Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00264

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03990 дугаар шийдвэртэй Л.Б-ын нэхэмжлэлтэй Х- ХХК-д холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013153 дугаарт бүртгэлтэй, 3,305.7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, А.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Л.Б миний бие 2013 онд Х- ХХК-ийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч В-тэй уулзаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 дугаар хороолол, 00, 00, 00,00  дүгээр байрны барилгуудыг худалдан авахаар харилцан тохиролцож байсан. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би 14 дүгээр байрны төлбөрт 600,000 ам долларыг Х- ХХК-д хүлээлгэн өгч, харин В захирлын зүгээс хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг гарган, төлбөр төлснийг минь баталгаажуулж өгсөн юм. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Х- ХХК-ийн ерөнхий захиралтай байгуулсан бөгөөд 00, 00 дүгээр байрнуудын нэг м.кв талбайн үнэ 210 ам.доллар, харин 20, 21 дүгээр байрнуудын нэг м.кв талбайн үнэ 350 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. 14 дүгээр байрны төлбөр төлөгдсөн учир үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг ерөнхий захирал В гаргаж өгсөн. Ийнхүү Л.Б би гэрээ байгуулагдсан хэдий ч төлбөр мөнгөний боломжгүй байдлаас болж 13, 20, 21 дүгээр байрнуудад холбогдох хэсгийг цуцалсан бөгөөд дараа нь С ХХК эдгээр байруудыг худалдан авах гэрээг байгуулсан. Мөн миний бие 2014 оны 7-11 дүгээр сарын хооронд 00 дүгээр барилгыг зөвхөн зоорийн давхар болон 1-5 давхрын каркас байсныг нь дүүргэлтийн шохойн блок, тоосгоор битүүлэн ханын өрлөгүүдийг хийх, вакум цонх хийх, таазыг тэгшлэх, газар шороо, замын зэрэг 260,000,000 төгрөгийн ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна Н ХХК-аас авах авлага болох 30,000,000 төгрөгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 0 дугаар хороолол, 00 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013153 дугаарт бүртгэлтэй, 3,305.7 м.кв талбайтай барилга нь гэрээнд зааснаар /3,305.7*210$/ 694,197 ам долларын үнэтэй байна. Харин Л.Б миний бие 600,000 ам долларыг төлсөн. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013153 дугаарт бүртгэлтэй, 3,305.7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр Л.Б намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, нэг гишүүнчлэл бүхий Х ХХК нь С ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах 0 дугаар хорооллын 0, 0, 0, 0 дүгээр дуусаагүй барилгуудыг 3,000,000 ам.доллароор худалдахаар тохиролцож төлбөр зохицуулах гэрээ болон 21 дүгээр байр дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймээс манай компани удаа дараа мэдэгдэл явуулж, уг мэдэгдлүүдийг тус компанийн захирал н.Б гардан авч байсан. Нэхэмжлэгч Л.Б нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд хуурамч бичиг үйлдэн 14 дүгээр каркасыг эзэмшилдээ авахыг санаархаж байна. Л.Б-оос 600,000 ам доллар авч барилгад хөрөнгө оруулж байгаагүй. Хэрэв хөрөнгө оруулсан нь үнэн бол С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б 4 каркасыг бүхлээр нь худалдаж авах хүсэлтээ 2013-2014 онд удаа дараа гаргахгүй байх байсан. Л.Бтой 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй. Түүнчлэн түүний өөрийн өмчлөлдөө хууль бусаар авахыг хүсээд байгаа Ү-2101013153 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаан чулуут багт байрлах 0 дугаар хорооллын 0 дүгээр дуусаагүй барилга нь улсын бүртгэлийн газрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт анх 2009 онд 54 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлж байсан ба одоог хүртэл энэ хэвээрээ байгаа. Энэ нь хөрөнгө оруулсан гэдэг нь худлаа гэдгийг нотолж байна. Хэрэв хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч өөрийн оруулсан хөрөнгөндөө санаа тавьж барилгын явцтай танилцах байсан. Мөн 14 дүгээр барилгад 2009 оноос хойш барилга угсралтын ажил хийгдээгүй болно. Үүгээр хөрөнгө оруулсан гэдэг нь худлаа гэдгийг нотолж байна. Х- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн В миний бие Монгол улс руу орж чадахгүй, өөрийн оронд хил дээр хориотой байгааг далимдуулан в нэр бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдаж удаа дараа компанийн бичиг баримтыг ашиглан компанид болон хувьцаа эзэмшигч надад маш их хохирол учруулж байгаа. Мөн үл хөдлөхийн Ү-2101013153 дугаартай 14 дүгээр каркас нь барилгын ажил зогсож өр төлбөрт орсны үндсэн дээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад барьцаанд байгаа. Үүнийг "С" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ч мэдэж байсан бөгөөд төлбөр зохицуулах гэрээнд энэ талаар тусгаж өгсөн гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

3.1. 00 дүгээр байрыг дуудлага худалдаанд оруулж З ХХК-д төлөх төлбөрт өгөх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нар нь анх хамтарч хуурамчаар 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн тогтоол гаргасан гэх үндэслэлтэй байна.

3.2. Маргаж буй 7 дугаар хорооллын 14 дүгээр байр нь 2008 онд баригдаж, мөн оны 11 дүгээр сард барилгын ажил зогсож, 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор төлбөр төлөх гэрээ хийсэн. Үүнээс хойш барилга баригдаагүй. Гэтэл 2013 онд Л.Б нь 7 дугаар хорооллын 14 дүгээр барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.3. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний огноо нь хоорондоо тохирохгүй байна. Худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, ямар үнээр байр худалдан авч байгаагаа мэдэхгүйгээр төлбөр төлнө гэж байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлбөрт шилжүүлсэн гэх 600,000 ам.долларын эх үүсвэр болох Э-ХХК-тай байгуулсан гэрээ нь хэрэгжээгүй болохыг тус компани шүүхэд албан бичгээр мэдэгдсэн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд ганц 14 дүгээр байрыг бус 00, 00, 00, 00 дүгээр байруудыг худалдахаар тохиролцсон бөгөөд эдгээр байруудыг С буюу нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг компанид зарахаар гэрээ байгуулагдсан боловч төлбөр төлөгдөөгүй. Үүнээс үзэхэд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, хэн аль нь үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд компанид хөрөнгө оруулснаараа тухайн компанийн хөрөнгийг өмчлөх эрх үүсгэдэггүй, харин Компанийн тухай хуулийн дагуу тусгайлан зохицуулсан харилцаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах 00 дугаар хороолол, 00 дүгээр байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013153 дугаарт бүртгэлтэй, 3305,7 м.кв талбайтай, 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс Орхон аймгийн татварын хэлтсийн дансанд 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 5,607,683 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Л.Б нь 2013 онд 4 орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж хөрөнгө оруулагч олох үүднээс Х- ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын 13/59 дугаар тогтоолыг гаргуулсан болох нь w-ийн шүүхэд гаргасан тайлбар, 00, 00, 00, 00 дүгээр орон сууцыг худалдан авахаар тохирсон боловч С ХХК худалдан авахаар тохиролцсон. Тус компаниас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20, 21 дүгээр орон сууцны үлдэгдэл 133,000 ам доллар болохыг тооцоо нийлж баталгаажуулсан. Маргаан бүхий 00 дүгээр орон сууцыг С ХХК мөнгөгүйн улмаас худалдан аваагүй. Уг орон сууцнаас ногдох 120,000 ам долларыг Л.Б нь нэхэмжлэхгүй байхаар тохирсон үйл баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. Х- ХХК-аас 13, 14, 20, 21 дүгээр орон сууцыг С ХХК худалдан авахаар тохиролцсон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг 00 дүгээр орон сууцны төлбөрт 600,000 ам долларын хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч Л.Б 00 дүгээр орон сууцны үнийг бүрэн төлөөгүй учир С ХХК худалдан авахаар хэлэлцээр хийсэн.

5.2. Нэхэмжлэгч Л.Б нь Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал w-д мөнгө хүлээлгэж өгсөн талаар баримтжуулж авахын тулд бичсэн баримтыг шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, бэлэн мөнгөний орлогын баримтыг үйлдэх эрхтэй этгээд биш байх ба засвартай, Х- ХХК-ийн нярав, нягтлан бодогч, захирал гарын үсэг зураагүй. н.Х-г орлогын баримтыг зөвшөөрч, шалгах эрх бүхий албан тушаалтан байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Л.Б-оос Х- ХХК-д 600,000 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Мөнгө өгсөнг баримт болгон авах зорилгоор бичсэн. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

5.3. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоол гаргасан гэдгийг дүгнэсэн атлаа тогтоолын агуулгыг үнэлээгүй. Мөнгийг менежер н.Ххүлээн авч, гүйцэтгэх захирал хамт байлцаж, хариуцагч Х- ХХК-ийн тамгыг дарж, хувьцаа эзэмшигчийн тогтоолыг үйлдэж гаргасан. Энэ талаар хариуцагч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирал н.Хасчулуу нь шүүхэд хариу тайлбар гаргасан боловч дүгнээгүй.

5.4. Мөн анхан шатны шүүх ... талууд хуулийн дагуу гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий 14 дүгээр орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан борлуулсан талаар талууд маргадаггүй. Гэрээний хуулбар хэрэгт авагдсан. Мөн Орхон аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт орон сууцыг Л.Б-т худалдсан талаарх албан бичгийг хүргүүлж байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь дүгнэж үзээгүй.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал нотлох баримтыг буруу үнэлсэн гэж тайлбарласан. Маргааны зүйл болох 2 баримт хэрэгт авагдсан. 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 13/59 дугаартай тогтоол хуурамч. Хариуцагч талаас Х-ХХК-ийн гүйцэтгэх захирал w-ийг явсны дараа тамга тэмдэг ашиглаж, шахаж бичсэн талаар тайлбарласан. Тухайн үед ХХХК-д ажиллаж байгаагүй Х гэдэг хүнд үүрэг хүлээлгэсэн. Ажиллаж байгаагүй хүнд үүрэг хүлээлгэсэн нь хууль бус. Уг хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг үнэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигч болж, хөрөнгө оруулсан тохиолдолд Компанийн тухай хуулийн дагуу компанийн дүрэм, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой. Өөрийн хөрөнгө оруулсан орон сууц эсхүл худалдан авсан орон сууц гэж зөрүүтэй тайлбарладаг. Хэрэв мөнгө өгсөн тохиолдолд нярав гарын үсэг зурж хүлээн авах ёстой. Гэтэл тус баримтад няравын гарын үсэг байдаггүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч уг баримтыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий нягтлан бодогч, ерөнхий захирлын бичвэрийг цагаан бодисоор дарж, Х гэх хүнээр гарын үсэг зуруулсан байсан. Ийм баримтыг хуурамчаар үйлдсэн атлаа нэхэмжлэл гаргаж маргах боломжгүй. 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш нэг ч удаа оруулсан хөрөнгө оруулалтын талаар лавлаж байсан баримт байдаггүй. Хуульд заасан 3 жилийн хугацаанд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Мөнгө төлсөн орон сууцыг гэрээ байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, худалдсан. Худалдах, худалдан авах гэрээгээр 694,000 ам.доллар шилжүүлсэн тохиолдолд гэрээг хуульд заасны дагуу байгуулах ёстой байсан. ХХХК нь 14 орон сууцны суурийг тавьсан. Худалдан борлуулагдахгүй байх үед Л.Б өөрөө худалдан авах гээд чадаагүй. Шүүхэд удаа дараа энэ талаар тайлбар гаргасан. Х гэх хүн нэхэмжлэлийг гардан авч, хэнд ч мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан болох үед бид мэдэж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан тухай хариу тайлбарт дурдсан. Өөрийн үйлдсэн баримтаар мөнгө нэхэмжилж байна. Худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй, мөнгийг төлөөгүй. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хэргийг бүхэлд нь зөв дүгнэсэн. Мөнгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Уг хэрэг өмнө нь хэлэлцэгдэж байсан. Ингэхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, орлогын ордер зэргийг үндэслэж өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох ёстой. 600,000 ам долларыг төлсөн баримт байсан боловч уг баримт нь бусад баримтаар нотлогдож байж өгсөн гэдэг нь тогтоогдоно. Нэхэмжлэгчийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргаж байсан. Гэтэл 600,000 ам долларыг эх үүсвэр гэж заасан Э-ХХК болон гаалийн ерөнхий газраас гэрээ хийгдээгүй, ямар нэг мөнгө төлөгдөөгүй талаарх тайлбарыг ирүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч орлогын ордертой зөрүүтэй байсан. Уг гэрээ нь 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. Гэтэл орлогын ордер нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд 600,000 ам долларыг шилжүүлсэн, үүний дагуу ашиг хүртэх эрхтэй гэж заасан болохоос худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэж дурдаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатраар гэрчлүүлсэн байхыг шаарддаг бөгөөд үүний дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. 00, 00, 00 дүгээр орон сууцны яг аль орон сууцны төлбөрийг төлсөн гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг С ХХК нь тус 4 орон сууцны 3 орон сууцыг гэрээ байгуулж, хуулийн дагуу худалдан авч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хуулийн дагуу гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болох ёстой байсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гадаад хүмүүс тул орлогын ордерийг Л.Б бичсэн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нь уг баримтыг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Х-н ХХК-ийн захирал Монгол хэл мэддэг, Монгол хэлээр тайлбар, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй талаарх бичгийг хэрэгт гаргаж өгч байсан болохоос Монгол хэл мэдэхгүйн улмаас хүнээр бичүүлэх нөхцөл байдалтай байсан гэж үзэх үндэслэлгүй. Х тухайн үед менежерээр ажилладаг байсан тул тогтоолыг үндэслээгүй гэж тайлбарлаж байна. Тухайн үед Х-нХХК-ийн гүйцэтгэх захирлаар В ажиллаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас хураагдсан хөрөнгийг гаргуулах зорилгоор Л.Х Л.Б нар нь хуйвалдаж, уг баримтуудыг үйлдсэн. Анх нэхэмжлэл гаргахад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж шүүхээс эвлэрлийг батлаагүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зүйлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу эд хөрөнгө хураагдсан болохыг анхнаасаа мэдэж байсан нь болох нь тайлбаруудаар нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Х-ХХК-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2101013153 дугаарт бүртгэгдсэн 0 дугаар хороолол /Н/-д байрлах 00 тоот барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчилж, уг дуусаагүй барилгын 2,857.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлагыг гаргаж, үндэслэлээ 14 дүгээр байрны төлбөрт 600,000 ам долларыг Х- ХХК-д хүлээлгэн өгч, харин В захирлын зүгээс хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг гарган төлбөр төлснийг минь баталгаажуулж өгсөн юм. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Х- ХХК-ийн ерөнхий захиралтай байгуулсан. Мөн 2014 оны 7-11 дүгээр сарын хооронд 14 дүгээр барилгад ... 260,000,000 төгрөгийн ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна Н ХХК-аас авах авлага болох 30,000,000 төгрөгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. гэж тайлбарлажээ.

Хариуцагч Х- ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Л.Б-оос 600,000 ам доллар авч барилгад хөрөнгө оруулж байгаагүй. Л.Б-той 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй. Мөн 14 дүгээр барилгад 2009 оноос хойш барилга угсралтын ажил хийгдээгүй болно. гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 00 дүгээр байрыг дуудлага худалдаанд оруулж З ХХК-д төлөх төлбөрт өгөх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нар нь анх хамтарч хуурамчаар 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн тогтоол гаргасан. Маргаж буй байр нь 2008 онд баригдаж, мөн оны 11 дүгээр сард барилгын ажил зогсож, үүнээс хойш барилга баригдаагүй тул 2013 онд Л.Б нь 14 дүгээр барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, хэн аль нь үүргээ биелүүлээгүй гэж тус тус хариу тайлбар гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэлээр тайлбарлаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авсан эд хөрөнгийн үнэд 600,000 ам.доллар төлсөн, мөн тухайн хөрөнгөд 260,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, уг эд хөрөнгө Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрт хураагдсан байсан тул Х- ХХК-ийн төлөх төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн гэх агуулгаар маргаж байна.

3.1. Нэхэмжлэгч нь 600,000 ам доллар төлснөө нотлохоор 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/60 дугаартай орлогын ордер тасалбар /4хх-81/ болон Х-ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мөн өдрийн 13/59 дугаартай тогтоолыг /6хх-85/ нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба хувьцаа эзэмшигчийн тогтоолд Л.Б-ыг 14 дүгээр барилгын хөрөнгө оруулагчаар оруулж, уг хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх эрхтэй гэжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд компанийн хөрөнгийн мэдээлэлд энэ талаар тусгаагүй, дүрмийн санд өөрчлөлт ороогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч компанид хөрөнгө оруулсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ /2хх 228-231/ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Л.Б-ын нэр дээр шилжүүлэх тухай Х- ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14/32 дугаартай хүсэлт /6хх-144/ хэрэгт нотлох баримтаар авагджээ. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээгээр Х- ХХК нь 13, 14, 20, 21 дүгээр барилгыг Л.Бт худалдахаар, эдгээр барилгын үнэд Л.Б нь нийт 3,085,320 ам.доллар төлөхөөр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, Л.Б нь 2013 онд өөрийн хөрөнгө оруулсан гэх 14 дүгээр барилгыг 2014 онд худалдан авахаар гэрээ байгуулжээ. Гэрээний 2.1-д 13 болон 14 дүгээр байруудын нэг м.кв талбайн үнэ 210 доллар байх ба эдгээр нь нийт 5,509.5 м.кв талбай буюу нийт 1,156,995 ам доллар байхаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч 14 дүгээр барилга 694,197 ам долларын үнэтэй бөгөөд 600,000 ам.долларыг 2013 онд төлсөн гэж тайлбарлаж байх боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээнд энэ талаар тусгаагүй төдийгүй 13, 14 дүгээр барилгын үнэ болох 1,156,995 ам.доллар төлөхийг Л.Б-т үүрэг болгосон байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь 14 дүгээр барилгад 2013 онд хөрөнгө оруулсан гэх байдал үгүйсгэгдэж байна.

Хэрэгт 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр зохицуулах гэрээний хавсралт /6 хх 222-223/, төлбөр зохицуулах 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралт /6хх 220-221/, Х- ХХК-аас С ХХК-д хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14/108 /2хх-4/, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14/111 /2хх-11/ дугаартай мэдэгдлүүд, хоёр компанийн тооцоо нийлсэн акт /6хх 218-219/, С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ /6хх-187/ нотлох баримтаар авагджээ. Эдгээр баримтаар С ХХК Х- ХХК-аас 13, 14, 20, 21 дүгээр барилгыг худалдан авахаар тохиролцож 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөр зохицуулах гэрээ байгуулсан, улмаар 13, 20, 21 дүгээр барилгын үнийг төлж худалдан авсан, харин 14 дүгээр барилгын үнийг төлөөгүй тул худалдан аваагүй үйл баримт тогтоогдож байна. Эвлэрлийн гэрээний 3-т ... 14 дугаартай орон сууцыг С ХХК нь эдийн засгийн нөхцлөөс болж Х- ХХК-аас худалдан аваагүй учир 14 дугаартай байрнаас Л.Б-т оногдох 120,000 /нэг зуун хорин мянган/ ам долларыг өгөх боломжгүй, мөн Л.Б нь 14 дугаартай байрнаас Л.Б-т оногдох 120,000 /нэг зуун хорин мянган/ ам доллар авахгүй, нэхэмжлэхгүй байхаар хувьцаа эзэмшигчид харилцан тохиролцож эвлэрч байна. гэжээ. С ХХК Х-ХХК-аас маргаан бүхий 14 дүгээр барилгыг 2014 онд худалдан авахаар тохиролцсоноос үзэхэд 2013 онд Л.Б тухайн барилгыг худалдан авч, 600,000 ам.доллар төлсөн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

3.2. С ХХК маргаан бүхий 14 дүгээр барилгад 260,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг шаардах эрхээ Л.Б-т шилжүүлсэн талаар нэхэмжлэгч нь тайлбар гарган мэтгэлцсэн байх ба үүнтэй холбоотой С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шийдвэр /6хх-46/, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хэлцэл /6хх-47/, С ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг /1хх-199/ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тухайн барилгад 2009 оноос хойш барилга угсралтын ажил хийгдээгүй гэж маргажээ. Л.Б нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь нэг талын баримт байх ба энэ талаар өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд С ХХК маргаан бүхий 14 дүгээр барилгад 260,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

3.3. Нэхэмжлэгч нь Х- ХХК-ийн төлөх төлбөрт 30,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан энэ талаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт /5хх-129/, Нконстракшн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37/20 дугаар хүсэлтийг /6хх-186/ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. Эдгээр нь Н констракшн ХХК Л.Б-т өгөх өглөгөөс 30,000,000 төгрөгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн гэсэн агуулгатай байх ба энэхүү баримтаар нэхэмжлэгчийг маргаан бүхий 14 дүгээр барилгын үнийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.

 

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн маргаан бүхий 14 дүгээр барилгад 600,000 ам.долларын хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй гэх дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,607,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.БЯМБАСҮРЭН