| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2019/04037/И |
| Дугаар | 210/МА2022/02121 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2022/02121
2022 12 14 210/МА2022/02121
Ө-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04320 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ө
Хариуцагч: А ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Талууд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-т заасны дагуу хариуцагч Рояал стоун рөүд ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах Ө-ийн кемпэд гэрээний 1.2-т заасан марк, үнэ, хэмжээ бүхий цементийг нийлүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Гэрээний 1.5-д баталгаат хугацаа, 2 дугаар зүйлийн 3 дугаар догол мөр дээр худалдан авагч нь захиалга өгсний дагуу урьдчилгаа төлбөрийг төлж 5 хоногийн дотор түүнд тохирох барааг ажлын талбайд хүлээн авах, Рояал стоун рөүд ХХК хүлээлгэж өгөхөөр заасан.
1.2 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд тооцоо нийлж, шилжүүлсэн мөнгөн дүн буюу төлбөр тооцоог 173,192,936 төгрөгөөр тохиролцож баталгаажуулсан. Уг төлбөрт 1160 тонн цемент нийлүүлэхээр заасан. Талууд 2017 оны 04 дүгээр сард хоорондоо харилцан бичиг солилцоод цементээ нийлүүлж, өгөх авах талаар ярилцсан. Гэтэл Рояал стоун рөүд ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хугацаанд ямар нэгэн байдлаар цемент нийлүүлээгүй, төлбөрийн үлдэгдэл, авлага байгааг баталгаажуулсан. Үүнээс хойш цементийг гэрээнд заасан нийлүүлэх ёстой газар нийлүүлээгүй учраас Ө гэрээг цуцалж, төлбөр тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу тохиролцсон 173,192,936 төгрөг, алданги 86,596,468 төгрөг, нийт 259,789,404 төгрөг гаргуулна. 173,192,936 төгрөг нь тусдаа гэрээний дүн биш, тооцоо нийлсэн актын үлдэгдэл төлбөр учраас үүнээс алданги тооцсон гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Талууд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 12,000 тонн цемент авна гэсэн тул зах зээлийн ханшаас 30 хувиар хямд үнээр тохиролцсон. Цементээ БНХАУ-ын цементийн компаниас хилийн боомт дээр татан төвлөрүүлдэг, буулгах газар нь хилийн тусгай бүс, Оюутолгой ХХК-тай Ө гэрээтэй ажиллаж, зам барьж байсан, манай компани бол ханган нийлүүлэгч компани, Оюутолгой ХХК-ийн цемент буулгадаг талбай нь тусгай, хөдөлмөр аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан кранисттай байдаг. Жишээ нь, 50 кг шуудайтай цементийг буулгахад 1 хүн өргөж болдоггүй, Оюутолгой ХХК-аас цемент буулгах талбайдаа подан тавиад талбайгаа бэлддэг, түүнийх нь дагуу нэг машинист ажиллахдаа 2-оос дээш цаг ажилладаггүй. Оюутолгой ХХК-ийн шаардлага их нарийн, тусгай объекттой газар. Оюутолгой ХХК-аас зөвшөөрөл олгосны дагуу нарийн шаардлагатай талбай руу оруулж өгдөг. Хил дээр цементийг төвлөрүүлчихээд байхад 2016 оны 07 дугаар сараас хойш Ө-ийн зүгээс А ХХК-д дэвсэгч машин байхгүй байна, каранист байхгүй байна гэсэн шалтгаан хэлж хүлээнж авах боломжгүй байна гэдэг тайлбар өгсөн.
2.2 Бид 2016 оны 08 дугаар сараас цементээ авахыг шаардсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Гэрээний 4-т зааснаар цементийг урьдчилгаа төлбөр шилжсэнээс хойш ажлын 5 хоногт бид 3 сарын баталгаатай цементийг оруулж ирэх үүрэгтэй. А ХХК үүнийхээ дагуу цементээ бэлдээд оруулаад ирье гэхээр Ө-аас цементийг хүлээж аваагүй. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ хийсэн үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт хийж өгсөн. Татвар, тайлан гарахтай холбоотойгоор тооцоо нийлээд Ө-аас нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай байсан. 3.25 маркийн цементийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжгүй. Оюутолгой ХХК-ийн хэд хэдэн лабораторын шинжилгээгээр шалгагдаад тэнцсэн цементийг бид нийлүүлж оруулж ирдэг. Мөн Ө-д зориулаад үйлдвэрлэгчтэй яриад 50 юаны урьдчилгаа байршуулж 1 тонн цементийн уут захиалсан. Ө-тай байгуулсан гэрээний дагуу бид БНХАУ-ын компанитай 12,000 тонн цементийн гэрээ байгуулж, 1 тонны уутыг бэлтгэж савлахын тулд тухайн үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлгэсэн.
Гэтэл Ө-ийн зүгээс 2016 оны 10 дугаар сард манай компанийн ажил энэ жилдээ зогссон, та бүхэн хавар 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цементээ хадгалж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хадгалалтын хугацаа, хадгалах агуулахын төлбөр, юанийн ханшны зөрүүний асуудал байна гэхэд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил эхлэхээр дараа дараагийнхаа нэмэлт ажлуудад оруулна гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын эхээр цемент авах боломжүй болчихлоо, та нар бидний мөнгийг өгөөч гэсэн.
2.3 Ө-ийн зүгээс дараа нь шүүхийн байгууллагад хэрэг болно гэдэг утгаар цементээ авъя гэдэг хариуг албан бичгээр А ХХК өгсөн. Үүүний дагуу А ХХК-ийн зүгээс Оюутолгой ХХК танай Ө-аас гэрээ цуцалсны дагуу энэ асуудал үүсчихлээ, хамтраад Оюутолгой ХХК-аас нэхэмжлээд мөнгөө авъя гэдэг саналыг тавьсан. Рояал стоун рөүд ХХК-аас 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03, 05, 06 дугаар сард өгсөн албан бичгүүдэд бүх нөхцөл байдлуудыг тодорхой дурдаж албан бичиг явуулсан, ямар нэгэн хариу ирээгүй. Ө-ийн хуульч н.Баатарзол Рояал стоун рөүд ХХК-ийг цагдаад өгсөн, эрүүгийн хэргийн материал дотор өгсөн мэдүүлэг байгаа, н.Баатарзол өөрөө тодорхой ярьсан.
2.4 Мөн Ө-ийн захирал, хуульч н.Баатарзол, гүйцэтгэх захирал н.Баярмаа нартай хариуцагч талын төлөөлөгч Б.Даваасүрэн, М.Амгалан нар 2 удаагийн тэмдэглэл, уулзалт хийсэн. А ХХК цемент бэлэн болсон, цемент аваач гэхэд Ө-ийн захирал н.Цэгмэд, гүйцэтгэх захирал н.Баярмаа нарын зүгээс танайх ямар нэгэн аргаар цементийг буцаагаад мөнгийг олоод өг, 50 хувиар ч болтугай олоод өг гэж хэлсэн. Цемент нь зөвхөн Оюутолгой ХХК-ийн тавьж байгаа зам дээр хэрэглэх маркийн цемент бөгөөд 1 тонны савлагаагаар савлачихсан учраас бусдад худалдан борлуулах боломжгүй. Мөн 2016 оны 08 дугаар сараас хойш хадгалсан цемент, гэрээнд зааснаар 3 сарын баталгаа хангасан цементийг хүлээлгэж өгөх ёстой, олон улсын стандарт, Монгол Улсын барилгын норм, дүрэм, стандартын дагуу цементийн хадгалах хугацаа 6 сар байдаг. Энэ хугацаа нь өнгөрсөн байгаа учраас та нар цементээ өөрсдөө авч ашигла гэдэг тайлбарыг Рояал стоун рөүд ХХК-ийн өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 173,192,936 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,596,468 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,456,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 1,023,915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө-нд олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Худалдан авагч Ө нь худалдан авсан цементээ хүлээн авах үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх цементийн үнийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх худалдан авагч Ө-ийг хуульд заасан худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс захиалагч тал 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн байхад үүнээс хойш 5 хоногийн дотор барааг нийлүүлэх үүргээ хариуцагч биелүүлсэн, нийлүүлэх барааг захиалсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 173,192,936 төгрөгийн цемент нийлүүлээгүй болох нь тогтоогдож, хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэх эсрэг агуулга бүхий зөрчилтэй дүгнэлт хийсэн.
Худалдагч А ХХК нь 980 тонн цементийг нийлүүлэхэд бэлэн болгож, худалдан авагч Ө-нд Цементээ хүлээж аваач гэсэн шаардлагыг 2016 оны 08 сард утсаар, 2016 оны 10 сард албан бичгээр, 2017 онд удаа дараа албан бичгээр болон биечлэн уулзаж мэдэгдэж, шаардсан болох нь хэргийн баримтаар нотлогддог. Харин нэхэмжлэгч Ө нь удаа дараа шаардсаар байтал цементээ хүлээж авах үүргээ элдэв шалтгаан хэлж биелүүлээгүй. Улмаар 2016 оны 10 сард Манай компанийн энэ жилийн ажил зогсохоор боллоо, та бүхэн хавар 2017 оны 03 сар хүртэл цементээ хадгалж өгөөч гэсэн хүсэлтийг А ХХК-нд тавьсан. Бидний зүгээс хадгалалтын хугацаа, хадгалалтын зардал, юанийн ханшны зөрүүний нөхцөлийг тохиролцъё гэсэн хариу өгсөн боловч Ө хадгалалтын гэрээг байгуулахгүй, цементээ авахгүй байсаар цементийн хадгалах хугацаа дуусаж, цемент ашиглах боломжгүй болсон.
Дээрх үйл баримт нь А ХХК-аас 2016 оны 10 сараас 2017 оны 03,05,06 саруудад Ө-д хүргүүлсэн албан бичгүүд, Ө-ийн гүйцэтгэх захирал Н.Баярмаа, хуульч Б.Баатарцол болон А ХХК-ийн төлөөлөгч Б.Даваасүрэн, М.Амгалан нарын хийсэн уулзалт, холбогдох уулзалтыг бичлэг, тэмдэглэл, Ө-ийн хуульч Б.Баатарцолын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, БНХАУ-ын Туан Яан цемент үйлдвэрлэгч компанийн тодорхойлолт, цементийн мөнгийг шилжүүлсэн баримтууд, цементийг агуулахад хадгалж байсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй.
4.2 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоогоогүй шаардлага тавьж, нотлох баримт үнэлээгүй. Маргааны үйл баримтыг тогтоох, хариуцагчийн татгалзлыг нотлоход ач холбогдолтой нотлох баримт буюу Ө-ийн хуульч Б.Баатарцолын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэх боломжгүй гэх үндэслэлээр үнэлээгүй. Уг баримтыг хариуцагч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар, хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлсэн ба мөн хуульд эрүүгийн журмаар цугларсан нотлох баримтыг үнэлж болохгүй гэсэн агуулга огт тусгагдаагүй атал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэж үзвэл эрүүгийн журмаар цугларсан нотлох баримтыг үнэлэх ёстой.
4.3 Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн М.Амгалангийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 13 october 2016 10:03 гэсэн огноотой гадаад бичигтэй ууттай зүйлийн фото зураг байх боловч эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой хадгалагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцан яриа байх бөгөөд уг бичлэг нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэх байдал тогтоогдохгүй гэх дүгнэлт хийсэн. Гэтэл 13 october 2016 10:03 гэсэн огноотой фото зургийн орчуулга нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан. Уг баримтаар Улсын стандартын GB 175-2007 дугаартай Туан Яан цементийн үйлдвэрээс 1000 кг буюу 1 тонноор савлагдсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хавтаст хэргийн 60-64 дүгээр талд авагдсан Цемент худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлд заасан Улсын стандартын дугаар болон гэрээний агуулгатай таарч байгааг шүүх анзаарч үзсэнгүй.
4.4 Мөн хэргийн 109-129 дүгээр талд авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны ярианы бичлэгийн 113 дугаар талд уулзалтад оролцсон талууд харилцан тохиролцож, бичлэг хийж уулзалтын яриаг баталгаажуулсан болох нь тогтоогддог бөгөөд энэ нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтын шаардлага хангасан баримт атал шүүх хэт нэг талыг баримталж дээрх баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Нөгөөтээгүүр хариуцагчийн зүгээс дээрх ярианы бичлэгт тусгагдсан эмэгтэй хүний дуу хоолой нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Баярмаагийн дуу хоолой мөн эсэхийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
4.5 Анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралгүй үйл баримтыг дүгнэсэн. Бэлтгэн нийлүүлэх гэрээ Ө, А ХХК нарын хооронд байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ А ХХК болон Өвөрмонголын заму тээвэр зуучлалын компани-ийн хооронд байгуулсан гэрээг дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх захиалсан цементээ хүлээн авах гэрээний үүргээ биелүүлээгүй Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 173,192,936 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөөс хойш гаалиар цемент оруулж ирээгүй болох нь Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд гаалиар оруулж ирэн Ө-ийн кэмп дээр хүлээлгэж өгөх үүргийн хариуцагч хүлээсэн. Гаалиар цемент орж ирээгүй учраас кэмпд хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хаана, хэзээ, яаж авагдсан тодорхойгүй баримтыг үндэслэн цементийн хугацаа дууссан гэж тайлбарласан. Цементийн хугацаа дууссан гэх ойлголтын талаар хариуцагч өөрийн үндэслэлийг нотлох хэмжээний баримтыг гаргаж өгөөгүй.
5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хаана, хэзээ, яаж хийсэн нь тодорхойгүй хэд хэдэн бичлэгийг хуваах замаар удаа дараа гаргаж шүүхэд үзлэг хийлгэсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ө-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. н.Баярмаа гэх гүйцэтгэх захирал гэрээ байгуулагдахаас өмнө болон өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, н.Цэвэлмаа, н.Цэгмид гэх хүмүүс гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэрээ байгуулсан талуудын хооронд үүссэн харилцааг ямар хэлбэр явуулж, ямар баримт гаргаж өгч үүссэн нь ойлгомжгүй. Эдгээр зүйлүүдийг харгалзан анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудыг мэтгэлцүүлэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ө нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 173,192,936 төгрөг, алданги 86,596,468 төгрөг, нийт 259,789,404 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 173,192,936 төгрөгийн цементийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй тул 173,192,936 төгрөгийг буцаан гаргуулах гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...нэхэмжлэгч цементийг хүлээн аваагүйгээс ашиглах боломжгүй болсонд хариуцагч буруугүй гэж үгүйсгэн маргажээ.
3. Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буюу А ХХК нь 42,5 болон 32,5 маркийн 12,000 тн цементийг БНХАУ-ын Баяннуур хотын М үйлдвэрээс авч худалдан авагч буюу Ө-д нийлүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 1,804,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /1хх 6-8/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
6. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 634,437,220 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид 461,244,284 төгрөгийн цементийг нийлүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин үлдэх 173,192,936 төгрөгийн цементийг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ, нэхэмжлэгч хүлээн авах үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээгээр тохирсон хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
6.2 А ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/04 дугаар албан бичгээр ...гэрээний дагуу 07, 08, 09 дугаар сард 3.25 маркийн, 1 тн-ын савлагаатай цементийг ...гэрээний 4-т заасны дагуу ажлын 5 хоногт савлан, тээвэрлэж бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болсон ...цементийг түргэн хугацаанд ажлын талбайдаа хүлээн авна уу гэж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/08 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17/01 дугаар, 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06/04 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07/02 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/01 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/03 дугаар албан бичгүүдээр цементийг хүлээн авах талаар нэхэмжлэгчид тус тус мэдэгдсэн байна. /1хх 47-54/
6.3 Ө-ийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/41 дугаар, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/73 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17/91 дугаар албан бичгүүдээр 1 тн-ийн савлагаатай захиалсан боловч 50 кг-ийн савлагаатай авах хүсэлтэй талаар хариуцагчид мэдэгдсэн байна. /1хх 55-56/
Түүнчлэн, Ө-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 17/73 дугаар албан бичгээр ...материалын төлбөрийг шилжүүлэхдээ 1 тн-ийн савлагаатай захиалж, нэмэлт төлбөр төлсөн хэдий ч нөхцөл байдлын улмаас 50 кг-ийн савлагаатай авах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг илгээсэн байна. /1хх 8/
7. Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч нь гэрээнд заасан цементийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч заасан хугацаанд хүлээн аваагүй болох нь тогтоогдож байна.
8. Нөгөөтэйгүүр, талууд гэрээний үүргийг биелүүлэх газрыг гэрээний 1-д ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах Ө-ийн үйлдвэрийн хашаанд Цагаан хаднаас Гашуун сухайт чиглэлийн авто замын ажилд шаардлагатай цементийг гэж, 4-т ...барааг захиалсан хугацаанд худалдан авагчийн Хан богд суманд байрлах кемп дээр шууд тээвэрлэж нийлүүлнэ гэж тус тус заан тохиролцсон. /1хх-6/ Харин талууд цементийг хэрхэн хүлээлцэх талаар гэрээгээр тухайлан тохиролцоогүй байна.
Түүнчлэн, хэрэгт А ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх нийт 12,000 тонн цементийг БНХАУ-ын Б компаниас худалдан авахтай холбоотой гэрээ авагдсан. /1хх 62-64/ Б компанийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтод 2016 онд А ХХК-ийн захиалгаар Баяннуур хотын Б цемент компани нь 980 тонн цемент үйлдвэрлэн савлаж бэлтгэсэн. Баталгаат хугацаанд тус компани нь цемент татан авалт хийгээгүй бөгөөд савлаж бэлтгэсэн цемент болон уутыг дахин ашиглах боломжгүй болсон гэжээ.
8.1 Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тодорхой, нэрлэн заагаагүй буюу кемп гэж ерөнхийлөн заасан нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид үүргийг хүлээн авах талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь үүргийг хүлээн авах газрыг тодорхой заагаагүй буюу цемент хүлээн авах хугацааг хойшлуулсны улмаас гэрээний зүйл болох цемент ашиглах боломжгүй болсонд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгсөн Б.Баатарцолын мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлсэн нотлох баримттай адилтган үзэхгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. Учир нь, хууль бусаар цуглуулсан, хуурамч нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй, харин эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад авсан хохирогчийн мэдүүлгийг иргэний хэрэгт хамааралтай тохиолдолд үнэлэх боломжтой.
9.1 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Баатарцолоос мэдүүлэг авсан тэмдэглэлээр манай компани Оюу толгой ХХК-ийн захиалгаар Цагаан хаднаас-Гашуун Сухайт-ын чиглэлийн автозамын ажлыг хийж байхад ажил түр зогссон учраас А ХХК-ийн нийлүүлэхээр бэлтгэсэн 980 тонн цементийг хэрэглэх нөхцөл үүсээгүй учраас түр хойшлуулъя, хадгалж байгаач гэдэг хүсэлт тавьсан, гэхдээ хүсэлтээ бичгээр биш амаар тавьсан. А ХХК нь зөвшөөрч цементийг хадгалахаар болсон гэж мэдүүлсэн байна. /1хх 105-106/
10. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 173,192,936 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд талууд гэрээний 4-т бэлтгэн нийлүүлэгч хугацаандаа бэлтгэн нийлүүлээгүй тохиолдолд 0,2 хувийн алданги төлнө гэж заажээ. /1хх 6/
11.1 Алданги нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлага. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэгт 173,192,936 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй гэж үзсэн тул алданги 86,596,468 төгрөгийг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул А ХХК-д холбогдох, 259,789,404 төгрөг гаргуулах тухай Ө-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,023,915 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН