Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01942

 

 

2022 10 31 210/МА2022/01942

 

 

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02844 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- ХХК-ийн хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани Өвөр Монголын Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулан, худалдагч нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд орших Төмөр толгойн уурхайгаас 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд худалдан авагч Ш- ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн. Ингэхдээ төмрийн хүдрийн баяжмалын 1 тонныг нь 19 ам.доллароор тооцон, нийт 380,000 ам.доллароор худалдан авахаар харилцан тохиролцсон. Манайх гэрээнд заасан 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалаас Дархан 2 өртөө Дархан таван нуурын талбайд буулгасан байсан төмрийн хүдрийн үлдэгдэл 5,700 тонн хүдрийг УБТЗ ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэх шаардлага үүссэн тул арга буюу төмрийн хүдрийн тээвэрлэлт вагоноор хийж байсан Г- ХХК-аар тээвэрлүүлэхээр болсон. Энэ тохиролцооны дагуу манайх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Г- ХХК-д албан бичиг хүргүүлж байсан ба Г- ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15/19 тоот баталгаа гаргах тухай албан бичгээр Дархан таван нуурын өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 5,700 тонн төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэлт хийж өгсөн. Бидний тохиролцооны дагуу Э- ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Голомт банкны 1905134543 тоот данснаасаа 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр замын төлбөр гэсэн гүйлгээний утгаар УБТЗ ХНН-ийн дансанд шилжүүлсэн ба энэ мөнгө нь 80 вагон тавиулах үнэнд зориулагдсан. УБТЗ ХНН-д вагоны мөнгө төлөгдсөнөөр Г- ХХК нь Дархан өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 80 вагон нийт 5,700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 1 сард Замын-Үүд сумын Сауд гейд ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, өнөөдрийг хүртэл гаалийн талбайд байлгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр гаргахгүй байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийж хилээр гаргах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ачилт хийхгүй бидний ажилд саад болж байна. Замын-Үүд сумын гаалийн хяналтын талбайд буулгасан 5,700 тонн төмрийн хүдрийн хадгалалтын хөлс өндөр гарч улмаар манай компани алдагдал хүлээх эрсдэл үүсэж байгаа, Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсээр барааг гаргахад тээвэрлэсэн Г- ХХК-ийн нэрээр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж бид хохирол хүлээх болоод байна. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хохиролд 86,314,400 төгрөг гаргуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сауд гейд ХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, манайх тээврийн болон төмөр зам хосолсон үйлчилгээ үзүүлдэг, энэ үйл ажиллагаа нь Монгол, Хятад улсын хооронд явагдах бөгөөд манай үндсэн оффис БНХАУ-ын Эрээн хотод байрладаг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Цоггэрэлийг Эрээн хотод байхад Өвөр Монголын Х- уурхай ХХК-ийн захирал Жан Шуй Бө, Өвөр Монголын Ш- ХХК-ийн захирал Ү Хай Яан нар ирж уулзан, Х- уурхай ХХК нь 20,000 тонн төмрийн хүдэр худалдаж авсан.Монголоос Эрээн рүү зөөвөрлөхөд асуудал үүсээд 3, 4 сар саатаад байх тул манайхаар тээвэрлүүлэх тухай санал хэлж, тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээ зөвхөн Өвөр Монголын Х- уурхай ХХК болон Г- ХХК-уудын хооронд байгуулагдсан. Харин Ш- ХХК нь Х- уурхай ХХК-д 20,000 тонн төмрийн хүдрийг Монголоос худалдаж авахад зуучлах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч тээвэрлэх үйл ажиллагаанд саад гарсан тул уулзсан. Ийнхүү Х- уурхай ХХК-тай гэрээ байгуулахад тэрээр 20,000 тонн хүдрийг Монголын М- ХХК-аас худалдаж авсан гэх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны МТВ/Н8Н-19.02 тоот гэрээг үзүүлж байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь Ш- ХХК-тай гэрээ байгуулж, төмрийн хүдэр байгаа мэтээр бичсэн нь ойлгомжгүй, уг гэрээний нөхцөл, зүйл заалт нь Х- уурхай ХХК-ийн М- ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээтэй яг адилхан байдаг. Үүнээс харахад 20,000 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Ш- ХХК-д худалдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.Манайх нэхэмжлэгчтэй холбогдсон шалтгаан нь Ш- ХХК-ийн захирал нь Х- уурхай ХХК-ийн худалдаж авсан 20,000 тонн төмрийн хүдэр болон бусад дагалдах бичиг баримт нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа гэсэн тул захирал Нарантуяатай холбогдож байсан. Манайхыг тээвэрлэлт хийхээр болоход ямар ч асуудалгүйгээр 5,760 тонн хүдрийг бидэнд шилжүүлж өгсөн. Харин төмөр замаар ачаа тээвэрлэхэд дор хаяж 7-14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг тул танайх захиалга өгч цаг алдаж байхаар манай нэр дээр Замынүдрүү төмрийн хүдрийг шуурхай явуулж болох тухай бидэнд тавьсан саналыг манайх захиалагч тал болох Х- уурхай ХХК болон зуучлагч Ш- ХХК-д хэлэхэд зөвшөөрч, бүгд харилцан тохиролцож төмрийн хүдрийг Дарханаас Замын-Үүдрүү Э- ХХК-ийн нэрээр ачуулахаар болсон. Харин төмөр замын тээврийн хөлсийг 20,000 тонноор бодож, нийт 365,200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэж байсан. Бид Х- уурхай ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн тул биднийг хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. Гэтэл төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгааг ашиглан манайхаас мөнгө шаардсан тул бид ачаагаа хоцроохгүйн тулд өөрсдөөсөө мөнгө гарган нэхэмжлэгчид өгөөд, дараа нь захиалагчтай тооцоо хийхээр болсон. Ингээд Дарханаас Замын-Үүдрүү 2 удаагийн ачилтаар нийт 5,760 тонн төмрийн хүдэр ачигдсан, 1 удаагийн ачилтын үнэ 86,314,000 төгрөг болсон. Бидний тээвэрлэсэн ачаа Замын-Үүдэд Сауд гейд ХХК-ийн хашаанд хадгалагдаж, ачаагаа дараах шалтгааны улмаас Х- уурхай ХХК-д хүргэж өгч чадахгүй байна. М- ХХК-аас худалдаж авсан 20,000 тонн төмрийн хүдрийн бичиг баримт, гарал үүслийн бичиг баримт, худалдаж авсан гэрээ, лабораторийн гэрээ гэх баримтуудын эх хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаагаас бид гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Нэхэмжлэгч ямар учраас захиалагч талын дээрх баримт бичгүүдийг гарган өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Төмрийн хүдрийг захиалагчид хүргэж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан, үүнээс болж манайх 2019 оны 11 дүгээр сараас хойш 2 жилийн турш Замын-Үүдэд төмрийн хүдрийн хадгалалт, талбайн түрээсийн хөлсийг Сауд гейд ХХК-д төлөх болоод байна. Нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагчаас авчхаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирол биш, аль гэрээгээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г- ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан Э- ХХК-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дах Сауд Гейд ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Э- ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Г- ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь БНХАУ-ын иргэн Сhаокеgегile /Цоггэрэл/-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 659,722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Талуудын байгуулсан гэрээний талаар авч үзвэл: Нэхэмжлэгч Э- ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дах хэсэгт үүргээ биелүүлээгүй. Учир нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК нь зуучлуулагч Хуй шэнг уурхай ХХК-аас шилжүүлсэн мөнгийг гэрээний дагуу Э- ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсгийг зөрчсөн. Э- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд барааг хүргэх үүргээ биелүүлээгүй, тээвэрлэлтийн гэрээг ердийн журмаар ч хийх талаар санал гаргаагүй. Үлдэгдэл 5,700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлээгүй тул худалдан авагч талын зуучлагч болох Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК нь өөрсдөө санал тавьснаар Г- ХХК-тай худалдан авагч Хуй шэнг уурхай ХХК-тай гурвалсан тээвэрлэлтийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Хуй шэнг уурхай ХХК нь 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмал худалдан авахаар Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК-аар зуучлуулан тэдний нэрээр 365,200 ам.доллар шилжүүлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлж төмрийн хүдрийн баяжмал худалдан авсан ба худалдан авсан өөрийн хөрөнгийг тээвэрлэлт хийн хүлээлгэн өгөхийг хүлээсээр байсан боловч 5,700 тонн төмрийн хүдрийн баяжмалын сураг байхгүй удааширч байсан. Иймд өөрийн худалдан авсан барааг яаралтай авахын тулд тээвэрлэлтийн гэрээг Г- ХХК-тай хийж энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэнээр тус компани төмрийн хүдрийн баяжмалыг 2 удаагийн ачилтаар ачуулсан. Үүнийг батлах үйл баримт, нотолгоо бол Э- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийсэн худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талын үүрэгт хамаарах тээвэрлэх, хүлээн авахтай холбоотой зардлыг хариуцах хуулийн үүргээ биелүүлж 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж өгсөн мөнгөн дүнд орсон тээвэрлэлтийн мөнгөнөөс Г- ХХК-д 2 удаагийн ачилтын мөнгө 86,314,400 төгрөг /1 удаагийн ачилтын үнэ шилжүүлж үүнээс Зам-Үүд суманд Сауд гейд ХХК-ийн МЧ-3 гаалийн талбайд буулгасан ба гаалийн бүрдүүлэлт хийх явцад шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийг худалдах, худалдан авах гэрээний дагуу уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр /Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дах хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримт бичгийг гаргаж өгөөгүйгээс тээвэрлэлтийн гэрээний үүргээ дуусгавар болгож чадаагүй.

4.б.Энэхүү тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирол 5,700 тонн хүдрийн баяжмал нь хэний өмч байх талаар бас нэгэн асуудал гарч байна. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэрээнд заасан бараа, тээвэрлэлтийн үнийн дүн болох 365,200 ам.долларыг худалдан авагч Хуй шэнг уурхай ХХК-ийн зуучлагч "Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК-ийн дансаар хүлээн авсан, 20,000 тонн хүдрийн баяжмалын өмчлөгч нь Хуй шэнг уурхай ХХК болж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г- ХХК-тай гурвалсан гэрээгээр үлдэгдэл 5,700 тонн хүдрийн баяжмалыг тээвэрлэлтийн гэрээний дагуу хийсэн уг компаниас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 247.2 дах хэсэгт зааснаар худалдан авагч буюу Хуй шэнг уурхай ХХК, түүний зуучлагчийн нэрээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй эд хөрөнгийн талаарх маргаан, эрсдэл нь тээвэрлэлт хийхээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэлт хийсэн Г- ХХК-тай хамааралгүй бөгөөд хүдрийн баяжмалыг худалдан авагч талд өгөх нь худалдагч талын үүрэг, тээвэрлэлт хийх нь худалдагч талын өгсөн 5,700 тонн хүдрийн баяжмалыг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж байгаагаас бус тээвэрлэлт хийх үүрэг биш худалдах, худалдан авах гэрээний үүргээ давхар биелүүлсэн болохоос тээврлэлтийн гэрээнээс үүдсэн хохирол гэж үзэхгүй. Хэрэв нэхэмжлэх бол худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах ёстой. Тээвэрлэлтийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн компаниас хүдрийн баяжмал нэхээд байгаа нь аль гэрээгээр шаардаад байгаа нь үндэслэл ойгомжгүй, худалдагч тал болох Э- ХХК-д 5,700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг Г- ХХК-аас нэхэмжлэх ямар ч эрхгүй, энэхүү 5,700 тонн төмрийн хүдрийн баяжмал нь гаалийн талбайд байлгаж, хадгалалтын мөнгө төлөөгүйгээс хураагдсан асуудал нь худалдан авагч талд учирсан эрсдэл гэж үзэх бөгөөд Э- ХХК-д учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийнхээ дагуу тээвэрлэлтийг хийх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байж Г- ХХК-ийн 2 удаагийн ачилтын мөнгөнөөс баталгаа гаргуулах гэх хуурамч нөхцөлөөр 86,314,400 төгрөгийг /1 удаагийн ачилтын үнэ/ буцаан авч, завшсан төдийгүй дахин буцааж 86,314,400 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байдаг. УБТЗ-ын дансанд Э- ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 17-нд шилжүүлсэн дүнгээс 2021 оны 11 дүгээр сарын 25-нд тээвэрлэлтийн үнэнд 16,748,300 суутган тооцсон байхад 86,314,400 нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл байх ёстой. Гэтэл Э- ХХК болон Г- ХХК хооронд ямар ч эрх зүйн харилцаа байхгүй байхад 5,700 тонн төмрийн хүдрийн баяжмалыг гаргуулан авахыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Г- ХХК нь "Э- ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд баталгаа гаргахыг шаардан авсан албан бичгийг гэрээний түвшинд авч үзэн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1 5-д заасан нэхэмжлэлийн үнийг ямар ч үндэслэлгүйгээр тусгасан, нотлох баримтыг буруу тайлбарлан шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд бий болсон эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах гомдолд ямар баримтыг үндэслэн тээвэрлэлтийн гэрээ гэж үзсэн нь ойлгомжгүй гэж байна. Г- ХХК-аас воган болон автомашинаар хийдэг. Тухайн тохиолдолд воганаар тээвэрлэлт хийж Замын-Үүдэд хүргэж өгөхөөр тохиролцож, 2 удаа 86,314,400 төгрөгийн зардлыг төлсөн. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн хариуцагч нь 5700 тонн төмрийн хүдрийг 2020 оны 01 дүгээр сард Замын-Үүдийн МЧ-3 гаалийн хяналтын талбайд буулгасан. Нэхэмжлэгчийн хувьд тус төмрийн хүдрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Шүн юань шин импорт, экспорт худалдаа ХХК-д гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагчаас нэмэлт мөнгө өгсөн тохиолдолд хүлээлгэн өгнө гээд өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэсэн тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь Өвөрмонголын Шүн юань шин импорт, экспорт худалдааны компанитай төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тээвэрлэлтийг хариуцагч Г- ХХК гүйцэтгэсэн, хариуцагчийн хүсэлтээр төмөр замын төлбөрт 86,314,400 төгрөгийг төлсөн боловч уг төлбөрийг буцаан төлөөгүй, мөн хариуцагч нь төмрийн хүдрийг худалдан авагч Шүн юань шин импорт, экспорт худалдааны компанид хүлээлгэн өгөөгүй тул хариуцагч Г- ХХК-аас 86,314,400 төгрөг болон 5,700 тонн төмрийн хүдрийг гаргуулна гэх агуулгаар тодорхойлсон.

3.б.Нэхэмжлэгч Э- ХХК нь Өвөрмонголын Ш-ны компанитай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000 тонн төмрийн хүдрийг нийт 745,200 ам.доллараар худалдахаар тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан. /хх-ийн 11-12-р тал/. Тус гэрээний 4.3-т Худалдан авагчийн худалдаж авсан төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүдүүлэлтийн зардал, татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад ачиж буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй болно гэж заажээ.

3.в.Хариуцагч Г- ХХК нь нэхэмжлэгч Э- ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15/19 дугаар албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичигт Манай компани нь УБТЗ ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмрийн хүдэр тээвэрлэж байгааг та бүхэн мэдэж байгаа болно, ... тавигдсан 40 вагоны төмөр замын төлбөр болох 86,000,000 төгрөгийг манай компанийн бүртгэлээр хийлгэж тавигдсан вагоныг хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. Бид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танай компанийн харилцах данс болох Голомт банкны 1905134543 тоот дансанд тохирох төлбөрийг шилжүүлэхээ үүгээр баталгаа гаргаж байна гэжээ. /хх-ийн 13-р тал/

3.г.Дээрх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Э- ХХК нь төмөр замын төлбөрт 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр зам ХНН-т шилжүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд нийт 40 вагон төмрийн хүдрийг хариуцагч Г- ХХК-д хүлээлгэн өгч ачуулсан болох нь Голомт банк-ны дансны хуулга, Улаанбаатар төмөр зам ХХК-ийн ачаа илгээх тухай хүснэгт, төлбөр шилжүүлсэн тооцооны албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 16-17, 106-109-р тал/

3.д.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ.

3.е.Учир нь гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог бөгөөд нэхэмжлэгч Э- ХХК нь захиалагч Ш-ны компанийн захиалсан төмрийн хүдрийг хариуцагч Г- ХХК-аар тээвэрлүүлэхээр захиалга өгснийг хариуцагч хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

3.ё.Хариуцагч Г- ХХК нь Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт зааснаар ачааг тээвэрлэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 5,700 тонн төмрийн хүдрийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, уг төмрийн хүдэр Сауд гэйт ХХК-ийн хяналтын талбайд саатсан болох нь талуудын тайлбар, Сауд гэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 204-р тал/

3.ж.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г- ХХК нь төмөр замын төлбөр болох 86,314,400 төгрөгийг нэхэмжлэгч Э- ХХК-аар урьдчилан төлүүлсэн боловч буцаан төлөөгүй, мөн 5,700 тонн төмрийн хүдрийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар 86,314,400 төгрөг болон 5,700 төмрийн хүдрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

4.Хариуцагч татгалзалдаа Өвөр Монголын Хуй шин уул уурхайн компани нь Өвөр Монголын Шүн юань шин импорт, экспорт худалдааны компаниар зуучлуулан, Монгол Улсын М- ХХК-аас төмрийн хүдэр худалдан авсан, тус төмрийн хүдэр болон дагалдах бичиг баримтууд нь нэхэмжлэгч Э- ХХК-д байсан, манай компани нь Хуй шин уул уурхайн компанитай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу төмрийн хүдрийг тус компанид хүлээлгэн өгөх ёстой, нэхэмжлэгч нь төмөр замын төлбөрийг захиалагчаас авсан тул манай компани хариуцахгүй гэж тайлбарласан.

4.а.Гэвч хариуцагч талаас татгалзлаа нотлохоор гаргаж өгсөн зарим нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хэрэгт авагдсан Өвөр Монголын Хуй шин уул уурхайн компани, Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээ, Өвөр Монголын Ш-ны компани, Хуй шин уул уурхайн компани, Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан 3 талт нөхвөр хэлэлцээр зэрэг нь хариуцагчийн татгалзлыг шууд нотолсон баримтууд биш байна.

4.б.Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь хариуцагч Г- ХХК-ийн төлбөр төлөхөө илэрхийлсэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15/19 дугаар албан бичиг, төмөр замын төлбөрийг төлсөн талаарх нэхэмжлэгч Э- ХХК-ийн дансны хуулга, Улаанбаатар төмөр зам ХХК-ийн ачаа илгээх тухай хүснэгт, төлбөр шилжүүлсэн тооцооны албан бичиг зэргийг няцааж чадаагүй, хариуцагч Г- ХХК нь татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байна.

5.Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, 5,700 тонн төмрийн хүдэр хэний өмч болохыг тогтоогоогүй, эрсдэлийг манай компани хариуцах үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 5,700 тонн төмрийн хүдрийг хадгалж буй компани болох Сауд гэйт ХХК-ийн нэрийг Сауд Гейд ХХК гэж буруу бичсэнийг мөн залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02844 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т ... гэснийг Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт гэж, ... Сауд Гейд ... гэснийг Сауд гэйт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 659,722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Г.ДАВААДОРЖ