Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 461

 

108/2019/0043/Э

 

 

 

 

 

 2019          5             16                                              2019/ДШМ/461                                                          

 

Б.И-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд,

хохирогч Н.Гантөр, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

шүүгдэгч Б.И- , түүний өмгөөлөгч С.Батзаяа,

нарийн бичгийн дарга Г.Атанзул нарыг оролцуулж,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Гантөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.И-дхолбогдох 1807000270014 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө овгийн Б-ийн И- , ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

 

Б.И-  нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн үед ажиллаж байсан Н.Гантөр нь шороонд дарагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.И- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.И- ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И-дтодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 8 /найм/ сар хасч, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.И-доногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.И-  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 5,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1.1, 2.1-т заасныг журамлан Б.И-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас чөлөөлж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.И-доногдуулсан тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хассан 8 /найм/ сарыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Гантөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс “цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлж байсныг үл ойшоон хор уршиг бүрэн арилаагүй байхад хуулийг буруу тайлбарлаж, нөхцөл байдал болон нотлох баримтыг дутуу үнэлж, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон 6 сараас 3 жил хүртэлх хорих ялтай хэрэг байхад “хохирлыг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр хорих ялаас шууд чөлөөлсөнд гомдолтой байна.

Учир нь, хохирогч Н.Гантөр миний бие гэмт хэргийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, бүсэлхийнээс доош мэдээгүй болж, тэргэнцэр дээр суудаг болсон ба 100 хувь хүний асаргаанд ороод байна.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 5,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн ч энэ нь тухайн үеийн эмчилгээний бодит зардал байсан ба миний биед учруулсан хүнд гэмтлийн хохирлыг 5,500,000 төгрөг бүрэн төлснөөр тогтоогоод, хорих ялаас чөлөөлж буй нь мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаа нь нэг талыг барьсан, нотлох баримт болон нөхцөл байдлыг дутуу үнэлж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн тухайн үед Б.И- ийн ар гэрийн гуйлтаар “хохиролгүй” гэж мэдүүлж байсан ч өдийг хүртэл миний эмчилгээний зардалд нэг ч төгрөг гаргахгүй, холбогдохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэснийг зөрчиж байна.

 Миний бие өдөр болгон памперс хэрэглэж, хэрэглээний зардал их гарч байна. 4 хүүхэдтэй, эхнэр намайг асарч, ажил хөдөлмөр хийж чадахгүй, байнгын хэвтэрт, нуруу өвдөж, хүнд байдалтай байна.

Миний өмнөх өмгөөлөгч “гомдол саналгүй гэж хэл, Б.И-  ял авах юм бол чамд хохирол төлбөр гаргаж өгч чадахгүй, тэтгэмж олдохгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш 1 сар гаруй өнгөрөхөд надад эмчилгээний зардал огт өгөөгүй, надтай огт уулзаагүй.

Иймд шүүхийн үйл ажиллагаа болон тогтоолыг бүхэлд нь хянаж, шүүгдэгч Б.И- ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж гаргасан шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялаар сольж өгнө үү. Мөн цаашид эмчилгээний зардал болон эмчилгээтэй холбоотой бусад зардлаа иргэний журмаар нотлох баримтаа цуглуулан нэхэмжилнэ. Иймд энэ хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Н.Гантөрийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасан. Энэ үндсэн дээр шүүгдэгч Б.И-дхолбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримтаар бичил уурхай эрхлэгч “Билгүүн сар” нөхөрлөл нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, “Билгүүн сар” ХХК-ийг төлөөлж ахлагч Ч.Энхбаатар, “Сүмбэр худаг” ХХК нарын байгуулсан гэрээг баталгаажуулж, бичил уурхай эрхлэх зөвшөөрөл авсан. Энэ гэрээг байгуулж баталгааг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Сүмбэр худаг” ХХК-нд олгосон гэрээг шалгах шаардлагатай.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Н.Гантөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60%-иар тогтоосон байдаг. Гэтэл эмчийн комиссын магадлагаагаар энэ хүн 80% хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь хавтас хэрэгт авагдсан. Тэгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, үндэслэл бүхий биш гарсан.

Мөн хувиараа ашигт малтмал олбролтыг иргэдийн хамтран ашиглах гэрээг харахад тухайн гэрээг байгуулсан этгээдүүд бүгд энэ хэргийн холбогдогч юм. Зөвшөөрөл олгосон талбай дээр үйл ажиллагаа явуулахаар нөхөрлөл өөрөө зөвшөөрөл авсан учир Б.И-  өөрөө энэ хэргийн холбогдогч болохгүй.

 Хөдөлмөрийн улсын байцаагч /шинжээч/ А.Оюунтүлхүүрийн гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд “уурхайн амны эзэн” гэж гарсан. Энэ асуудалд уурхайн амны эзэн яригдахгүй, тусгай зөвшөөрөл авсан компани яригдана. Тус гэрээнд “2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гуравласан гэрээнд нөхөрлөлийн ахлагчаар Ч.Энхбаатар, нөхөрлөлийн гишүүнээр осол гарсан уурхайн эзэн иргэн Б.И-  бүртгэлтэй” гэж заасан. Нөхөрлөлийн гишүүнээр осол гаргасан уурхайн эзэн Б.И-  гэсэн баримт хавтас хэрэгт байхгүй.

Хуульд заасан үндэслэлээр нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байхад тухайн нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татах ёстой гэж үзэж байна.

Хэт нэг талыг барьж, шударга ёсны зарчмыг зөрчиж, манай үйлчлүүлэгчийн хохироож байгаа нь буруу, гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.И-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанаас хойш ажил хийгээгүй байсан учраас очиж уулзаж чадаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилд орсон. Шүүх хуралдаанаас хойш сар болгон 320,000 төгрөгийн тэтгэмж өгөхөөр ярилцсан боловч ажилгүй байсан тул өгч чадаагүй. Одоо ажилд орсон. Нөхөрлөл улсын бүртгэлт бүртгэгдсэн эсэхийг би сайн мэдэхгүй. Нөхөрлөлийн 10 хүн бүгд тус тусдаа ам эзэмшдэг. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.И- ийн өмгөөлөгч С.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.И-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх ял шийтгэлийг хүндрүүлэх эрх байхгүй.

Хохирлыг “Билгүүн сар” нөхөрлөл болон Б.И-  нараас нэхэмжлэх эрхтэй, мөн хохирол барагдуулах үүргийг Б.И-дхүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Хохирогч Н.Гантөрийн өмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан тайлбарт, “Билгүүн сар” гэх тухайн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ нөхөрлөлийн гишүүд хоорондоо хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийн талаар тус тусдаа баталгаа бичиг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан. Тэгэхээр хариуцаж байгаа амыг хариуцсан эзэн нь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг биелүүлнэ. Энэ баримтын дагуу анхан шатны шүүх цаашид гарах хохирлын асуудлыг үүрэг болгосон учраас хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. ...” гэв.

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Н.Гантөр мэдүүлэхдээ “хохирол болох 5,500,000 төгрөг бүрэн төлөгдсөн, хохиролгүй” гэж мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүхээс хохирогч Н.Гантөр, шүүгдэгч Б.И-  нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг үндэслэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэн эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх, хэт нэг талыг барьж, нотлох баримт болон нөхцөл байдлыг дутуу үнэлж хуульд нийцээгүй шийдвэр гаргаагүй. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хувиараа ашигт малтмал олборлодог иргэдийн хамтран ажиллах гэрээний 9.1 дүгээр зүйлд “хамтын ажиллагааны ажлын шаардлага болон бусдад учруулсан хохирлыг гэрээнд оролцсон дундын хөрөнгөөр шийдвэрлэнэ. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нөхөрлөлөөс нэхэмжилнэ” гэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Н.Гантөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа  нөхөрлөл болон Б.И- ээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна.

Хохирогчийн гомдолд дурдсан “эмчилгээний зардалд мөнгө төлөөгүй, холбогдохгүй байгаа” гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, эмчилгээ хийлгэх, зардал болон тухайн үед эмчилгээ хийлгэх зардал 5,500,000 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогч Н.Гантөр нь цаашид гарах зардал болон эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Иймд хохирогч Н.Гантөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.  

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарт “Төгсжаргал нь анх уурхайн эзэн гэж байгаад өөрчлөгдсөн” гэдэг нь тухайн уурхайн амны эзэн нь И- , Төгсжаргал тухайн үед л хариуцаж байсан. Тухайн үед Төгсжаргал нь аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулсан, Б.И-  байгаагүй. Мэргэжлийн байгууллагаас 2 удаа дүгнэлт гарсан. Эцсийн байдлаар Б.И-  хариуцна гэсэн дүгнэлт гарсан.

Тус дүүргийн засаг дарга, “Билгүүн сар” нөхөрлөл, “Сүмбэр худаг” ХХК нарын гуравласан гэрээ байгуулсан. Нөхөрлөл нь 10 гишүүнтэй, Энхбаатар нь тухайн нөхөрлөлийг хариуцан ахалж гэрээ байгуулсан, 10 хүн нь бүгд өөр өөрийн уурхайн ам болох цооног хариуцан ажиллаж байсан. Уурхайн ам хариуцсан Б.И- ийн “тухайн хариуцсан уурхайн аманд осол болон ямар нэгэн асуудал гарвал, уурхайн амны эзэн хариуцна” гэсэн баталгаа байгаа тул Б.И- ийг яллагдагчаар татсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх:

“Б.И-дтодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 8 сарын хугацаагаар хасаж...” гэж  ямар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаад байгаа нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-т “...Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ...” гэж зааснаас багасгаж 8 сарын хугацаагаар эрх хасах ял оногдуулж,   

 

- “...хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нөхөрлөлөөс нэхэмжил...” гэж хохирол, гэм хорын нэхэмжлэлийг хэрэгт иргэний хариуцагчаар оролцоогүй этгээдээс нэхэмжлэхээр зааж тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хугацаатай нийцүүлэн хэрэглэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан байх ба иргэний хариуцагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх, 4 дэх хэсэгт заасан үүргийг эдэлж оролцдог.

 

Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно”, 482 дугаар зүйлийн 482.5 дахь хэсэгт “...Гишүүд өөрөөр тохиролцоогүй бол дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд нөхөрлөлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх бүхий этгээдүүд ижил хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасанд нийцүүлэн тус эрүүгийн хэрэгт нөхөрлөлийн гишүүдийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэж, тэд уг осол болсон нүүрс гаргах амнаас нүүрс олборлох үйл ажиллагаанд ямар байдлаар оролцдогийг тодруулах ажиллагаа явуулж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас Б.И- ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг атал анхан шатны шүүх Б.И- ийн гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, түүний учруулсан хохирол, хор уршгийн ямар шинж чанар, Б.И- ийн ямар хувийн байдлыг харгалзаж байгаа талаар, мөн Б.И-  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ямар хэмжээгээр нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг ямар байдлаар нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлын талаар тус тус дүгнэлт хийлгүйгээр Б.И- ийг хорих ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Ингэж дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэснээс хохирогч Н.Гантөр нь давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын асуудал дээр маргасан гомдлыг гаргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх нөхцөлүүд хангагдсан эсэхэд бүрэн дүгнэлт хийж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.И-дхолбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.И-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ