинаа зарсан. Хивсийг мөнгөн дүнд суутгахгүй. Үл хөдлөх хөрөнгө хангалттай төлчихөөр байгаа учир үл хөдлөхөөр төлнө. 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөөгүй явж байгаад 10 сараас зээлээ төлье гэсэн. Шүүхэд өгсөн, шүүхээр шийдүүлнэ гэсэн хариу өгсөн. Би шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүйгээр төлөх боломж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү нь зогссон гэж ойлгосон. Тиймээс нэмэгдсэн хүүг төлөх шаардлагагүй гэв.
                7. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
7.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар *******, ******* нараас 18897761, 52 /арван найман сая найман зуун ерэн долоон мянга долоон зуун жаран нэгэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Ү-1105003525 улсын дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 16-р байр, 1-4 тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard маркийн 3229 ӨМҮ улсын дугаартай автомашин, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, гал тогооны тавилга, 32 инч зурагт, 3*4 хивс 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 4 тал хашаа, буйдан 1 ширхэг хөрөнгөөр барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө бараа материалаар хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
7.2. Хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон П.Оюунцэцэг, Д.Алимаа нар нь бие даасан шаардлага гаргаагүй болохыг дурдаж,
           7.3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 299673 /хоёр зуун ерэн есөн мянга зургаан зуун далан гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 252439 /хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин есөн / төгрөг, төсвийн орлогоос 47234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******анд олгож шийдвэрлэжээ. 
8. Гуравдагч этгээд *******гийн давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* ХХК-н Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй, *******, ******* нарын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний төлбөр 15,962,719 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 сарын 25-ны өдөр хэлэлцээд 365 дугаартай шийдвэрээрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, 16-р байр, 1-4 тоотод байрлах 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай заасан.
 Гэтэл Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, 16-р байр, 1-4 тоотод байрлах 1 өрөө орон сууц нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ******* миний болон хүү М.Баярмөнхийн гэр бүлийн хөрөнгө юм. М.Баярмөнх нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус орон сууцыг өөрийн өмчлөлийн хөрөнгө мөн болохоо тогтоолгохоор хандаад байгаа. Нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Бидний гэр бүлийн хөрөнгийг бусдын зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн үндэслэл, шаардлага байхгүй гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтаа анхан шатны шүүхэд хүргүүлж байсан. 1998 оноос хойш өнөөг хүртэл уг орон сууц нь бидний гэр бүлийн өмч байсаар ирснийг хариуцагч тал мэдэж байгаа. Бидэнд мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээний барьцаагаар бүртгэсэн нь хууль зөрчсөн. Уг хариуцлагаа банк хүлээж барьцаанаас чөлөөлөх ёстой.
 Үүнээс гадна ******* ХХК-н Өмнөговь салбар нь бие даасан эрх зүйн этгээд болохгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй. Ийм нөхцөлд тус салбарын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн шийдвэр болно.
Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлд заасны дагуу зохигчийн нэгэн адил давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. Иймд гомдлыг хүлээн авч Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 25-ны өдрийн 365 дугаартай шийдвэрт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, 16-р байр, 1-4 тоотод байрлах 1 өрөө орон сууцаар /үүргийн гүйцэтгэл хангуулах тухай заалт/ өөрчилж тус орон сууцыг төлбөр гаргуулах хөрөнгөөс хасах өөрчлөлт оруулна уу гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Манай банк 2018 оны 11 сарын 20-ны өдөр зээлдэгч Нарангэрэл, Оюунболд нарт 18.000.000 төгрөгийн бизнесийн зээл олгосон. Энэ хүмүүс өөрсдийн хүсэл зорилгоор бараа, сэлбэг авна гээд бизнесийн орлогоо нотолж, барьцаа хөрөнгөө судлуулаад зээл авсан. Зээлийн барьцаанд байгаа гуравдагч этгээдээс гаргасан гомдлын байр нь манай барьцаанд ирэхдээ 5 хүний өмчлөгчтэй, бүх эзэмшигч нараас хууль ёсны итгэмжлэл авсан, улсын бүртгэлээс барьцаалагдаагүй хүчин төгөлдөр барьцааг үндэслэж зээл олгосон. Алимаагийн хувьд бичиг баримт байхгүй. Манай байгууллагатай маргах зүйлгүй байх. Бид үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчдээс нь зөвшөөрөл авч зээл олгосон. Хариуцагч мөнгөн дүнг зөвшөөрч байгаа, барьцаа хөрөнгөд Алимаагаас барьцаанаас салгуулъя гэсэн. Алимаагийн хүсэлтээр барьцааг салгах боломжгүй. Хариуцагч зөвшөөрсөн тул гуравдагч этгээдийн нотлох баримтгүй баримтаас болж 2 жил сунжирч явж байна. Бид нар хуулийн дагуу барьцаа авсан ч мөнгөө л авъя гэж байгаа болохоос барьцаа үл хөдлөх хөрөнгийг авах гээд байгаа биш. Гуравдагч этгээд баримтаа бүрдүүлж ирээгүй байж дураараа загнаад байдгаа болих хэрэгтэй байна гэв.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би сэргээн босголтын газраас худалдаж авсан баримт байхгүй, хууль ёсны эзэмшигчээс нь зөвшөөрөлтэй хөрөнгө барьцаанд авсан байх гэж бодож байна. Банк ч хууль ёсны барьцаанд тавих хангалттай гэж авсан. Би худлаа бичиг баримт бүрдүүлж барьцаанд тавиагүй. Алимаагаас удаа дараа байраа суллуулж авъя гэж хэлж байсан гэв.               
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд *******ны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* нарт холбогдох иргэний хэргийг гуравдагч этгээд *******гийн гаргасан давж заалдах гомдлыг дагуу гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Харин барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь бусдын хууль ёсны эрх ашигт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаараагүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэх боломж байна гэж үзэв.
Нэхэмжлэгч *******ны Өмнөговь салбар нь *******, ******* нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15962719 /арван таван сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуун арван есөн/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж,  зээлийн барьцаанд тавьсан Орон сууц /******* байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard суудлын автомашин улсын дугаар 32-29 ӨМҮ, Арлын №АТН 100007749, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга , 32-инч зурагт, хивс, хөргөгч, 4-н тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,935,042.51 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
           Хариуцагч ******* ******* нар *******наас 18000000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд сарын 2.1 жилийн 25.2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж 14 сарын хугацаанд сард 671000 төгрөгийн төлөлт хийж нийт 9394000 төгрөг төлсөн болно. Үлдэгдэл 15962717, 01 төгрөгийг уг зээлийн барьцаанд байгаа Ү- 1105003525 улсын бүртгэлийн дугаартай, №01144796 гэрчилгээний дугаартай 17.95 м.кв байрыг хууль бус эзэмшигчдээс суллуулан авч захиран зарцуулан зээлээ төлж дуусгана гэжээ.
           Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэж,  хэрэгт цугларсан 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай “зээлийн гэрээ”-ний хуулбар /хэргийн 7-8 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 9-р хуудас/ “барьцааны гэрээ”-ний хуулбар /хэргийн 10-11 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. 
           Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын нотлох чадвар болон хууль зүйн үндэслэлд талууд маргаагүй, харин хариуцагч тал зээлийн гэрээний барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулсан, хэрэгцээ шаардлага хангахгүй тул барьцаа хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж маргасан байна. 
Шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ барьцаалуулагч буюу хариуцагч нар нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, түүнийг хамгаалах, зохистой эзэмшиж, ашиглан, чанар, өнгө үзэмжийг нь дордуулахгүй байх үүргийг гэрээгээр хүлээсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн 18897761,52 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөнд хийсэн дүгнэлт шийдлээс бусдыг үндэслэл бүхий байна гэж үзэв. 
Харин гуравдагч этгээд энэхүү зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг, 16-р байр, 1-4 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг өөрийн хүү болох  М.Баярмөнхийн гэр бүлийн хөрөнгө гэж маргахдаа “...орон сууцны өмчлөгчийг  тогтоолгохоор шүүхэд хандсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бидний гэр бүлийн хөрөнгийг бусдын зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. 1998 оноос хойш өнөөг хүртэл уг орон сууц нь бидний гэр бүлийн өмч байсаар ирснийг хариуцагч тал мэдэж байгаа” гэж гомдол гаргасан байна. 
           Шүүх хэрэгт П.Оюунцэцэг, ******* нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч гуравдагч этгээдүүд бие даасан шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн байна. 
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх, үүний үндсэн дээр шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй тул шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлтэй боловч  эргэлзээтэй нөхцөл байдал, гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхүйц нөхцөл байдал тогтоогдсоныг анхаараагүй байна.
Маргаж буй орон сууцанд одоо гуравдагч этгээд *******гийн ээж  амьдардаг болох талаар хэргийн зохигч тайлбарласан байна. Мөн гуравдагч этгээд П.Оюунцэцэг өөрийн хууль ёсны өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байгаа гэх үндэслэлээр хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан нь хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан,  
 Хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан орон сууц өмчлүүлсэн 0114796 тоот гэрчилгээнд тухайн орон сууцны өмчлөгч нь Сугирын Жигдэн, хамтран өмчлөх эрхтэй гишүүдээр Пүрвийравжирын Оюунцэцэг, Жигдэнгийн Эрдэнэболд, Жигдэнгийн Азжарал, Жигдэнгийн Оргилболд нар бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүс уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, лавлагаа авах, барьцаалбар бүртгүүлэх, зээл, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах үйлдлүүдийг төлөөлж хийх эрхийг *******д 2018 оны 11 сарын 02-ноос 05-ны хооронд олгож итгэмжлэл хийлгэсэн байх бөгөөд / хэргийн 46-48 дугаар хуудас/ энэхүү итгэмжлэл 3 жилийн хугацаатай хийгдсэн байна. Гэтэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах итгэмжлэлээр олгосон хугацаа дууссан байжээ. 
Дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаараагүй, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн энэхүү эргэлзээ бүхий нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийлгүй бусдын хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хэн нэгний хууль ёсны эрх ашигт нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэжээ. Иймд үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2022/00365 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...Y-1105003525 улсын дугаартай Даланзадгад сумын 3-р баг 16-р байрны 1-4 тоот 1 өрөө орон сууц” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай. 
 4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


                              ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР 

                                  ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ