Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2022/00025

 

 

                        

Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооны

нэхэмжлэлтэй Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа

нарт холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2022/00407 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, Хариуцагч Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 2.880.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Б.Наранчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд үйл ажиллагаа явуулдаг Чандмань андууд хадгаламж, зээлийн хоршоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж байсан, сумын иргэд хөдөлмөрчдөөс гишүүд нь бүрдсэн, эрхлэх үйл ажиллагаа нь гишүүдээс хадгаламж татах, зээл олгох, бусад лизингийн цогц үйлчилгээ үзүүлдэг, өдгөө 268 гишүүнтэй хоршоо юм.

Л.Анхбаяр нь 2015 оны 04 сарын 28-ны өдөр дугаар №43/604 тоот зээлийн гэрээгээр 3250.000 төгрөгийг лизингийн зориулалтаар нэг сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь төлөлгүй явж байгаад түүний хүсэлтээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан. Энэ өдөр хийсэн зээлийн гэрээнд түүний эхнэр М.Эрдэнэзаяа батлан даалтын гэрээг манай хоршоотой хийсэн юм. Ингээд Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нар нь манай хоршооноос авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,620,000 төгрөг, түүний хүүгийн авлага 260,000 төгрөг буюу нийт 2,880,000 төгрөг гаргуулж өгнө үү. Наад хүмүүс чинь Чандмань андууд хоршооноос зээл аваад зээлээ эргүүлж төлөөгүй. Дүү болох н.Өлзий гэдэг хүний зээлийг нэмсэн. Би 4 жилийн хугацаанд хүмүүсийн авсан мөнгө эргэж орж ирэхгүй байна. Миний биеийн байдал хүнд байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, шүүхэд гаргах тайлбар байхгүй, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.Эрдэнэзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа  нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 04 сарын 28-ны өдрийн №43/604 тоот гэрээг би хийгээгүй. Зээлийн гэрээний дугаар буруу байна. Ер нь ч тэгээд энэ хадгаламж, зээлийн хоршоо гэрээ хийхдээ зөвхөн нэг хувийг хийгээд байгууллагадаа авчихдаг, зээлийн гэрээг сунгахдаа зээлдэгчийг байлцуулдаггүй өөрсдөө сунгаад явдаг. Би тус ХЗХоршооноос 2.500.000 төгрөгийг лизингийн бус бэлэн мөнгөөр авсан бөгөөд ХЗХоршоо нь 30 хувь нэмэгдэл гэж миний зээл дээр 750.000 төгрөгийг хий нэмж 3.250.000 төгрөгийг зээлсэн болж харагдсан. Дараа нь тус ХЗХоршооны дарга Б.Наранчимэгтэй уулзахад манайхаас бэлэн мөнгө авахад 30 хувь нэмэгдэл гэж байдаггүй ээ, манай ажилтан л ийм балай зүйл хийгээд байгаа юм гэж хэлж байсан юм. Тэгэхэд нь би аваагүй мөнгийг төлж чадахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн бөгөөд түүний дараа ч удаа дараа хэлж байсан. Үүнээс хойш өөрийн авсан 2.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байгаа. Би төлөлт хийхдээ банкны дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан.

Би ХААН банкны 5240015529 гэх өөрийн данснаас энэ ХЗХоршооны данс болох ХААН банкны 5240048656 тоот дансанд 2015 оноос хойш төлсөн мөнгөний дүн 3.042.700 төгрөг, үүнээс гадна захирал Б.Наранчимэгт 100.000 төгрөг, 200.000 төгрөг зэргийг тус тус гар дээр нь өгсөн. Одоогоор өөрийн мэдэж байгаа дүн нь 3.342.700 төгрөгийг төлсөн байна. Цаашлаад нэхэмжлэлд 2.620.000 төгрөг, хүү 260.000 төгрөг, нийт 2.880.000 төгрөгийг яаж тооцсон нь тодорхой биш байна. Харин ч хууль бусаар надаас авсан 30 хувь буюу 750.000 төгрөг, түүний хүүг би төлөх ёсгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас 2,880,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байдаг. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2.620.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь М.Эрдэнэзаяа нь маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 30, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр аль аль дээр нь гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог учраас зээлдэгчийн эрх, үүрэг үүсээгүй. Мөн хамтран зээлдэгч гэж үзэхгүй. Зээлийн гэрээний оролцогч гэж үзэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч талаас М.Эрдэнэзаяагаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа учраас М.Эрдэнэзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах саналтай байна. Л.Анхбаярын хувьд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр 24 сарын хугацаатай лизингийн зээл 3.250.000 төгрөгийн авсан гээд гэрээд байгуулсан байдаг. Тус гэрээнд Л.Анхбаярын гарын үсэг байдаг хэдий ч шинжээчийн дүгнэлтээр биш болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч талаас 3.250.000 төгрөгийг олгосон, шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Л.Анхбаярын зүгээс анхнаасаа би ямар нэгэн хадгаламж, зээлийн хоршооноос зээл авч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх байр суурьтай оролцдог. М.Эрдэнэзаяа нь би 2.500.000 төгрөгийн зээл авч байсан. Зээл авахдаа гарын үсэг ямар нэгэн баримт дээр зурж байгаагүй. Хоршооны дүрэмд 30% нэмэгдэл авдаг гээд 750.000 төгрөг нэмээд нийт 3.250.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Миний зүгээс 2.500.000 төгрөгийг авсан гэдэг байр суурьтай байдаг. М.Эрдэнэзаяагийн зүгээс 2.500.000 төгрөгөө 11.294.241 төгрөг болгоод буюу хэд дахин нугалаад төлсөн байдаг. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. М.Эрдэнэзаяа нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр 2.470.000 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр 25.000 төгрөг зэрэг мөнгийг төлсөн баримтууд байдаг. Дансны хуулгаар 3.877.541 төгрөг, хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар М.Эрдэнэзаяа нь 7.417.300 төгрөг нийт 11.294.841 төгрөгийг төлсөн нь баримтуудаар тогтоогдож байгаа учраас Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нарын зүгээс Чандмань андууд хоршоонд ямар нэгэн төлөх төлбөр байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

Энэ маргаантай холбоотой хэд хэдэн шүүх хурал болсон. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4.700.000 төгрөгийг хариуцагч нарт огт олгоогүй байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэг тайлбарлахдаа 2016 оны 9 сарын 30-ны өдрийн өмнөх зээл, хүү болох 3.693.529 төгрөгийн үлдэгдэл дээр н.Өлзийгийн зээл 1.600.740 төгрөгийг нэмж нэгтгээд шинэ зээлийн гэрээ гаргасан юм. Энэ зээлийг сунгаснаас хойш 2016 оны 12 сарын 13-ны өдөр 2.470.000 төгрөгийг 1 удаа төлсөн. 300.000 төгрөгийг бэлнээр төлж байсан гэдэг. Тэгэхээр хамгийн сүүл байгуулсан гэрээнд заасан мөнгийг бодитоор олгоогүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан шаардлагыг хангаагүй гэрээнүүд байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж, зээлийн хоршооны Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 2,880,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж, зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  Б.Наранчимэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нар нь 2015 оны 4 сарын 28-ны өдөр 3250000 төгрөг лизингийн зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 9 сарын 30-н хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд тухайн өдөр Л. Анхбаяр, М. Эрдэнэзаяа нар нь зээлээ сунгах хүсэлт гаргасан. Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нарын зээлийн үлдэгдэл 4.306.050 төгрөг, М.Өлзийгийн зээлийн үлдэгдэл 569.250 төгрөг ба өөрийн зээлтэй хамт нэгтгэсэн. Нэгтгээд 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 47.000төгрөг нэг хувийн шимтгэл төлсөн,

Уг 4.306.050 төгрөг нь манай байгууллагад бэлнээр төлсөн төлбөр биш бөгөөд шүүхээс эргүүлэн төлсөн төлбөр гэж үзэж буй нь үнэнд нийцэхгүй. Өмнөх зээлийн үлдэгдлийг хийсвэрээр орлогодож 4.700.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 дугаартай зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлдэгч талаас тус хоршоонд тухайн үедээ өөрсдөө гарган өгч байсан газар өмчилсөн тухай гэрчилгээний хуулбар, 2015 оны мал тоолуулсан баримт А данс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, мөн Л.Анхбаярын Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоонд гаргаж байсан өргөдөл зэрэг баримт хэрэгт авагдсан байгаа.

2016 оны 11 сарын 30-нд тухайн зээлийн анхны төлөлт болох 2.500.000 төгрөг үүн дээр 240.000 төгрөгөөр нэг удаа, 60.000 төгрөгөөр нэг удаа тус тус төлөлт хийсэн ба нийтдээ 2.800.000 төгрөгийн зээл төлсөн. М.Эрдэнэзаяа нь 2015 оны 3 сарын 27-ноос 2016 оны 12 сарын 13-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Чандмань андууд хоршоонд 7.259.450 төгрөг төлсөн гэж цалингийн харилцах, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дахин шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай. 2015 оны 3 сарын 27 гэхэд Чандмань андууд ХЗХ-д өөр төрлийн зээлтэй байсан ба энэ нь 2015 оны 4 сарын 30-ны эргэн төлөлтөд хамааралгүй. Мөн 572.700 төгрөгийн эргэн төлөлт нь 43/628 дугаартай данстай хамааралгүй. М.Эрдэнэзаяагийн цалингийн харилцах болон депозитоор дамжсан зээлийн эргэн төлөлт нь 2.500.000 төгрөг нь 43/628 дугаартай данстай хамааралтай. Үлдэгдэл 572.700 төгрөг нь дүү М.Өлзийгийн зээлийн эргэн төлөлт рүү авагдсан байна.

Манай байгууллага нь бүх гишүүдийн хурлаар тогтоогдсон дүрэм журмаа мөрдөж лизингийн бараа үйлчилгээний зээлийг бүх гишүүдэд үзүүлдэг нь үнэн. Энэ батлагдсан журмын дагуу тухайн зээлдэгч нар нь лизингийн зээл авсан бөгөөд үүнийг батлах баримт бичгүүд он сар гарын үсэгтэйгээ бүрэн бүтэн байгаа. Үүнийг тухайн зээлдэгч нар нь 2015 оноос 2016 оны хооронд өөрсдөө хүлээн зөвшөөрч зээлээ сунгах болон төлж эхэлж байсан боловч тодорхой хугацааны дараа төлөхөө байсан.

Манай байгууллагаас 2015 оны 4 сарын 23-ны өдөр лизингийн зээл болох 3.250.000 төгрөгийн баримт, тухайн зээлийн сунгалтыг хийсэн. 2016 оны 9 сарын 30-ны өдрийн баримт болон ихээхэн баримттай байхад шүүх зөвхөн М.Эрдэнэзаяагийн цалингийн болон харилцах дансанд тулгуурлаж ямар ч баримт бичиггүй 2.500.000 төгрөгийн зээл авсан гэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээ манай байгууллагын программ болон баримт бичигт огт байхгүй.

Тус хадгаламж зээлийн хоршоо нь Л.Анхбаяртай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 даалтын гэрээ, зээлдэгч талаас тус хоршоонд тухайн үедээ өөрсдөө гарган өгч байсан гэрчилгээний хуулбар, 2015 оны мал тоолуулсан баримт А данс, нийгмийн дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, мөн Л.Анхбаярын Чандмань андууд хоршоонд гаргаж байсан өргөдөл зэрэг баримт хэрэг авагдсан байгаа.

Дээрх баримтуудаас гадна Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дүгнэлтээр Чандмань андууд ХЗХ Л.Анхбаяр нарын хооронд хийгдсэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 дугаартай зээлийн, барьцааны гэрээнд бичигдсэн Л.Анхбаяр гэх гарын үсгийн бичвэр нь Л.Анхбаярын шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн чөлөөт болон туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт нь мөн давхар нотолж өгсөн.

Мөн манай хоршоо нь цагдаагийн газраас томилсон “Энх нахиа” ХХК 2020 онд бүх баримтад шинжээчийн дүгнэлт хийсэн. Үүнд Эрдэнэзаяагийн харилцах данснаас хоршооны 5240048656 дансанд хийсэн гүйлгээ өдөр сартайгаа М.Өлзийгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн ба Л.Анхбаярын зээлийн үлдэгдэлд нэг ч төгрөг төлөөгүй зээлийн үлдэгдэлд зээлийн эргэн төлөлтийг барагдуулах тухай хоршооны 2018 оны 8-р сарын 09-ны өдрийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын шийдвэртэй тохиролцож байгаа ба Л.Анхбаярын зээлийн үлдэгдэл дүн 2.620.000 төгрөг. Байгууллага хүмүүсээс авах авлага дансанд хүү 260.000 төгрөг  байршуулсан болох нь тулган шалгалтаар нотлогдсон.

Л.Анхбаяр нь 2011 оны 6-р сарын 30-ны өдөр хоршоонд элсэж, үйлчилгээ авч байсан бөгөөд хэрэгт авагдсан түүнтэй байгуулсан гишүүний гэрээ, хоршооны гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн жагсаалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 177.496 төгрөг байдаг гэсэн материалууд түүнийг хоршооны гишүүн байсан гэдгийг нотолж байхад шүүхээс гишүүн биш гэж үзэж буй нь илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна.

Шүүхийн гаргаж буй шийдвэрийг манай талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооноос 2.500.000 төгрөгийн зээл олгоогүй, мөнгө шилжүүлээгүй. 2015оны 4-р сарын 28-нд 3.250.000 төгрөгийн зээл олголт хийсэн. Өөрийнх нь өргөдлийн дагуу 2016 оны 9 сард зээлийг сунгаж өгсөн ба түүнээс хойш 2016 оны 11-р сарын 30-ны үндсэн зээлийн өглөг 218.847 төгрөг, хугацаат зээлийн хүү 12.267 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсэн хүү 135.360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.300төгрөг, бүгд 2.500.000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Үүнээс хойш 240.000 төгрөг Эрдэнэзаяа утаснаас шилжүүлсэн ба 60.000 төгрөг би гишүүнээ дагуулж очиж авч өгч байсан нь үнэн. Улмаар манай хоршоонд нийт 2.800.000 төгрөг эргэн төлөлт хийсэн ба өөр ямар ч сувгаар эргэн төлөлтийн мөнгө орж ирээгүй. Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн программ нь заавал хий хааж сунгалтаа хийдэг ба 2016 оны 9-р сарын 30-ны 4.306.050 төгрөгийн зээлийг хий хаасан нь үнэн болно. Л.Анхбаяр нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрт 7.259.450 төгрөг төлсөн гэдэг нь худал, Л.Анхбаярын хүсэлтээр зээлийг нь сунгасан гүйлгээг нэмж бичиж байна. Иймд гомдолтой байгаа тул Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гаргаж өгнө үү.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул хуулийн хугацаанд хурлын тов мэдэгдэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж, зээлийн хоршоо нь хариуцагч Л.Анхбаяр, М.Эрдэнэзаяа нартай  2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 3250 000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан боловч зээлээ төлөөгүйгээс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан.  Гэрээний үүргийн  үлдэгдэл 2 620 000 төгрөг хүүгийн 260 000 төгрөг нийт  2.880. 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагыг  хариуцагч нар  2016 оны гэрээгээр нэхэмжлээд буй мөнгө нь өмнөх 2015 оны зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, 4.700.000 төгрөгийг бодитоор олгоогүй, өмнөх зээлийг хаах зорилгоор шинээр зээлийн гэрээ байгуулан мөнгийг нь суутган авсан, тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл дансны хуулгаар 3.877.541 төгрөг, хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар М.Эрдэнэзаяа нь 7.417.300 төгрөг нийт 11.294.841 төгрөгийг төлсөн, Чандмань андууд хоршоонд ямар нэгэн төлөх төлбөргүй,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргаан үүсгэжээ.

Нэг:

Нэхэмжлэгч  байгууллагаас    2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр хийж зээлдэгч Л.Анхбаяр, зээлдүүлэгч Чандмань андууд  хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Б.Наранчимэг  гэж бичиж  тус тусын  гарын үсгээ зурсан  4700 000 төгрөгийн зээлийн, мөн өдөр Чандмань андууд  хадгаламж зээлийн хоршооны зээлийн эдийн засагч Л.Алтантуяа, зээлдэгч Л.Анхбаяр  гэж бичиж  тус тусын гарын үсгээ зурсан барьцааны, мөн өдөр хоршоог төлөөлж Л.Алтантуяа, батлан даагч М.Эрдэнэзаяа гэж бичиж  тус тусын гарын үсгээ зурсан  батлан даалтын  гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч батлан гэрчилсэн гэрээнүүдийн гарын үсэг нь  Л.Анхбаярын  гарын үсгээ зурсан болох талаар   Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 035 дугаар дүгнэлт гаргажээ. /хавтаст хэргийн 136-149 дүгээр тал/

 1 дүгээр хавтаст хэргийн 80-87 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооны 6 ширхэг кассын орлогын  ордер гэх  санхүүгийн баримтуудаар    Чандмань-Андууд хадгаламж, зээлийн хоршооны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Кассын зарлагын ордер, Л.Анхбаярт 4,700,000 төгрөг, мөнгө хүлээн авсан М.Эрдэнэзаяа гэж, мөн өдрийн Кассын орлогын ордер /1хх-84/ гэсэн баримтад М.Өлзий 569,250 төгрөг, мөнгө тушаасан М.Эрдэнэзаяа гэж, мөн өдрийн Кассын орлогын ордер /1хх-83/ гэсэн баримтад Л.Анхбаяр 4.306.050 төгрөг, мөнгө тушаасан М.Эрдэнэзаяа гэж тус тус гарын үсэг зурсан,  баримтуудыг тус тус үнэн зөв гэж үзсэн анхан шатны шүүхийн  дүгнэлтийг буруутгах боломжгүй буюу   нийт 4 875 300 төгрөгийг төлсөн   дээрх санхүүгийн баримтуудыг  няцааж үгүйсгэсэн нотлох  баримт хэрэгт авагдаагүй байна.

Хоёр:

1 дүгээр  хавтаст хэргийн  120-124 дүгээр талд авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр хийж  зээлийн эдийн засагч Л.Алтантуяа, зээлдэгч Л.Анхбаяр гэж бичиж тус тусын гарын үсгээ зурсан 3250 000 төгрөгийн зээлийн, мөн өдөр Чандмань андууд  хадгаламж зээлийн хоршооны зээлийн  мэргэжилтэн Л.Алтантуяа, зээлдэгч Л.Анхбаяр  гэж бичиж  тус тусын гарын үсгээ зурсан барьцааны гэрээнүүдийн дагуу зохигч талууд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу    зээлдүүлэгч нь зээлдэгчид 3250 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохоо нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн  дээрх  бичмэл гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч батлан гэрчилсэн  хэдий ч  зээлдэгч Л.Анхбаяр гэж зурсан  гарын үсэг нь   Л.Анхбаярын гарын үсэг биш гэж   Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч дүгнэлт гаргажээ./1 дүгээр  хавтаст хэргийн 120-124, 2 дугаар хавтаст хэргийн 31-48 дугаар тал/

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж, зээлийн хоршоо нь хариуцагч Л.Анхбаяр нарын хооронд бичгээр байгуулсан  2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  3250 000 төгрөгийн,     2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  4700 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.9-д  “ хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж үзэж хүчин төгөлдөр бус  байх хэлцэлд тооцож, 56 дугаар зүйлийн 5-д  “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу  хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүссэн үр дагаврыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй.

Харин хариуцагч  Л.Анхбаяр нь тус  хоршооны гишүүн болохыг нотлох хоршоонд хувь хөрөнгө оруулсан, гишүүний хураамж төлсөн тухай болон хоршооны гишүүнээр элсэх хүсэлт шийдвэрлэсэн тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай баримт хэрэгт авагдаагүй хэдий ч   хоршооны гишүүнээр бүртгэгдэж бичигдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гишүүний гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул  Л.Анхбаярыг хоршооны гишүүн гэж үзнэ харин М.Эрдэнэзаяаг хоршооны гишүүн  гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна../ 2 дугаар хавтаст хэргийн 79, 149 дүгээр тал/

Дээрх хоршоо нь зээлийн хорооны зохицуулалтыг  шинэчилсэн дүрэмдээ тодорхойлоогүй, зээлийн хорооны бүрэлдэхүүнийг тогтоосон талаар хэрэгт баримт авагдаагүй,  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр хийж зээлдэгч Л.Анхбаяр, зээлдүүлэгч Чандмань андууд  хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Б.Наранчимэг  гэж бичиж  тус тусын  гарын үсгээ зурсан  4700 000 төгрөгийн, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр хийж  зээлийн эдийн засагч Л.Алтантуяа, зээлдэгч Л.Анхбаяр гэж бичиж тус тусын гарын үсгээ зурсан 3250 000 төгрөгийн зээлийн  гэрээнүүд нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн хороотой байна. 38.8 дугаар зүйлийн 38.8.2-т “хадгаламж зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох  эсэх асуудлыг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах эрхтэй”  гэж тус тус заасан заалтуудыг зөрчжээ.

Дээрх зээлийн гэрээнүүд нь анхнаасаа Иргэний хуулийн 56.1.9-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдож байх тул энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсдэг тул  хэргийн нөхцөл байдлын хувьд   нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж, зээлийн хоршоо нь хүчин төгөлдөр бус гэрээг хариуцагч нартай байгуулсан, гэрээний дагуу   зээлдэгч нарт зээлээр хэдэн төгрөг өгсөн, авсан болохоо  нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх тул   үр  дагаврыг тооцох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгч байгууллагын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2022/00407 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагч  байгууллагын төлөөлөгч Б.Наранчимэгийн гомдлыг   хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагч  байгууллагын  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ