Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01163

 

 

Л.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01298 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалтай,

Л.Бын нэхэмжлэлтэй

“Х Х”ХХК-д холбогдох

Орхон аймаг, Баян-Өндөр сум 7 дугаар хороолол 14-р байр 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сүрэн, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, М.Баттогтох, түүний өмгөөлөгч Н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х Х”ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй Надежда хотхонд байрлах 14-р карказ барилгад 600.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж барилгыг барьж байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг тус компанийн хөрөнгө гэж битүүмжилсэн. Уг хөрөнгө нь миний хөрөнгө оруулалттай барилга бөгөөд миний өмчлөлийн хөрөнгө. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 03/925 тоот мэдэгдэл “Х Х”ХХК-д ирүүлснийг надад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуудлага худалдаанд оруулах гэж байгааг надад мэдэгдэлгүй миний эрх ашгийг хохироох гэж байгаа “Х Х”ХХК болон Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гомдолтой байна. Миний хөрөнгө оруулалтаар уг барилга баригдаж байгааг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба “Х Х”ХХК мэдсээр байж, түүнчлэн надаар төлбөр төлүүлж байсан атлаа миний өмчлөлийн хөрөнгийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 773 дугаар шүүгчийн захирамжаар манай компани “З” ХХК-д 485 797 209 төгрөгийн төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус байна. Иймд “Х Х”ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Х Х”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №13/59 тоот тогтоолоор нэхэмжлэгч Л.Б намайг Орхон аймаг, Баян-Өндөр сум 7-р хороолол 14-р байр 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хөрөнгө оруулагчаар тооцсон. Хариуцагч “Х Х”ХХК нь хөрөнгө оруулагч Л.Б миний хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах зорилгоор санхүүгийн баримт нийтлэх, барилгын ажлын явц, санхүүгийн байдлыг танилцуулж байсан. Үүний дагуу намайг барилгын хөрөнгө оруулагч болохыг хүлээн зөвшөөрч, надад өгөх ёстой 200 000 ам доллар зэргийг нэмж тооцож байсан атлаа өнөөдрийг хүртэл барилгын өмчлөгч болохыг шийдвэрлэхгүй сүүлдээ үгүйсгэж байгаад үнэхээр гомдолтой байх тул Л.Б намайг Орхон аймаг, Баян-Өндөр сум 7-р хороолол 14-р байр 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр минь хөрөнгө оруулагч болохыг минь тогтоож хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч “Х Х”ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Х/В.Н/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Орхон аймгийн 7 дугаар хороололд 4 орон сууц барьж бусдын өмчлөлд гурвыг нь шилжүүлсэн. Иргэн Л.Б нь 2013 онд “Х Х”ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй Надежда хотхонд байрлах 14-р карказ барилгыг барихад 600 000 ам долларын хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг барих зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй 14-р карказ нь түүний хөрөнгө оруулалттай барилга. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа “Х Х”ХХК-ийн хөрөнгө гэж гарсан нь үнэн. Учир нь тухайн барилга баригдсан газар манай эзэмшилд байсан учир барилгыг иргэн Л.Бын өмчлөлд гаргаагүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 773 дугаар шүүгчийн захирамж гарч манай компани “З” ХХК-д 485 797 209 төгрөгийн төлөх төлбөр гарсан бөгөөд тэр үед уг барилгыг битүүмжилсэн. Тухайн барилга нь Л.Бын хөрөнгө оруулалттай болох талаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба мэдэж байсан бөгөөд анхнаас нь өөр хүний өмч хөрөнгө гэдгийг судалж мэдсэн байсан. Тухайн барилгыг иргэн Л.Бт шилжүүлж өгөх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж дуусаад чөлөөтэй шийдвэрлэж болно гэж Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хариу өгж байсан боловч төлбөр төлөлтийн ажлыг шийдвэрлэж чадахгүйгээс уг барилгын өмчлөлийг иргэн Л.Бт шилжүүлж өгч чадаагүй өдийг хүрсэн. Иргэн Л.Боос 2013 онд 600 000 ам долларыг “Х Х”ХХК-ийн ерөнхий захирал Вү Кечин авч улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй барилгад хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн. Нэгэнт манай компани тухайн барилгад хөрөнгө оруулалт хийхээр иргэн Л.Бын 600 000 ам долларыг авсан тул улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “Х Х”ХХК-ийн ерөнхий захирал Вү Кечин /В.К/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Боос 600 000 /зургаан зуун мянга/ ам доллар огт авч барилгад хөрөнгө оруулж байгаагүй. Л.Б нь 2013 онд миний танил Ганбаатараар дамжуулан Орхон аймаг, Баян өндөр сум, Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 13, 14, 20, 21-р дуусаагүй барилгуудыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ГОК-ын ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр өгөх болно. Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьж мөнгө гаргаж өгнө хэмээн өмчлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлж өгөхийг удаа дараа хүссэн боловч миний зүгээс тэр саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагүй. Гэтэл Л.Б нь мөнгөгүй байсан тул бид гэрээ хийгээгүй. Гэтэл Л.Б нь барилгад хөрөнгө оруулах хятад хүн байгаа санаа зоволтгүй гэсэн. Ингээд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж компаний менежер Сүрэнд итгэмжлэл олгож, төлбөрөө төлсөн тохиолдолд Эрдэнэт хот дахь улсын бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж тохиролцсон боловч мөн л төлбөрөө төлөөгүй. Хэсэг хугацааны дараа өөрийн компанийхаа нэрээр гэрээ хийнэ хэмээн "Суварга констракшин" ХХК-ийн захирал Батсүрэн, БНХАУ-ын иргэн Алтан-Уул нарыг дагуулж ирсэн. Ингээд бид төлбөрийн нөхцлөө тохиролцож гэрээгээ байгуулсан ба гэрээ байгуулахаас ердөө нэг сарын өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Суварга констракшин" ХХК нь хувьцаа эзэмшигчээ 3 болгож өөрчилсөн байсан. Мөн нөгөөтэйгүүр төлбөрийн чадваргүй хувь хүн биш хуулийн этгээдтэй гэрээ хийж байгаа тул төлбөр тооцоон дээр маргаан гарахгүй хэмээн итгэж 13, 14, 20, 21-р карказуудын үнэ болох 3 сая ам долларыг нэг сарын хугацаанд бүрэн барагдуулж гэрээг дуусгавар болгоно хэмээн гэрээ хийсэн ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам хуурамч бичиг баримт үйлдсэн байна. Хэрэв 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №13/59 тоот тушаал хуурамч биш бол 4 карказыг бүгдийг худалдаж авна хэмээн төлбөр зохицуулах гэрээ хийхгүй байсан. Мөн "Суварга констракшин" ХХК болон тус компаний хувьцаа эзэмшигч Л.Б нарт гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл явуулахгүй байсан. Түүнчлэн түүний өөрийн өмчлөлдөө хууль бусаар авахыг хүсээд байгаа Ү-0000000000дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 14-р дуусаагүй барилга нь анх 2009 онд 54 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж байсан ба одоог хүртэл энэ хэвээрээ байгаа. Хэрэв нэгэнт хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч өөрийн оруулсан хөрөнгөндөө санаа тавьж барилгын явцтай танилцаж хөрөнгөндөө санаа тавих байсан. Мөн 14-р барилгад 2009 оноос хойш барилга угсралтын ажил хийгдээгүй болно. Үүгээр хөрөнгө оруулсан гэх нь хуурамч гэдгээ нотолж байна. Мөн Ү-0000000000үл хөдлөхийн дугаартай 14-р карказ нь барилгын ажил зогсож өр төлбөрт орсоны үндсэн дээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад барьцаанд байгаа ба "Суварга констракшин"ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ч үүнийг мэдэж байсан. Л.Б манай барилгуудыг чанарын шаардлага хангасан эсэх, цаашид барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхэд ямар нэг доголдол байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулна гэж мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгч байсан. Манай компани ч үүнийг нь хүлээн зөвшөөрч хүсэлтээ өгч байсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсны дараа төлбөрөө төлнө хэмээн мөн хугацаа хожиж байсан. Хэрэв 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/59 тоот тогтоол үнэн байсан бол нэхэмжлэгч Л.Б нь үүнээс өмнө барилгын чанарыг шалгуулж хөрөнгө оруулах байсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “З” ХХК нь шүүхэд гаргасан шаардлагадаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна. Гуравдагч этгээдээр оролцож буй "Зун Чен" ХХК нь нэхэмжлэгчийн энэхүү маргаж буй обьектийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. "“З”" ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Х Х”ХХК болон "Жин Лө Юан" ХХК-тай Эрдэнэт хотын 7 дугаар хорооллын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба "“З”" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 7 дугаар хорооллын 11, 14, 15, 20, 21-р байрууд буюу нийт 5 орон сууцны карказыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байсан учир 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлаа зогсоосон. Ингээд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг дүгнэж гүйцэтгэлийг 90 хувиар тооцож "“З”" ХХК-д 5.768.798 юанийг өгөх, ажил дууссаны дараа үлдэгдэл 10 хувийг төлөхөөр харилцан тохиролцож энэ тухай баримт үйлдсэн боловч мөн л мөнгөө төлөхгүй байсан учир "“З”" ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч "Хуанлун Хуантун" ХХК болон "Жин Лө Юан" ХХК-ууд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн болно. Хариуцагч "Хуанлун Хуантун" ХХК нь сайн дураар төлбөрөө төлөхгүй байсан учир манай компани Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж "Хуанлун Хуантун" ХХК-ийн өмчлөлд байгаа дутүу баригдсан Эрдэнэт хотын 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000тоот дугаартай 14-р байрыг битүүмжилж, энэхүү барилгыг хариуцагчийн төлбөрт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн албанаас хурааж авсан. Нэхэмжлэгч Л.Б нь анхнаасаа “Х Х”ХХК нь "“З”" ХХК-д өр төлбөртэй болохыг, энэхүү маргаад байгаа карказан барилга нь “Х Х”ХХК-аас "“З”" ХХК-д төлөх төлбөрт хураагдсан болохыг мэдэж байсан болно. Тодруулбал "“З”" ХХК болон “Х Х”ХХК-ийн хоорондох төлбөр тооцоо аль 2009 оноос үүссэн, нэхэмжлэгч Л.Бын 600 000 ам долларын хөрөнгө оруулсан гэх 2013 оны 4 дүгээр сарын 9-ний үед “Х Х”ХХК болон "“З”" ХХК-уудын хооронд үүссэн "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргийн маргаан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг шүүгчийн захирамжаар авч Эрдэнэт хотын 7 дугаар хорооллын эрхийн улсын Ү-0000000000тоот дугаартай 14-р барилгыг битүүмжилсэн, түүнчлэн “Х Х”ХХК-ийн захирал Вү Киченд хил гаалиар нэвтрэхийг хориглосон, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн барилгыг битүүмжилсэн, төлбөрт хураан авсан байсан юм. Ямар ч эрүүл хүн битүүмжлэгдсэн, төлбөрт хураагдсан барилгад /хөрөнгөд/ хөрөнгө оруулна гэдэг байж болохгүй асуудал. Нөгөөтэйгүүр төрийн эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн хөрөнгөд дур мэдэн хөрөнгө оруулсан нь хууль бус үйлдэл юм. Эцэст нь дурдахад "“З”" ХХК-ийн зүгээс хариуцагч “Х Х”ХХК-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, төлбөрт хураагдсан хөрөнгийг зувчуулах зорилгоор нэхэмжлэгч Л.Б гэх хүнтэй үгсэн хуйвалдаж хууль бус үйлдлийг хүурамчаар зохион байгуулж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Иймд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01298 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бын хариуцагч “Х Х”ХХК-д холбогдох Орхон аймаг, Баян-Өндөр сум 7 дугаар хороолол, 14 дүгээр байр 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд "“З”" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2017/02958 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалт, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2017/04792 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг тус тус хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01298 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Быг Баян-Өндөр сум 7 дугаар хороололд байрлалтай, 3305.7 мкв талбайтай 54 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй 14 дүгээр барилгад 600 000 ам долларын хөрөнгө оруулагч, хамтран өмчлөгчөөр тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ““З”” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж” гэж шийдвэрийн 3 дахь заалтанд “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “З” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Батбаатар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэхдээ хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг бүрэн дүүрэн, гүйцэд үнэлээгүй шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Л.Бын шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр үйлдсэн 600 000 ам доллар бэлнээр тушаасан гэсэн № 13/60 орлогын ордер, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг үндэслэл болгож энэхүү 600 000 ам долларын мөнгө тушаасан баримтыг хариуцагч “Х Х”ХХК үгүйсгэж чадаагүй байна гэжээ. Мөн хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан маргаж буй дутуу баригдсан 14 дүгээр карказан барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байхад хөрөнгө оруулаагүй гэж үзэхгүй гэжээ. Худалдан авагч тал буюу нэхэмжлэгч Л.Б гэрээний үүргийн дагуу үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөөгүй байхад хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Л.Бын 800 000 ам долларын хөрөнгө оруулсан болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг үндэслэл болгон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон 2013.04.09-ний өдрийн 13/59 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь хуурамч бөгөөд тухайн 2013 онд Хасчулуун гэх хүн тус компанид ажиллаж байгаагүй талаархи баримтыг хариуцагч талаас бүрэн хэмжээгээр гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХ- ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж хэрэглэвэл зохих дээрхи хуулийг хэрэглээгүй болно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Быг дээрхи маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулсан баримтууд эргэлзээтэй, магадлалын үндэслэл болсон 2013.04.09-ний өдрийн 13/59 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.1 дэх хэсэгт заасан өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй бөгөөд уг баримт нь хэрэгт авагдсан бусад баримтууд буюу нэхэмжлэгч Л.Бын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 13, 14, 20, 21 гэх 4 карказыг 3 085 320 америк ам доллараар худалдан авахаар хийсэн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 14/31 тоот хурлын шийдвэр, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нотариат дээр хийгдсэн хэлцэл, “Х Х”ХХК-ийн 2013 оны 1, 2 дугаар улирлын тайлан, 2013 оны 1-4 дүгээр улирлыг дуусах хүртлэх хугацааны нийгмийн даатгалын тайлан, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хурлын шийдвэр, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хэлцэл, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ШШГА-д гаргасан Л.Бын хүсэлт зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж дүгнэлт гаргасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан гэж үзэж магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг тодруулж, бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч “Х Х”ХХКомпанид холбогдуулан улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 7 дугаар хороолол /Надежда хотхон/-д байрлах 14 тоот барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчилж, “уг дуусаагүй барилгад 800 000 ам долларын хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, тус барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох” гэсэн шаардлагыг гаргажээ. Хариуцагч “Х Х”ХХКомпанийг төлөөлж В Н СН/хх-20/ ...шүүхэд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө оруулсан, барилгын хамтран өмчлөгч болохыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн гүйцэтгэх захирал Вү К /В.К/ нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна. /хх-238/

Шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн агуулга нь маргаж буй барилгад хөрөнгө оруулагч болохыг тогтоолгосноор барилгыг хамтран өмчлөх эрх үүснэ гэж үзсэн эсэх, эсвэл хөрөнгө оруулсныг тогтоолгох, барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэсэн тусдаа хоёр шаардлага гаргасан, аль нь болохыг тодруулснаар маргааны зүйл тогтоогдож, зохигчдын  мэтгэлцээний зүйл оновчтой болох байжээ. Маргаж буй эд хөрөнгийн хамтран өмчлөгч байх, эсвэл хөрөнгө оруулсан боловч эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх үүсэхгүй байж болох тул нэхэмжлэлийг тодруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөрөнгө оруулсан бол ашиг хүртэх эрхтэй, харин барилгын хамтран өмчлөгч болох үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн бол давж заалдах шатны шүүх 600 000 ам.долларын хөрөнгө оруулсан учраас барилгын хамтран өмчлөгч мөн гэж өөр өөр дүгнэлтийг хийхдээ зохигчид мэтгэлцэж чадсан эсэх, маргааны зүйлийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, үндэслэл муутай   дүгнэлтийг хийсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө оруулсан эсэхийг хоёр шатны шүүх дүгнэхдээ хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйгээс гадна хэрэгт байгаа баримтыг бүрэн, бүх талаас нь үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байв.

2. Хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай “Х Х”ХХКомпани нь тус аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хороололд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 14 дүгээр дуусаагүй барилгын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /2хх-232/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эрх зүйн асуудал буюу дундын өмчлөлийн зүйлийг хамтран өмчлөх эрх үүсэх талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйгээс гадна Компанийн тухай хуульд заасан  хувьцаа эзэмшигчийн эрх, компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн шийдвэр, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд зэрэг ач холбогдол бүхий асуудлаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй гэж үзнэ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “З” ХХК гуравдагч этгээдээр оролцсон ба “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбарыг шүүх бие даасан шаардлага гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан журмыг зөрчсөн байна. “З” ХХКомпани нь тайлбар гаргаж оролцсон, эсвэл шаардлага гаргасан эсэхийг шүүх тодруулж, улмаар эрх зүйн байдлыг тодорхой болгох нь зүйтэй байжээ.

4. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг хөрөнгө оруулсан гэж үзэхдээ 600 000 ам.долларыг хариуцагч хүлээн авсан баримт, “Х Х”ХХКомпанийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/59 тоот тогтоолыг үндэслэжээ.

Эдгээр баримтыг хариуцагчийн зүгээс хуурамч гэж маргаж, тогтоол дээрх гарын үсэг өөрийнх нь биш тул шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч уг хүсэлтийг дахин гаргасан, уг хүсэлт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхад шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна. /2хх-135, 1хх-238/

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг маргасан, шинжээч томилуулах замаар татгалзлаа нотлох зорилготой хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь нотлох баримт бүрдүүлэх зарчмыг зөрчжээ.

5. Хариуцагч “Х Х”ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар Б.Хасчулуу /Вай Hasi chaolu/ 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсон, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлснийг улсын бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн баримт хэрэгт авагджээ. /2хх-45, 173/, Тус компанийн гишүүд, үүсгэн байгуулагчийн талаарх лавлагаа болон дүрмийг улсын бүртгэлээс ирүүлсэн боловч хэдэн гишүүнтэй, уг дүрэм нь хэвээр эсэх, тус компанид Төлөөлөн удирдах зөвлөл байдаг эсэх, компанийн хөрөнгийг захиран зарцуулах талаарх үйл баримтыг дүгнэх боломжгүй байв.

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/01298 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 27  дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА