Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01766

 

 

 

 

 

 

 

 

 

А.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01811 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,023,480 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,380,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: А.О- нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б-тэй Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 9,500,000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ-г байгуулан, зээлийн хэмжээг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь болгон бууруулсан. Зээлдэгч Б.Б- нь нийт 10,000,000 төгрөгийг тухайн үед бэлнээр хүлээн авсан.

Зээлийн хүүд 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 6,437,680 төгрөгийг төлж, 8,682,320 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 8,682,320 төгрөг, алданги 9,341,160 төгрөг, нийт 28,023,480 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээг дүр үзүүлэн хийсэн. А.О-аас зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг шилжүүлж аваагүй. А.О-тай найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед А.О- ипотекийн зээл авахын тулд банканд үзүүлэх үүднээс дээрх гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Б.Б- нь 2013 оноос 2014 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд 8,380,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг 8,380,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Гэрээний дагуу хариуцагч Б.Б- нь зээлийн хүүд 6,437,680 төгрөгийг төлсөн, харин 8,380,000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь нотлогдохгүй юм. Гэрээний дагуу шилжүүлээгүй гэснийг мөн ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,873,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-ий ...8,380,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О-аас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 298,067 төгрөгийг, хариуцагч Б.Б-ий 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 175,000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 237,317 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Дүр үзүүлсэн гэрээ хийсэн болох нь үнэн. Тухайн дүр үзүүлэн гэрээ хийсэн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахад тогтоогдоогүй. Зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу мөнгө болон ижил төрлийн зүйлийг шилжүүлсэн байхыг шаардсан. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хүүг багасгаж, 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн өдөр 500,000 төгрөг зээлүүлсэн гэх асуудал нь аль ч дансны гүйлгээгээр харагдахгүй. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг нэхэмжлэгч тал үгүйсгэж байгаа тул маргаангүй. Тухайн зээлүүлсэн мөнгөн дүнг бэлнээр Б.Б- хүлээж авсан бөгөөд шүүхэд шинжлэн судлуулсан депозит дансны хуулга хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс нэгэнт зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Зээлийн хүүд 6,437,680 төгрөгийг зээлдүүлэгч шилжүүлсэн гэж тооцсон. Б.Б-ий дансны хуулгыг шинжлэн судалж, 8,380,000 төгрөгийг шилжсэн гэж тогтоосон. Гэтэл 8,380,000 төгрөг шилжсэн байна гэж тогтоосон атлаа 6,437,680 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй. Тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүхэд буцаан дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар өмгөөлөгч өөр байр суурь эзлэх эрхгүй гэх утгаар тайлбарыг бичгийн хэлбэрээр хүргүүлсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч 3 зүйлийг тодруулсан. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй. Өөрөөр хэлбэл, гарын үсэг зурж, зээлийн гэрээг байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн. Б.Б- миний бие 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 9,500,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн болно гэж нотариатын дэргэд бичсэн. Анхан шатны шүүх тодорхой тайлбарласан гэж үзсэн. Нэмэлт гэрээ хийсэн талаар хариуцагчийн өмгөөлөгч маргаагүй. Зээлийн харилцаа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл маргасан. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нь татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Үндэслэлгүйгээр 8,900,000 төгрөгийг авсан гэх асуудлыг нотолж баримт гаргаагүй. Засгийн газрын тогтоолоор банк бус санхүүгийн байгууллага 3 хувиас хэтэрч болохгүй гэх зарчмыг баримталж, анхан шатны шүүх өндөр байна гэж үзэж, 3 хувиар тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн дагуу гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч А.О- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,023,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч мөнгийг шилжүүлж аваагүй, Зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 8,380,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзээд маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагад холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, талууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч А.О- нь 9,500,000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1 жилийн хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй зээлдэгч Б.Б-д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хугацаанд бүхлээр нь төлөх нөхцлийг харилцан тохиролцон, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ-гээр гэрээний хугацааг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунган, зээлийн хэмжээг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хэмжээг 10,000,000 төгрөг, зээлийн хүүг 5 хувь болгон өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна. /хх 6, 7/

Б.Б- нь 2013 оны зээлийн гэрээнд Б.Б- миний бие 2013.08.01-ний өдөр 9,500,000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр авсан нь үнэн болно гэж, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд 2017.07.22-ны өдөр 500,000 төгрөг хүлээн авсан Б.Б- гэж тус тус бичжээ. Уг баримтыг хариуцагч Б.Б- өөр баримтаар үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

А.О- ипотекийн зээл авахын тулд дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Б.Б- нь А.О-ын ХААН банк дахь данс руу 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 6,437,680 төгрөгийн төлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан А.О-ын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга бичгийн баримтаар тогтоогджээ. /хх-8-16/ Дээрх баримтуудыг харьцуулан үзээд А.О-, Б.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул мөнгө шилжүүлсэн баримтгүй байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Б.Б-ээс А.О-ын данс руу мөнгө шилжүүлсэн ХААН банкны депозит дансны хуулга, талуудын байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн хариуцагчийн гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Улмаар 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг 9,500,000 төгрөгт ногдох нэг сарын хүүг 8 хувиар, 2014 оны гэрээний үүргийг 10,000,000 төгрөгт ногдох нэг сарын хүүг 5 хувиар тус тус тооцон, нийт гүйцэтгэх үүргээс гүйцэтгэсэн үүргийг /17,020,000-6,437,680 төгрөг/ хасч, 10,582,320 төгрөгийг зээлийн үүрэгт төлөөгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талууд зээлийн гэрээний 3-т зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон төлөхөөр тохиролцсон, хариуцагч тогтоосон хугацаанд зээл буцаан төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх алданги 9,341,160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцүүлэн 5,291,160 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримталсан хуулийг үндсэн нэхэмжлэлтэй хамт хэрэглэсэн агуулгатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01811 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,873,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.О-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,380,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-ий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 237,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД