Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 523

 

Б.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ог, түүний өмгөөлөгч Г.М, П.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 517 дугаар магадлалтай, Б.И-эд холбогдох 1807000270014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Өөлөг овогт Б-ийн И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.И-ийг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ийг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.И-ээс 5.350.502 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэгт олгож, 43.292.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4,  509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасан хугацаа хүртэл шүүгдэгч Б.И-ээс сар бүр 89.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор” шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ээс 10.350.502 /арван сая гурван зуун тавин мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэгт олгосугай” гэж өөрчилж,

8 дахь заалтыг “Энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй гэм хорын хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай ...” гэж өөрчилж,

4 дэх заалтын “... 43292.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг, 5 дахь заалтыг бүхэлд нь, 7 дахь заалтын “... иргэний хариуцагч Ч.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй ...” гэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хянан хэлэлцсэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 517 дугаар магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Прокуророос шүүгдэгч Б.И-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагаж, мөрдөж, ослоос урьдчилсан сэргийлэх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан Н.Гантөр нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчимд шороонд дарагдаж хүнд хохирол учирч улмаар уг өвчний улмаас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар ялласан хэргийг давж заалдах шатны шүүх Б.И-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлоор хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж дүгнэхдээ “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээснайман”жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид ял оногдуулсан байна гэж Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй ялын төрөл хэмжээг дурдан дүгнэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.И нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байхад хүнд гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс талийгаачийн олох байсан орлого 5.350.502 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцон шүүх хуралдаанаас өмнө төлж бусдад төлөх төлбөргүй болсон байхад сэтгэл санааны хохирол тухайн төлбөрийг төлсөн гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж Б.И-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх хэрэглэх боломжгүй болж түүний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн.

Мөн иргэний хариуцагч Ч.Э-ын үүрэг хэвээр байгаа бол эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм хорын асуудлыг давхар шийдвэрлэх боломжтой юм. Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Ч.Э-ыг иргэний хариуцагчаас чөлөөлсөн заалтыг хүчингүй болгосон атлаа хохирлыг хэрхэн хариуцах эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө Б.И-ийн ар гэрээс сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 5.000.000 төгрөгийг давхардуулж гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Б.И-ийн эрх зүйн байдалд нөлөөлсөн, шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр болсон. Б.И- нь нүүрсний бичил уурхай хариуцан ажиллуулж байсан хэдий ч 2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажлаасаа буусан бөгөөд түүний төрсөн ах Б.Төгсжаргал уурхайг хариуцахаар хүлээж авсан. Тухайн өдөр Б.Төгсжаргал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар мэдүүлгүүд хэрэгт бий. Гэмт хэрэгт үйлдсэн этгээдийг шударгаар олж тогтоох, хүний эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд шүүгдэгч Б.И-, гэрч Б.Төгсжаргал болон бусад гэрчүүдийн мэдүүлгээс харахад Б.Төгсжаргал хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Б.Төгсжаргал эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй. Тухайн үед нүүрсний бичил уурхайг Б.И- хариуцаж байсан болох нь дүгнэлтээр тогтоогдсон. Мөн сэтгэл санааны хохирол төлөгдөөгүй буюу анхан шатны шүүх цалин болон оршуулгын зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа бөгөөд шүүхээс шүүгдэгчид үндэслэл бүхий ял оногдуулсан. Ч.Энхбаатар гэм буруугүй болох нь Б.И- болон түүний өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогддог. Мөн хохирлыг хэрхэн нэхэмжлэх, шийдвэрлэх эсэх нь иргэний хэргийн шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.И-эд холбогдох хэрэг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гантөр 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан. Б.И-эд холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж шүүхэд шилжсэн бөгөөд анхан шатны шүүхээр 4 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа хэлэлцэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Хохирогч Н.Гантөр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцож мэдүүлэг өгч байсан бөгөөд шүүх хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон гэж үзэж байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “талийгаачийн биед шинээр механик гэмтэл тогтоогдсонгүй, удаан хугацаанд хэвтрийн байсны улмаас ууц болон баруун шагайн үенд цооролт шарх үүсч цусан үжлийн улмаас нас барсан, бүсэлхийнээс доош хэсгийн саа саажилт архаг өвчтэй байсан” гэж тогтоосон бөгөөд хохирогч хүнд гэмтэл авсан байна. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.И-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.И нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, 18.2.6 дахь /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж, мөрдөж, ослоос урьдчилсан сэргийлэх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан Н.Гантөр нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн үед шороонд дарагдаж улмаар амь нас нь хохироосон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Шүүх шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх гэж тодорхойлсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэмжээг тогтоохдоо зөвхөн учирсан хохирол төдийгүй гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог тогтоох ёстой бөгөөд шүүгдэгч Б.И-ийн холбогдсон гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба үүнд заавал тогтоох үндсэн шинж нь шалтгаант холбоо юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо хэргийн бодит нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзах ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.И Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчсөний улмаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчимд уурхайд ажиллаж байсан хохирогч Н.Гантөр нь уурхайн мөргөцөгт шавранд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, уг гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрийн байдалтай байснаас ууц болон баруун шагайн үенд цооролт шарх үүсч цусан үжлээр 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан, өөрөөр хэлбэл Н.Итгэлтийн хайхрамжгүй эс үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогчийн эрүүл мэндэд тухайн ослын улмаас хүнд хохирол учирч шууд  нас бараагүй хэдий боловч хохирогч нь харьцангуй удаан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зовж шаналсан ба цаашид үргэлжлүүлэн хэвийн амьдрах боломжгүйгээр хохирол амссан тул шүүх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хүрээнд дүгнэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шүүгдэгчид оногдуулж болох эрүүгийн хариуцлага, шүүхээс гарах шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох алдаа биш юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н нь хяналтын шатны шүүхэд “... Б.И-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх хэрэглэх боломжгүй болж түүний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн” гэсэн гомдол гаргажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх, чөлөөлөх журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг (хохирогчийг эргэж тойроогүй, хэрэг гарснаас хойшхи хугацаанд утсаар болон биеэр ирж биеийн байдлыг нь асууж байгаагүй зэрэг) харгалзан үзэх ба Б.И-ийн хувьд хүнийг амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд уг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг бүрэн арилах боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод түүнд оногдуулсан ял нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг тэмдэглэвэл зохино.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалыг гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг хянан дүгнэж, шүүгдэгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан бөгөөд энэ нь хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх хохирогчийн эрхийг хязгаарлаагүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байх тул уг шийдвэрийг буруутган дүгнэх, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 517 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН