Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00154

 

Ж.Т-, Ц.Г- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/02900 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нарын хариуцагч Н.С-, Ж.П- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 28,254,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Г-, нэхэмжлэгч Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г-, нэхэмжлэгч Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагч Н.С-, Ж.П-, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ж.Т- нь өөрийн эхнэр Ц.Г-г хөдөө байх үед нь түүний хүссэнээр, Н.С-, Ж.П- нарын хүсэлтээр тэдэнд зориулж П- ББСБ ХХК-д байраа барьцаалан авсан зээлийн мөнгийг өгөхөөр Н.С-, Ж.П- нарт өгөхдөө баримттай үлдэхийн тулд зээлийн гэрээ байгуулсан. П- ББСБ ХХК-аас Ц.Г-гийн зээлж авсан мөнгийг Н.С-, Ж.П- нар хүүтэй нь хамт төлөх нөхцөлтэйгээр, бидний гэр бүлийн дундын өмчлөлийн байрыг барьцаалан зээлсэн. Зээлийн гэрээний мөнгийг хугацаандаа төлж дуусгаагүйн улмаас П- ББСБ ХХК нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шүүхэд хандаж зээлийн төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 22,797,910 төгрөг төлсөн байсан. Үүнээс хойш мөнгө төлөөгүй тул П- ББСБ ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээ тооцон шүүхэд 47,848,625 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралд Н.С- оролцохоор ирж Ц.Г-д манай байр барьцаалан зээл авснаа хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн бичиг хийж өгсөн. П- ББСБ ХХК 47,848,625 төгрөгийнхөө 12,848,625 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг Н.С-. Ж.П- нар төлөхөөр бичиг хийж өгсөн тул Ц.Г- эвлэрсэн. Уг мөнгөнөөс хариуцагч нар нь 8,200,000 төгрөгийг төлж байсан, үлдэх төлбөрийг одоо хүртэл төлөөгүй хохироож байгаа тул хариуцагч Н.С-, Ж.П- нараас хохиролд 26,572,950 төгрөг гаргуулж өгнө үү. Н.С-, Ж.П- нар нь Ц.Г-гийн байрыг П- ББСБ ХХК-д барьцаалан мөнгө зээлж, уг мөнгөө төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай байрыг хурааж авахаар болж шүүхэд хандсан. Хариуцагч нар зээлсэн мөнгөө хугацаанд нь төлсөн бол маргаан болохгүй, манай байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдахгүй байсан. Бид энэ маргаанаас үүдэж, П- ББСБ ХХК-тай маргалдаж тухайн үед байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр хянагдаж, шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах ажиллагааны зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,681,900 төгрөг төлсөн. Маргаан үүсээгүй бол энэ мөнгийг бид шүүхэд төлөхгүй байсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт зааснаар Н.С-, Ж.Пүрэвсүрэн нар үүргээ зохих ёсоор хугацаанд биелүүлээгүйн улмаас энэхүү маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,681,900 төгрөгийг мөн гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид жимс, ногооны наймаа хийдэг байхдаа Ц.Г-гаас бага хэмжээгээр зээл авч 10 хувийн хүүтэй буцааж төлдөг байсан. Гэхдээ 2013 оны 10 дугаар сарын 02-нд Ц.Г-гийн нөхөртэй зээлийн гэрээ хийж, 33,800,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ зээлсэн мөнгөө 55,629,910 төгрөг болгож төлсөн нь үнэн. Ж.П- бид хоёрт П- ББСБ ХХК-аас 3,5 хувийн хүүтэй мөнгө зээлж надад 10 хувийн хүү авч мөнгө хүүлж байснаа хэлээгүй учир бид юу ч мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй учир 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нэхэмжлэгч Ж.Т- руу төлбөр төлж байсан. Үүнээс хойш бид хий гэсэн бүхий л данс руу боломжоороо төлөлт хийж байсан. Ж.Т- нь Н.С- надтай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ хийж данснаасаа мөнгө шилжүүлчихээд өөрийн эхнэр Ц.Г-г банк бус санхүүгийн байгууллагад өөрийн орон сууцаа зээлийн барьцаанд тавьж, мөнгө хүүлж байгааг нь мэдсээр байж шүүхэд хууль бус нэхэмжлэл гаргаж улмаар биднийг төөрөгдүүлэн, үг зааж өгч гэрчийн мэдүүлэг гаргуулсан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нарт төлбөл зохих зээлээ бүрэн төлж барагдуулсан. Иймд Ж.Т-, Ц.Г- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.С-, Ж.П- нарт холбогдох 26,572,950 төгрөг, хохирол 1,681,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,100 төгрөг, 41,860 төгрөг, хариуцагч Ц.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,400 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Ц.Г-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие хариуцагч Н.С-, түүний нөхөр Ж.П- нартай түүний эгчээр дамжуулж танилцсан, дотны найзууд байсан. Тухайн үед надаас мөнгө зээлээ ч гэж жил гаруй гуйсан. Байраа барьцаанд тавиад мөнгө аваад өг, бид найдвартай төлнө гэж итгүүлж үнэмшүүлсэн. Би тэдэнд туслахын тулд өгсөн амлалтад нь итгэж, П- ББСБ ХХК-д өөрийн байраа барьцаанд тавин 35,000,000 төгрөгийг зээлэн авч, тухайн үед би хөдөө явж байсан тул нөхөр Ж.Т-ад хэлж мөнгийг нь баталгаа авч тэдэнд өгөхийг хүссэн. Ж.Т- нь 2013.10.02-ны өдөр Н.С-тай зээлийн 3 сарын хугацаатай 34,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ ББСБ-ын хүүг тооцож 44,000,000 төгрөг гэж гэрээ байгуулсан байдаг. Мөн өдрөө Н.С-ын данс руу 33,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би Ж.Т-ыг зээлийн гэрээ байгуу л гэж хүсээгүй, харин мөнгөө эргүүлэн төлөх баталгаа авч байж өг гэж хэлсэн. Тохиролцсон ёсоор би П- ББСБ ХХК-д өөрийн байраа барьцаанд тавин зээл авч өгөөд тэр мөнгийг П- ББСБ ХХК-д Н.С-, Ж.П- нар төлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Зээл авсан өдрөөс буюу 2013.10.02-ны өдрөөс 2014.04 сар хүртэл Н.С-, Ж.П- нар нийт 22,979,910 төгрөг П- ББСБ ХХК-аас авсан зээлд төлсөн. Үүнээс хойш төлөхөө больсон. Зэээлийн мөнгөө төлөхөө больсон тул 2015.10.06-нд Ц.Г- намайг Проадц ББСБ ХХК шүүхэд өгөн, зээлийн гэрээний үүрэгт 45,848,625 төгрөг нэхэмжилсэн. Уг хэрэг шийдэгдэх үед Н.С-, Ж.П- нар П- ББСБ ХХК-аас авсан мөнгийг бид хүүтэй нь хамт бүгдийг нь төлнө, эвлэрчих гэж гуйсан. Шүүх хуралд оролцохоор очсон, мөн хариуцагч гэдгээ баталж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нэг талын хэлцэл хийж, бичгээр өгсөн. Иймд би П- ББСБ ХХК-тай 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрч шүүх захирамж гаргасан. Энэ үед миний бие иргэн Н.С-, Ж.П- нартай аман хэлцлээр Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ буюу төлбөр төлөх гэрээ байгуулсан. Бид П- ББСБ ХХК-тай эвлэрсэн 35,000,000 төгрөгийг Н.С-, Ж.П- нар төлөхөөр амаар дахин тохиролцож бичгийн баталгаа, нэг талын үүрэг хүлээсэн нэрлэгдээгүй бичгийн хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан байдаг. Бид нэрлэгдээгүй гэрээ буюу төлбөр төлөх гэрээг байгуулж, Н.С-, П- нар 35,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь 8,760,000 төгрөгийг шүүгчийн захирамжийн дагуу Ц.Г-д төлж, түүнийг нь Ц.Г- НШШГГ-т төлсөн байхад шүүхээс Н.С-ыг Ц.Г-д зээлийн мөнгийг төлөх үүрэггүй гэж үзэж, ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэдийгээр 27,540,000 төгрөгийн тооцоо нийлэв гэж бичсэн ч нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн мөнгийг тооцож бичсэн, нэхэмжлэлд заасан 27,000,000 төгрөгийг оруулж тооцоогүй, энэ талаар талууд тохиролцоогүй байхад шүүгч, тооцоо нийлсэн, өгөх төлбөргүй мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

4.а.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч Н.С-, Ж.П- нар нь 2013.10.02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээл авснаас хойш 2013.10.02-ны өдрөөс 2014.04.11-ний өдрийг хүртэл 15,940,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Ц.Г-д 11,184,000 төгрөг, Хаан банк дахь П- ББСБ ХХК-ийн дансанд 3,000,000 төгрөг, 700,000 төгрөг, ... нийт 32,074,000 төгрөг төлсөн ... гэж үзсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрт бичигдсэн Хаан банк дахь П- ББСБ-ын дансанд 3,000,000 төгрөг, 700,000 төгрөг гэсэн мөнгөн дүн нь ор үндэсгүй бөгөөд хариуцагч нар ийм мөнгийг П- ББСБ-д төлөөгүй байхад үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгож бичсэн нь үндэслэлгүй байна. Мөн Ц.Г-д өгсөн 11,184,000 төгрөгөөс 2,424,000 төгрөгийг Ц.Г-гийн өөрийн мөнгө гэж уг мөнгийг хасаж тооцох тухай өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байхад /хх-ийн 241 дэх тал/ шүүгч уг мөнгийг оруулан тооцсон байна. Мөн шүүхийн шийдвэрт бичигдсэн 11,184,000 төгрөг 2018.08 сараас 2019.02 сар хүртэл Ж.П-оос Ц.Г-д орж ирсэн. Иймд шүүгч хариуцагчийг зээлээ бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байхад ингэж үзсэн нь алдаатай болсонд гомдолтой байна. Үүнийг тусгай мэдлэг бүхий санхүүгийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэхээр байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэрэгт авагдсан баримтаар П- ББСБ ХХК-ийн Голомт банк дахь дансанд 2014.04.01-ний өдөр 3,426,760 төгрөг, 2014.01.30-ны өдөр 1,030,000 төгрөг, 2014.03.05-ны өдөр 1,134,000 төгрөг 2013.12.31-ний өдөр 1,134,000 төрөг, 2013.11.01-ний өдөр 980,000 төгрөг, 2013.11.27-ны өдөр 2,376,000 төгрөг, 2014.03.05-ны өдөр 1,100,000 төгрөг нийт 11,180,760 төгрөг ... шилжүүлсэн гэж үзсэн байна. Гэтэл энэхүү мөнгө Ж.Т- нь Н.С-, Ж.П- нарын 2013.10.02-ны өдрөөс 2014.04.11-ний өдрийг хүртэл төлсөн 15,940,000 төгрөгийг П- ББСБ-д бүгдийг нь төлсөн гэдгийг нотлох зорилгоор нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн байтал Шүүгч хариуцагч нарыг П- ББСБ ХХК-д төлсөн мэтээр дүгнэсэн байна. Мөн бидний гаргаж өгсөн энэхүү баримтыг шүүхээс дутуу бодож, хамт өгсөн 4,400,000 төгрөгийн баримтыг тооцолгүй орхисон байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд Н.С- нь Ц.Г-гийн өмнөөс 5,600,000 төгрөг Ц.Г-д 2,600,000 төгрөг нийт 8,200,000 төгрөг төлсөн болох нь ... гэж үзсэн байна. Гэтэл бид шүүх хурал дээр хариуцагч нар худал хэлж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрөө төлсөн мэтээр мөнгөний баримт авчирч өгсөн тухай удаа дараа хэлж тайлбарлаж, Ц.Г- НШШГГ-т хүсэлт гарган санхүүгийн журналыг авч ирж өгөн 5,600,000 төгрөг төлсөн гэж тайлбрлаж нотлох баримт гаргаж өгсөөр байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг боловч шүүх тухайн баримтыг үнэлж, шийдвэр гаргасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Дээр дурьдсанчлан шүүхээс нэг төлсөн мөнгийг хэт их болгож, нэг мөнгийг хоёр салгаж бичсэн байх тул уг мөнгөний тооцоо гаргахын тулд Шийдвэрийг хүчингүй болгуулж, шинжээч томилон, талуудын тооцоог нэг мөр баталгаажуулсны үндсэн дээр дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй болох нь шүүхийн шийдвэрт заасан тооцооны ойлгомжгүй байдал нь үүнийг тусгай мэдлэг бүхий этгээдээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагад заасан, хариуцагч үүргээ биелүүлээгүй, мөн санаатайгаар төлбөрөөс зайлсхийж учруулсан нэрлэгдээгүй гэрээний үүргийн биелэлтээс үүссэн гэм хорын хохирол болох 26,572,950 төгрөг нь ийм байдлаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүхий болохыг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: иргэн Н.С-, Ж.П- нар нь Ц.Г-гаас мөнгө зээлээ ч гэж удаа дараа гуйсны эцэст Ц.Г- нь гэр бүлийн дундын өмчлөлийн байрыг надад болон хүүхдэд мэдэгдэлгүйгээр барьцаанд тавин зээл авч, уг зээлсэн мөнгийг хүүтэй нь Н.С-, Ж.П- нар төлөхөөр тохиролцжээ. Ц.Г- нь ББСБ-аас зээлийн гэрээний мөнгө орж ирэх үед хөдөө байсан учир өөрийн нөхөр Ж.Т-ыг хариуцагч нарт мөнгө өгчих гэж хэлсний дагуу Н.С-тай 2013.10.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, ББСБ-ын хүүг тооцон, 10,000,000 төгрөг нэмж мөнгийг шилжүүлэн өгсөн. Ж.Т-, Ц.Г-гийн Н.С- П- нартай тохиролцож, авсан зээлийг нь шилжүүлж өгсөн. Иргэний эрх зүйн гол харилцаа Ц.Г-гийн Н.С- Ж.П- нарын хооронд үүссэн болох нь баримтаар нотлогдож байна. Харин Ж.Т-аас мөнгө зээлсэн гэж үзвэл 2013.10.02-2014.04.01-ийг хүртэл 6 сарын хугацаанд нийт 15,940,000 төгрөгийг Ж.Т-ад төлсөн. Энэ төлбөр мөн л Проадц ББСБ ХХК-д төлөгдсөн байна. Үүнээс хойш зээлийн гэрээтэй холбоотой Ж.Т-ад ямар ч мөнгө өгөөгүй. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 222 дугаар зушийн 222.1.1-д заасны дагуу тэднийг Ж.Т-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээлдэгчид хохирол учруулсан гэж үзэхээр байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ж.Т-, Н.С- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүссэн харилцаа мөн гэж үзсэн мөртлөө, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн талаар огт авч үзээгүй, төлбөр төлөгдөөгүй байхад төлсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Миний эхнэр Ц.Г- нь өөрийн байраа П- ББСБ ХХК-ийн барьцаанд тавин, 6 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөг зээлэн авч Н.С-, Ж.П- нарт надаар дамжуулан өгсөн. Гэтэл Н.С- нь Ж.Т-аас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүйн улмаас Ц.Г- мөн адил ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан байдаг. Н.С-, Ж.П- нар нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүйн улмаас Ц.Г- нь зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэж Ц.Г- барьцаанд тавьсан байраа алдахад хүрсэн. Ц.Г-, Ж.Т- нар нь зээлсэн мөнгөө яаралтай төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэд гүйцэд төлөлгүй өдийг хүрсэн. Хэрвээ тэд зээлсэн мөнгөө хугацаанд нь төлсөн бол бид байраа алдах дээрээ тулахгүй байсан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ. гэж заасны дагуу Н.С-ын нөхөр Ж.П- нь гэм хор учруулсан хохирол төлж барагдуулах үүрэгтэй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Энэ хэрэг 5 дахь удаа шүүхээр орж байна. Улсын Дээд шүүхэд өмгөөлөгч Ц.Монгол нь Ц.Г-гийн нэхэмжлэлтэй хэрэг анхан шатны шүүхэд байгаа гэж хэлээд анхан шатны шүүхэд буцааж байсан. Ж.Т- 27,090,000 төгрөг, Ц.Г- 1,680,000 төгрөг нэхэмжилсэн. Ж.Т- нь эрх зүйч мэргэжилтэй, төрийн албанд ажилладаг тул зээлийн гэрээг хүүтэй байгуулахгүй гэж хэлсэн. Гэтэл анхнаасаа мэдэх боломжгүй, орон сууц барьцаалсан гэж хэлээгүй, гэр бүлийн хооронд яригдаагүй байсан гэх асуудал нь худлаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ж.Т-, Н.С- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хэрнээ зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн талаар огт авч хэлэлцээгүй. Төлбөр төлөгдөөгүй байхад төлсөн гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07817 дугаар шүүгчийн захирамжид 22,979,910 төгрөгийг Н.С- төлсөн гэдгийг Ц.Г- хүлээн зөвшөөрдөг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01849 дүгээр шийдвэрт Ц.Г- нь Н.С-аас 41,000,000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн нь хэргийн 12, 156, 179 дүгээр талд авагдсан. Өнөөдөр 33,800,000 төгрөг зээлүүлсэн гэж байна. Н.С- нь 41,000,000 төгрөг төлсөн гэдгээ 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэлж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Нотлох баримтаар тогтоогдоогүй 13,500,000 төгрөгийг өгсөн, хар дэвтэр бичсэнийг шүүх нотлох баримтаар үнэлж үзсэн бол хариуцагч 54,000,000 төгрөг төлсөн нь үнэн. Зээлээс гадна Ц.Г- нь охин Саруултай, сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг, 8 удаагийн үйлдлийг илрүүлсэн баримт хэрэгт байгаа. Ингэж бичгээр зээлийн гэрээг хийхдээ нэгч удаа хүүтэй зээлж байна гэж бичиж байгаагүй. Энэ хүмүүс Нарантуул, Барс зах дээр жимс ногооны бизнес эрхэлж хүмүүсээс хоногийн хүүтэй мөнгө зээлж, ажил амьдралаа явуулдаг байсан. Энэ тохиолдолд шударгаар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иймд Н.С- нь би иргэнийхээ хувьд хүлээсэн үүргээ биелүүлж 41,000,000 төгрөг төлсөн гэдэг. Ц.Г- нь орон сууцыг барьцаалж зээл авсан талаар хариуцагч нарт анхнаасаа хэлээгүй байсан. Зээл авснаас хойш 6 сарын дараа буюу 20,400,000 төгрөг авсны дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, тохиролцоогүй гэж бултаж байгаад анх удаа энэ гэрээг бичгээр хийсэн нь маргаан болж байна. Ц.Г-гийн бичсэн өгүүлбэр бүрийг харахад хэрэгт авагдсан баримтаас өөр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Бодит байдал дээр дансаар орсон, гарсан мөнгийг тооцоход зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нар нь хариуцагч Ц.Сайнбаяр, Ж.П- нарт холбогдуулан хариуцагч нарын хүсэлтээр өөрийн орон сууцыг барьцаалан П- ББСБ ХХК-аас зээл авч өгсөн боловч хугацаандаа мөнгөө төлөөгүй, үүнтэй холбоотойгоор ББСБ-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон, иймд хохиролд 26,572,950 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,681,900 төгрөг, нийт 28,254,850 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч нартай байгуулсан зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй хэдий ч нийт 55,629,910 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ. /2хх-ийн 226, 3хх-ийн 11, 3хх-ийн 14-р тал/

3.Нэхэмжлэгч Ж.Т- нь хариуцагч Н.С-тай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Т- нь 44,200,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Н.С- нь зээлийг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь бодитоор 33,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5, 26-р тал/

3.а.Хэргийн 5 дугаар талд авагдсан бичгийн гэрээнд нэхэмжлэгч Ж.Т-, хариуцагч Н.С- нар гарын үсэг зурсан хэдий ч зээлдэгч талаас нэхэмжлэгч Ж.Т-, түүний эхнэр буюу нэхэмжлэгч Ц.Г-, зээлдүүлэгч талаас хариуцагч Н.С-, түүний нөхөр буюу хариуцагч Ж.П- нар хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн эргэн төлөлтөд өөрийн данснаас орлого, зарлага гаргаж байсан үйл баримт талуудын хэн алины тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээрийг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 33,800,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

3.б.Нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нар нь хариуцагч нарт зээлсэн 33,800,000 төгрөгийг П- ББСБ ХХК-аас авч өгсөн гэж тайлбарласан ба энэхүү үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Г- нь П- ББСБ ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг, үндсэн болон хэтэрсэн хугацааны сарын хүү 3,5 хувь, 3 сарын хугацаатай зээлж, гэрээний хугацааг 3 сараар сунгажээ. /2хх-ийн 70-74-р тал/

3.в.Улмаар нэхэмжлэгч Ц.Г- нь дээрх зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгооор зээлдүүлэгч П- ББСБ ХХК нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 дугаар захирамжаар Ц.Г- нь 35,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч Ц.Г- нь П- ББСБ ХХК-ийн зээлийн үүрэгт нийт 22,979,910 төгрөг төлсөн байх бөгөөд шүүгчийн захирамжаар 35,000,000 төгрөг буюу нийт төлбөл зохих төлбөр 57,979,910 төгрөг болсон байна. /1хх-ийн 175-176, 2хх-ийн 78-80-р тал/

3.г.Дээрхээс дүгнэвэл хариуцагч нар нь нэхэмжлэгч нараас авсан 33,800,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Г- нь П- ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг зөрчиж, хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй буюу дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн зөрчил болон гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч Н.С-, Ж.П- нарын хувьд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 33,800,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай нэхэмжлэгч нараас зээлдэн авсан боловч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нар нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор учирсан хохирлыг хариуцагч Н.С-, Ж.П- нараас шаардах эрхтэй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нар нь П- ББСБ ХХК-д төлбөл зохих төлбөрийн хэмжээгээр хохирлоо тодорхойлсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасанд нийцсэн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасан хүү гэх ойлголт нь гэрээгээр тохирсон хүү биш бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь хуулиар тогтоогдсон хохирлоо хамгийн бага хэмжээгээр нөхөн төлүүлэх боломжийг тодорхойлсон ойлголт юм.

4.Түүнчлэн, П- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Г-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Н.С- нь ... миний бие өөрийн найз Ц.Г-гаас гуйж, түүний байрыг барьцаанд тавиулж П- ББСБ ХХК-аас 2013 оны 10 сард 35,000,000 төгрөгийн зээл авахуулж, би өөрөө зарцуулсан нь үнэн болно, нэхэмжлэгчид төлсөн 22,979,910 төгрөгийг би хариуцаж төлсөн, нэхэмжлэгчид өгөх үлдэгдэл зээл, түүний хүүг би хариуцах ёстой. Иймд намайг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. /2хх-ийн 176-р тал/. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Г-гаас П- ББСБ ХХК-д төлөх зээл, түүний хүүг хариуцагч Н.С- хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэхээр байна.

4.а.Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлэх тухай бичгийн баримт үйлдэж, хариуцагч нарын төлсөн төлбөрийг цаг хугацааны дарааллаар тэмдэглэсэн боловч чухам хэдэн төгрөг төлсөн талаарх нийт дүнг тодорхой тусгаагүй, тус баримт дахь 11,182,000 төгрөгт 8,200,000 төгрөг багтаж байгаа эсэх талаар талууд хожим маргажээ. /1хх-219-220-р тал/. Иймд тус баримтад үндэслэн, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй.

5.Хариуцагч Н.С-, Ж.П- нарын төлсөн нийт төлбөрийг тооцвол:

5.а.Хариуцагч Н.С-аас нэхэмжлэгч Ж.Т-ад 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 200,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 1,400,000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 800,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 29-ний өдөр 1,400,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,200,000 төгрөг, 860,000 төгрөг, 03 дугаар сарын 04-ний өдөр 280,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 04 дүгээр сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, нийт 15,940,000 төгрөг, /1хх-ийн 7-10-р тал/

5.б.Хариуцагч Н.С-аас /Ц.Г-гийн зээл гүйлгээний утгаар/ П- ББСБ ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 онд 700,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 750,000 төгрөг, 03 дугаар сарын 27-ны өдөр 800,000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 24-ний өдөр 700,000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 800,000, 2019 онд 1,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 8,750,000 төгрөг, /1хх-ийн 146, 1хх-ийн 189-190, /2хх-ийн 193-194, 2хх-ийн 196-197-р тал/

5.в.Хариуцагч Н.С-аас нэхэмжлэгч Ц.Г-д 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 04 дүгээр сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, 04 дүгээр сарын 21-ний өдөр 150,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-ны өдөр 150,000 төгрөг, 06 дугаар сарын 07-ны өдөр 65,000 төгрөг, 06 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 4,165,000 төгрөг, /1хх-49-58-р тал/

5.г.Хариуцагч Ж.П-оос нэхэмжлэгч Ц.Г-д 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 75,000 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 03-ны өдөр 260,000 төгрөг, 01 дүгээр сарын 04-ний өдөр 2,424,000 төгрөг, 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 26-ны өдөр 950,000 төгрөг, 03 дугаар сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр 900,000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 өдөр, 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,659,000 төгрөг буюу бүгд 40,514,000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулга, төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон байна. /1хх-ийн 28-39, 2хх-ийн 100-101-р тал/

Иймд хохирол 57,979,910 /22,979,910 + 35,000,000 = 57,979,910/ төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 40,514,000 төгрөгийг хасаж, хариуцагч Н.С-, Ж.П- нараас хохиролд 17,465,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нарт олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

6.Нэхэмжлэгч Ж.Т- нь зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамж 1,681,900 төгрөгөөр хохирсон гэх боловч энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардалд хамаарахгүй. Иймд уг шаардлагыг хариуцагч нарт хариуцуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 10,788,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/02900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С-, Ж.П- нараас 17,465,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нарт олгож, нэхэмжлэлээс 10,788,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 825,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С-, Ж.П- нараас 245,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нарт олгосгугай. гэж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т-, Ц.Г- нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 332,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ