Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01482

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 10 210/МА2022/01482

 

Б.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01200 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,368,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Т би Д.О тэй 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ээлийн гэрээ байгуулан 48,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, cap бүрийн 29-ний өдөр хүүг төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлтэй 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Зээлдэгч Д.О нь зээл авснаасаа хойш гэрээний үүргээ зөрчин огт төлбөр төлөөгүй ба гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 180 хоногийн алданги 24,000,000 (хуулийн дагуу үндсэн зээлийн 50 хувь хүртэл) төгрөг, үндсэн зээлийн 48,000,000 төгрөг, түүний хүү болох 10,368,000 төгрөгийн хамт, нийт 82,368,000 төгрөгийг хариуцагч Д.О ээс гаргуулна.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Т яг болсон бодит байдал буюу н.Б аас мөнгө зээлээд хүмүүсийг хооронд нь холбож өгөөд зээлийн гэрээг н.Б хөдөө явсан байсан учраас түүний өмнөөс байгуулсан талаар тайлбарласан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн 47,980,256 төгрөг, үндсэн зээл 29,000,000 төгрөг, 17,000,000 төгрөгийн хүүгээс нэмэгдүүлсэн хүү төлөгдсөн байдаг. Мөн энэ хугацаанд 2017 оноос 2019 оны 12 сар хүртэл энэ банк бус санхүүгийн байгууллагад Б.Т нь ажиллаж байсан. Нэхэмжлэгч өрөө банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсны хувьд зээлийг төлүүлэх зорилгоор н.Б тай зээлийн гэрээ байгуулсан нөхцөл байдал нь өөрийн өгсөн мэдүүлэг, тайлбар, бусад нолтох баримтаар нотлогдож байгаа. Тиймээс н.Б нь зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байх бөгөөд Д.О д Б.Т зээлсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Мөн зээлийн гэрээний 3.2-т гэрээг зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тиймээс гэрээний хувьд хүчин төгөлдөр болоогүй, гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-ийг зөрчсөн учир хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Тиймээс нэхэмжлэгч талаас хүү болон алданги шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрч н.Б нь Д.О д зээлээгүй Б.Т д зээлдүүлсэн гэдэг. Б.Т нь өөрөө зээлсэн гэж гэрчээр нотлуулах эрхээ дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал алдсан гэж үзэж байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эм Эй Эф ББСБ-аас авсан 30 сая төгрөг түүний үндсэн төлбөр 29 сая төгрөг, 17 сая төгрөгийн хүү, 1,080,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 47,980,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр хариуцагч нь 30,000,000 төгрөгийн зээлийг авч ашигласан, 48 сая төгрөгийг аваагүй гэж үзэж байгаа. Тиймээс 38,000,000 төгрөгнөөс тооцвол 1 сарын хүү 1,080,000 төгрөг, 6 сарын хүү 6,048,000 төгрөг шаардах ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 17,000,000 төгрөгийн хүү, 1,080,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс хэрэв н.Б д төлөх шаардлагатай бол 6 сарын хүү 6,048,000 төгрөг 30,000,000 төгрөгийн алданги 15,000,000 төгрөг, 51,480,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О ээс нийт 70,368,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т д олгож, үлдсэн 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 м.кв талбай бүхий ГД:000246262, улсын бүртгэлийн Ү-2203007323 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 579,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжилсэн 24,000,000 төгрөгийн 50 хувь болох 12,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхээс багасгаж болно гэх зохицуулалтын хүрээнд багасгаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2 дахь хэсгийн 2.4-т заасан 1 сарын 3,6 хувийн хүү нь зээл олгох эрх бүхий байгуулага болох арилжааны банкны хүүгээс өндөр байна гэж дүгнэж алдангийг хассан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээл байгуулах үед 3,6 хувийн хүү нь хамгийн бага байсан. Уг хэрэгт авагдсан баримтыг анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, 12,000,000 төгрөг болгосон. Нийт 82,368,000 төгрөгийн нэхэмжлэлийг 70,368,000 төгрөг болгож үндэслэлгүй шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг 24,000,000 төгрөгөөр хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий дүгнэсэн. Тухайн маргаан нь давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа орж байгаа. Анх уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Эм Эл Эй банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч Б.Т нь уг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Тухайн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 08-нд дуусах байтал хугацаа дуусахаас өмнө зээлийг сунгаж өгөх хүсэлт гаргахад сунгах боломжгүй, уг зээлийг хааж, ээлжийн амралтаа авах тул зээл чөлөөлдөг хүн олж өгье гэж хэлсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу зөв тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүтэй нь 48,000,000 төгрөг болгож, Б.О , н.Б нар нь төлсөн. Банк бус санхүүгийн байгууллагын 3,2 хувийн хүүтэй зээлсэн гэж шүүх үзсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.О д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,368,000 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Талууд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Т нь 48,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Д.О сар бүрийн 29-ний өдөр хүү төлж, хугацааны эцэст үндсэн зээл, хүүгийн хамт төлөх, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-4/

Зээлдүүлэгч Б.Т Төрийн банк дахь 104200063620 тоот данснаасаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Д.О ийн данс руу 48,000,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утгыг Б аас зээл олгов гэж бичжээ./хх7/

Д.О мөнгийг хүлээн авсан гэдэгт маргаагүй, харин уг мөнгийг Д.Б зээлдүүлсэн, Б.Т зээлсэн гэж үзэхгүй тул шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргажээ.

Уг маргаантай холбогдуулан гэрч Д.Б шүүхэд Б.Т д би мөнгөний хэрэгтэй үед мөнгө авч байсан, өөрөө ч бас өгч байсан, .... тийм их хэмжээний 40 сая төгрөгөөр зээлж байгаагүй, 5,10-аар ганц нэг машин тэргэнд хэрэг болоод зээлж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байна. /хх175/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч Б.Т , Д.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Мөн гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч зээлийн үүргээ гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх хариуцагч үүргээ гүйцэтгээгүй талаарх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн хариуцагч Д.О ээс үндсэн зээл 48,000,000 төгрөг, зээлийн хүүд 10,368,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 70,368,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ. Энэ шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

4.Нэхэмжлэгчийн хувьд шүүх алдангийн хэмжээг багасгахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй болжээ.

Учир нь хэрэгт анзын хэмжээ илт их байгаа гэх нөхцлийг нотолсон баримт авагдаагүй байхад нэхэмжлэгч нь өөрт нь болон Э ХХК-д ашигтай өндөр хүү тогтоосон зээлийн байгуулсан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг багасгасан нь буруу байна.

Талууд гэрээгээр зээлдүүлэгч нь үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцон зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон байна. Хариуцагч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 24,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцжээ.

5.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Мөн хариуцагч тал зээлийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 57 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий орон сууцаар /хариуцагч Д.О ийн өмчлөлд бүртгэлтэй/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. Шийдвэрийн энэ хэсэгт зохигч талууд гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01200 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О ээс 82,368,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т д олгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 579,990 гэснийг 639,990 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,657 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД